Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00574

 

Ж гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2018/00656 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 218/МА2018/00026 дугаар магадлалтай,                                                                                                                       

Ж гийн нэхэмжлэлтэй,

Н , Э  нарт холбогдох

Н , Э  нараас 55,167,786.00 төгрөг гаргуулах, “Буянцуглаа” ХХК болон Ж  нарын хооронд 2014 оны  01 сарын 01-ний өдөр байгуулсан “Ажлын байр түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг  тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ж гаас 52,243,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, хариуцагч Э , хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон тайлбарт: 2013 оны 03 сарын 23-ны өдөр хариуцагч Н , Э  нараас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, МСҮТ-ийн зүүн талд байршилтай 000098696 тоот гэрчилгээтэй, Ү-0814000404 тоот улсын бүртгэлтэй 300 м.кв нэг давхар үйлчилгээний зориулалттай Оргил зоогийн газар байрлах 4 өрөө 00-ийн өрөө, коридор, хонгилын хамт 145 м.кв барилгыг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож бэлнээр 15 сая төгрөгийг өгсөн ба түүнээс хойш сар бүр 1,500,000 төгрөгийг Э ийн ХААН банкны зээлэнд болон бэлнээр төлж байхаар амаар тохиролцож уг барилгыг /Оргил зоогийн газар/ худалдан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Э тэй сайн найзууд бөгөөд тухайн үед уг барилга нь ХААН банкны зээлийн барьцаанд байсан учраас амаар тохиролцсон байсан. Мөн Э  “та мөнгөө төлөөд үйл ажиллагаагаа явуулж бай, би зээлээ дуусангуут өмчлөх эрхийг таны нэр дээр шилжүүлээд өгнө” гэж ярилцсан. Би энэ хоёрт тухайн үедээ итгээд худалдан авч, мөнгөө сар бүр төлсөөр байсан. Би уг барилгыг худалдан авахын тулд нөхрөөрөө цалингийн зээл хийлгэж 15 сая төгрөгийг төлсөн бөгөөд мөн миний ээж, аав тэтгэврээ зээлж байж мөнгийг төлөлцөж байсан юм. Гэтэл 2014 оны 07 сард уг барилгыг ХААН банкны зээлийн барьцаанаасаа гаргаад ХАС банкинд зээлийн барьцаанд тавьсныг би олж мэдсэн бөгөөд 2014 оны 08 сарын 08-ны өдөр Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээ байгуулах үед би нийт 39,000,000 төгрөг төлсөн байсан. Үүнийг нөгөө тал ч хүлээн зөвшөөрч 39 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэх 21 сая төгрөгийг 2015 оны 09 сарын 22-ны өдөр төлж дуусгахаар уг гэрээг байгуулсан. Үүнээс хойш би нийт 7,579,900 төгрөгийг Э т бэлнээр төлсөн. Мөн уг гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн бүртгэлд бүртгүүлж урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр тохиролцсон бөгөөд Э  бид хоёр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт хүсэлт гаргаж, Иргэний хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн боловч ХАС банкны хүсэлтийн дагуу улсын байцаагчийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн дүгнэлтээр урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгосон. Ингэж төлөөд явж байтал ХАС банкнаас Э , Н  нараас зээлийн төлбөр гаргуулж төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд мөнгө төлөхөө зогсоосон. Тухайн үед би худалдаж авсан барилгынхаа өмчлөх эрхийг шилжүүлэх талаар Э т удаа дараа хандаж байсан боловч “та түр хүлээж бай, би таныг хохиролгүй болгож өгнө” гэдэг байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж өөр өмчлөгчтэй болсон. Би Э т нийт 46,579,900 төгрөгийг төлсөн. Өнөөдрийг хүртэл би Э ийн хохирол барагдуулна гэснийг хүлээсээр хохироод явж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд хураагдаж, өөр өмчлөгчтэй болсон тул Э , Н  нараас 46,579,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Би энэхүү зоогийн газрыг худалдан авахын тулд өөрийн нөхөр П.Баярцогтоор 2013 оны 03 сарын 13-ны өдөр ХААН банкнаас 8,400,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр өөрийн ээж Ж.Борхүүхэнээр 2013 оны 03 сарын 11-ний өдөр 1,941,500 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулж Э , Н  нарт үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахын тулд урьдчилгаа болгон өгсөн байгаа. Ингэж зээл авсныг энэ хоёр мэдэж байсан. Энэ хоёр хүн намайг хуурч мэхэлсний улмаас үл хөдлөх эд хөрөнгө ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч хохирлоо. Иймд манай нөхөр анх авсан цалингийн зээлээ төлж чадахгүй байсан тул дээр нь нэмж цалингийн шугаман зээл авч нийт 13,637,990 төгрөгийн зээл авсан бөгөөд 2018 оны 08 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 10,027,054.77 төгрөг, хүүгийн төлбөрт 5,119,327.06 төгрөг төлсөн байдаг. Одоо банканд үндсэн зээл 3,610,935.23 төгрөг, 3,468,558.96 төгрөгийн хүү төлөх өртэй. Өнөөдрийг хүртэл хугацаандаа цалингийн зээлээ бүрэн төлж дуусаагүй бөгөөд найдваргүй зээлдэгч, зээлийн муу ангилалд бүртгэгдэж ахиж зээл авах боломжгүй болж хохирсон тул банканд төлсөн хүү 5,119,327.06 төгрөг, одоо төлөх хүү 3,468,558.96 төгрөг, нийт 8,587,886.02 төгрөгийн хүний төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн Э  болон Ж  нарын хооронд 2014 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээ нь ХААН банкнаас бизнесийн зээл авахын тулд дүр үзүүлэн хуурамч гэрээ байгуулсан гэдгийг бид хоёр хоёулаа мэдэж байгаа. Анх 2013 оны 03 сарын 23-нд Оргилзоогийн газрыг 60 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд түүнээс хойш төлбөрийг сар бүр төлж байсныг Э  шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ зөвшөөрсөн. Би түрээслэх байсан бол урьдчилж 15 сая төгрөгийг төлөх ямар ч шаардлага байхгүй. Иймээс 2014 оны 01 сарын 01-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э , Н  нарын шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Манайх иргэн Ж д Оргил зоогийн газрыг 2013 оны 01 сараас эхлэн сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Мөн өдрөөс эхлэн буюу 2013 оны 01 сараас 2016 оны 04 сарыг хүртэл нийт 39 сар манай зоогийн газрыг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байсан. Бид харилцан тохиролцож уг зоогийн газрыг Ж д зарахаар болсон боловч нөхцөл байдлын улмаас худалдаж чадаагүй. Учир нь 60 сая төгрөгөөр зарахаар болсон ба Ж  нь бэлнээр 2013 оны 03 сарын 23-нд 15 сая төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгөө сар бүр хувааж төлж хамгийн сүүлийн төлбөр нь 2015 оны 09 сарын 22-нд хийж дуусахаар тохиролцсон билээ. Гэтэл Ж  нь сар бүр тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй ба 2015 оны 09 сарын 22-нд төлж дуусаагүйгээс болоод шүүхийн шийдвэрийн улмаас бид банкны зээлд уг үл хөдлөх хөрөнгөө хураалгасан билээ. Ж  нь 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг орлого олох явцдаа 15 сая төгрөгийг бэлэн өгсөн. 31,579,900 төгрөгөөс 2 жилийн хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж байсан. Үйл ажиллагаагаа зогсоогоод явахдаа татварт 1 сая 300 мянган төгрөг, халаалтын төлбөр 1,130,000 төгрөг, усны төлбөр 530,000 төгрөг нийт 2,960,000 төгрөгийн өртэй үлдсэнийг бид төлж байгаа. Мөн засвар хийсэн обьектийг дахин засвар хийж эргэж ашиглагдахгүй болтол нь сүйтгэж хоосон үлдээсэн ба мөнгө болох бүх юмаа зарсан байсан. Анх уг зоогийн газраа түрээслүүлэхдээ гал тогооны болон зоогийн газрын үйл ажиллагаа явуулах бүхий л хэрэгцээтэй зүйл байсан ба халбага, сэрээ, аяга, таваг, халуун сав, хутга заазуур, хөргөгч, караокений машин гэх мэт 30 гаруй нэр төрөл бүхий эд зүйлсээ хамт хүлээлгэн өгсөн. Энэ ашиглаж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг би өөрийн зардлаар хийлгэж байсан ба эдгээр эд хөрөнгийг Ж д огт зараагүй билээ. Гэтэл Ж  нь миний эд хөрөнгийг дур мэдэн надаас зөвшөөрөл авалгүйгээр, шөнө бүгдийг нь ачиж аваад зарж борлуулан мөнгийг нь ашигласан. Энэ тоног төхөөрөмжийнхөө үнийг Ж гаар төлүүлмээр байна. Өөрөөр хэлбэл 30 нэр төрөл бүхий эд зүйлийнхээ үнэ болох 19,223,000 төгрөгийг Ж гаас нэхэмжилж байна. Мөн 39 сарын хугацаанд миний зоогийн газрыг ашигласан атлаа нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй учир түрээсэлсэн бол олох байсан орлого гэж 31,200,000 төгрөг, ашиглаж байх хугацаандаа төлөөгүй халаалтын төлбөр 1,300,000 төгрөг, усны төлбөрт 520,000 төгрөг зэргийг төлөөгүй байсан ба эдгээр мөнгөө нэмж нэхэмжилж байна. Иймд Ж гаас нийт 52,243,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2018/00656 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2014 оны 1 сарын 01-ний өдөр “Буянцуглаа” ХХК, Ж  нарын хооронд байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Н , Э  нараас 46,579,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,587,886 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж гаас 10,672,000 төгрөгийг гаргуулан Н , Э т нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,571,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж гаас 222,556 төгрөгийг, хариуцагч Н , Э  нараас 390,850 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, Ж гаас 185,702 төгрөгийг гаргуулан хариуцагч Н , Э  нарт, хариуцагч Н , Э  нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж д тус тус олгож, хариуцагч Н , Э  нараас төлсөн 233,463 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                  

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 218/МА2018/00026 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2018/00656 дугаар шийдвэрийн 3 дахь заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.08-ны өдрийн 139/ШШ2018/00656 тоот шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.05-ны өдрийн 218/МА2018/00026 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэн Ж тай бид харилцан тохиролцож 2013 онд 300 м.кв талбай бүхий Оргил зоогийн газрыг зарахаар амаар тохиролцсон. Эхлээд буюу 2013.03 сард Ж  нь 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш сар бүр 1.5 сая төгрөгийг өгч байхаар тохиролцсон ба Ж  нь зарим сард энэ мөнгөө өгч, зарим сард өгдөггүй, цувуулж байсан. 2014 оны 8 сарын 08-нд Ж гийн ээж, аав болох Жамбалдорж, Борхүүхэн нар нь биднийг хүчээр нотариат дээр аваачиж “Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Энэ гэрээг бид хууль бус гэрээ гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн үед Ж гаас 39 сая төгрөг аваагүй байсан ба анх 15 сая төгрөг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч үүнээс хойш Ж  нь сар бүр 1.5 сая төгрөг өгч байсан гэж автоматаар бодож 2013 оны 4 сараас эхлэн 2014 оны 7 сар хүртэл нийт 14 сар байна гээд 14х1500000=24,000,000, өмнө өгсөн 15 сая төгрөгөө нэмээд 39 сая төгрөг өгсөн гэж үзэж гарын үсэг зуруулсан юм. Тухайн үед бид их өрөнд орсон, үйл ажиллагаа маань доголдсон энэ хүнд байраа шилжүүлж чадаагүй байсан болохоор хэлснээр нь зөвшөөрөөд уг гэрээн дээр гарын үсэг зурсан юм. Биднийг гэрээ байгуулж байхад нотариатч С.Энхээ “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчинтэй болдог" гэж хэлж байсан ба бид энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Мөн Ж  нь өөрөө надад энэхүү маргаж байгаа 39 төгрөгийг төлсөн гэдэг боловч төлбөрийн баримт байхгүй, би өөрөө авсан мөнгөн дүнгээ зөвшөөрдөг 15 сая төгрөгийг бэлнээр авсан, харин алдаг оног өгч байсан хэргийн материалд авагдсан байгаа 6.4 сая төгрөгийг, мөн дэлгүүрээс зээлүүлж төлүүлсэн 1,071,340 төгрөг нийт 22,471,340 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хууль бусаар буюу танил тал, ээж ааваараа загнуулж, хүчээр хийлгэсэн хууль бус гэрээг үнэлж 39 сая төгрөг өгсөн байна гэж шүүх дүгнэж байгаад гомдолтой байна. Мөн энэ 39 сая төгрөг өгснөөс гадна 7,579,900 төгрөг нэмж өгсөн гэж нэхэмжилснийг анхан шатны шүүх гаргуулж шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна. Энэ нь хэргийн материалд нэхэмжлэгч талаас хавсаргаж өгсөн банкны шилжүүлгийн баримт болон бэлэн мөнгөний баримтыг үнэлж шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Гэтэл энэ баримтууд нь 2014 оны 8 сарын 08-нд гэрээ хийхдээ тооцсон 39 сая төгрөгт орж тооцогдсон мөнгөний баримтууд байгаа. Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй давхар гаргуулж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадаагүй гэж үзэж байна. Нэгдүгээр хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээг үнэлж 39 сая төгрөгийг авсан байна гэж дүгнэсэн, хоёрдугаарт энэхүү 39 сая төгрөгөөс гадна дахиад төлсөн гэх 7,579,900 төгрөгийн баримтыг үнэлж давхардуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бид Ж д 22,471,340 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх хууль бус гэрээг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж  нь үнэхээр бидэнд 39 сая төгрөгөө өгсөн бол энэ талаар баримтаа гаргаж өгөх ёстой. Гэтэл ямар ч баримтгүйгээр зөвхөн хууль бус гэрээг үндэслэн биднийг Ж гаас 39 сая төгрөг авсан байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Үнэхээр Ж  бидэнд 39 сая төгрөгөө өгсөн бол ийм дансанд ингэж төлсөн, эсхүл бэлнээр өгөхдөө баримт үйлдсэн гээд баримттай байх ёстой. Гэтэл өөрийн танил нотариатч дээр биднийг хүчээр аваачиж өнгөрсөн хугацааг буюу сарыг шууд автоматаар үржүүлэн энэхүү хууль бус гэрээг хийсэн. Үүнийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүдэд тайлбарласаар байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Бид үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр Ж гаас зоогийн газарт хэрэглэж байсан 31 нэр төрөл бүхий 19,223,000 төгрөг, хэрэв уг зоогийн газрыг түрээслүүлж байсан бол олох байсан орлого 31,200,000 төгрөгийг нэхэмжилсэн. Учир нь бид Ж д үл хөдлөх хөрөнгөө худалдана гэж тохирсон болохоос биш дотор нь байсан эд хөрөнгөө худалдахаар огт тохиролцоогүй. Гэтэл Ж  нь бидний зөвшөөрөлгүйгээр уг зоогийн газарт хэрэглэж байсан бүх тавилга, тоног төхөөрөмжийг шөнө дөлөөр ачаад явсан. Үүнийхээ үнийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох гэж өөрийн зардлаар эд хөрөнгийн үнэлгээний газарт очиж үнэлгээ хийлгэсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ үнэлгээг яагаад үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй, мөн бидний хооронд ийм эд хөрөнгө хүлээлцсэн баримт байхгүй гэж үзэж нэхэмжлэгч Ж гийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр Ж гаас гаргуулж байгаа нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Яагаад зөвхөн Ж  энэ эд хөрөнгүүдийг өөрийн дураар үнэ тогтоож төлөх ёстойг ойлгохгүй байна. Эрх бүхий этгээдийн үнэлсэн эд хөрөнгийн үнийн дүнгээр гаргахгүй байгаад гомдолтой байна. Ж  нь ямар эд хөрөнгө хүлээн авч, өөрөө ачиж явсан талаар тайлбараа хэлдэг, ирүүлдэг. Гэтэл үнийн дүнг миний хэлснээр биш, зөвхөн Ж гийн хэлснээр тооцож байгаад гомдолтой байна. Ж  нь манай зоогийн газарт бүхэл бүтэн 39 сар үйл ажиллагаагаа явуулчхаад ямар ч түрээс төлөхгүй байгаа нь хүний эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Хэрэв би энэ зоогийн газраа түрээсэлсэн бол орлого олох байсан Ж  өөрөө анхнаасаа түрээсийн гэрээгээр манай зоогийн газарт орсон юм. Тэгээд ашигтай байна гэж үзэж худалдан авах санал гаргасан. Тухайн үед түрээсийн төлбөр сарын 800,000 төгрөг байсан гэдгийг бид бүгдээрээ мэднэ, энэ үнийн дүнгээр ч гэсэн өөрөө анх түрээсэлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлээс 22,471,340 төгрөгийг Н , Э  нараас гаргуулж, үлдэх 24,108,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн Ж гаас эд хөрөнгийн үнэ болох 19,223,000 төгрөг гаргуулж бидэнд олгуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Ж  нь хариуцагч Н , Э  нараас 55,167,786.00 төгрөг гаргуулах, “Буянцуглаа” ХХК болон Ж  нарын хооронд 2014 оны 01 сарын 1-ний өдөр байгуулсан “Ажлын байр түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Н , Э  нар нь Ж гаас 52,243,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2013 оны 3 сард  Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд хүнсний захад байрлалтай 300 м.кв талбайтай ажлын байрыг 60 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар амаар тохиролцож, эхний удаад 15 сая төгрөг бэлнээр өгч, үлдэх мөнгийг хариуцагч  нарын банкны зээлд сар бүр 1,500,000.00  төгрөг төлж байхаар болж,  сар бүр энэ мөнгийг төлж байсан,  Э  нь надад мэдэгдэлгүйгээр дахин барьцаалан зээл авсан байсныг нь мэдээд 2014 оны 8 сарын 8-ны өдөр “Үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Би нийт 46,579,900.00 төгрөг өгсөн байсан боловч хариуцагч нар нь банкны зээлээ төлж чадаагүйн улмаас уг үл хөдлөх хөрөнгө банкны өрөнд хураагдан, би мөнгө ч үгүй, хөрөнгө ч үгүй үлдсэн. Энэ төлбөрийг   өгөхийн тулд би нөхөр, ээж ааваараа цалин, тэтгэврийн зээл авахуулж, 8,587,886.00 төгрөгийн хүү төлснийг хариуцагч төлөх ёстой. Мөн Сүрэнцэцэгтэй байгуулсан “Ажлын байрны түрээсийн гэрээ” нь банкнаас зээл авахын тулд хийсэн хуурамч гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

Хариуцагч нар нь “...Ж  эгчтэй тохиролцож үйл ажиллагаа нь тогтворжсон, ...орлоготой зоогийн газар, караоке бүхий ажлын байраа 60 сая төгрөгөөр худалдсан,    амаар тохиролцож эхлээд 15 сая төгрөг бэлнээр авч, сар бүр 1,500,000.00 төгрөг банкны зээлэнд төлж байхаар болсон ч зарим сард өгдөггүй байсан. 2014 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээнд бараг хүчээр гарын үсэг зуруулсан.  ...ажлын байраа өрөнд хураалгасан ч гэсэн түрээсэлж байсан бол 39 сарын хугацаанд 31,200,000.00 төгрөг олох байсан.   Сувдмаад анх ажлын байраа худалдахад байсан эд зүйлийн үнэ болох 19,223,000.00 төгрөг, Ж гийн ажиллаж байсан хугацаандаа хэрэглэсэн халаалт, усны төлбөр 1,820,000.00 төгрөг, нийт 52,243,000.00  төгрөгийг  сөрөг нэхэмжилнэ, ...зээлийн хүүг бид төлөх үндэслэлгүй... Харин ажлын байр түрээслэх гэрээний хувьд банкнаас зээл авахын тулд бичсэн хуурамч гэрээ тул хүчин төгөлдөр бус гэрээнд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2014 оны 8 сарын 08-ны өдрийн “Үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ”-нд хариуцагчийг хүчээр гарын үсэг зуруулсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй, энэ гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгч нь хариуцагч нарт 39,000,000.00 төгрөгийг төлсөн, дараа нь 7,579,900.00 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Иймээс нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 46,579,900.00 төгрөгийг төлсөн, хариуцагч нар нь гэрээнд зааснаар 300 м.кв ажлын байрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн төлсөн 46,579,900.00 төгрөгийг буцаан өгөх үндэслэлтэй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Гэрээний төлбөрийг төлөхийн тулд  зээл авч банканд нийт 8,587,886.00 төгрөгийн хүү төлснөө хариуцагч нараас гаргуулна гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...шаардлагаа баримтаар нотлоогүй, ...талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд хүлээх хариуцлагад энэ талаар тусгаагүй,  хүү төлж хохирсон гэдгийг тооцох боломжгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.  

Зохигчдын хооронд 2014 оны 1 сарын 01-ний өдөр байгуулсан “Ажлын байр түрээслэх гэрээ”-г банкнаас зээл авахын тулд дүр үзүүлэн хийсэн хуурамч гэрээ болохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэсэн нь зөв юм.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажлын байрыг түрээсэлсэн бол олох байсан орлого гэж нэхэмжилсэн 31,200,000.00 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруутгах боломжгүй байна. Учир нь үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ цуцлагдахад нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, гэрээ цуцлагдах хүртэл нэхэмжлэгчийг хөрөнгөө ашиглаж орлого олж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч нар нь ажлын байранд байсан эд зүйлийн үнэ 19,223,000.00 төгрөг,   халаалт болон усны үнэ 1,820,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагаас  эд зүйлийн үнэ 8,852,000.00 төгрөг,  халаалт болон усны үнэ 1,820,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр нийт 10,672,000.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулж чадаагүй байна. 

Түүнчлэн анхан шатны шүүх ажлын байранд байсан эд зүйлийн үнэ гэж нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримталж,  хууль хэрэглээний алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь зөв боловч залруулахдаа алдаа гаргажээ.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч нар баримтаар үгүйсгээгүй, ажлын байр хүлээж авахад тоног төхөөрөмж, эд зүйлс байсныг ашиглаж байсан, түүнчлэн эд зүйлсийг тухайн байрнаас нүүлгэн авч явсан үйл баримтын талаар маргаагүй байх тул шинжээчийн дүгнэлтэд заасан 18,895,000.00 төгрөгийн  хэмжээнд энэ шаардлагыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нийцнэ. Түүнчлэн нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацаанд хэрэглэсэн халаалт болон усны үнэ 1,820,000.00 төгрөгийг гаргуулна. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон сөрөг нэхэмжлэлээс хангасан хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 218/МА2018/00026 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1 гэж өөрчилж” гэснийг ““492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, “10672000 /арван сая зургаан зуун далан хоёр мянга/” гэснийг “20,715,000 / хорин сая долоон зуун арван таван мянга/” гэж, 4 дэх заалтын “185702” гэснийг “261,525” гэж тус тус өөрчлөн” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Э ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 200,000.00 /хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                         Д.ЦОЛМОН