Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 722

 

Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор М.Сүхчулуун,

ялтан Б.Хосбаярын өмгөөлөгч Ч.Болдбаатар, Т.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Хосбаяр, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн 201301012519 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бүргэд овогт Болдбаатарын Хосбаяр, 1986 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, Улаанбаатар замын зүтгүүрийн депод туслах машинист ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамж, 313 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХЗ 86091171/,

2. Гомбууд овогт Данзангийн Дагвадорж, 1984 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Базуда” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр 200 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХИ 84101719/,

Б.Хосбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны ариун цэврийн өрөөнд 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны шатан дээр 01 цаг 27 минутаас 30 минутын хооронд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин танхайрах явцдаа Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр 1 удаа цохиж, гавал тархины ил гэмтэл, гавлын орой суурь хэсгийн цөмөрсөн болон шугаман хугарал, их тархи, бага тархины няцрал, тархины орой суурь хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн орой хэсгийн хуйхны эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гарын 3 дугаар хурууны цус хуралт, дээд уруул доод уруулын няцрал цус хуралт, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан,

Д.Дагвадорж нь 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах, “Ром” караоке баарны ариун цэврийн өрөөнд 01 цаг 26 минут 58 секундээс 01 цаг 27 минут 9 секундын хооронд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Т.Энхбаярын эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Хосбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, ялтан Д.Дагвадоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Хосбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Хосбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, Д.Дагвадоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар, Д.Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Д.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг багтаан, Б.Хосбаярын биечлэн эдлэх ялыг 11 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Хосбаярт оногдуулсан 11 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Хосбаяр, Д.Дагвадорж нар төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Дагвадорж нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Хосбаярын цагдан хоригдсон 766 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, нэг талын ажлын хэсэг нь угаараа хугарсан, нөгөө талын ажлын хэсэг нь 20 см урттай, үзүүр хэсгийн өргөн нь 4.5 см модон иштэй зээтүү 1 ширхэг, Б.Хосбаярын хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хагас ханцуйтай цагаан өнгийн сорочкин цамц 1 ширхэг, хар өнгийн брюкэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн ботинк 1 хос зэргийг тус тус устгаж, бичлэг бүхий 3 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Б.Хосбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Хосбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Тухайн үед талийгаач, түүний найз нар намайг болон миний ихэр Хосжаргалыг дундаа хийн, доош дарж байгаад дандаа толгой руу цохиж зодсон. Би тэр хүмүүсийн дундаас мултран гарч шатаар дээш гаран хаалга онгойлгох гэсэн боловч цоожтой байсан. Намайг эргээд харахад миний ихрийг нөгөө хүмүүс дундаа хийн зодож байсныг хараад маш их сандран хажууд хэвтэж байсан урт модыг шүүрэн авч зодооныг хурдан болиулж, ихрээ гаргаж авъя гэж бодсон. Тэгээд шатны хажуугийн хана цохиж, “болиоч” гэж хэлэн хүмүүсийг цааш болгоод Хосжаргалыг татаж гаргасан. Тэд нарыг бид хоёр луу дайрах үед би тэднийг ойртуулахгүй байх зорилгоор модоо бариад “цаашаа байгаарай” гэж хэлэхэд “алаад өгье” гээд талийгаач дахин урагш ухас хийсэн. Би түүнийг хойшлуулах гээд модоо савахад түүний толгойн тус газар нь тусаж амь нас нь хохирсон. Би эрдэнэт хүний амь эрсэдсэнд маш их харамсдаг бөгөөд надад талийгаачийг зодох улмаар амь насыг нь хохироох гэсэн санаа зорилго огт байгаагүй. Биднийг зодож бүлэглэн дайрсан залуучуудаас өөрийгөө болон ихрээ хамгаалж болиулах гэсэн үйлдлээс болж 11 жилийн хорих ял шийтгүүлсэндээ харамсаж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг болсон “Ром” нэртэй караокены хүмүүс хаалгаа цоожлоогүй бол тэдгээр залуучуудаас зугтаах боломж байсан. Бид тэр залуучуудаас салахын тул, мөн дахин зодуулж гэмтэж бэртэхгүйн тулд би энэ үйлдлийг хийсэн. Миний буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулаагүй бөгөөд оногдуулсан ял шийтгэл дэндүү хүнд байх тул ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Б.Хосбаярын өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж ялтны өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэрэгт гэрчээр болон сэжигтэн яллагдагчаар мэдүүлэг өгсөн, талийгаачтай тухайн хэрэг үйлдэгдэх үед хамт явсан Д.Дагвадорж, Б.Болортайван, Д.Баасангэрэл, Д.Пүрэвдорж, О.Батхуяг, Н.Ганзориг нарын мэдүүлгээр Б.Хосбаяр, Б.Хосжаргал, Энхбаяр нарыг ариун цэврийн өрөөний үүдэн дэх шатны хонгилын хэсэгт бүлэглэн зодсон болох нь уг караокены хяналтын камерийн бичлэгээр хангалттай нотлогддог. Зодоон болохоос өмнө О.Батхуяг нь ариун цэврийн өрөөнд Б.Хосбаяртай маргалдан зодолдсон, улмаар биед нь хөнгөн гэмтэл учирсан гэх үйлдэл нь тусдаа бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бөгөөд Б.Хосбаярыг догшин авирлан танхайрсан гэж үзээд байгаа гэмт хэрэг нь дуусгавар болсоныг илтгэж байна. 

О.Батхуяг нь зодуулчихлаа гэж хамт явсан хүмүүстээ очиж хэлсэн. Архи ууж халамцсан нэгнээ өмөөрч, Б.Хосбаяр, Б.Хосжаргал, найз Энхбаяр нарыг ариун цэврийн өрөөний үүдэн дэх шатны хонгилын хэсэгт бүлэглэн зодож байгаа нь бичлэгээс тодорхой харагддаг. Энэ бичлэгээр Б.Хосбаярын мэдүүлгийг давхар нотолж байна. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааг зөвхөн нэг талыг барьж хийсэн ба талийгаачийн нас барахаас өмнө болж байгаа үйл явц буюу Б.Хосбаяр, Б.Хосжаргал, Энхбаяр нарыг зодуулж байгаад ач холбогдол өгдөггүй, шүүхээс хэргийг буцаахдаа үүнийг шалгуулахаар заасныг мөрдөн байцаалт огт хийдэггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад бүлэглэн танхайрсан байдаг. Бүлэглэн танхайрсан этгээдүүдийн нэг нь нас барахад нөгөө холбогдогч нарын үйлдэл хэрэгсэхгүй болно гэсэн зүйл байхгүй.

 Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хийсэн дүгнэлт нь хуульд нийцсэн боловч хууль хэрэглэхдээ дараах алдааг гаргасан.

“Хосбаяр нь амь хохирогч Г.Халиунболдын амь насыг хохироохыг зориуд хүсээгүй боловч Г.Халиунболд, Д.Дагвадорж, Д.Баасангэрэл, Д.Пүрэвдорж нар О.Батхуягийг өмөөрч дайрах үед хохирогч Г.Халиунболдын толгой руу жоотуугаар цохьжээ...” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх ба үүнээс дээрх хүмүүсийн довтолгоон бодитой байсан, мөн уг довтолгоон Б.Хосбаярын үйлдлийн улмаас таслан зогсоогдсон болох нь нотлогдож байна. Үүнээс үзвэл Б.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хангалттай нөхцөл байдал бий болж байна. Хэрэг болсон бүх үйл явцаар бүлэглэн зодож байгаа довтолгооны эсрэг хийгдсэн Б.Хосбаярын өөрийн болоод бусдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах гэсэн үйлдэл болох нь тогтоогддог. Иймд Б.Хосбаярын холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал нь аргагүй хамгаалалт мөн болохыг тогтоон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн шинжээчийн дүгнэлтээр “Б.Хосбаяр сэтгэцийн ямар нэг өвчингүй, үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг үйлдэх үедээ энгийн сэтгэл цочролд орсон байх боломжтой байна” гэсэн дүгнэлт гарсан. Шинжээч эмчээс “энгийн сэтгэл цочрол гэж юу вэ” гэж асуухад “хуулийн хэллэгээр сэтгэл санаа цочирдон давчдах гэж ярина. Эмнэлгийн ойлголтоор энгийн сэтгэл цочрол юм. Эмнэлгийн ойлголтоор үүнийг эмгэг сэтгэл цочрол, энгийн сэтгэл цочрол гэж ангилдаг. Эмгэг сэтгэл цочрол гэдэг нь сэтгэцийн өвчтэй этгээд сэтгэл санаа нь цочирдсоны улмаас үйлдэл хийх, харин сэтгэцийн ямар нэг өвчингүй этгээд тухайн үед болж буй үйл явдлаас болж сэтгэл санааны цочролд орохыг энгийн сэтгэл цочрол гэнэ” гэж тайлбарласан. Хохиролд нийт 20.000.000 төгрөг төлсөн. Хэрэв шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй бол гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан, Б.Хосбаярт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг хэрэглэн хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Хосбаярын өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ

1. Урьд мөрдөн байцаалтад буцаасан тогтоолын заалтыг биелүүлээгүй, ирсэн хэргийг хянан хэлэлцсэн.

2. Дүгнэлтэд хохирогч болох Батхуягийн зөрүүтэй мэдүүлэг, прокурор яллах дүгнэлтдээ гэрч Болортайваны өгсөн “та нарыг алаад өгье” гэсэн мэдүүлгийг Хосбаярын хамт явсан этгээдүүд хэлсэн мэтээр шүүх хурал дээр мэтгэж байгаа гэх олон баримт, камерийн бичлэгийн цаг, минут, секундыг хэрэг дуусах хүртэл хугацаа зэргийг буруу дүгнэж, өөр бусад зөрүүтэй баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг заалгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Хосбаярын өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Хосбаярыг аргагүй хамгаалалт хийсэн гэдэгтэй санал нэг байна. Уг хэрэг маш олон удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байсан ч дорвитой ажиллагаагүй хийгдээгүй. Б.Хосбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба хуульд заасан хугацаа хэтэрч, түүний эрх зөрчигдөж байсан асуудал гарсан. Гэрч нь үзсэн харснаа мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хэрэгт хамааралгүй хүмүүс байдаг. Уг хэргийн гэрч нар хэргийн байдлыг өөр өөрөөр мэдүүлсэн. Хэргийн гол нотлох баримт болох CD бичлэг байдаг ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд уг бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн эсэх талаар дүгнээгүй. Б.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу гэж үзэж байна. Б.Хосбаярын үйлдлийн улмаас О.Батхуягийн уруул язарсан гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа гарсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа гарсан дүгнэлтэд үндэслэн Б.Хосбаярын үйлдлийг зүйлчилсэн. Энэхүү 434 тоот дүгнэлтийн өмнөх дүгнэлтэд “уруул сэтэрсэн” гэсэн зүйл байхгүй бөгөөд “О.Батхуягт учирсан зүүн нүдний цус хуралт, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн. Гэтэл 2 жилийн дараа хөнгөн гэмтэл ор мөргүй арилсан байхад дахин дүгнэлт гаргасан. Хэргийг зөв зүйлчлэхээс илүүтэй Б.Хосбаярыг буруутгах талын нотлох баримтуудыг цуглуулж, ял оногдуулах байр сууринаас мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид уг хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон заалт байсаар байтал төсөөтэй хэрэглээд байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт “догшин авирлаж” гэдгийг “гэмтлийн зэрэг тогтоогдсон бол догшин авирлаж гэдэгт багтаана” гэсэн. Монгол хэлний хэл зүйн үүднээс авч үзэхэд “догшин авирлах” гэдэг нь хүний зан байдлын ойлголт юм. Хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж байгаа нь мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгтэй төсөөтэй хэрэглэж байгаа хэрэг юм. Б.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийг журамласан эсэх тодорхойгүй байна. Хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийг журамлаж хэргийг шийдвэрлэх юм бол Б.Хосбаярын уг гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн үйлдэл тогтоогдохгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28 дугаар зүйлийг баримтлах юм бол илүү бодитой, зөв зүйлчлэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл Б.Хосбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаагүй. Б.Хосбаярын үйлдэлд сэтгэл санаа цочирдон давчидсан асуудал байна гэж үзэж, шинжээчийн дүгнэлт гаргуулж, шинжээч эмчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж байсан. Шинжээч эмч “хуулийн хэллэгээр санаа, сэтгэл цочирдон давчдах гэж ярьдаг. Бидний хэллэгээр энгийн сэтгэл цочрол гэж хэлдэг. Эдгээр нь адил утгатай. Айж сандарснаас гэнэт сэтгэл хүчтэй цочирддог” гэж хариулсан. Энэ нөхцөл байдал тухайн үед Б.Хосбаярт байсан. Түүнчлэн Б.Хосбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Б.Хосбаярын сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “Би мод байна гэж бодсон. Тэр залууг цохигдох үед би барьсан модоо тавьсан. Жоотуу гэж огт мэдээгүй” гэсэн. Б.Хосбаярын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Б.Хосбаяр гаргасан давж заалдах гомдолдоо чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Б.Хосбаярын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй. Энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгахдаа хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож чадаагүй. Б.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэн, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарын үйлдэл бүрэн тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй. Хосбаярын хувьд сэтгэл санаа нь цочрон давчидсан байдал тогтоогдоогүй. Энэ нь камерийн бичлэгээс тодорхой харагддаг. Б.Хосбаярт оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, үйлдэлд тохирсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй юм. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хэлэлцэхдээ ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

 

Б.Хосбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны ариун цэврийн өрөөнд 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч түүнийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, улмаар тус караоке баарны шатан дээр 01 цаг 27 минутаас 01 цаг 30 минутын хооронд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр 1 удаа цохиж, гавал тархины ил гэмтэл, гавлын орой суурь хэсгийн цөмөрсөн болон шугаман хугарал, их тархи, бага тархины няцрал, тархины орой суурь хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн орой хэсгийн хуйхны эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гарын 3 дугаар хурууны цус хуралт, дээд уруул доод уруулын няцрал цус хуралт, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан,

Д.Дагвадорж нь 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах, “Ром” караоке баарны ариун цэврийн өрөөнд 01 цаг 26 минут 58 секундээс 01 цаг 27 минут 9 секундын хооронд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Т.Энхбаярын эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гантөмөрийн: “... Талийгаач Г.Халиунболд нь миний ууган хүү юм. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчим талийгаач хүүтэйгээ уулзаад “Өргөө” кино театрын урд хүргэж өгсөн... Тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад маргааш нь буюу 12 дугаар сарын 27-ны өглөө хүү Отгонболд над руу залгаад Г.Халиунболдыг нас барсан талаар хэлсэн...” /хх 1-н 41/,  

хохирогч О.Батхуягийн: “...Намайг хятад хоолны ресторанд очиход Баасангэрэл, Дагвадорж, түүний эхнэр Жаргалан, Болортайван, Г.Халиунболд, Пүрэвдорж, Ганзориг нар байсан... Тэндээс гараад шинээр нээгдсэн “Ром” караокед очсон... Намайг нойлийн өрөөнд бие засаад зогсож байтал хаалга байн байн татаад байсан. Би “боль л доо, хүнтэй байна” гээд бие засчихаад гарах гэж байтал 2 залуу үгийн зөрөөгүй миний нүүр лүү цохиод авсан. Би “яаж байна” гээд нүүрээ дараад доош суухад нойльд нэг хүн орж ирээд, нөгөө 2 залууг “яаж байгаа юм бэ” гээд салгасан. Миний нүүр цус болчихсон байсан. Би хамт яваа найз нартаа “намайг зодчихлоо” гэж хэлсэн. Манай найзууд шатаар дээшээ гарахад намайг цохисон 2 залуу шатаар бууж байхтай таарсан. Тэгээд л юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн бөөн бужигнаан болоод явчихсан...” /хх 1-н 215/,

гэрч Б.Болортайваны: “...Бид нар караокед уугаад, дуулаад сууж байтал найз Батхуяг нойлийн өрөө орохоор гарсан ба удалгүй “хүнд зодуулчихлаа” гэж ярьж байх шиг байсан. Тэр үед Батхуягийн уруул нь язарчихсан цус гарч байх шиг байсан. Тэгээд манай найзууд Батхуягаас “хаана, юу болсон” гээд Батхуяг, Дагвадорж, Халиунболд нар эхлээд өрөөнөөс гарсан. Араас нь Баасангэрэл, Ганзориг, Пүрэвдорж бид нар гартал тэд нар караокены тек болон нойлын өрөө байсан давхарын шатан дээр 4-5 орчим залуутай маргалдаад зогсож байсан. Баасангэрэл, Ганзориг, Пүрэвдорж бид 4 тэр залуучуудыг харчихаад “та нарыг алаад өгье, яасан их хүн зоддог залуучууд вэ” гэж хэлтэл тэр залуучууд шатаар дээд давхар луу зугтаасан... Тэгэхлээр нь манай найзууд тэр залуучуудын араас шатаар гартал тэнд байсан нэг залуу нь барилгын “А” хэлбэртэй төмрөн шат аваад бид нар луу шидтэл тухайн шат нь манай найз Батхуягийн хөмсгийг оносон. Тэр үед Батхуягийн хөмсөг нь язарсан. Тэгээд тэр залуучууд ахиад дээшээ шатаар гараад барилгын 1 давхарт оччихсон нэг залуу нь гартаа тухайн давхарын шатан дээр байсан бололтой урт төмөр барьчихсан, нөгөө залуу нь гартаа жоотуу барьчихсан зогсож байсан... Тэгтэл шатны дээр гартаа урт төмөр барьсан залуу нь шатаар бууж ирээд гартаа барьсан төмрөөрөө Пүрэвдоржийн хөмсөг рүү цохисон. Тэгсэн Пүрэвдорж хойшоо савж унасан. Тэгсэн талийгаач Халиунболд “өө чи муу яаж байна” гэж хэлээд тэр залуучууд руу шатаар дээшээ өгсөөд гүйж очтол гартаа жоотуу барьсан залуу нь шууд Халиунболдын толгой руу нь цохисон ба жоотуу нь толгойд зоогдчихсон...” /хх 1-н 48-49/,

гэрч Д.Баасангэрэлийн: “...Бид нар архи, пиво уугаад дуулаад сууж байтал 00 цагийн үед найз Батхуяг угаалгын өрөөнд орчихоод удалгүй нүүр нь цус болсон байдалтай орж ирээд “намайг зодчихлоо, ийм болгочихлоо” гэсэн. Үүнийг сонсоод манай найзууд “юу болсон юм, хэн зодсон” талаар асууж байгаад өрөөнөөс гарч шатаар өгсөн угаалгын өрөөнд орсон. Тухайн үед угаалгын өрөөнд үл таних 25-30 насны 2 залуу, угаалгын өрөөний гадна орчмоор 4-5 залуус байсан. Манай найз болох Батхуяг, Ганзориг, Халиунболд, Дагва, Болортайван, Жаргалан нар нь тэдгээр залуустай ярилцаж, улмаар маргалдан зууралдаж эхэлсэн. Гэтэл маш хурдан хугацаанд 4-5 минутын хугацаанд байх дээд давхарт шил хагарч хүмүүс хэрэлдэж маргалдаж зодолдох чимээ сонсогдож байсан. Мөн энэ үед би дөхөж очоод шат руу өнгийж хартал Халиунболд шатны хажууд доошоо хараад хэвтсэн, Дагваа “өө яаж байна аа, түргэн дууд” гэх мэтийн зүйлс яриад шуугилдаж байсан...” /хх 1-н 51-52/,

