Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2019/00028

 

 

  

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******,*******,******* газарт хариуцагдах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Хариуцагчийн төлөөлөгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2004 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш аймгийн *******,*******, залуучуудын хөгжлийн газарт *******, *******оор ажиллаж байгаад 2007 оноос нярав, *******ийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Гэтэл энэ оны 01 дүгээр сараас газрын дарга ******* нь намайг ардчилсан намын хүн гэж хавчих болсон. Би ямар ч намын харьяалалгүй, дэмжигч бус хүн, Хуульд зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж, ажиллаж ирсэн төрийн албан хаагч. Би хууль бус үйлдлийг нь эсэргүүцэж, саналаа шударгаар нягтлан болон даргадаа хэлсний төлөө ингэж хавчигдах болсон. Намайг эрүүл мэндийн байдлаас шалтгаалан (сахар ихэсч, даралт өсөөд) эмнэлгийн магадлагаагаар эмчилгээ хийлгэж, акттай байх хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/10 тоот *******ыг ажлаас халах тухай гэсэн газрын даргын тушаал гаргаж ажлаас халжээ. Уг тушаалыг намайг актны хугацаа дуусч, 05 сарын 13-ны Даваа гаригт ажилдаа очиход надад гардуулж өгсөн ба би тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, МУ-ын Үндсэн хууль, Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тушаал хэмээн эс зөвшөөрч хуульд заасны дагуу хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил буюу *******,*******, залуучуудын хөгжпийн газрын нярав, *******ийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь огт яригдаагүй асуудлыг үндэслэл болгон гүтгэж байна. Эмнэлгийн магадлагаа нь засвартай өөрөөр хэлбэл 2019 оны 05 сарын 6-ны өдрийг 2019 оны 05 дугаар сарын 3-ны өдөр болгон зассан, Ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй, Эмнэлэгийн магадлагаа 5 хоногоос хэтэрвэл лист бичигдэх ёстой байтал одоогоор ажил олгогчид ирсэн лист байхгүй. Иймд эрүүл мэндийн шатлгаантай байсан нь худлаа, эмнэлэгийн магадлагааг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. ******* нь өвчтэй байсан гэх хугацаа буюу 2019 оны 05 сарын 3- 13-ны өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. *******т 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотой газрын дэргэдэх Бүрдийн уянга хүүхдийн зуслангийн барилга байгууламжийн зураг авч ирэх үүрэг даалгавар өгч явуулсан боловч, 2019 оны 01 сарын 11,12,14-ний өдрүүдэд удирдлагаас чөлөө зөвшөөрөл авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасдаж, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, сахилгын зөрчил гарган, 2019 оны 01 дүгээр сарын 14-ий өдрийн газрын даргын Б/03 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан болно. Байгууллагын Дотоод хяналт, шалгалтын нэгжээс жилийн ажпын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газрын даргаар дотоод хяналт, шалгалт зохион байгуулах удирдамж батлуулан, дүнг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар хуралдаанд танилцуулж, 2 дугаар сард ажлын 6 хоног, 3 дугаар сард ажпын 4 хоногтус тус ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасласан. Энэ зөрчилд нь газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халсан. *******ыг ажпаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон бусад хууль тогтоомжинд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны олговор 2655264 /хоёр сая зургаан зуун тавин таван мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн ********************* газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжпэгчид олговол зохих олговроос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, ажил олгогч төлвөл зохих хэмжээгээр мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж нэхэмжпэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1,2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 57434 /тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 127634 /нэг зуун хорин долоон мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод, 57434 /тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч *******т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу биш байна гэж дүгнэсэн атлаа харин ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа хугацаанд ажил, албан тушаал хэвээр хадгалагдах байтал ажлаас халсан нь буруу байна. ... Хариуцагч тал нь эмнэлгийн магадлагаа засвартай, ерөнхий эмчийн гарын үсэг тамгагүй, эмчийн магадлагаа биш лист олгогдох байсан гэж маргаж байна. Гэвч эмнэлгийн магадлагааг хэзээ хэн хэрхэн засварласан болох нь тогтоогтохгүй, ийнхүү засварласан нь тус эмнэлгийн магадлагааг олгоогүй гэх үндэслэл болохгүй, эмнэлгийн магадлагаа дутуу буюу буруу бичигдсэн нь өвчтөний буруу биш байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бичгийн баримтаар ажил олгогч нь ажилтныг эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд ажлаас халсан нь нотлогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа хугацаанд ажил, албан тушаап хэвээр хадгалагдах байтал нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нотлох баримт болох Эмнэлгийн магадлагаа амбулатороор эмчлүүлэгчдийн карт зэрэг нотлох баримт нь үнэн зөв биш эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримт байхад нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнд: Хавтаст хэргийн 46-47 дугаар талд авагдсан Эмнэлгийн магадлагаа нь огноо засвартай, өвчтөний эрүүл мэндийн дэвтрийн дугаар, регистрийн дугаар бичигдээгүй, ерөнхий эмчийн гарын үсэггүй, магадлагааны дугааргүй, хуулбар баримт байна.

Эмнэлгийн энэ магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын 1999 оны А/243 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэх журам"- ын 4.5, 4.7-д заасан засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх, эмнэлгийн магадлагаа олгосон тухай тусгайлсан бүртгэлийг дүн бүртгэгч эмч хөтөлж магадлагааны дугаар өгсөн байх шаардлагыг хангаагүй байгаа нь магадлагаа үнэн зөв биш, эргэлзээтэй нотлох баримт болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч хавтаст хэргийн 10-11 дүгээр талд Амбулатороор эмчлүүлэгчдийн карт ******* гэсэн картны хуулбарыг өгсөн байдаг бөгөөд уг картнаас харахад: *******ын онош нь бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл сэдэрсэн гэх онош байх бөгөөд артерийн даралтыг 190/120 гэж бичсэн байх ба 190-ийг засварласан, эмнэлгийн магадлагааг 2019.05.09-нд сунгасан гэх тэмдэглэгээ хийсэн боловч ямар учраас магадлагааны хугацааг сунгасан талаар, мөн эмчийн үзлэгийн тэмдэглэл хийлгүйгээр шалтгаан, үндэслэлгүйгээр сунгасан гэх тэмдэглэл бичигдсэн байгаа нь энэхүү амбулаториор эмчлүүлэгчийн карт тухайн цаг хугацаанд бичигдсэн эсэх нь, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй нотлох баримт байна. Мөн эмч Х.Хишигбат шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ... ******* нь толгой өвдөж, зүрх дэлсэнэ гэсэн зовиуртай ирсэн гэж мэдүүлсэн мөртлөө яагаад бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл сэдэрсэн гэх онош тавьсан, нэхэмжлэгч шүүх хуралдаанд: миний бие сахарын өвчний улмаас эмнэлгийн хяналтанд байдаг, мөн цусны даралт ихэсдэг гэсэн тайлбар өгсөн байдаг бөгөөд бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл сэтэрсэн гэх" оношоор эмнэлгийн магадлагаа бичүүлж эмчлүүлсэн талаар тайлбар хэлдэггүй. Ийм зөрүүтэй нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.

Анхан шатны шүүхээс эмнэлгийн магадлагаа дутуу буюу буруу бичигдсэн нь өвчтөний буруу биш байна гэж үнэлсэн нь нотлох баримтыг хэргийн бусад баримтын хамт тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 46-47 дугаар талд авагдсан Эмнэлгийн магадлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

2. Анхан шатны шүүхээс. нэхэмжпэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 2655264 төгрөгийг хариуцагчэас гаргуулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг гаргуулахдаа Нийгмийн хамгаалал. хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно" гэсний дагуу шүүх тооцох ёстой байтал *******ын анх ажилд томилсон тушаалын цалин олгохтой холбоотой хэсэгт заасныг үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч цалин хөлсний олговор гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй нь нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Иймээс Дундговь аймаг дахь сyм дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Дундговь аймгийн *******,************** газрын нярав ******* ажилтай *******ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан) үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар ажлаас халсан нь буруу биш байна гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасан эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдах байтал ажлаас халсан нь буруу байна гэж дүгнэж ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ******* нь өөрийгөө ажлаас халагдах болсноо мэдээд таньдаг эмч болох Х.Хишигбатаар эмнэлгийн магадлагаа бичүүлэн авсан. Эмнэлгийн магадлагааны бичвэр хэсэг огноо засвартай, ерөнхий эмчийн гарын үсэг, тамга дарагдаагүй, регистрийн болон эүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар бичигдээгүй байхад шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл архи ууж, ажил таслаад ажлаас чөлөөлөгдөх болохоороо эмчийн магадлагаа бичүүлж авч ирснийг анхаарч үзсэнгүй. Хэргийн бодит байдал үйл явдлаас өөр дүгнэлт хийж ажилтны талд шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдаанд *******т бичигдсэн эмнэлгийн магадлагааг хүчин төгөлдөр хууль ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байхад шүүх хүлээн аваагүй.

Гэрч Х.Хишигбат, С.Чинбат нараас мэдүүлэг авахдаа хариуцагчийг байлцуулаагүй. асуулт асуух эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Сум дундын шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 тоот шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг зохигчдын эрх ашгийг хамгаалж гарсан, хэрэглэх ёстой хуулийг үндэстэйгээр хэрэглэж гарсан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хуулиар тогтоосон журмыг зөрчин шийдвэр гаргаж, ажилтныг ажлаас халж хохироосон байна гэж үзэн ажилтны эрхийг сэргээн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн энэ шийдвэрлэлтийг хууль зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх хүчингүй болгох, өөрчлөх ямар нэг үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо авчирсан эмнэлгийн магадлагаа засвартай, хуурамч гэж маргалдаж байх боловч тэрхүү бичгийн баримтыг ******* нь ажлын газартаа өвчтэй гэх хугацаандаа хүргүүлсэн, байгууллагын удирдлага үүнийг хүлээн авч засвартай гэж үзэн ажлаас халах шийдвэр гаргажээ.

Нэхэмжлэгч эмнэлгийн магадлагаа өгөхөөс гадна биеийн эрүүл мэндийн асуудлаар эмнэлгийн үзлэгт хамрагдан эмчлэгч эмчээс эмчилгээний заавар эмнэлгийн магадлагааны үндэслэл болох ажлаас түр чөлөөлөх заавар зэргийг эмчлүүлэгчдийн өвчний түүх гэх баримтанд бичүүлж авсан нь хавтаст хэргийн 10-11 дүгээр талд буй баримтаас харагдаж байна.

Эмнэлгийн магадлагааг хариуцагч тал бичгийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд энэхүү баримтыг хуурамч засвартай гэсэн үндэслэлээ нотлох ямар нэгэн ажиллагааг хийгээгүй байна. Энэхүү бичгэн баримт нь биет байдлаараа нэхэмжлэгч *******ыг ажлаас эмнэлгийн магадлагаагаар чөлөөлөгдсөнийг харуулж байх ба хариуцагч үүнийг хуурамч гэдгийг шүүхийн өмнө хуульд заасан боломжит арга хэрэгслээр өөрөө буюу хууль зүйн туслалцаатайгаар нотлох ёстой. Үүнээс өөрөөр зөвхөн тоо засвартай байна гэснээр бусад бичигдсэн зүйлийг үгүйсгэх үндэсгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

Хариуцагчийн зүгээс тавьж байгаа цалин хөлс болон бусад асуудлын талаар гомдолдоо дурьдсан ч энэхүү маргаж буй шаардлага гомдол нь нотлогдохгүй байна. Анхан шатны шүүх талуудаас гаргаж ирүүлж хавтаст хэрэгт оруулсан баримтуудад үндэслэн цалин хөлсийг тооцон олговрыг олгосон байх бөгөөд эрх ашгийг хамгаалах, хохирлоос урьдчилан сэргийлэхэд энэ шийдвэрлэлт ач холбогдолтой болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч *******ыг ажил олгогч сахилгын зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халсан нь буруу биш байна гэсэн зөрчилтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Ажил олгогч нь *******т цалин бууруулах сахилгын шийтгэл оноосон хугацаанд зөрчил гаргасан гэж байх боловч энэ талаар нотлон тогтоож авсан тодорхой үйл ажиллагаа байхгүй, харин ажилтан цалин хөлсөө 2019 оны 1-4 сарын хугацаанд тогтмол суутгуулж шийтгэлээ эдэлж байсан гэдгээ талууд шүүхэд тайлбарласан байна. Ажилтныг 5 сарын 6-12-ны хооронд ажил тасалсан гэж үзэн халсан ажил олгогчийн энэ шийдвэр зөв үндэслэлтэй байж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрлэлтийг хэвээр үлдээж, ажилтны эрх ашгийг хамгаалах ёстой гэж үзлээ.

Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 127634 төгрөгийг Дундговь аймгийн *******,*******,******* газраас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 139/ШШ2019/00398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.    Хариуцагч *******,*******,******* газраас улсын тэмдэгтийн хураамж 127634 /нэг зуун хорин долоон мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР