Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 218/МА2018/00026

 

 

                                        

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2018/00656 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж:*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нараас 55167786 төгрөг гаргуулах, ******* ХХК ******* нарын хооронд 2014.01.01-ний өдөр байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарын *******гаас 52243000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 03 сарын 23-ны өдөр хариуцагч *******, ******* нараас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, МСҮТ-ийн зүүн талд байршилтай 000098696 тоот гэрчилгээтэй, Ү-0814000404 тоот улсын бүртгэлтэй 300м2 нэг давхар үйлчилгээний зориулалтай Оргил зоогийн газар байрлах 4 өрөө 00-ийн өрөө, коридор, хонгилын хамт 145м2 барилгыг 60000000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож бэлнээр 15 сая төгрөгийг өгсөн ба түүнээс хойш сар бүр 1500000 төгрөгийг *******ийн ХААН банкны зээлэнд болон бэлнээр төлж байхаар амаар тохиролцож уг барилгыг /Оргил зоогийн газар/ худалдан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. *******тэй сайн найзууд бөгөөд тухайн үед уг барилга нь ХААН банкны зээлийн барьцаанд байсан учраас амаар тохиролцсон байсан. Мөн ******* та мөнгөө төлөөд үйл ажиллагаагаа явуулж бай, би зээлээ дуусангуут өмчлөх эрхийг таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж ярилцсан. Би энэ хоёрт тухайн үедээ итгээд худалдан авч, мөнгөө сар бүр төлсөөр байсан. Би уг барилгыг худалдан авахын тулд нөхрөөрөө цалингийн зээл хийлгэж 15 сая төгрөгийг төлсөн бөгөөд мөн миний ээж, аав тэтгэврээ зээлж байж мөнгийг төлөлцөж байсан юм. Гэтэл 2014 оны 07 сард уг барилгыг ХААН банкны зээлийн барьцаанаасаа гаргаад ХАС банкинд зээлийн барьцаанд тавьсныг би олж мэдсэн бөгөөд 2014 оны 08 сарын 08-ны өдөр Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээ байгуулах үед би нийт 39000000 төгрөг төлсөн байсан. Үүнийг нөгөө тал ч хүлээн зөвшөөрч 39 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэх 21 сая төгрөгийг 2015 оны 09 сарын 22-ны өдөр төлж дуусгахаар уг гэрээг байгуулсан. Үүнээс хойш би нийт 7579900 төгрөгийг *******т бэлнээр төлсөн. Мөн уг гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн бүртгэлд бүртгүүлж урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр тохиролцсон бөгөөд ******* бид хоёр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт хүсэлт гаргаж, Иргэний хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн боловч ХАС банкны хүсэлтийн дагуу улсын байцаагчийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн дүгнэлтээр урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгосон. Ингэж төлөөд явж байтал ХАС банкнаас *******, ******* нараас зээлийн төлбөр гаргуулж төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд мөнгө төлөхөө зогсоосон. Тухайн үед би худалдаж авсан барилгынхаа өмчлөх эрхийг шилжүүлэх талаар *******т удаа дараа хандаж байсан боловч та түр хүлээж бай, би таныг хохиролгүй болгож өгнө гэдэг байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж өөр өмчлөгчтэй болсон. Би *******т нийт 46579900 төгрөгийг төлсөн. Өнөөдрийг хүртэл би *******ийн хохирол барагдуулна гэснийг хүлээсээр хохироод явж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд хураагдаж, өөр өмчлөгчтэй болсон тул *******, ******* нараас 46579900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ....Би энэхүү зоогийн газрыг худалдан авахын тулд өөрийн нөхөр П.Баярцогтоор 2013 оны 03 сарын 13-ны өдөр ХААН банкнаас 8400000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр өөрийн ээж Ж.Борхүүхэнээр 2013 оны 03 сарын 11-ний өдөр 1941500 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулж *******, ******* нарт үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахын тулд урьдчилгаа болгон өгсөн байгаа. Ингэж зээл авсныг энэ хоёр мэдэж байсан. Энэ хоёр хүн намайг хуурч мэхэлсний улмаас үл хөдлөх эд хөрөнгө ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч хохирлоо. Иймд манай нөхөр анх авсан цалингийн зээлээ төлж чадахгүй байсан тул дээр нь нэмж цалингийн шугаман зээл авч нийт 13637990 төгрөгийн зээл авсан бөгөөд 2018 оны 08 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 10027054.77 төгрөг, хүүгийн төлбөрт 5119327.06 төгрөг төлсөн байдаг. Одоо банкинд үндсэн зээл 3610935.23 төгрөг, 3468558.96 төгрөгийн хүү төлөх өртэй. Өнөөдрийг хүртэл хугацаандаа цалингийн зээлээ бүрэн төлж дуусаагүй бөгөөд найдваргүй зээлдэгч, зээлийн муу ангилалд бүртгэгдэж ахиж зээл авах боломжгүй болж хохирсон тул банкинд төлсөн хүү 5119327.06 төгрөг, одоо төлөх хүү 3468558.96 төгрөг, нийт 8587886.02 төгрөгийн хүний төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн ******* болон ******* нарын хооронд 2014 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээ нь ХААН банкнаас бизнесийн зээл авахын тулд дүр үзүүлэн хуурамч гэрээ байгуулсан гэдгийг бид хоёр хоёулаа мэдэж байгаа. Анх 2013 оны 03 сарын 23-нд Оргил зоогийн газрыг 60 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд түүнээс хойш төлбөрийг сар бүр төлж байсныг ******* шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ зөвшөөрсөн. Би түрээслэх байсан бол урьдчилж 15 сая төгрөгийг төлөх ямар ч шаардлага байхгүй. Иймээс 2014 оны 01 сарын 01-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх иргэн *******д Оргил зоогийн газрыг 2013 оны 01 сараас эхлэн сарын 800000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Мөн өдрөөс эхлэн буюу 2013 оны 01 сараас 2016 оны 04 сарыг хүртэл нийт 39 сар манай зоогийн газрыг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байсан. Бид харилцан тохиролцож уг зоогийн газрыг *******д зарахаар болсон боловч нөхцөл байдлын улмаас худалдаж чадаагүй. Учир нь 60 сая төгрөгөөр зарахаар болсон ба ******* нь бэлнээр 2013 оны 03 сарын 23-нд 15 сая төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгөө сар бүр хувааж төлж хамгийн сүүлийн төлбөр нь 2015 оны 09 сарын 22-нд хийж дуусахаар тохиролцсон билээ. Гэтэл ******* нь сар бүр тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй ба 2015 оны 09 сарын 22-нд төлж дуусаагүйгээс болоод шүүхийн шийдвэрийн улмаас бид банкны зээлд уг үл хөдлөх хөрөнгөө хураалгасан билээ. ******* нь 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг орлого олох явцдаа 15 сая төгрөгийг бэлэн өгсөн. 31579900 төгрөгөөс 2 жилийн хугацаанд сар бүр хэсэгчилэн төлж байсан. Үйл ажиллагаагаа зогсоогоод явахдаа татварт 1 сая 300 мянган төгрөг, халаалтын төлбөр 1130000 төгрөг, усны төлбөр 530000 төгрөг нийт 2960000 төгрөгийн өртэй үлдсэнийг бид төлж байгаа. Мөн засвар хийсэн объектийг дахин засар хийж эргэж ашиглагдахгүй болтол нь сүйтгэж хоосон үлдээсэн ба мөнгө болох бүх юмаа зарсан байсан. Анх уг зоогийн газраа түрээслүүлэхдээ гал тогооны болон зоогийн газрын үйл ажиллагаа явуулах бүхий л хэрэгцээтэй зүйл байсан ба халбага, сэрээ, аяга, таваг, халуун сав, хутга заазуур, хөргөгч, караокений машин гэх мэт 30 гаруй нэр төрөл бүхий эд зүйлсээ хамт хүлээлгэн өгсөн. Энэ ашиглаж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг би өөрийн зардлаар хийлгэж байсан ба эдгээр эд хөрөнгийг *******д огт зараагүй билээ. Гэтэл ******* нь миний эд хөрөнгийг дур мэдэн надаас зөвшөөрөл авалгүйгээр, шөнө бүгдийг нь ачиж аваад зарж борлуулан мөнгийг нь ашигласан. Энэ тоног төхөөрөмжийнхөө үнийг *******гаар төлүүлмээр байна. Өөрөөр хэлбэл 30 нэр төрөл бүхий эд зүйлийнхээ үнэ болох 19223000 төгрөгийг *******гаас нэхэмжилж байна. Мөн 39 сарын хугацаанд миний зоогийн газрыг ашигласан атлаа нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй учир түрээсэлсэн бол олох байсан орлого гэж 31200000 төгрөг, ашиглаж байх хугацаандаа төлөөгүй халаалтын төлбөр 1300000 төгрөг, усны төлбөрт 520000 төгрөг зэргийг төлөөгүй байсан ба эдгээр мөнгөө нэмж нэхэмжилж байна. Иймд *******гаас нийт 52243000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд *******гийн үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2014 оны 1 сарын 1-ний өдөр ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож,

2.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 46579900 /дөчин зургаан сая таван зуун далан есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8587886 /найман сая таван зуун наян долоон мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******гаас 10672000 /арван сая зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулан *******, *******т нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41571000 /дөчин нэгэн сая таван зуун далан нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гаас 222556 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 390850 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, *******гаас 185702 төгрөгийг гаргуулан хариуцагч *******, ******* нарт, хариуцагч *******, ******* нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож, хариуцагч *******, ******* нараас төлсөн 233463 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Иргэн *******, ******* бид Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.08-ны өдрийн 139/ШШ2018/00656 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Иргэн *******тай бид харилцан тохиролцож 2013 онд 300 мкв талбай бүхий Оргил зоогийн газрыг зарахаар амаар тохиролцсон. Эхлээд буюу 2013 оны 03 сард ******* нь 15.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш сар бүр 1,5 сая төгрөгийг өгч байхаар тохиролцсон ба ******* нь зарим сард энэ мөнгөө өгч зарим сард өгдөггүй, увуулж, цувуулж байсан. 2014 оны 8 сарын 8-нд *******гийн ээж, аав болох Жамбалдорж Борхүүхэн нар нь биднийг хүчээр нотариат дээр аваачиж Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Энэ гэрээг бид хууль бус гэрээ гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн үед *******гаас 39.000.000 төгрөг аваагүй байсан ба энэ 15.000.000 төгрөг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч үүнээс хойш ******* нь сар бүр 1.500.00 төгрөг өгч байсан гэж автоматаар бодож 2013 оны 4 сараас эхлэн 2014 оны 7 сар хүртэл нийт 14 сар байна гээд 14*1500000=24000000, өмнө өгсөн 15.000.000 төгрөгөө нэмээд 39.000.000 төгрөг өгсөн гэж гарын үсэг зуруулсан юм. Тухайн үед бид их өрөнд орсон, үйл ажиллагаа маань доголдсон, энэ хүнд байраа шилжүүлж чадаагүй байсан болохоор хэлснээр нь зөвшөөрөөд уг гэрээн дээр гарын үсэг зурсан юм. Биднийг гэрээ байгуулж байхад нотариатч С.Энхээ үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчинтэй болдог гэж хэлж байсан ба бид энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Мөн ******* нь энэхүү маргаж байгаа 39.000.000 төгрөгийг төлсөн гэдэг боловч төлсөн баримт байхгүй, би өөрөө авсан мөнгөн дүнгээ зөвшөөрдөг 15.000.000 төгрөгийг бэлнээр авсан, харин алдаг оног өгч байсан нь хэргийн материалд авагдсан байгаа 6.400,000 төгрөгийг, мөн дэлгүүрээс зээлүүүлж төлүүлсэн 1071340 төгрөг нийт 22471340 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хууль бусаар буюу танил тал, ээж ааваараа загнуулж хүчээр хийлгэсэн хууль бус гэрээг үнэлж 39 сая төгрөг өгсөн гэж шүүх дүгнэж байгаад гомдолтой байна. Мөн энэ 39 сая төгрөг өгснөөс гадна 7.579.900 төгрөг нэмж өгсөн гэж нэхэмжилснийг анхан шатны шүүх гаргуулж шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна. Энэ нь хэргйн материалд нэхэмжлэгч талаас хавсаргаж өгсөн банкны шилжүүлгийн баримт болон бэлэн мөнгөний баримтыг үнэлж шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Гэтэл энэ баримтууд нь 2014 оны 8 сарын 8-нд гэрээ хийхдээ тооцсон 39.000.000 төгрөгт орж тооцогдсон мөнгөний баримтууд байгаа. Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй давхар гаргуулж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадаагүй гэж үзэж байна. 1-рт Хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээг үнэлж 39 сая төгрөгийг авсан байна гэж дүгнэсэн, 2-рт энэхүү 39.000.000 сая төгрөгнөөс гадна дахиад төлсөн гэх 7.579.900 төгрөгийн баримтыг үнэлж давхардуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бид *******д 22.471.340 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна.

Бид үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр *******гаас зоогийн газарт хэрэглэж байсан 31 нэр төрөл бүхий 19.223.000 төгрөг, хэрэв уг зоогийн газрыг түрээслүүлж байсан бол олох байсан орлого 31200000 төгрөгийг нэхэмжилсэн. Учир нь бид *******д үл хөдлөх хөрөнгөө худалдана гэж тохирсноос дотор нь байсан эд хөрөнгөө худалдахаар огт тохиролцоогүй. Гэтэл ******* нь бидний зөвшөөрөлгүйгээр уг зоогийн газарт хэрэглэж байсан бүх тавилга, тоног төхөөрөмжийг шөнө дөлөөр ачаад явсан. Үүнийхээ үнийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох гэж өөрийн зардлаар эд хөрөнгийн үнэлгээний газарт очиж үнэлгээ хийлгэсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ үнэлгээг яагаад үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй, мөн бидний хооронд ийм эд хөрөнгө хүлээлцсэн баримт байхгүй гэж үзэж нэхэмжлэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр *******гаас гаргуулж байгаа нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Яагаад зөвхөн ******* энэ эд хөрөнгүүдийг өөрийн дураар үнэ тогтоож төлөх ёстойг ойлгохгүй байна. Энэ хүний үг үнэн, бидний үг худлаа байх ёстой гэжүү. Шударга ёсны зарчим хаана үйлчилж байгааг ойлгохгүй байна. Яагаад энэ хүний хэлснээр бүгд шийдэгдээд бидний эд хөрөнгө үнэгүй зүгээр л бусдад ашиглуулж байх ёстой гэж вэ? Шударга шүүх байна гэдэгт итгэх итгэлгүй байна. Эрх бүхий этгээдийн үнэлсэн эд хөрөнгийн үнийн дүнгээр гаргахгүй байгаад гомдолтой байна. ******* нь ямар ямар эд хөрөнгө хүлээн авч өөрөө ачиж явсан талаар тайлбараа хэлдэг, ирүүлдэг. Гэтэл үнийн дүнг миний хэлснээр биш зөвхөн Сувдаагийн хэлснээр тооцож байгаад гомдолтой байна. ******* нь манай зоогийн газарт бүхэл бүтэн 39 сар үйл ажиллагаа явуулчихаад ямар ч түрээс төлөхгүй байгаа нь хүний эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Хэрэв би энэ зоогийн газраа түрээслэсэн бол орлого олох байсан. ******* өөрөө анхнаасаа бол түрээсийн гэрээгээр Ану зоогийн газарт орсон юм. Тэгээд ашигтай байна гэж үзэж худалдан авах санал гаргасан. Тухайн үед түрээсийн төлбөр сарын 800.000 төгрөг байсан гэдгийг бид бүгдээрээ мэднэ, энэ үнийн дүнгээр өөрөө анх түрээслэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлээс 22.471.340 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж, үлдэх 24.108.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн *******гаас эд хөрөнгийн үнэ болох 19.223.000 төгрөг гаргуулж бидэнд олгуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.08-ны өдрийн 139/ШШ2018/00656 тоот шийдвэрийн Н.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 8587886 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч шийдвэрт өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн хүүгийн төлбөр 8.587.886.02 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Г.******* нараас 2013 оны 03 дугаар сард Оргил зоогийн газрыг 60 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Үүнийг хариуцагч нарч хүлээн зөвшөөрдөг ******* нь энэхүү 15 сая төгрөгийг бэлнээр өгөхийн тулд өөрийн нөхөр П.Баярцогтоор 2013.03.13-ны өдөр ХААН банкнаас 8.400.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр зээлүүлж *******, Г.******* нарт урьдчилгаа болгон өгсөн байгаа. Энэхүү зээлийнхээ үлдэгдлийг одоог хүртэл төлж чадаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж чадаагүйгээс өнөөдрийг хүртэл хохирч найдваргүй зээлдэгч, зээлийн муу ангилалд бүртгэгдэж, ахин зээл авах боломжгүй болж хохирсон тул банкинд төлсөн хүү 5.119.327.06 төгрөг одоо төлөх хүү 3.468.558.96 төгрөг нийт 8.587.888.02 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүхээс үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээгээр талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд хүлээх хариуцлагад энэ талаар тусгаагүй, нэхэмжлэгчийн нөхөр П.Баярцогт нь цалингийн зээл авч энэхүү худалдах, худалдан авах гэрээний үнэнд төлсөн гэж байх боловч өнөөдрийг хүртэл шугаман зээл нэмж авсан гэх тул энэхүү гэрээний улмаас хэдэн төгрөгийн зээлийн хүү төлж хохирол учирсан болохыг тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч П.Баярцогтын өгсөн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт дурдахгүй. Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.08-ны өдрийн 139/ШШ2018/00656 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******, ******* нараас зээлийн хүүний төлбөр 8.587.885.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарын өмчлөлийн үйлчилгээний зориулалтай 145м2 барилгыг худалдан авахаар амаар тохиролцсоны дагуу өөрийн эзэмшилд байлган ашиглаж, тухайн үл хөдлөх хөрөнгийг ашигласнаас олсон орлогоос сар бүр 1500000 төгрөгийг бэлнээр *******ийн ХААН банкны зээлэнд төлж байхаар хэлцэл хийн улмаар уг хэлцлийг 2014 оны 08 сарын 08-ны өдөр

Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ-гээр баталгаажуулжээ. Ийнхүү гэрээг байгуулахаас өмнө 39000000 төгрөг, түүнээс хойш төлсөнтэй нийлээд нийт 46579900 төгрөгийг төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд хураагдаж, өөр өмчлөгчтэй болсон тул *******, ******* нараас 46579900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нар тухайн үл хөдлөх хөрөнгийг анх худалдахаар тохирсон талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хэлцэл гэрээний талаар маргаагүй боловч анх 800000 төгрөгөөр түрээсэлсэн талаар тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт тухайн түрээсийн гэрээ байхгүй бөгөөд түрээсэлж байсныг ******* үгүйсгээгүй, гэхдээ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг сарын 800000 төгрөгөөр түрээслэх тохиролцоо нь 2013 оны 1 сард, худалдах худалдан авах талаархи аман хэлцэл 2013 оны 3 сарын 23-ны өдөр, хийгдсэн талаар нэхэмжлэгч ******* тайлбарлах бөгөөд үүнд хариуцагч ******* маргаагүй байна.

 

Үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсний төлбөр, түрээсэлж байсан бол олох байсан орлого зэргийг хариуцагч нэхэмжилдэг боловч үүнийгээ нотлож чадаагүй байна.

 

Харин хэргийн 96 дугаар хуудсанд зохигчдын хооронд 2014 оны 1 сарын 1-ний өдөр байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээ хэрэгт авагдсан байх боловч энэхүү гэрээг ХААН банкнаас зээл авахын тулд байгуулсан талаар зохигчид тайлбарласан байна. Шүүх зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зохигчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тодорхой цаг хугацааны дараа шилжүүлэх талаар хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан үйлчилгээний барилга худалдах худалдан авах гэрээ-гээр тохиролцсон байх бөгөөд энэхүү болзол тавьж хийсэн гэрээнд талууд гадны ямар нэг шахалт дарамтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн нь тухайн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдсон байх бөгөөд үүнд хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр заалтаар тухайн үл хөдлөх хөрөнгийг 60000000 төгрөгөөр худалдах, 39000000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар дурдаад, үлдэх 21000000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.

 

Үл хөдлөх хөрөнгө банкны барьцаанд байсныг гэрээний талууд мэдэж байсан гэхдээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж, урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр зөвшилцөж, худалдагч тал тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас суллаж, худалдан авагч талд гэрээгээр тохиролцсон хугацааны дотор шилжүүлэх талаарх талуудын тохиролцоо нь хууль зөрчөөгүй бөгөөд энэхүү гэрээг хууль бус гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Тухайн үл хөдлөх хөрөнгө одоо нэхэмжлэгчийн өмчлөлд шилжих боломжгүй, бусдын өмчлөлд шилжсэн талаар зохигчидын тайлбараар нотлогдсон байх бөгөөд тухайн гэрээ биелэх боломжгүй нөхцөл байдлыг хариуцагч тал үүсгэсэн өөрөөр хэлбэл гэрээг зөрчсөнөөс нэхэмжлэгч талд гэрээг цуцлах тухай санал тавих эрх үүсчээ.

 

Шүүх энэхүү байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Харин гэрээ цуцлагдсан бөгөөд гал тогооны болон зоогийн газарт байсан гэх халбага, сэрээ, аяга, таваг, халуун сав, хутга заазуур, хөргөгч, караокений машин гэх мэт 30 гаруй нэр төрөл бүхий эд зүйлс нь худалдах худалдан авах гэрээнд тусгагдаагүй байна.

 

Дээрх нэр бүхий эд зүйлс одоо байхгүй, нэхэмжлэгч түүний үнийг хариуцагчид төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд шүүх тухайн эд зүйлсийн үнийг нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч үнийг гаргуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримталж, хууль хэрэглээний алдаа гаргасан, байх тул зөвтгөн өөрчлөхөөр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2018/00656 дугаар шийдвэрийн 3 дахь заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

Ц.ОТГОНЦЭЦЭГ