гэрч Д.Пүрэвдоржийн: “...Бид нарыг сууж байтал Баку гэх залуу өрөөнөөс гарч яваад удалгүй нүдэндээ цохиулсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь бид нар архи уусан халуундаа “хэн цохисон юм” гээд гарцгаасан. Шатаар дээшээ гарах гээд эргэсэн чинь шатан дээр миний санаж байгаагаар 4-5 эрэгтэй, 20-25 орчим насны залуучууд гартаа төмөр, жоотуу, А шат зэрэг зүйл барьчихсан зогсож байсан. Гэтэл нэг урт зүйл орж ирээд миний зүүн хацрыг шүргээд цохиж авахад би хойшоо унасан. Намайг хойшоо унахад Халиунболд урагшаа зөрөөд алхаж байгаа харагдсан бөгөөд хойноос Дагвадорж “та нар хүн алчихлаа ш дээ” гэж бахирсан. Тэгээд би босоод харсан чинь Халиунболд газар унасан, толгойноос нь уур савсаж байсан...” /хх 1-н 54-55/,

гэрч А.Төгсжигүүрийн: “...Тэгээд 00 цагийн орчим өрөөндөө найз Бат-Эрдэнэ, Нараа нарын хамт байж байтал зөөгч охин орж ирээд “танай найзууд чинь дээр зодолдоод байна” гэхээр нь би түрүүлээд гараад очтол Хосбаяр, Хосжаргал, Энхбаяр нар хүмүүстэй муудалцаад, зууралдсан байсан. Тэгэхээр нь би “болиоч” гээд салгах гэж очтол нэг залуугийн зүүн нүдний доороос цус гарсан байсан. Би тэднийг салгах гээд зогсож байтал манай найз Хосбаяр, Хосжаргал, Энхбаяр нар дээшээ гүйгээд гарсан. Араас нь нөгөө залуу гарсан. Тэгээд удаагүй хүмүүс орилохоор нь хойшоо хартал нэг залуу шатан дээр толгойдоо жоотуу зоогдсон хэвтэж байсан...” /хх 1-н 63-64/,

гэрч Т.Энхбаярын: “...Тэгээд нойлийн өрөөнөөс гараад ирсэн чинь үүдэнд хүмүүс орилолдоод бужигнаад байхаар нь харсан чинь зодуулсан залуу болон түүний найз нар болох 6-8 залуучууд Хосбаяр, Хосжаргал хоёртой барьцалдаад авсан. Би “хөөе, больцгоо зодоон хийхгүй шүү” гээд салгах гэсэн чинь намайг сонсож байгаа хүн байхгүй байсан ба нэг махлаг том биетэй залуу намайг түрээд нойлийн өрөө лүү оруулаад намайг барьчихаад нүүрээ хаасан чинь ар нуруу хавьцаа хэд хэд цохиод авахаар нь том биетэй залууг мангасдаж, нүүр лүү нь түлхээд суган доогуур нь гараад гүйсэн. Хаалганы гадаа, үлдсэн хэд нь байсан бөгөөд намайг барьж аваад би дээшээ шатаар зугтаасан чинь миний араас хувцаснаас зуураад ураад байсан. Намайг шатаар гарахад Хосбаяр, Хосжаргал нар хамт байсан. Бид нар хөлөөрөө жийгээд ойртуулахгүй зогсож байсан чинь гэнэт Хосбаяр гартаа модон иштэй жоотуу барьчихсан далайсан зогсож байсан. “Болиоч ээ” гээд гараас нь бариад авсан. Нөгөө талд Хосжаргал урт хөнгөн цагаан нарийхан төмөр гартаа барьсан байхаар нь Хосбаярыг жоотуугаа тавихгүй байхаар нь орхиод Хосжаргалын барьж байсан төмрийг булааж аваад газар хаяад эргээд харахад Хосбаяр жоотуугаар нэг залуугийн толгой руу нь цохиод нөгөө залуу газар унаад жоотуугаа тэр чигээр нь хаясан байсан...” /хх 1-н 71-72/

гэрч Б.Жаргалангийн: “...Караокены цаг дуусаад гарах гэж байтал найз Батхуягийн нүд хөхөрч хавдсан, хамар, амнаас нь цус гарсан байдалтай өрөөнд орж ирсэн. Бид нар “яасан бэ” гээд араас нь гартал тэд нар шатан дээр хүмүүстэй зогсож байсан. Хоёр залуу дээшээ гүйж гараад бид нар луу барилгын шуудайтай хог болон урт төмөр барьчихаад шидээд байсан. Пүрэвдоржийг төмрөөр цохичихсон чинь талийгаач Халиунболд “та нар яаж байгаа юм бэ” гээд дээшээ гарах гэж байгаад толгой руугаа жоотуугаар цохиулаад шатан дээр унасан...” /хх 1-н 208-209/,

Шинжээч А.Амгаланболдын: “...Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж байхгүй бөгөөд тархины амьдралын чухал төвүүд гэмтсэн учир шууд үхэлд хүргэнэ...” /хх 1-н 156/ гэх мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн: “...Талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын орой суурь хэсгийн цөмөрсөн, болон шугаман хугарал, их тархи, бага тархины няцрал, тархины орой суурь хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн орой хэсгийн хуйхны эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд зовхины, баруун гарын 3 дугаар хурууны цус хуралт, дээд уруул, доод уруулын няцрал цус хуралт, зүүн мөр зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн шинжээчийн 77 дугаартай дүгнэлт /хх 1-н 151-152/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн: “...О.Батхуягийн биед учирсан зүүн нүдний зовхины цус хуралт, шарх, шанаа, бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэсэн шинжээчийн 631 дугаартай дүгнэлт /хх 1-н 212/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: “... О.Батхуягийн биед тухайн үед доод уруулын зүүн хэсэгт шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 3-н 218/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: “...шинжилсэн багаж нь нийт 1749 грамм жинтэй, модон иш, төмөрлиг ажлын хэсгээс бүтсэн, газар, шороо ухах зориулалттай 2 толгойтой зээтүү гэж нэрлэгддэг багаж байна. Энэ зээтүүгээр хүний толгой руу цохих үед амь насыг нь хөнөөх боломжтой...” гэсэн шинжээчийн 181 дугаартай дүгнэлт /хх 1-н 163/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 7-10/, фото зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэг болон үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 280-282, 3-н 239-242/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, тухайн караоке баарны камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байх ба Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хассан, Д.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Ялтан Б.Хосбаяр болон түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ч.Болдбаатар нар нь “...Б.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр заасан аргагүй хамгаалалт болохыг тогтоож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдол гаргаж, түүнийгээ шүүх хуралдаан дээр дэмжин тайлбарласан ба өмгөөлөгч Т.Баасанжаргал гомдолдоо нэмж “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлаж, хорих ялын доод хэмжээнээс доогуур татаж ял шийтгэх...” санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан халдлага нь хууль зөрчсөн, нийгэмд аюултай байх шинжийг агуулсан байж сая түүний эсрэг хамгаалалт хийхийг хуулиар зөвшөөрсөн,  өөрөөр хэлбэл хохирогчийн үйл ажиллагаа нь хууль зүйн талаас ямар ч зөвтгөх шалтгаангүй байхын зэрэгцээ илт хүний амь насыг хохироох, эсхүл ноцтой гэмтээхүйц нэн аюултай байх онцлог шинж агуулсан байхыг ойлгоно.

Б.Хосбаяр нь зээтүүгээр хохирогчийн толгойг цохисон нь хохирогч руу чиглэсэн түүний идэвхтэй үйлдэл бөгөөд гар хоосон хохирогчийн өөдөөс зээтүү барьсан хүчний тэнцвэртэй бус барьцаа байгааг мэдсээр байж хохирогчийн толгойн хэсэгт цохиж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч гэм хор арилаагүй, мөн Б.Хосбаярын гэмт хэрэг үйлдэгдсэн санаа, сэдэлт, хэргийн үйлдэл, нийгмийн хор аюулын шинж, гэм буруугийн хэмжээ зэргээс үзэхэд түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй, шүүхээс оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл нь хүнд биш байна.

Түүнчлэн өмгөөлөгч Ч.Болдбаатарын шүүх хуралдаанд нэмж гаргасан “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг санаатай алсан”, “мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн” зэрэг өмгөөллийн саналууд нь тухайн хэргийн үйл баримттай тохирохгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.    

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Хосбаяр, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, Т.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.