Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00870

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00078 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар магадлалтай, 

Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

ТБХ ХХК ХХК-д холбогдох, 

Татварын өр 46.872.111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ТБХ ХХК ХХК нь Татварын хэлтэст 2031051 тоот регистрийн дугаартайгаар 1995 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу ТБХ ХХК ХХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4-т заасны дагуу 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар тодорхойлсон татвар 891.839.74 төгрөг төлөхөөр тайлагнаж 2016 онд 503.979.7 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 387.860 төгрөгийн татварыг өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасан байх бөгөөд татвар төлөгч нь 2017 оны жилийн эцсийн тайлангаар тодорхойлсон төлбөл зохих 127.500 төгрөгийн татвараа төлөөгүй. 2018 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвараар 83.443.3 төгрөг төлөхөөр татварын тайлан гаргаж ногдол хийсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын өр хуулийн хугацаандаа төлөгдөөгүй байна. Газрын төлбөрөөр 2018 оны 3 дугаар улирлын тайлангаар 86.000 төгрөгийн төлбөр төлөхөөр тайлан гаргаж хугацаандаа төлөөгүй байна. ТБХ ХХК ХХК нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1.-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байдаг. Татвар төлөгч нь 2018 оны 3 дугаар улирлын хувь хүний орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-11/ 240.000 төгрөгийн татвар ногдуулан тайлан гаргасан боловч холбогдох татварын өрийг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй. Татварын улсын байцаагчид 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 тоот актаар 28.233.091.60 төгрөгийн төлбөрийг хариуцуулж 4.504.234 төгрөг төлсөн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 тоот актаар 22.318.450.90 төгрөгийн төлбөрийг хариуцуулж 100.000 төгрөг төлсөн бөгөөд тус актуудаар тогтоогдсон төлбөр 45.947.308.50 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Татварын ерөнхий хуулийн 57.1.2.-д зааснаар хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногт багтаан төлбөрийг төлөхөөр хуульчилсан байдаг. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч ТБХ ХХК ХХК нь тухай бүрт нь холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй ТБХ ХХК ХХК-ийн өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн. Татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн ТБХ ХХК ХХК-иас 46.872.111.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ТБХ ХХК ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь татварын хяналт шалгалтын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2000154733 тоот, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 тоот актуудаар тавигдсан татварын болон хүү торгууль, алдангийн дүнгээс 4.130.000 төгрөгийг барагдуулсан боловч үлдэгдэл өрийг төлж чадаагүй байна. Бид 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлийн дагуу татварын өр төлбөрөөс чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Энэ хуулийн заалтын дагуу олон компаниуд өрөөс чөлөөлөгдөж цаашид ажиллах боломж нь нээгдэж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Тухайн үед өмнөх онуудын санхүүгийн тайлангийн орлого болон зарлагуудыг үнэн зөв тусган гаргаж хүргүүлсэн боловч татварын хэлтэс хүлээн аваагүй. Акт тавигдсаны улмаас компаний ХААН, Голомт, Төрийн банкнуудын харилцах данснуудыг хааснаас үйл ажиллагаа явуулах байдал хязгаарлагдаж, ажил олох, худалдан авах ажиллагааны тендерүүдэд оролцох боломжгүй болсон. Тухайн үед Татварын дарга, ахлах байцаагч, хариуцсан татварын байцаагч нартай уулзан энэ тухайгаа танилцуулан, тэднээр дамжуулан Татварын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлснээр Эх өрийг бүрэн барагдуулбал хүү торгуулиас чөлөөлөх боломжтой гэсэн хариуг авсан. Гэвч бид сүүлийн 3 жилийн хугацаанд ямар ч орлого олох ажил хийгдээгүйгээс төлж чадаагүй. 2018 оны эцсийн байдлаар Үндэсний татварын албаны сайтаас авсан тодорхойлолтоор үлдэгдэл 45.622.489.60 төгрөгийн өртэй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн татварын төлбөр 24.393.886.9 төгрөгийг төлөх саналтай, эвлэрэх хүсэлтэй байгааг харгалзан үзэж, татварын алдангийн 12.431.720.7 төгрөг, татварын торгуулийн орлого 8.796.882 төгрөг, нийт 21.228.602.7 төгрөгөөс чөлөөлж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлэхийг хүсч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00078 дугаар шийдвэрээр Татварын Ерөнхий Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч ТБХ ХХК ХХК-иас 46.872.111.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Орхон аймгийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ТБХ ХХК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 392.310.55 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтохын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ТБХ ХХК ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Бид давж заалдах гомдолдоо шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч байгууллага шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан талаар гомдол гаргасан байтал давж заалдах шатны шүүх эсрэгээрээ хуулийг буруу тайлбарлан хариуцагч байгууллагыг нотлох баримт гаргаж шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсныг нотол гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийг хариуцагчаар нотлуулах гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Татварын ерөнхий хуулийн 64 дугаар зүйлийн 64.1-д “Энэ хуулийн 57.2-т заасан хугацаанд төлөөгүй татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаа зэрэг бусад эх үүсвэрээс гаргуулна”, 64.3-д “Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах бол энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, татвар төлөгчийн тодорхой эд хөрөнгийг барьцаалах буюу татвар төлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой нөхцөл, болзолтойгоор нийтэд зарлан худалдаж, үнийг төсвийн орлогод оруулж болно” гэж хуулиар журамлан зохицуулж өгсөн шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч байгууллага огт хийгээгүй. Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д заасан ажиллагааг хийх талаар татварын алба ерөөсөө дурьдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөх байтал энэхүү баримтыг хариуцагчаар гаргуулахаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа давж заалдах гомдолд дурьдсан 2 дахь үндэслэл болсон Татварын улсын байцаагчийн актаар оногдуулсан төлбөрийг захиргааны зөрчил гэж үзээгүй анхан шатны шийдвэрт гомдол гаргасан хэсэгт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх талаар хууль зүйн дүгнэлтийг үндэслэлдээ тусгаж өгөлгүй шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-ын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс хариуцагч Төмөр бетон хийц ХХК-с татварын өр 46.872.111 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй.

Төмөр бетон хийц ХХК нь татварын байгууллагад албан ёсоор тайлагнасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2014 оны 4 дүгээр улирлын, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 2017 оны жилийн эцсийн, Нэмэгдсэн өртөгийн албан татварын 2018 оны 10 дугаар сарын, газрын төлбөрийн 2018 оны 3 дугаар улирлын өрөөс нийт 924.803 төгрөг, түүнчлэн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 тоот актаар тавигдсан өрөөс 23.728.857.60 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 тоот актаар тогтоосон өрөөс 22.218.450.90 төгрөг, нийт 46.872.111 төгрөгийн өрийг төлөөгүй нь тогтоогдсон байна.

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч Төмөр бетон хийц ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг авчээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Орхон Татварын хэлтсийн нэхэмжилсэн 46.872.111.80 төгрөг нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон болон хяналт шалгалтын актаар тогтоосон хугацаанд нь төлөгдөөгүй татварын өр гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д нийцжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар хариуцагч Төмөр бетон хийц ХХК нь татварын актад заасан өрийн хүү, торгуулиас чөлөөлөгдөх хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан эсэхэд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд мэтгэлцсэн, уг төлбөрөөс хариуцагч чөлөөлөгдөх боломжгүй талаар хоёр шатны шүүх  эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуульд заасан холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00078 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