Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/00797

 

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/00797

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, ЭХ /25/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах БЦ  /59/-нд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 22,906,984 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан дутуу хийж гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39,265,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Л.Н , өмгөөлөгч М.Ш, хариуцагчийн төлөөлөгч Б.А , Л.Х , өмгөөлөгч Т.М , гэрч Д.С , Ц.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ЭХ нь БЦ -тай 2018.06.15-ны өдөр 18/06/15 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороонд байрлах Д.Жаргалсайхан, Э.Эрдэнэчулуун нарын үйлчилгээний 654 айлын орон сууцны Е блок барилгын дотрын цэвэр бохир ус, дулаан, дулааны узель, дулаан хангамжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээний хугацаа хоёр cap байсан хэдий ч, гэрээний 6.1.13-т ажил гүйцэтгэхэд шаардагдах сантехникийн материал, бусад тоног төхөөрөмжөөр цаг тухайд нь гүйцэтгэгчийг хангах үүргийг хүлээсэн бөгөөд захиалагч БЦ  нь үүргээ биелүүлэхгүй цаг тухай бүрт нь бус байнга хоцролтой материал нийлүүлсээр өнөөдрийг хүрсэн. Е блокны барилгын ажил одоогоор манай ажлаас бусад нь бүрэн дуусаагүй, оршин суугчдаа оруулаагүй болно. Гүйцэтгэгч ЭХ нь нэг жил гаран сул зогсолт их хийж ажилчдын цалингаар хохирсон. Гэхдээ өнөөдрийн байдлаар гэрээнд заасан ажлын 78,7 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Үлдэгдэл 12.8 хувь нь ариун цэврийн өрөөний усны онгоц /ванн/, бохирын суултуур зэргийг уян холбоосоор холбох ажил үлдсэн. Хариуцагч БЦ  нь дээрх бараа материалыг нийлүүлээгүйн улмаас угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй болно. Гэтэл 2019.10.23-ны өдөр захиалагч БЦ -иас гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. БЦ  нь ажлын хөлсөнд нийтдээ 60,635,936 төгрөг төлсөн. Бидний хувьд БЦ -ийн туслан гүйцэтгэгч байсан.

Харин сүүлийн санхүүжилтыг олгоогүй бөгөөд бид анх 24,340,680 төгрөг нэхэмжилсэн. Энэ шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар гэрээ цуцалсантай холбогдуулан улсын комисс хүлээн авсаны дараа төлөгдөх 30%-ийн төлбөр болох 19,608,604 төгрөг, үүн дээр гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т заасан 15%-ийн торгууль болох 13,374,000 төгрөг гэж задлаж, нийт 32,982,064 төгрөг гэж тооцон нэмэгдүүлсэн. Одоо шаардлагаа тодруулж гэрээ цуцлах хүртэл хийсэн ажлын сүүлийн санхүүжилт буюу ажлын хөлс 9,532,984 төгрөг болж байна. Бид нийтдээ ажлынхаа 78,7%-ийг хийсэн. Энийг бид гэрээний нийт үнийн дүн болох 89,160,000 төгрөгийг 100% гэж, нийт 78,7% нь 70,168,920 төгрөг болж байна. Энэ үнийн дүнгээс хөлсөнд авсан 60,635,936 төгрөгийг хасч тооцсон. Мөн гэрээний 8.4-т заасан торгуулийн 15% буюу 89,160,000 төгрөгийн 15% нь 13,374,000 төгрөгийг хохирсон гэж шаардаж байгаа бөгөөд, шаардлагаа нийт 22,906,984 төгрөг болгон багасгаж байна.

Бидний хийсэн ажлыг хариуцагч хийсэн хэмжээнд нь хүлээн авсан мөртлөө ямар нэгэн шалтаг хэлж ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Түүнчлэн гэрээнд дулааны узель хийх тохиролцоо байгаа боловч бид тэрийг нь хийгээгүй. Харин БЦ  нь биднээр дулааны узель барих төсвийг нь хийлгэчихээд танайхаас өөр байгууллагаар хийлгэсэн. Тэгээд ч бид сантехникийн ажил хийх тусгай зөвшөөрөлтэй болохоос биш дулааны узель барих зөвшөөрөл байхгүй. Бид гэрээгээр тохирсон ажлаа чанартай, хариуцлагатай хийж хүлээлгэн өгсөн. Гэрээ цуцласан асуудал бол манайхаас биш хариуцагчаас өөрөөс нь болсон, бид гэрээ цуцласан талаар маргахгүй байгаа. Иймд хариуцагчаас 22,906,984 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2018 онд сантехникийн ажил хийх компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж, үнийн санал ирүүлсэн ЭХХК-г сонгон 2018 оны 06 сарын 15-ны өдөр 18/06/15 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа иргэн Д.Жаргалсайхан Э.Эрдэнэчулуун нарын үйлчилгээтэй 654 айлын орон сууцны Е блокын барилгын дотор халаалтын систем иж бүрэн, дулааны узель угсралт, цэвэр ус хангамжийн систем, бохир ус зайлуулах систем угсралтын ажлуудыг иж бүрнээр хийж гүйцэтгэхээр зоорийн давхар болон 1-16 давхрын бүгд 7430 m2 талбайн ажлыг 1м2-д ноогдох ажлын хөлс 12.000 /арван хоёр мянга/ төгрөг байхаар тооцож нийт 89.160.000 /наян есөн сая нэг зуун жаран мянга/ төгрөгт гүйцэтгэхээр тохиролцсон болно. Гэвч гэрээний хэрэгжилтийн явцад ЭХ нь ажиллах хүн хүчгүй, өөрийн гэсэн ажилчингүй болох нь тогтоогдож хэд хэдэн удаа туслан гүйцэтгэгч бригад болон инженер, техникийн ажилчид /ИТА/-аа сольсноор ажлын уялдаа холбоо алдагдаж, ажлын хугацаа саатаж улмаар цаашлаад ажлын чанарт нөлөөлж байсан тул манай компанийн зүгээс ЭХХК-д шаардлага тавихад ЭХ нь шаардлагыг хүлээн авахгүй удаа дараа хариуцлагаас зугтаж байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 5.2 болон 5.3-т гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд чанарын баталгаа гаргана Баталгаат хугацаа 3 жил байна гэж заасан боловч ЭХ нь ажил гүйцэтгэлийн явцад чанарын баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй гэдгээ 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 19/13 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Манай компанийн зүгээс гэрээний 6.1.13-т заасан үүргээ чанартай биелүүлэхийн тулд ЭХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр мөн гэрээний 6.2.1.12-т заасны дагуу ЭХХК-ийн захирал болон ИТА-аас бүрдсэн 3 хүнтэй багийн бүх зардлыг гаргаж БНХАУ-руу материал сонголт, худалдан авалтанд хамт явсан болно. Гэвч ЭХ нь ИТА, туслан гүйцэтгэгч бригадаа удаа дараа сольсоноор материал захиалгын зөрчил гарч, өмнөх инженерийн сонгон худалдан авсан материалыг дараагийн ИТА үгүйсгэж дахин материал худалдан авахуулж цаг хугацаа болон эдийн засгийн хохирлыг бидэнд учруулсан. ЭХ нь гэрээний хэрэгжилтийн хугацаанд манайхаас олгосон санхүүжилтээр өөрийн ажиллуулж байсан туслан гүйцэтгэгч бригадын цалин хөлсийг өгөхгүй байсан нь ИТА, туслан гүйцэтгэгч бригадыг удаа дараа солих шалтгаан болж, барилгын ажлын талбай дээр үймээн самуун дэгдээж байсан нь ажлын чанар, хугацаа мөн манай компанийн нэр хүндэд маш муугаар нөлөөлж байсан.

Гэрээний 4.3-т Нийт үнийн дүнгийн 30%-г улсын комисс хүлээн авсны дараа, 10%-г гүйцэтгэгчийн ажлын чанарын барьцаанд үлдээнэ (5.3-т баталгаат хугацаа 3 жил) гэж заасан иймээс манай компанийн зүгээс гэрээний дагуу ажил гүйцэтгэлийн явцад гэрээний 60% болох 53.496.000 төгрөгийг санхүүжүүлэх ёстой байсан боловч манай компани барилгын сантехникийн ажлаа нэг компаниар дагнан чанартай дуусгахын тулд санхүүжилтийг ЭХХК-ийн шаардлагын дагуу олгож байсан. 2019 оны байдлаар нийт 60.635.936 төгрөгийн санхүүжилт олгосон байна. Манай компанийн нягтлан удаа дараа шаардсан боловч ЭХ нь шаардлагыг хүлээн авахгүй одоог хүртэл 12.000.000 төгрөгийн татварын баримтаа шивээгүй байна. 2019 онд барилга дээр дулаан авах үеэр ус алдаж манай зүгээс ЭХХК-г хүн томилж манай компанийн ажилтантай хамт жижүүрлэх шаардлага тавьсанд ЭХ хүлээж аваагүй. Барилга дээр ус алдаж эдийн засгийн хувьд ноцтой хохирол учруулсаар байхад ЭХ -аас хүн байхгүй байсан. Ус алдсан сангийн холболтыг засах шаардлага тавихад ЭХ засах боломжгүй, материал шаардлага хангаагүй гэдэг тайлбар өгч хариуцлага хүлээхгүй гэж нэмэлт санхүүжилт шаардсаар байсан.

Манай компанийн зүгээс ЭХХК-д ажил гүйцэтгэл, ажлын хугацаа, ажиллах хүч, ажлын чанар, татварын баримт зэрэг дээр маш олон удаа шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй манай компанийн ажилчид, хамтран ажиллагч байгууллагын ажилчид болон бусад туслан гүйцэтгэгч нарын ажилчдыг удаа дараа хэл амаар доромжлон нэг төсөл дээр хамтран ажиллахад хэцүү нөхцөл байдал үүсгэсэн тул манай компанийн зүгээс 2019 оны 10 сарын 23-ны өдөр албан бичиг хүргүүлж гэрээ цуцлах болсоныг мэдэгдсэн. Мөн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 011/019 тоот албан бичиг хүргүүлж, ЭХХК-ийн 2019 оны 11 сарьтн 7-ны өдрийн 9/07 тоот албан бичигт хариу тайлбар хүргүүлж, тооцоо нийлж эвийн журмаар гэрээг дүгнэн цуцлах хүсэлтэй байгаагаа хүргүүлсэн боловч ЭХ нь нэмэлт санхүүжилт шаардсан. Ер нь нэхэмжлэгчийн хийгээгүй үлдсэн олон ажил байгаа. Гэрээний үүргээ хангалттай биелүүлж чадаагүй.

Нэхэмжлэгч тал хуралдааны явцад шаардлагаа багасгаж байна, тооцооллыг нь сонслоо. Иймд гэрээний 8.4-т заасан 15 хувийн торгууль болох 13.374.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэгэнт нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Гэрээ цуцласан тохиолдолд торгууль төлөх үндэслэлгүй. Ажлын хөлсний хувьд ч гэсэн бид тухай бүр тооцоо хийж, ажлын хөлсийг нь олгосон, одоо төлөөд байх хөлс байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 22,906,984 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ЭХ нь дулааны узель угсрах тусгай зөвшөөрөл байхгүй байж манай компанийг мэхлэн гэрээ байгуулж, гэрээний 2.2.3-т дулааны узель угсралтын ажлыг хийнэ гэж тохирсон. Гэвч бид ЭХХК-д уг ажлыг хийх тусгай зөвшөөрөл, ажиллах хүн байхгүй гэдгийг гэрээний хэрэгжилтийн үед олж мэдсэн учраас манай компани эдийн засгийн хувьд илүү их хохирол амсахгүйн тулд дулааны узель угсрах тусгай зөвшөөрөлтэй компани хайж, Хүрээ хаус ХХК-г олж ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг 33.000.000 сая төгрөгөөр тохирч тус ажлыг хийлгэн төвийн дулаанд хугацаандаа нь амжиж холбогдсон. Хэрэв манай компанийн зүгээс цаг тухайд нь нэмэлт хөрөнгө гаргаж дээрх арга хэмжээг аваагүй бол хугацаандаа амжиж төвийн дулаанд холбогдох боломжгүй болж 2019 оны 4 сараас эхлэн хийсэн B1-16 давхрын бүх дотор заслын ажил, материал өвлийн улиралд хөлдөж илүү их хохирол учрах байсан. Өөрөөр хэлбэл манай компанийн зүгээс ЭХХК-ийн дээрх байдлыг дахин цаашид хүлээн авч хамтран ажиллах боломжгүй мөн барилгын төслийн ажлаа чанартай үргэлжлүүлж дуусгахын тулд ЭХХК-тай гэрээг цуцалж дараагийн гүйцэтгэгч байгууллагыг олж гэрээ байгуулан ЭХХК-ын хийх ёстой байсан гэрээний үлдэгдэл ажлыг нэмэлт зардал гарган гүйцэтгүүлсэн гэсэн үг. Гэрээ цуцлах үеийн ЭХХК-ийн ажил гүйцэтгэлийн байдал:

1. Халаалтын ба цэвэр усны босоо шугамын угсралт 100% хийгдсэн.

2.Халаалтын ба цэвэр бохир усны хэвтээ гол магистрал шугамын угсралт 2-16 давхарт хийгдэж, 1-р давхарт огт хийгдээгүй.

3.Цэвэр усны шугам, халаалтын шугамын угсралт, борооны ус зайлуулах шугамын угсралт 2-16 давхарт хийгдэж, 1-р давхарт огт хийгдээгүй мөн борооны ус зайлуулах барилгаас гарах гаргалгаа яндан хоолой угсраагүй.

4.Зоорийн давхар гал эсэргүүцэх систем, спинклерийн угсралт, халаалтын магистрал шугамын угсралт хийгдэж, зоорийн давхарт байрлах гэрээний 2.2.3-т заагдсан дулааны узель угсрах ажил иж бүрэн хийгдээгүй. Зоорийн таазаар бэхлэгдсэн халаалт, цэвэр усны шугамуудын яндан хоолойг өнгө ялгах туузан бүрээс хийгдээгүй.

5. Айл бүрийн ариун цэврийн өрөөний тоноглол суулгах ажил 2-р давхарт 85% , 3-р давхарт 40% , 4-р давхарт 40% хийгдэж, 1 ба 5-16 давхрын бүх айлд суултуур, ванн, угаалтуур 100% хийгдээгүй.

6.2 айлын алчуур хатаагч суугаагүй.

7. Бүх давхрын галын хайрцагууд суулгаагүй.

8.Лифтны хонгилын халаалт тавигдаагүй.

9. Бүх айлын ариун цэврийн өрөөний төмөр таг суулгаагүй гэх мэт ажлууд үлдсэн.

10. Халаалтын ба цэвэр усны босоо шугамын угсралт 100% хийгдсэн.

11.Халаалтын ба цэвэр бохир усны хэвтээ гол магистрал шугамын угсралт 2-16 давхарт хийгдэж, 1-р давхарт огт хийгдээгүй.

12.Цэвэр усны шугам, халаалтын шугамын угсралт, борооны ус зайлуулах шугамын угсралт 2-16 давхарт хийгдэж, 1-р давхарт огт хийгдээгүй мөн борооны ус зайлуулах барилгаас гарах гаргалгаа яндан хоолой угсраагүй.

13.Зоорийн давхар гал эсэргүүцэх систем, спинклерийн угсралт, халаалтын магистрал шугамын угсралт хийгдэж, зоорийн давхарт байрлах гэрээний 2.2.3-т заагдсан дулааны узель угсрах ажил иж бүрэн хийгдээгүй. Зоорийн таазаар бэхлэгдсэн халаалт, цэвэр усны шугамуудын яндан хоолойг өнгө ялгах туузан бүрээс хийгдээгүй.

14. Айл бүрийн ариун цэврийн өрөөний тоноглол суулгах ажил 2-р давхарт 85%, 3-р давхарт 40%, 4-р давхарт 40% хийгдэж, 1 ба 5-16 давхрын бүх айлд суултуур, ванн, угаалтуур 100% хийгдээгүй.

15. 2 айлын алчуур хатаагч суугаагүй.

16. Бүх давхрын галын хайрцагууд суулгаагүй.

17. Лцфтны хонгилын халаалт тавигдаагүй.

18. Бүх айлын ариун цэврийн өрөөний төмөр таг суулгаагүй.

"ЭХ нь ийм байдалтай ямар ч хариуцлага хүлээхгүй манай компанийг орхиж явснаар бид цаг хугацаа ажлын гүйцэтгэлийн хувьд, эдийн засгийн хувьд ч хохиролтой, хүнд байдалд орсон.

Мөн ЭХХК-ын гүйцэтгэсэн халаалтын босоо ба хэвтээ шугамын угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас дулаан тавихад ус алдаж манай компани эдийн засгийн хувьд ихээхэн хүнд байдалд орсон болно. Үүнд:

9-р давхар нийтийн эзэмшил гипсэн ханыг нураасан - 2,7 M2.

9-р давхар С айл, ариун цэврийн өрөөны шалны плитаны доороос ус алдсан 1м2,

15-р давхар А айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 15 M2 Зоорийн давхар, ханын замаска урссан - 30 M2

9-р давхар В айл, таазнаас ус алдаж цагаан замаска норж халтардсан- 6 M2

6-р давхар D айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 3 M2

5-р давхар нийтийн эзэмшил гипсэн ханыг нураасан - 1,75 M2

3-р давхар нийтийн эзэмшил гипсэн ханыг нураасан - 2 m2

10-р давхар В айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 53 M2

10-р давхар С айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 15 M2

4-р давхар С айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 40 M2

15-р давхар А айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 19 M2

15-р давхар В айл, ус алдаж паркетан шалыг хуулж, хар шалыг ухсан - 10 M2

Ус алдсанаас үүдэлтэй эвдэрч гэмтсэн эдгээр заслын ажлыг манай компанийн зүгээс дахин хөрөнгө мөнгө гаргаж материал худалдан авч дотор заслын компанид дахин ажлын хөлс төлж шинээр хийсэн болно.

Ер нь нэхэмжлэгч Экбиc ХХК нь гэрээний 8.2.1, 8.3, 3.3, 6.2.1.8, 6.2.2.3, 6.2.2.29, 6.2.2.32, 6.2.2.36-д заасан үүргүүдээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь гэрээний эдгээр заалтуудыг зөрчин, үүргээ гүйцэтгээгүйн улмаас манай компанид эдийн засаг, цаг хугацааны ихээхэн хохирол учруулсан. Иймд Иргэний хуулийн 343-р зүйлээс 358-р зүйлд заасныг үндэслэн ЭХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг хийж гүйцэтгэсний зардалд 35.664.000 төгрөг, ЭХ нь ажил гүйцэтгэх явцад учруулсан гэм хорыг арилгахад гарсан паркетан шалны бараа материалын зардал, ажлын хөлсөнд 3.601.500 төгрөг, нийт 39.265.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Бид ажлаа хийсэн хэмжээндээ хүлээлгэн өгсөн, манайхаас танай хийсэн ажил болохгүй байна гэж гомдол гаргаж, биднээр засуулсан зүйл байхгүй. Зарим нэг дутуу ажил үлдсэн нь хариуцагч БЦ  өөрсдөө материалаа авчирахгүй, увуулж цувуулж өгдөг, эсхүл чанаргүй материал авчирдагтай нь холбоотой. Манай байгууллага хүн хүч сайтай ажиллаж байсан, 20 гаруй ажилтантай байсан. Дулааны узелийг хийх тохиролцоо бол эхлээд байсан, тэгээд төлөөлөгч Амартүвшин манайхыг төсөв хийгээд өгчих гэсэн, бид төсвийг нь хийгээд өгсөн боловч танайхаас өөр хямд газраар хийлгэхээр болсон гээд хийлгээгүй. Тэгээд ч гэрээний 4.4-т заасан ажлыг л бид хийх ёстой байсан. Энэ ажлаа бид 78,7%-тай хийсэн, энэ ажилд ямар нэгэн доголдол илрээгүй, манай байгууллагын буруутайгаа болж ус алдаж, паркет янзалсан гээд байгааг зөвшөөрөхгүй. Харин ч БЦ -нд мэргэжлийн хүн байгаагүй, биднээс зөвлөгөө авч ажиллаж байсан, тэгээд ч өөрсдөө гэрээгээ цуцалж, биднийг ажиллах боломжоор хангаагүй, хэрэв бараа материалаа өгсөн бол бид хийгээд өгчихсөн байсан.

Хариуцагчийн яриад байгаа зарим ажилууд үлдсэн нь үнэн, өөрөөр хэлбэл галын хайрцгаа өөрсдөө оруулж ирээгүй, оо-ын почки яригдаж байна, өөрсдөө материалаа бөөнд нь биш, 10, 20-иор нь увуулж, цувуулж өгдөг, тэр нь заримдаа шаардлага хангахгүй байдаг, хоёр айлын алчуур хатаагч хийгээгүй гэж байгаа, өөрсдөө хямд Монгол хатаагч авчирсан, түүнийг нь манай инженергүй насжилтгүй, хямд материалаар хийхгүй гэсэн. Энэ мэтчилэн БЦ -иас өөрөөс нь их зүйл шалтгаалсан учир барилгын хугацаа удааширсан байдаг бөгөөд бид тус компанийн туслан гүйцэтгэгч. Тиймээс БЦ -ийн зааврыг хардаг гэсэн үг. Өнөөдөр энэ бүх хийсэн ажлыг маань хариуцагчийн төлөөлөгч Амартүвшин, Хосбаяр нар хоёулаа сайн мэдэж байгаа, одоо үгүйсгэж байгааг нь ойлгохгүй байна. Бүх юманд бидний зөвлөгөөг авч, ашиглаж ашиглачихаад эцэст нь сүүлийн ажлын хөлсийг маань өгөхгүй, одоо худлаа зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй. Харин манай ажлыг үргэлжлүүлж өөр байгууллагаар хийлгэсэн зардлаа биднээс нэхэж байгааг ойлгохгүй, зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭХ нь хариуцагч БЦ -нд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 32,982,064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа 22,906,984 төгрөг гэж багасгасан болно.

 

Мөн хариуцагч БЦ  нь нэхэмжлэгч ЭХХК-нд холбогдуулж дутуу хийж гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39,265,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн, сүүлийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилт буюу хөлсийг олгоогүй, хариуцагч талаас гэрээг цуцласан, иймд гэрээ цуцлах хүртэл хийсэн ажлын үлдэгдэл хөлсийг, гэрээ цуцласантай холбоотой гэрээнд заасан 15%-ийн торгуулийг хохирлоор шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд хийсэн ажлынх нь хөлсийг тухай бүрт нь өгсөн, эднийх ажлыг чанаргүй хийдэг, хүн хүч муутай, өгсөн материалыг голдог, зарим ажлыг дутуу хийсэн, зарим айлуудаас ус гоожиж, паркет хуулж дахин янзалсан, мөн үлдээсэн ажлуудыг нь бусдаар гүйцэтгүүлж өөрсдөөсөө зардал гаргасан гэж тайлбарлан, сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.

 

ЭХ болон БЦ -иудын хооронд 2018.06.15-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч ЭХ нь хариуцагч БЦ -ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа иргэн Д.Жаргалсайхан Э.Эрдэнэчулуун нарын үйлчилгээтэй 654 айлын орон сууцны Е блокын барилгын дотор цэвэр бохир ус, дулаан, дулааны узель, дулаан хангамжийн угсралтын ажлыг 2018.09.01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 1 м.кв-ыг 12,000 төгрөгөөр тооцож, нийт 7430 м.кв буюу 89,160,000 төгрөгийн хэмжээнд хийж гүйцэтгэх, хариуцагч БЦ  нь ажлын хөлсийг үе шаттайгаар төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Зохигчдын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

 

Нэхэмжлэгч ЭХ нь ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, 6 дугаар зүйлийн 6.1.14-т зааснаар хариуцагч БЦ -ийн материал, тоног төхөөрөмжөөр 1-16 давхрын халаалтын босоо шугамын нүх цоолох, 9-16 давхарт халаалтын босоо шугам угсрах, 1-16 давхарт цэвэр усны босоо шугам угсрах, 1-16 давхарт бохир усны шугам угсрах, зоорийн давхрын цэвэр усны магистрал шугам угсрах, халаалтын салбар шугам угсрах зэрэг ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэн ажлын гүйцэтгэлийн баримтуудаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.13-т зааснаар тухай бүрт нь, сүүлийн байдлаар 2019.08.15-ны өдөр 78,7%-ийн гүйцэтгэлтэйгээр хариуцагч БЦ -нд хүлээлгэн өгч, хийсэн ажлын гүйцэтгэлд 60,635,936 төгрөгийг хүлээн авсан, харин үлдэх төлбөрийг хариуцагч БЦ -иас аваагүй, үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж байжээ.

 

Нэхэмжлэгч ЭХ нь дээр дурдсан ажлуудыг гэрээний 3 дугаар зүйлд заасан 60 хоногийн хугацаанд хийж чадаагүй байх бөгөөд 2019.10.21-ний өдрийг хүртэл ажилласан, энэ нь гадна инженерийн шугам сүлжээнд анхны зөрөг төсөл, техникийн нөхцөлд өөрчлөлт орж, барилга угсралтын бүх ажлын хугацаа хойшлогдсонтой холбоотой байх бөгөөд 2019.10.23-ны өдөр БЦ -ийн санаачилгаар гэрээ цуцлагдсан талаар талууд маргасангүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч БЦ  нь бараа материалыг цаг хугацаанд нь ирүүлдэггүй, ирүүлсэн бараа материал нь цоон тоогоор ирдэг, эсхүл чанаргүй байснаас өөр бараа материалаар сольдог байсан, БЦ  нь өөрсдөө инженер техникийн ажилчидгүй байснаас шалтгаалж гэрч Д.С  тус компанийн инженерээр хэсэг хугацаанд ажиллаж байсан гэх түүний мэдүүлэг,

мөн нэхэмжлэгч талын гаргасан бид л хариуцагчийн ажилд зөвлөж, туслаж байсан болохоос биш манай байгууллагыг буруутгах үндэслэлгүй, бид 20 гаруй ажилчинтай, инженер, техникийн ажилтантай байсан бөгөөд манай байгууллагыг энэ ажлаа сайн хийчихбэл дараагийн ажлыг санал болгож хийлгэнэ гэсэн учир дараагийн ажлаа авах итгэл найдвартайгаар 1 жил гаруй хугацаанд ажилласан гэх тайлбар үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч БЦ -иас шалтгаалж гэрээ 2019.10.23-ны өдөр цуцлагдсан байна гэж дүгнэлээ.

 

Дурдсан үйл баримтууд нь зохигчдын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, тусгай зөвшөөрөл, ЭХХК-ийн Голомт банкны дансны хуулгууд, сантехникийн угсралтын ажлын гүйцэтгэлийн баримтууд, ЭХХК-иас 2019.11.07-ны өдөр БЦ -нд хүргүүлсэн санхүүжилт хүссэн албан бичиг, БЦ -иас 2019.10.23-ны өдөр ЭХХК-нд хүргүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичиг, ХААН банкны 2020.02.07-ны өдрийн албан бичиг, Гаалын ерөнхий газрын 2020.03.25-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтууд, 2018.06.18-наас 2019.10.21-ний өдрийг хүртэл ЭХХК-иас ажлыг хийхэд шаардлагатай бараа, материалыг БЦ -иас шаардаж байсан шаардах хуудсууд зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

346 дугаар зүйлийн 346.2-т ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө,

350 дугаар зүйлийн 350.1-д ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ: 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх,

351 дүгээр зүйлийн 351.1-д захиалагч дараах үүрэг хүлээнэ: 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж заасан.

 

Нэхэмжлэгч ЭХ нь гэрээг цуцлах хүртэл хугацаанд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан ажлаа буюу хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар тодорхой үе шаттайгаар гүйцэтгэж, хариуцагч БЦ -нд хүлээлгэн өгсөн байхад хариуцагч БЦ  нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 351.1.1, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар үлдэгдэл хөлс төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч БЦ  нь ажлын хөлсний үлдэгдэл 9,532,984 төгрөг /гэрээний нийт үнэ 89,160,000 төг = ажил 100%, нийт хийсэн ажил 78,7% нь 70,168,920 төг 60,635,936 төг/-ийг нэхэмжлэгч ЭХХК-нд төлөх үүрэгтэй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч ЭХХК-ийг гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар 15 хувийн торгууль болох 13,374,000 төгрөгөөр хохирсон гэж үзэх боломжгүй, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасантай нийцэхгүй, гэрээ нэгэнт цуцлагдсан талаар дээр дүгнэсэн болно.

 

Өөрөөр хэлбэл торгууль нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тодорхой хувиар тогтоосон анз юм. Тиймээс нэхэмжлэгч ЭХХК-нд анз буюу торгууль шаардах эрх үүсэхгүй, уг шаардлага нь үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч БЦ -иас 9,532,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,3740,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

Хариуцагч БЦ  нь сөрөг нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч ЭХХК-ийн дутуу, чанаргүй хийсэн ажлуудыг бусдаар буюу Хүрээ хаус ХХК-иар гүйцэтгүүлж өөрөөсөө зардал гаргасан гэж тайлбарлан, 2019.11.02-ны өдрийн Барилгын талбай хүлээлцсэн акт, ус алдсан байдлыг харуулсан гэрэл зургууд, ХААН банкны шилжүүлгийн баримтууд, 3,601,500 төгрөгийн нэхэмжлэх, 2019.11.01-ний өдрийн Хүрээ хаус ХХК-тай байгуулсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Д.Жаргалсайхан, Б.Эрдэнэчулуун нарын үйлчилгээтэй орон сууцны барилгын сантехникийн ажлын гэрээ, 2018.08.23-ны өдрийн барилгын дулааны узель угсрах ажлын гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн ЭХХК-иас 39.265.500 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Харин нэхэмжлэгч тал дээрх сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид гэрээг цуцлах хүртэл ажлаа чанартай сайн хийсэн, бидний энэ хийсэн ажилд хариуцагч талаас ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй, чиний ажил дутуу байна, чанаргүй байна, өөрөө хий гэж огт хэлж байгаагүй, энэ талаар ч баримтгүй, хийгээгүй үлдсэн ажлууд байгааг бид үгүйсгээгүй, БЦ  өөрөө бараа, материалаар хангах үүргээ биелүүлэхгүй байсантай холбоотой, хэрэв материалаа өгчихбөл бид хийгээд өгчих байсан, гэрээ цуцласнаас хойш үлдсэн ажлыг өөр байгууллагаар хийлгэсэн зардлыг бид хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно,

352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй, 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж заасан.

 

Мөн зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-ээс 5.12 дугаар зүйлд хуулийн дээрх агуулга бүхий зохицуулалт тусгагдсан байна.

 

Хариуцагч БЦ  нь хууль болон гэрээний дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч ЭХХК, түүний гүйцэтгэсэн ажлын талаар тухайн үедээ ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй, өөрөөр хэлбэл түүний хийсэн яг ямар ажлууд дутуу бөгөөд чанаргүй байсан нь тодорхойгүй, хийсэн ажлаас нь шалтгаалж ус гоожсон гэж тайлбарлах боловч чухам юунаас болж ус гоожсон нь тодорхойгүй, энэ талаар хэзээ нэхэмжлэгч ЭХХК-нд танилцуулж, ямар ажлуудыг нэмэлтээр хийлгүүлсэн зэрэг нь тодорхойгүй, эдгээр байдлыг нотолсон баримтгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан ажлын доголдлын талаар тухайн үед хариуцагч надад ямар ч гомдол санал тавиагүй, үүнийг зас, хий гэж хэлж байгаагүй гэсэн тайлбарыг бодит байдалд нийцсэн байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч БЦ -ийн үндэслэл болгосон дээр дурдсан баримтуудаас үзвэл 2019.11.02-ны өдөр ажлын талбайг Хүрээ хаус ХХК-нд хүлээгэн өгч, түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч ЭХХК-ийн хийгээгүй үлдээсэн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан цэвэр усны нөөцийн сав, 1 дүгээр давхрын халаалтын систем, усан хангамж, алчуур хатаагчны шугам босоо шугамтай холбох гэх мэт ажлуудыг үргэлжлүүлэн хийлгэсэн, мөн дулааны узель шинээр угсруулах зэрэг ажлуудыг хийлгэж, түүндээ 35,664,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь мөн гэрч Ц.Ө ын мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

Харин нэхэмжлэгч ЭХХК-ийн хийсэн ажлын улмаас айлуудад ус гоожиж, паркетан шал дахин хуулж, шал шахаж 3,601,500 төгрөгийн зардал гаргасан үйл баримт тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, хариуцагч БЦ  нь хууль болон гэрээний дээрх заалтуудын дагуу гомдлын шаардлага гаргах хугацаандаа нэхэмжлэгч ЭХХК-ийн хийсэн ажлуудыг хүлээн авч, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах үедээ түүний хийсэн ажлууд дутуу болон чанаргүй байсан талаар илрүүлж, энэ талаар шаардлага тавьж, өөрөөр нь засуулах боломжтой байхад тухайн үедээ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ЭХХК-ийн хийсэн ажлуудыг доголдолтой байсан гэж үзэхгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч ЭХХК-тай гэрээг цуцласнаас хойш байх бөгөөд нэхэмжлэгч ЭХ нь ажлаа дутуу чанаргүй хийж, түүний ажлыг Хүрээ хаус ХХК-иар нөхөн гүйцэтгүүлж, өөрөөсөө зардал гаргасан гэхээс илүүтэйгээр хариуцагч БЦ  нь нэхэмжлэгч ЭХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, түүний ажлыг үргэлжлүүлэн дурдсан байгууллагаар гүйцэтгүүлж 39,265,500 төгрөгийн зардал гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тиймээс хариуцагч БЦ -ийн гаргасан 39,265,500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч БЦ  нь сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид 354,277 төгрөг төлөх байтал 385,000 төгрөг буюу 30,723 төгрөг илүү төлсөн байх тул илүү төлсөн 30,723 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч БЦ -нд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч БЦ -иас 9,532,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,3740,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч ЭХХК-нд холбогдох дутуу хийж гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39,265,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч БЦ -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч ЭХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 323,000 /279,700+43,300/ төгрөг, хариуцагч БЦ -иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 385,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 30,723 төгрөгийг улсын төсвөөс буцааж хариуцагч БЦ -нд, хариуцагч БЦ -иас 167,478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-нд тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА