Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2019/00029

 

                                                                                              

 

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй,хариуцагч Төмөрбетон хийц ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00078 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төмөрбетон хийц ХХК-д холбогдох,

Албан татварын өр 46.872.111.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтохын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтох, хариуцагчийн өмгөөлөгч С.Батбилэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Төмөрбетон хийц ХХК нь Татварын хэлтэст 2031051 тоот регистрийн дугаартайгаар 1995 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг бөгөөд тус хуулийн 18.1.1.-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Төмөрбетон хийц ХХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4 албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3.-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн тооцоо хийнэ гэж заасны дагуу 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар тодорхойлсон татвар 891.839.74 төгрөг төлөхөөр тайлагнаж 2016 онд 503.979.7 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 387.860 төгрөгийн татварыг өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасан байх бөгөөд татвар төлөгч нь 2017 оны жилийн эцсийн тайлангаар тодорхойлсон төлбөл зохих 127.500 төгрөгийн татвараа төлөөгүй. 2018 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвараар 83.443.3 төгрөг төлөхөөр татварын тайлан гаргаж ногдол хийсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын өр хуулийн хугацаандаа төлөгдөөгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1. албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасан байдаг. Газрын төлбөрөөр 2018 оны 3 дугаар улирлын тайлангаар 86.000 төгрөгийн төлбөр төлөхөөр тайлан гаргаж хугацаандаа төлөөгүй байна. Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж хуульд заасан байдаг. Төмөрбетон хийц ХХК нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1.-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байдаг. Татвар төлөгч нь 2018 оны 3 дугаар улирлын хувь хүний орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-11/ 240.000 төгрөгийн татвар ногдуулан тайлан гаргасан боловч холбогдох татварын өрийг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй. Татварын улсын байцаагчид 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 тоот актаар 28.233.091.60 төгрөгийн төлбөрийг хариуцуулж 4.504.234 төгрөг төлсөн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 тоот актаар 22.318.450.90 төгрөгийн төлбөрийг хариуцуулж 100.000 төгрөг төлсөн бөгөөд тус актуудаар тогтоогдсон төлбөр 45.947.308.50 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Татварын ерөнхий хуулийн 57.1.2.-д зааснаар хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногт багтаан төлбөрийг төлөхөөр хуульчилсан байдаг. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч Төмөрбетон хийц" ХХК нь тухай бүрт нь холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2. дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй Төмөрбетон хийц ХХК-ийн өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байдаг. Татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн Төмөрбетон хийц ХХК-иас 46.872.111.80 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Төмөрбетон хийц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн татварын хэлтсээс ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үлдэгдэл 46.872.118.8 төгрөгийн өр гаргуулах 01/1120 тоот нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компани нь татварын хяналт шалгалтын 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 2000154733 тоот, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 тоот актуудаар тавигдсан татварын болон хүү торгууль, алдангийн дүнгээс 4.130.000 төгрөгийг барагдуулсан боловч үлдэгдэл өрийг төлж чадаагүй байна. Бид 2015 оны 08 дугаар сарын 7-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлийн дагуу татварын өр төлбөрөөс чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Энэ хуулийн заалтын дагуу олон компаниуд өрөөс чөлөөлөгдөж цаашид ажиллах боломж нь нээгдэж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Тухайн үед өмнөх онуудын санхүүгийн тайлангийн орлого болон зарлагуудыг үнэн зөв тусган гаргаж хүргүүлсэн боловч татварын хэлтэс хүлээн аваагүй. Акт тавигдсаны улмаас компаний ХААН, Голомт, Төрийн банкнуудын харилцах данснуудыг хааснаас үйл ажиллагаа явуулах байдал хязгаарлагдаж, ажил олох, худалдан авах ажиллагааны тендерүүдэд оролцох боломжгүй болсон. Тухайн үед Татварын дарга, ахлах байцаагч, хариуцсан татварын байцаагч нартай уулзан энэ тухайгаа танилцуулан, тэднээр дамжуулан Татварын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлснээр Эх өрийг бүрэн барагдуулбал хүү торгуулиас чөлөөлөх бүхэн боломжтой гэсэн хариуг авсан. Гэвч бид сүүлийн 3 жилийн хугацаанд ямар ч орлого олох ажил хийгдээгүйгээс төлж чадаагүй юм. Иймд бидэнд үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгож, бидний хүсэлтийг хүлээн авна гэдэгт найдаж байна. 2018 оны эцсийн байдлаар Үндэсний татварын албаны сайтаас шүүхэд авсан тодорхойлолтоор үлдэгдэл 45.622.489.60 төгрөгийн өртэй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн татварын төлбөр 24.393.886.9 төгрөгийг төлөх саналтай, эвлэрэх хүсэлтэй байгааг харгалзан үзэж, татварын алдангийн 12.431.720.7 төгрөг, татварын торгуулийн орлого 8.796.882 төгрөг, нийт 21.228.602.7 төгрөгөөс чөлөөлж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлэхийг хүсч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00078 дугаар шийдвэрээр:

