Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00772

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01634 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1577 дугаар магадлалтай,

Д.А-гийн нэхэмжлэлтэй

“М” ТӨҮГ-т холбогдох

Оршуулгын зардал 19,558,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.А-гаас “М” ТӨҮГ-т холбогдуулан Оршуулгын зардал 21,205,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01634 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 508 дугаар зүйлийн 508.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-аас 9,156,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлээс 10,402,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 164,446 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1577 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01634 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1. “Монголросцеветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” УБҮ-ийг Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-т заасан хуулийн заалтыг үндэслэл болгон хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэл муутай, хэргийн бодит нөхцөл, золгүй тохиолдол гарах хүчин зүйлийг тодруулалгүй шууд обьектын өмчлөгчийн хувиар хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 502.3-т заасан “...өмчлөгчийн эзэмшилд байгаа барилга байгууламж дотор буюу түүний эдлэн газрын хил хязгаарын дотор бусдад гэм хор учирсан боловч түүнд өмчлөгч буруугүй бол тэрээр хариуцлага хүлээхгүй...” гэсэн заалтад хамааруулж үйл баримтыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Б.Алтантуяа нар нь усанд орохдоо усан сангийн хаалтыг нээж, хаалтгүй орхисноос шөнөжин гоожсон ус сангаас хальж улмаар сауны бүх өрөөг усанд автуулж, хаалгаар гадагш урсаж байсныг 2017.09.21-ний өглөө 07 цаг 15 минутын орчим УБҮ-ийн Сантехникийн слесарь Э.Хосбаяр мэдэж дуудлага өгч, мастер Э.Эрдэнэбатад мэдэгдсэн. Э.Эрдэнэбат нь урьд өдөр сауны түлхүүрийг өөрөөс нь авсан цагдаагийн ажилтан Ванчиндорж руу утасдаж ус алдсан талаар мэдэгдсэн. Мэдэгдсэнээс 2 минутын дараа Б.Алтантуяа нь Э.Эрдэнэбат руу утасдаж “...ус алдсан юм уу. Би шүүхийн Байгальтай хамт усанд орсон. Усаа хаасан” гэж хэлээд тухайн үед саун, халуун усны түлхүүр Б.Алтантуяад байсан учир ус алдсан талаар шүүгч Байгалмаад дуулгаж, шүүхийн 38-07 ХЭА улсын дугаартай авто машинаар өөрийн хүү Б.Пүрэвхүүг дагуулан УБҮ-ийн ажилтан болохынхоо хувьд ХАБЭА-н тухай хууль, “Бор-өндөр” УБҮ-ийн нийт ажилтнуудын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааврын хэд хэдэн заалтыг зөрчин, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр саун, халуун усны газарт нэвтэрч, усан сангийн хаалтыг хаачихаад буцаж гарах үедээ Б.Пүрэвхүү нь усанд автсан хөргөгчний амраах релегээр дамжсан цахилгаан гүйдэлд өртөж нас барсан байдаг.

Дээрх үйл баримт нь Бор-Өндөр УБҮ-ийн Эрчим хүчний цехийн саун, халуун усны газарт болсон золгүй тохиолдлыг судалсан 2017.09.22-ны өдрийн акт, 2017.09.21-ний өдөр осол гарсан саунд үзлэг хийсэн дүгнэлт, УБҮ-ийн гэрээт харуул хамгаалалтын албаны ажилтан З.Майнбаяр, Д.Шадарбунтар нарын тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бүхий л нотлох баримтаар хангалттай тогтоогдсон.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шинжээчийн дүгнэлт гарахдаа хэрэг учрал болсон саун, халуун усны газарт хийх үзлэгийг биечлэн явуулаагүй, Б.Пүрэвхүү цахилгаанд цохиулж нас барсан хор уршигт халуун усны барилга байгууламжийн хийц, цахилгаан монтаж, цахилгааны холболтоос хамаарсан ямар хүчин зүйл шууд нөлөөлсөн болохыг тогтоож, дүгнэлтэд биечлэн заалгүй зөвхөн ХАБЭА-н тухай хууль болон стандартын шаардлагаас дурдах төдийхнөөр хэлбэрдсэн байдлаар хандсан дүгнэлт нь хэрэгт хамаарал ач холбогдолгүй дүгнэлтийг барьж шийдвэрлэсэн байна.

4.2.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэн гэм хорын хохирлын хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэсэнд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч болох “М” ТӨҮГ-н харьяа “Бор-Өндөр” УБҮ-ийн Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-т хамааруулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хамаатуулан шийдвэрлэсэн нь буруу учир нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх “...Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно...” энэ заалт нь хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйд хэрэглэх хуулийн зохицуулалттай гэж ойлгохоор байна.

Харин нэхэмжлэгч Д.А-, түүний хүү талийгаач Б.Пүрэвхүү нар нь үйлдвэрийн обьектод дур мэдэн нэвтрэн, албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдэл хийсэнд буруутай гэж дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шууд санаатай үйлдэл хийсэн нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.А-, түүний хүү талийгаач Б.Пүрэвхүү нар нь үйлдвэрийн обьектод байрлах саун, халуун усны газрын үйл ажиллагаа, ашиглалтын байдалд хяналтаа тогтоогоогүй, түлхүүрийг албаны чиг үүрэгт хамааралгүй этгээдэд шилжүүлж, зохих зөвшөөрөлгүй этгээдүүдийг нэвтрүүлсэн гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь УБҮ-ийн Эрчим хүчний цех нь тухайн саун, халуун усны газрыг 1987 оноос өнөөг хүртэл өөрийн эзэмшил хяналтдаа байлган, цехийн ажилчдад үйлчлэх халуун усны зориулалтаар ашиглан, үйл ажиллагааг нь цех дотроо журамлан зохицуулж ирсэн ба тухайн обьект нь “М” ТӨҮГ-аас “Мандал шанд” гэрээт харуул хамгаалалтын албатай байгуулсан Харуул хамгаалалтын гэрээний дагуу давхар хамгаалагдсан байдаг. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлж дүгнээгүй нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн нотлох баримт үнэлэх журмыг зөрчин шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Д.А- нь өөрийн хүү Б.Пүрэвхүү 2017.09.21-ний өдөр Уулын баяжуулах үйлдвэрийн саунд тогонд цохиулж нас барсан үндэслэлээр оршуулгын зардал 19,558,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сауны усан сангийн крантыг нээж орхисон бусдын үйлдлийн улмаас Б.Пүрэвхүүгийн амь нас хохирсон тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргажээ.

7. Хэрэгт цугларсан баримтаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Эрчим хүчний цехийн харъяа саунд 2017.09.21-ний өдөр Б.Пүрэвхүү нь тогонд цохиулж нас барсан.

Осол болсон газар болох “М” ТӨҮГ-ын харъяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн талбайд байрлах сауны газар нь 1980-аад оны үед Благоуст-во отоплен нэрээр бүртгэгдсэн бөгөөд 1987 оноос өнөөг хүртэл “М” ТӨҮГ-ын Уулын баяжуулах үйлдвэрийн  албанд харъяалагддаг болох нь  Ерөнхий захирлын 2017.09.25-ны өдрийн А/93, 2017.10.05-ны өдрийн А/110 тоот тушаалуудаар Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшилд байсан нь нотлогдсон, энэ талаар маргаагүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018.09.12-ны өдрийн 05/092/18 дугаар  дүгнэлтээр “...Бор-Өндөр УБҮ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4-т заасан үйлдэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан цахилгаан тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байх, 9.4-т заасан цахилгаан тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байх заалтуудыг тус тус зөрчсөн, сауны цахилгаан монтаж цахилгааны холболт нь цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй нөхцөл байдал нь саунд ус алдсан үед цахилгаан соронзон орны аюултай орчин үүссэн..” гэж,

2017.09.22-ны өдрийн Үйлдвэрлэлийн талбайд байрлах саунд болсон золгүй тохиолдлыг судалсан актад:   золгүй тохиолдлын нөхцөл байдлыг “...2017.09.21-ний өглөө Д.А- нь  алдаж байгаа усыг хаахаар  өөрийн хүүг дагуулан УБҮ-ийн 1 дүгээр постоор нэвтрэн орсон, Ус алдалтыг хаахаар орсон Б.Пүрэвхүү нь усанд автсан саунд алхмын цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн байдалтай байсан. Асгарсан усны түвшин саунд байгаа хөргөгчний компрессорын моторыг амраах релений шонд хүрсэн нь алхмын гүйдэл үүсэх гол шалтгаан болсныг УБҮ-ийн  мэргэжилтнүүд үзлэгээр тогтоосон...” гэж,

УБҮ-н ХАБЭА-ны Саунд үзлэг хийсэн дүгнэлтэд “...үзлэгээр сауны усан санд ус дүүргэх зориулалтаар халуун, хүйтэн усыг онгойлгож, усаа хаалгүйгээр орхисноос ус хашлаганаас хальж хувцас солих өрөөнд хүчдэлд залгаастай ажиллаж байсан хөргөгчний моторын амраагч реле усанд автаж эргэн тойрны хэсэгт цахилгаан соронзон орны аюултай орчин үүссэнийг тогтоов” гэж,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.10.16-ны өдрийн №17 дугаар актаар: “...талийгаач нь цахилгаан үйлчлэлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан...” гэж,

Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2017.10.05-ны өдрийн А/110 тушаалаар: ...УБҮ-ийн үйлдвэрлэлийн талбайд байрлах объектын түлхүүрийг үйлдвэрийн удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн бусдад шилжүүлж, гадны хүн уг объектэд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, ноцтой хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр эрх бүхий ажилтан, албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцож, ...сауны үйл ажиллагааг зогсоож, стандарт шаардлагад нийцүүлэн тоноглох, эрх бүхий байгууллагаар ажлын байрны заавар, холбогдох зөвшөөрлийг авхуулж, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллуулж байхыг холбогдох албан тушаалтанд даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогджээ.

8. Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-д зааснаар Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч байгууллага өөрийн эзэмшилд байгаа, ажилчдын халуун усны зориулалтаар ашиглаж ирсэн объектод тавигдах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шаардлагыг зөрчсөн, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангаж ажиллаагүйгээс бусдын амь нас хохирсон нь тогтоогдсон тул уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх заалтад нийцжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж, ...гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хэмжээг багасгаж болно гэж хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заажээ.

Нэхэмжлэгч Д.А- нь хохирогч Б.Пүрэвхүүгийн төрсөн эх тул тэрээр оршуулгын зардлыг нэхэмжлэх эрхтэй.

Харин тэрээр үйлдвэрийн объектод дур мэдэн нэвтэрсэн, алдсан усыг хаах, цэвэрлэхдээ эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг аваагүй, өөрийн хүүхдийг дагуулан явж, албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдэл хийсэн зохих буруутай болох нь нотлогдсон үндэслэлээр шүүх гэм хорын хохиролд нэхэмжилсэн 19,558,750 төгрөгөөс баримтаар нотлогдсон 18,312,050 төгрөгийн 50 хувь буюу 9,156,025 төгрөгийг хариуцагчаар хариуцуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.3 дахь зохицуулалтыг хэрэглээгүй, үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэх ёсгүй 514 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу, ...тухайн объект нь Мандал шант гэрээт харуул хамгаалалтын албатай байгуулсан гэрээний дагуу давхар хамгаалагдсан байдаг,  энэ талаар шүүх дүгнээгүй нь  нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн...” гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

9.1. Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.3-т өмчлөгчийн эзэмшилд байгаа барилга байгууламж дотор буюу түүний эдлэн газрын хил хязгаарын дотор бусдад гэм хор учирсан боловч түүнд өмчлөгч буруугүй бол тэрээр хариуцлага хүлээхгүй гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зохицуулсан ба шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна.

Хариуцагч байгууллага осол болсон сауны түлхүүрийг зөвшөөрөлгүй этгээдэд шилжүүлснээс ус алдсан, улмаар ус алдсан нөхцлийг мэдсэн атлаа холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж зохих арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй, сауны доторх цахилгааны холболт бусад нөхцөл байдал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй зэрэг буруутай болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч нь гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч байгууллага Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.3 дахь заалтад хамаарна гэх гомдол үндэслэлгүй.

9.2. Хоёр шатны шүүх осол болоход нэхэмжлэгчийг зохих буруутай гэж дүгнэсний улмаас Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 541.1 дэх зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас гаргах хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж шийдвэрлэсэн.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хариуцагчийн гэм бурууг үгүйсгээгүй тул хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн нь буруу, хариуцагч гэм буруугүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн маргааныг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01634 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1577 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа “М” ТӨҮГ-аас 2020.08.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД