Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01543

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01543

 

 

 

 

 

 

 

Э ХХКХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00797 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХКХХК-ийн хариуцагч БЦХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 22 906 984 төгрөг гаргуулах үндсэн, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39 265 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Э ХХКХХК нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр БЦХХК-тай 18/06/15 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ....хороонд байрлах ........... нарын үйлчилгээний 654 айлын орон сууцны Е блок барилгын дотрын цэвэр бохир ус, дулаан, дулааны узель, дулаан хангамжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Захиалагч гэрээний 6.1.13-т зааснаар ажил гүйцэтгэхэд шаардагдах сантехникийн материал, бусад тоног төхөөрөмжөөр цаг тухайд нь гүйцэтгэгчийг хангах үүргийг хүлээсэн. Захиалагч БЦХХК нь үүргээ биелүүлэхгүй байнга хоцорч материал нийлүүлсээр өнөөдрийг хүрсэн. Е блокийн барилгын ажил одоогоор бүрэн дуусаагүй, оршин суугчдаа оруулаагүй. Гүйцэтгэгч нь жил гаруй сул зогсолт хийж ажилчид цалингаараа хохирсон. Гэхдээ өнөөдрийн байдлаар гэрээнд заасан ажлын 78.7 хувийг хийж гүйцэтгэсэн. Үлдэгдэл 12.8 хувь буюу ариун цэврийн өрөөний усны онгоц /ванн/, бохирын суултуур зэргийг уян холбоосоор холбох ажил үлдсэн. Хариуцагч БЦХХК нь дээрх бараа материалыг нийлүүлээгүйн улмаас угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр захиалагч БЦХХК-аас гэрээ цуцлах тухай мэдэгдсэн бөгөөд БЦХХК нь ажлын хөлсөнд нийт 60 635 936 төгрөг төлсөн. Манай компани туслан гүйцэтгэгч байсан бөгөөд сүүлийн санхүүжилтийг олгоогүй. Нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний 4.4-т зааснаар гэрээ цуцалсантай холбогдуулан улсын комисс хүлээн авсаны дараа төлөгдөх 30 хувийн төлбөр болох 19 608 604 төгрөг, гэрээний 8.4-т заасан 15 хувийн торгууль болох 13 374 000 төгрөг, нийт 32 982 064 төгрөг гэж тооцон нэмэгдүүлсэн. Гэрээ цуцлах хүртэл хийсэн ажлын сүүлийн санхүүжилт буюу ажлын хөлс 9 532 984 төгрөг болно. Гэрээний нийт үнийн дүн 89 160 000 төгрөгийг 100 хувь гэвэл 78.7 хувь нь 70 168 920 төгрөг болно. Энэ үнийн дүнгээс хөлсөнд авсан 60 635 936 төгрөгийг хасч тооцсон. Мөн гэрээний 8.4-т заасан торгуулийн 15 хувь буюу 89 160 000 төгрөгийн 15 хувь нь 13 374 000 төгрөгийг хохирол гэж шаардаж байгаа бөгөөд, шаардлагаа 22 906 984 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч хийсэн ажлыг хийсэн хэмжээнд нь хүлээн авсан атлаа шалтаг хэлж, ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Түүнчлэн гэрээнд дулааны узель хийх тохиролцоо байгаа боловч бид хийгээгүй. Харин БЦХХК нь биднээр дулааны узель барих төсвийг нь хийлгэчихээд танайхаас өөр байгууллагаар хийлгэсэн гэдэг. Сантехникийн ажил хийх тусгай зөвшөөрөлтэй болохоос биш дулааны узель барих зөвшөөрөл байхгүй. Бид гэрээгээр тохирсон ажлаа чанартай, хариуцлагатай хийж хүлээлгэн өгсөн. Гэрээ цуцалсан асуудалд хариуцагч буруутай, гэрээ цуцалсан талаар маргахгүй. Иймд хариуцагчаас 22 906 984 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагчийн хариу тайлбарт: Манай компани нь 2018 онд сантехникийн ажил хийх компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж, үнийн санал ирүүлсэн Э ХХКХХК-ийн сонгон 2018 оны 06 сарын 15-ны өдөр 18/06/15 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа иргэн Д.Жаргалсайхан, Э.Эрдэнэчулуун нарын үйлчилгээтэй 654 айлын орон сууцны Е блокийн барилгын дотор халаалтын систем, дулааны узель угсралт, цэвэр ус хангамжийн систем, бохир ус зайлуулах систем угсралтын ажлуудыг иж бүрнээр хийж гүйцэтгэхээр зоорийн давхар болон 1-16 давхарын нийт 7 430 м.кв талбайн ажлыг 1 м.кв-д ногдох ажлын хөлс 12 000 төгрөг байх нийт 89 160 000 төгрөгт гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч гэрээний хэрэгжилтийн явцад Э ХХКХХК нь ажиллах хүн хүчгүй, өөрийн гэсэн ажилчингүй болох нь тогтоогдож удаа дараа туслан гүйцэтгэгч бригад болон инженер, техникийн ажилчидаа сольсноор ажлын уялдаа холбоо алдагдан, ажлын хугацаа саатаж ажлын чанарт нөлөөлж байсан. Манай компанийн зүгээс Э ХХКХХК-д шаардлага тавихад шаардлагыг хүлээн авахгүй хариуцлагаас зугтаж байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.3-т гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд чанарын баталгаа гаргана, баталгаат хугацаа 3 жил байна гэж заасан боловч Э ХХКХХК нь ажил гүйцэтгэлийн явцад чанарын баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй гэдгээ 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 19/13 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Манай компанийн зүгээс гэрээний 6.1.13-т заасан үүргээ чанартай биелүүлэхийн тулд Э ХХКХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр мөн гэрээний 6.2.1.12-т заасны дагуу тус компанийн захирал, инженер техникийн ажилчдаас бүрдсэн 3 хүнтэй багийн бүх зардлыг гаргаж БНХАУ руу материал сонголт, худалдан авалтанд хамт явсан. Гэвч Э ХХКХХК нь инженер техникийн ажилчид, туслан гүйцэтгэгч бригадаа удаа дараа сольсоноор материал захиалгын зөрчил гарч, өмнөх инженерийн сонгон худалдан авсан материалыг дараагийнх нь үгүйсгэж, дахин материал худалдан авч цаг хугацаа болон эдийн засгийн хохирол учруулсан. Э ХХКХХК гэрээний хугацаанд манайхаас олгосон санхүүжилтээр өөрийн ажиллуулж байсан туслан гүйцэтгэгч бригадын цалин хөлсийг өгөхгүй байсан нь инженер техникийн ажилчид, туслан гүйцэтгэгч бригадыг удаа дараа солих шалтгаан болж, барилгын ажлын талбай дээр үймээн самуун дэгдээж ажлын чанар, хугацаа, компанийн нэр хүндэд маш муугаар нөлөөлж байсан. Манай зүгээс гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн явцад үнийн 60 хувь болох 53 496 000 төгрөгөөр санхүүжүүлэх ёстой байсан боловч 2019 оны байдлаар нийт 60 635 936 төгрөгийн санхүүжилт олгосон. Гүйцэтгэгч 12 000 000 төгрөгийн татварын баримтаа шивээгүй. 2019 онд барилга дээр дулаан авах үеэр ус алдаж манай зүгээс Э ХХКХХК-д хүн томилж манай компанийн ажилтантай хамт жижүүрлэх шаардлага тавихад хүлээж аваагүй. Ус алдсан сангийн холболтыг засах боломжгүй, материал шаардлага хангаагүй гэдэг тайлбар өгч хариуцлага хүлээхгүй гэж нэмэлт санхүүжилт шаардсаар байсан. Манай компанийн зүгээс Э ХХКХХК-д ажил гүйцэтгэл, ажлын хугацаа, ажиллах хүч, ажлын чанар, татварын баримт зэрэг дээр маш олон удаа шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй, ажилчид, бусад туслан гүйцэтгэгч нарыг удаа дараа хэл амаар доромжлон хамтран ажиллахад хэцүү нөхцөл байдал үүсгэсэн тул 2019 оны 10 сарын 23-ны өдөр гэрээ цуцлах болсоныг мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн хийгээгүй үлдсэн олон ажил байгаа бөгөөд гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул торгууль төлөх үндэслэлгүй. Ажлын хөлсийг нь тухай бүр тооцоо хийж олгосон, одоо төлөх хөлс байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Э ХХКХХК дулааны узель угсрах тусгай зөвшөөрөлгүй атлаа манай компанийг мэхлэж гэрээ байгуулсан. Үүнийг нь гэрээний хэрэгжилтийн үед олж мэдсэн. Эдийн засгийн хувьд илүү их хохирол амсахгүйн тулд дулааны узель угсрах тусгай зөвшөөрөлтэй Хүрээ хаус ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 33 000 000 төгрөгөөр тус ажлыг хийлгэн төвийн дулаанд хугацаандаа холбогдсон. Манай компани дээрх байдлаар Э ХХКХХК-тай хамтран ажиллах боломжгүй болж барилгын төслийн ажлаа чанартай үргэлжлүүлж дуусгахын тулд гэрээгээ цуцалж дараагийн гүйцэтгэгч байгууллагаар үлдэгдэл ажлыг нэмэлт зардал гарган гүйцэтгүүлсэн. Гэрээ цуцлах үеийн ажил гүйцэтгэлийн хувьд халаалтын ба цэвэр усны босоо шугамын угсралт 100 хувь хийгдсэн, халаалтын ба цэвэр бохир усны хэвтээ гол магистрал шугамын угсралт 2-16 давхарт хийгдэж 1-р давхарт огт хийгдээгүй, цэвэр усны шугам, халаалтын шугамын угсралт, борооны ус зайлуулах шугамын угсралт 2-16 давхарт хийгдэж, 1-р давхарт огт хийгдээгүй мөн борооны ус зайлуулах барилгаас гарах гаргалгаа яндан хоолой угсраагүй, зоорийн давхар гал эсэргүүцэх систем, спинклерийн угсралт, халаалтын магистрал шугамын угсралт хийгдэж, зоорийн давхарт байрлах гэрээний 2.2.3-т заагдсан дулааны узель угсрах ажил иж бүрэн хийгдээгүй. Зоорийн таазаар бэхлэгдсэн халаалт, цэвэр усны шугамуудын яндан хоолойг өнгө ялгах туузан бүрээс хийгдээгүй, айл бүрийн ариун цэврийн өрөөний тоноглол суулгах ажил 2-р давхарт 85 хувь, 3-р давхарт 40 хувь, 4-р давхарт 40 хувь хийгдэж, 1 ба 5-16 давхрын бүх айлд суултуур, ванн, угаалтуур хийгдээгүй, 2 айлын алчуур хатаагч суугаагүй, бүх давхрын галын хайрцагууд суулгаагүй, лифтны хонгилын халаалт тавигдаагүй, бүх айлын ариун цэврийн өрөөний төмөр таг суулгаагүй ажлууд үлдсэн. Э ХХКХХК-ийн гүйцэтгэсэн халаалтын босоо ба хэвтээ шугамын угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас дулаан тавихад ус алдаж манай компани эдийн засгийн хувьд ихээхэн хүнд байдалд орсон. Тухайлбал, 9-р давхар нийтийн эзэмшил гипсэн ханыг нураасан 2.7 м.кв, 9-р давхар С айл, ариун цэврийн өрөөны шалны плитаны доороос ус алдсан 1 м.кв, 15-р давхар А айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 15 м.кв, зоорийн давхар, ханын замаска урссан - 30 м.кв, 9-р давхар В айл, таазнаас ус алдаж цагаан замаска норж халтардсан- 6 м.кв, 6-р давхар D айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 3 м.кв, 5-р давхар нийтийн эзэмшил гипсэн ханыг нураасан 1.75 м.кв, 3-р давхар нийтийн эзэмшил гипсэн ханыг нураасан - 2 м.кв, 10-р давхар В айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 53 м.кв, 10-р давхар С айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 15 м.кв, 4-р давхар С айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 40 м.кв, 15-р давхар А айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 19 м.кв, 15-р давхар В айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 10 м.кв, ус алдсанаас үүдэлтэй эвдэрч гэмтсэн эдгээр заслын ажлыг манай компанийн зүгээс дахин хөрөнгө мөнгө гаргаж материал худалдан авч дотор заслын компанид ажлын хөлс төлж шинээр хийсэн. Экбиc ХХК нь гэрээний 8.2.1, 8.3, 3.3, 6.2.1.8, 6.2.2.3, 6.2.2.29, 6.2.2.32, 6.2.2.36-д заасан үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасныг үндэслэн Э ХХКХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг хийж гүйцэтгэсэн зардалд 35 664 000 төгрөг, ажил гүйцэтгэх явцад учруулсан гэм хорыг арилгахад гарсан паркетан шалны бараа материалын зардал, ажлын хөлсөнд 3 601 500 төгрөг, нийт 39 265 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид ажлаа хийсэн хэмжээндээ хүлээлгэн өгсөн. Зарим нэг дутуу ажил үлдсэн нь хариуцагч өөрсдөө материалаа авчирахгүй, цувуулж өгдөг, эсхүл чанаргүй материал авчирдагтай холбоотой. Манай байгууллага хүн хүч сайтай, 20 гаруй ажилтантай байсан. Эхлээд дулааны узелийг хийх тохиролцоо байсан, төлөөлөгч Амартүвшин манайхыг төсөв хийгээд өгчих гэхээр нь төсвийг нь хийгээд өгсөн. Гэтэл танайхаас өөр хямд газраар хийлгэхээр болсон гээд хийлгээгүй. Гэрээний 4.4-т заасан ажлыг л хийх ёстой байсан. Бид ажлаа 78.7 хувьтай хийсэн бөгөөд ямар нэгэн доголдол илрээгүй, манай байгууллагын буруугаас болж ус алдаж, паркет янзалсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Харин ч БЦХХК-д мэргэжлийн хүн байгаагүй, биднээс зөвлөгөө авч ажиллаж байсан, өөрсдөө гэрээгээ цуцалж, биднийг ажиллах боломжоор хангаагүй. Хэрэв бараа материалаа өгсөн бол бид хийгээд өгчихсөн байсан. Зарим ажлууд үлдсэн нь үнэн, галын хайрцгаа өөрсдөө оруулж ирээгүй, угаалгын өрөөний почки байна. Хариуцагч материалаа бөөнд нь биш, 10, 20-оор нь цувуулж өгдөг байсан бөгөөд тэр нь заримдаа шаардлага хангахгүй байдаг. 2 айлын алчуур хатаагч хийгээгүй гэж байна. Гэтэл өөрсдөө хямд Монгол хатаагч авчирсан, түүнийг нь манай инженер насжилтгүй, хямд материалаар хийхгүй гэсэн. Энэ мэтчилэн БЦХХК-аас их зүйл шалтгаалсан учир барилгын хугацаа удааширсан. Бид тус компанийн туслан гүйцэтгэгч учраас зааврыг нь хүлээдэг. Манай хийсэн ажлыг Амартүвшин, Хосбаяр нар сайн мэдэж байгаа атлаа одоо үгүйсгэж байгааг нь ойлгохгүй байна. Харин манай ажлыг үргэлжлүүлж өөр байгууллагаар хийлгэсэн зардлаа биднээс нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

  Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч БЦХХК-аас 9 532 984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХКХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 13 374 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч Э ХХКХХК-нд холбогдох дутуу хийж гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39 265 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч БЦХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э ХХКХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 323 000 /279 700+43 300/ төгрөг, хариуцагч БЦХХК-аас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 385 000 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 30 723 төгрөгийг улсын төсвөөс буцааж хариуцагч БЦХХК-д, хариуцагч БЦХХК-аас 167 478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХКХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуугийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг
үнэлээгүй, дутуу үнэлсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн харин нэхэмжлэгч Э ХХКХХК-ийг гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар 15 хувийн торгууль болох 13,374,000 төгрөгөөр хохирсон гэж үзэх боломжгүй, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасантай нийцэхгүй, гэрээ нэгэнт цуцлагдсан талаар дээр дүгнэсэн болно гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Э ХХКХХК нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18/06/15 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т заасан ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Харин гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.14-т ажил гүйцэтгэхэд шаардагдах сантехникийн материал, бусад тоног төхөөрөмжөөр цаг тухайд нь гүйцэтгэгчийг хангах үүргийг хүлээнэ гэсний дагуу захиалагч тал энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гүйцэтгэгч талд цаг хугацааны болон эдийн засгийн хувьд хүндрэлүүд бий болсон боловч гүйцэтгэгч тал ажлыг хийж дуусгасан. Хэрэв захиалагч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол өнөөдрийн маргаан гарахгүй байсан. Ариун цэврийн өрөөний суултуур, тосгуур, 2 айлын алчуур хатаагч зэргийг суулгаагүй. Дээрх бараа материалыг өгсөн бол нэхэмжлэгч Э ХХКХХК нь 100 хувь хийж гүйцэтгэх байсан. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцэж байна. Хавтаст хэрэгт авагдсан Гаалийн Ерөнхий газрын лавлагаанд 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 15 ширхэг суултуур /почки/, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 ширхэг суултуур /почки/ гэх зэргийг БНХАУ-аас оруулж ирсэн баримт байдаг. Үүнээс хариуцагч БЦХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18/06/15 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээний 8.4, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.3-т зааснаар торгууль шаардах эрхтэй. Иймд 13 374 000 төгрөгийн торгууль шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны зарим үйл баримтын талаар үндэслэл муутай дүгнэлт хийснийг залруулав.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32 982 064 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 22 906 984 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын зардал, хохиролд 39 265 500 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа .......... нарын доороо үйлчилгээний талбайтай 654 айлын орон сууцны Е блокийн барилгын дотор цэвэр, бохир ус, дулаан, дулааны узелийн угсралтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс 89 160 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч хариуцагчийн материал, тоног төхөөрөмжөөр гэрээгээр тохиролцсон ажлыг 78.7 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /1хх13, 28, 55/

Гэрээ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр хариуцагч БЦХХК-ийн санаачилгаар цуцлагдсан байх ба тус компани нь гэрээгээр хүлээсэн бараа материал нийлүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруугийн улмаас гэрээ цуцлагдсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүх талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн талаарх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан нөхцөлд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй тул үлдэгдэл ажлын хөлс 9 532 984 төгрөгийг гаргуулсан нь зөв. Харин анзыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэж заажээ. Зохигчид торгуулийн талаар гэрээний 8.4-т гэрээг нэг талаас ямар нэгэн шалтгаангүй цуцалсан тохиолдолд гэрээ цуцалсан тал нөгөө талдаа гэрээний үнийн дүнгийн 15 хувиар торгууль төлнө гэж заасан байгаа. Гэрээ цуцлах болсон нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагчийн бараа материалыг тогтоосон хугацаанд нийлүүлээгүй байдал тогтоогдож байх тул гэрээ цуцлах хүртэлх хугацааны ажлын хөлсний үлдэгдэл 9 532 984 төгрөгийн 15 хувиар торгууль гаргуулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. /1хх138-145/

Иймд хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 9 532 984 төгрөг, торгуульд 1 429 947 төгрөг нийт 10 962 931 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг Хүрээ хаус ХХК-аар гүйцэтгүүлсэн гэж тайлбарладаг боловч ажлын доголдлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдлын шаардлага гаргаагүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан танай хийсэн ажил болохгүй байна гэж гомдол гаргаж, биднээр засуулж байгаагүй, зарим нэг дутуу ажил үлдсэн нь хариуцагч өөрсдөө материалаа авчирахгүй, увуулж цувуулж өгдөг, эсхүл чанаргүй материал авчирдагтай нь холбоотой гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй. Хүрээ хаус ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байх ба хариуцагч нь шүүхийн энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасныг гэж нэмж, 9 532 984 гэснийг 10 962 931 гэж, 13 374 000 гэснийг 11 944 053 гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын 167 478 гэснийг 190 356 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 757 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 328 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