Татварын Ерөнхий Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч Төмөрбетон хийц ХХК-иас 46.872.111.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Орхон аймгийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төмөрбетон хийц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 392.310.55 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтох давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ. Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хуулиар зохицуулж өгсөн. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, 64 дүгээр зүйлд Эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өрийг гаргуулах гэж тус тус зааж өгсөн. Шүүх шийдвэртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигчид өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж дурьдан зөвхөн хариуцагчийг буруутгасан атлаа нэхэмжлэгч байгууллагын зүгээс шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйг анхан шатны шүүх хянаж үзээгүй нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж дутуу үнэлэн алдаа гаргасан. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.-д Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкан дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа, шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч ямар ажиллагаа явуулсан нь хэргийн материалд тодорхойгүй зэргийг шүүх анхаарч үзээгүй. Татварын ерөнхий хуулийн 64 дугаар зүйлийн 64.1.-д Энэ хуулийн 57.2.-т заасан хугацаанд төлөөгүй татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаа зэрэг бусад эх үүсвэрээс гаргуулна, 64.3.-д Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах бол энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, татвар төлөгчийн тодорхой эд хөрөнгийг барьцаалах буюу татвар төлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой нөхцөл, болзолтойгоор нийтэд зарлан хуралдаж үнийг төсвийн орлогод оруулж болно гэж хуулиар журамлан зохицуулж өгсөн шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч байгууллага огт хийгээгүй татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д заасан ажиллагааг хийх талаар татварын алба ерөөсөө дурьдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэснийг зөрчсөн. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл оногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх бөгөөд татварын улсын байцаагчийн актыг захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэр гэж үзэх боломжгүй байна... гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр батлагдан гарсан Зөрчлийн тухай хуулиар татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудсаар захиргааны шийтгэл ногдуулдаг болсон нь үүнийг тодорхой болгож өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйн зөрчил гэнэ гэж тодорхой хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд "Татварын ерөнхий хууль зөрчих гэсэн заалт орсон. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдөр батлагдан гарснаас хойш Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим энэхүү хуулийг татварын улсын байцаагчийн актаар тавьсан зөрчлийг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т хамруулж өршөөн хэлтрүүлж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-д Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" гэж заасан. Ийнхүү захиргааны зөрчлөөр дагнасан Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим татварын улсын байцаагчийн актыг захиргааны зөрчилд хамруулан өршөөлийн хуульд хамруулан хэрэглэж байхад иргэний хэргийн анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн актыг өршөөлд хамруулахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан шударга ёс, тэгш байдлыг зөрчсөн үйлдэл болж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Төмөрбетон хийц ХХК-д холбогдуулан албан татварын өр 46.872.111.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1., 70 дугаар зүйлийн 70.1.-д зааснаар хариуцагч Төмөрбетон хийц ХХК-иас 46.872.111.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож шийдвэрлэжээ.

Төмөрбетон хийц ХХК нь 1995 онд 2031051 тоот регистрийн дугаартай барилгын материалын үйлдвэрлэл, барилга засвар, автомашины засвар үйлчилгээ, газар тариалан, түрээсийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар нэг гишүүнтэй үүсгэн байгуулагджээ.

Төмөрбетон хийц ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар тодорхойлсон татвар 891.839.74 төгрөг төлөхөөс 2016 онд 503.979.7 төгрөг төлж, үлдэгдэл 387.860 төгрөгийн татварыг төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-д заасны дагуу 2017 оны жилийн эцсийн тайлангаар тодорхойлсон төлбөл зохих 127.500 төгрөгийн татвараа төлөөгүй, 2018 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвараар 83.443.3 төгрөг төлөхөөр татварын тайлан гаргаж ногдол хийсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хуулийн хугацаандаа төлөөгүй, газрын төлбөрт 2018 оны 3 дугаар улирлын тайлангаар 86.000 төгрөг төлөхөөр тайлан гаргаж хугацаандаа төлөөгүй, 2018 оны 3 дугаар улирлын хувь хүний орлогын албан татварын тайлангаар 240.000 төгрөгийн татвар ногдуулан тайлан гаргасан боловч хугацаанд төлөөгүй, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 тоот актаар 28.233.091.60 төгрөгийн төлбөрийг хариуцуулснаас 4.504.234 төгрөг төлсөн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 тоот актаар 22.318.450.90 төгрөгийн төлбөрийг хариуцуулснаас 100.000 төгрөг төлсөн ба дээрх актуудаар тогтоогдсон татварын албан татварын өр 45.947.308.50 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Төмөрбетон хийц ХХК-иас албан татварын өр 46.872.111.8 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь татварын ерөнхий хуулинд нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтох давж заалдсан гомдол гаргасан боловч тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтохын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтохын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтохын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР