Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00830

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00797 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1543 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б ц”  ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 22,906,984 төгрөг гаргуулах үндсэн, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39,265,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуугийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,982,064 төгрөг гаргуулахаар анх шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 22,906,984 төгрөг гаргуулахаар багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39,265,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00797 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Б ц”  ХХК-аас 9,532,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,374,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдох дутуу хийж гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39,265,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Б ц”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1543 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг” гэж нэмж, “9,532,984” гэснийг “10,962,931” гэж, “13,374,000” гэснийг “11,944,053” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “167,478” гэснийг “190,356” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

         4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1543 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Магадлалын Хянавал хэсэгт “Зохигчид торгуулийн талаар гэрээний 8.4-т “гэрээг нэг талаас ямар нэгэн шалтгаангүй цуцалсан тохиолдолд гэрээ цуцалсан тал нөгөө талдаа гэрээний үнийн дүнгийн 15 хувиар торгууль төлнө” гэж заасан байгаа. Гэрээ цуцлах болсон нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагчийн бараа материалыг тогтоосон хугацаанд нийлүүлээгүй байдал тогтоогдож байх тул гэрээ цуцлах хүртэлх хугацааны ажлын хөлсний үлдэгдэл 9,532,984 төгрөгийн 15 хувиар торгууль гаргуулах үндэслэлтэй” хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч “Э” ХХК нь 2018.06.15-ны өдөр 18/06/15 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т “Гэрээг аль нэг талаас ямар нэгэн шалтгаангүйгээр цуцалсан тохиолдолд гэрээ цуцлагдсан тал нь нөгөө талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийн торгууль төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал торгууль нэхэмжлэх бүрэн эрхтэй. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т “Дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй”, 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” гэсэн хуулийн заалтуудаар шаардах эрхтэй юм.

4.2. Дээрхээс үзвэл, дутуу ажлын хөлснөөс торгууль ногдуулах бус харин гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн байгуулсан тус гэрээнд зааснаар нийт үнийн дүнгээс тооцохоор тохирсон тул давж заалдах шатны шүүхээс 11,944,053 төгрөгийн торгуулийг шаардах эрхгүй хэмээн үзсэнийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Э” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,906,984 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын зардал болон хохиролд 39,265,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 9,532,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 13,374,000 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

8. Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, тооцооллын алдааг залруулж нэхэмжлэлийн хангагдсан дүнг 10,962,931 төгрөг болгон өөрчилжээ.

9. Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2022.07.06-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс эвлэрлийг батлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.

10. Талуудын байгуулсан 2022.07.06-ны өдрийн 2593 тоот “Эвлэрлийн гэрээ”-нд:

“Энэхүү гэрээг нэг талаас 25... регистрийн дугаартай “Э” ХХК (цаашид “нэхэмжлэгч” гэх) түүний нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал Л.Н, нөгөө талаас 59... регистрийн дугаартай “Б ц”  ХХК (цаашид “хариуцагч” гэх) түүний нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал Z Sh, хувьцаа эзэмшигч Б.А нар (хамтад нь “талууд” гэх) Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг удирдлага болгон харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү гэрээний зорилго нь тодорхой маргаанд талуудын хооронд тохиролцсон эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино.

1.2. Талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ.

1.3. Энэхүү гэрээгээр зохицуулаагүй бусад харилцааг хуулиар зохицуулна.

Хоёр. Гэрээний зүйл

2.1. Маргааны төрөл, агуулга: Ажил гүйцэтгэх гэрээ.

Гурав. Эвлэрлийн гэрээний гол нөхцөл

...3.3. Тохиролцсон нөхцөл: Нэхэмжлэгч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлага 22,906,984 төгрөгийн 7,906,984 төгрөгөөс татгалзаж байна. 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ болно. Хариуцагч “Б ц”  ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгчийн 15,000,000 төгрөгийг “Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 404144296 тоот дансанд 2022.07.06-ны өдөр шилжүүлсэн...” гэжээ.  

11. Дээрх эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч болон хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан, уг эвлэрэл гуравдагч этгээдийн болон бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

12. Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т зааснаар “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б ц”  ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00797 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1543 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,

 “... Нэхэмжлэгч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлага 22,906,984 төгрөгийн 7,906,984 төгрөгөөс татгалзаж байна. 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ болно. Хариуцагч “Б ц”  ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгчийн 15,000,000 төгрөгийг “Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 404144296 тоот дансанд 2022.07.06-ны өдөр шилжүүлсэн тул талууд эвлэрч байна.” гэснийг баталж, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б ц”  ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 206,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                             Д.ЦОЛМОН