Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 106

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ                 нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: Н.Чулуунбаатар,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын орлогч прокурор М.Сүхчулуун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гантөмөрийн өмгөөлөгч: Д.Энхтунгалаг /0253/,

шүүгдэгч: Б.Хосбаяр, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар /0082/, Т.Баасанжаргал /0002/,

шүүгдэгч: Д.Дагвадорж, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр /0206/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Болдбаатарын Хосбаяр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбууд овогт Данзангийн Дагвадорж нарт холбогдох эрүүгийн 2013 0101 2519 тоот дугаартай, 5 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод туслах машинист ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамж, 313 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЗ 86091171, Бүргэд овогт Болдбаатарын Хосбаяр,

            Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр, 200 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХИ 84101719, Гомбууд овогт Данзангийн Дагвадорж.

 

           Шүүгдэгч Б.Хосбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч, О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны шатан дээр 01 цаг 27 минутаас 30 минутын хооронд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин
танхайрах явцдаа Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр 1 удаа цохиж
гавал тархины ил гэмтэл, гавлын орой суурь хэсгийн цөмөрсөн болон шугаман
хугарал, их тархи, бага тархины няцрал, тархины орой суурь хэсгийн тархмал
зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн орой хэсгийн хуйхны эдийн няцарсан
шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гарын 3 дугаар хурууны цус хуралт, дээд
уруул, доод уруулын няцрал цус хуралт, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий
амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж алсан,

шүүгдэгч Д.Дагвадорж нь 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 26 минут 58 секундээс 01 цаг 27 минут 9 секундын хооронд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Т.Энхбаярын эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Хосбаяр мэдүүлэхдээ:

  2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найзуудтайгаа шинэ жил тэмдэглэхээр Модны 2-т байрлах караокед уулзахаар болсон. Тэгээд оройн 22 цагийн үед Энхбаяр, Нараа, Төгсжигүүр бид 4 очоод байж байх үед араас Бат-Эрдэнэ, Хосжаргал нар ирсэн. Тэгээд дуулж байгаад шөнийн 00 цагийн үед би бие засах газар орсон. Бие засах газрын хаалга нь цоожгүй байсан. Хаалгыг татахад дотроос “хүн байна, яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “онгорхой байгааг нь мэдсэнгүй” гэж хэлэхэд тэр хүн маш их уурласан. Надаас өмнө хэдэн хүн тэр хаалгыг татаж, Батхуягийг уурлуулсныг мэдэхгүй. “Дотор хүн бие засаж байна, гарахаар нь ор” гэж Батхуяг хэлсэн тул би хаалгыг хаасан. Би “хаалга  онгорхой байгааг би яаж мэдэх юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Батхуяг дотроос гарч ирээд уурлаад байхаар нь “чи сүртэй юм бэ, би онгорхой байсныг нь мэдсэнгүй” гэж хэлж, бид муудалцан, барилцаж авсан. Тэр үед Хосжаргал, Энхбаяр нар намайг боль гээд биднийг салгасан. Батхуяг бид хоёр нэг нэгнээ заамдсан болохоос бие биенийгээ цохиогүй, зодолдоогүй. Заамдсан гараараа бие биенээ түлхэх үед Батхуягийн уруулаас цус гарсан байсан. Тэгээд л бид салсан. Батхуяг өөрөө маш их согтуу байсан.Тэр “би та нарыг алнаа” гэж хэлээд 00-ын өрөөнөөс гарсан. Үүний дараа би бие засах газраас гараад доош уруудтал урдаас баахан залуучууд шатан дээр гарч ирээд “энэ хоёр мөн үү” гэж хэлээд намайг барьж авч, миний толгойг доош нь дараад зодоод байхаар би арай хийж шатны бариулаас зуурч бариад, шатаар дээшээ гарч зугтаасан. Гэтэл гарах  хаалга цоожтой тул гарч  зугтаах боломжгүй байсан. Тэгээд хажуу талын шатаар дээшээ эргэхэд бас хаалга нь хаалттай байсан. Эргээд  харахад нөгөө залуус араас “ална” орилолдоод миний ихэр Хосжаргалыг зодож байсан. Тэгээд би хажуу тийшээ хартал ханын дэргэд байсан модыг авч, нөгөө залуус руу очоод хана савахад тэд бүгдээрээ тарсан. Тэр үед би Хосжаргалыг татаж авч, дээшээ гарсан. Тэд дахиад араас бөөнөөрөө “ална” гээд орилоод ороод ирэхээр би тэдэн рүү “цаашаа байгаарай” гээд гартаа байсан модоороо савахад талийгаачийн толгой оногдсон. Тэгээд бүх хүн орилоод талийгаач газарт унаад толгойноос нь цус гарсан. Би зодооныг болиулах гэж жоотуугаар цохьсон. Намайг Батхуягийг зодож, догшин авирлаж танхайрсан гэсэн үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна, надад бусдыг зодож танхайрсан зүйл байхгүй. Тэд намайг тонгойлгоод миний толгой болон бие, нуруу руу тал талаас зодоод байсан тул би дээшээ зугтаасан. Би талийгаач Халиунболдыг танихгүй, түүнтэй маргалдаагүй. Хэрвээ Батхуяг бид хоёр маргалдаагүй бол найзууд нь ирж, маргах шалтгаан байгаагүй. “Хүмүүс хоорондоо маргахаа болиод учраа олоод байж байтал дээр байсан Хосбаяр, Хосжаргал, Энхбаяр нар шуудайтай барилгын хог, булан төмөр, А шат шидсэнээс маргаан дахиад үргэлжлэн, хүмүүс шатаар дээш гүйгээд гарсан” гэж гэрч нар мэдүүлсэн байсан. Гэтэл ийм зүйл болоогүй, болох цаг хугацаа ч огт байгаагүй. Энэ тухай хяналтын камерын бичлэгт бичигдсэн. Талийгаач болон түүнтэй хамт явсан хүмүүс рүү хэн барилгын шуудайтай хог шидсэнийг мэдэхгүй. Би шидээгүй. Зай маш бага байсан тул тэнд шат бариад зогсох, жоотуу эргүүлэх хугацаа, зай ч байхгүй байсан. Тэгээд ч хүмүүсийн ярьж байгаа шиг зодооныг салгасан хүн байгаагүй. Бүгдээрээ нийлээд над руу дайрч, зодоод байсан. Би 1 удаа савахад талийгаачийн толгойд цохьсон. Тэр үед миний цохилтонд талийгаачаас өөр хүн өртөх боломжтой байсан. Талийгаач хамгийн түрүүн гүйж орж ирэхэд би савсан юм. Би маргааш өглөө нь ажилтай байсан учраас архи уугаагүй эрүүл байсан. Хяналтын камерын бичлэгээс харахад би бусад хүмүүс рүү нэг ч удаа довтлоогүй байдаг. Миний нүүр болон мөрөнд зулгарч, чих хавдсан байсан. Өөр жижиг гэмтлүүд олон байсан. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Энхбаяр “Хосбаяраа жоотуугаа хая гэхэд миний үгэнд ороогүй” гэж мэдүүлсэн байсан. Тэр надад тэгж хэлээгүй харин ч өөрийн хийсэн үйлдлээ надад тохсон байсан. Ер нь хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг нь хяналтын камерын бичлэгээс зөрүүтэй зүйл ярьсан байсан. Батхуяг надаас мөнгө нэхэмжлээгүй. Би талийгаачийн оршуулгын зардалд 19 000 000 төгрөг төлсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хувцаснууд хэрэг гарах үед миний өмсөж байсан хувцаснууд мөн. Би эдгээрийг буцааж авахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Дагвадорж мэдүүлэхдээ:

Тэр үед талийгаач, би, Баасангэрэл бид нар бие засах өрөөний үүдэнд хамт байж байтал Энхбаяр 00-ын өрөөнөөс орилоод гараад ирэхээр нь түүнийг цааш нь түлхээд оруулсан. Тэгтэл миний нүүр рүү том савтай шингэн саван шидчихээд, 00-ын өрөөнөөс гарч зугтаад коридорт гарч, хүмүүс дээр очоод зууралдаад байхаар нь түүнийг салгах гэж 1 удаа гараараа цохисон. Би бие засах газарт Энхбаярыг зодоогүй. Би тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан учраас маргааныг салгаж байсан. Хэрвээ тэгээгүй бол тэр зодоон бүр ихсэх байсан. Энхбаяр надад ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Тэр үед талийгаач болон Хосбаяр нар барилцалдсан байсан. Энэ үйл явдал 30-40 секундын дотор болсон. Би Энхбаярыг татахад зодоон намжсан байсан. Дараа нь дээшээ харахад Батхуягийг зодож байсан. Тэгээд “Батукийг дээр зодож байна” гэж хэлэхэд бид дээшээ гүйгээд гарцгаасан. Би энэ үед Төгсжигүүр гэдэг залууд “найзууд чинь гартаа юм барьчихаад орилолдоод байна. Найзуудаа салгаач” гэж хэлсэн. Дээшээ гараад дахиж зодолдоогүй. Хосбаяр, Хосжаргал нар дээшээ гүйгээд гарсан. Доороос Төгсжигүүртэй хамт нэг залуу гүйж гараад Төгсжигүүр үлдээд нөгөө залуу нь дээшээ гүйгээд гарсан. Тэгээд хүмүүс юм барьчихаад орилолдоод байхаар нь би Төгсжигүүртэй “одоо больцгооё” гээд ярьж байтал дээрээс шуудайтай хог ирээд Пүрэвдоржийн гэдсийг оносон. Тэр хогийг дээрээс нэг хүн шидсэн. Би тухайн үед Пүрэвдорж, талийгаач хоёрыг барьсан байсан. Тэгээд Пүрэвдорж “яаж байнаа” гээд дээшээ зүтгэхээр нь би талийгаачийг тавиад Пүрэвдоржийг өргөж босгох зуур талийгаач дээшээ гүйж очоод ийм зүйл болсон. Шүүгдэгч Хосбаярын хэлж байгаа шиг түүнийг камертай давхарт болон дээр шатанд дээр зодсон асуудал байхгүй. Шатан дээрээс Хосбаяр, Хосжаргал, Энхбаяр нар шуудайтай хог шидээгүй бол талийгаач амиа алдахгүй байсан. Би Хосбаярыг гартаа жоотуу барьсан байхыг харсан. Тэр үед “алаад өгье, гараад ир” гэж хэн хэлснийг нь мэдэхгүй. Ямар ч байсан дээр байсан хүмүүс тэгж хэлж байсан. Тэгээд талийгаач, Пүрэвдорж бид нар дээшээ гүйгээд очтол зодож байсан хоёр хүн нь дээшээ гүйж гарсан. Тэгэхэд Батхуяг миний ард, талийгаач, Пүрэвдорж нарыг би урдаа барьсан байсан. Бид Хосбаярыг бүлэглэж зодсон зүйл байхгүй. Бид Батхуягийг цусаа гоожуулаад өрөөнд орж ирэхэд Ганзоригт “цагдаа дуудчих” гэж хэлсэн. Хосбаярт талийгаачаас өөр хүн халдаагүй. Энхбаярт ямар нэгэн гэмтэл учраагүй тул би түүнд мөнгө өгөөгүй. Би Си төмрийг хэн барьж байсныг мэдэхгүй. Надад халдааж байгаа зүйл, ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэг хийгээгүй. Үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэв.

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Л.Гантөмөр мэдүүлэхдээ:

“2013 оны 12 сарын 26-ны өдөр 17 цагийн орчим 19 дүгээр хороололд талийгаач хүүтэйгээ уулзаад Өргөө кино театрын урд хүргэж өгсөн юм....2013 оны 12 сарын 27-ны өдөр 11 цагийн орчим манай хүү Отгонболд надруу залгаад Халиунаа ах хүний гарт амиа алдсан байна гэхээр нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирж байна. Талийгаач Г.Халиунболд нь 1978 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа ясли, цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1995 онд 10 дугаар ангиа төгсөөд 2001 онд ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн, 2006 оноос Солонгос улс руу явж 2 жил ажиллаад ирсэн. 2008 онд Нандинцэцэг гэдэг бүсгүйтэй гэрлэж, 2009 онд Анударь гэх охинтой болсон, тэгээд тэр жилдээ эхнэр, хүүхдээсээ салчихсан, эхнэр хүүхэд нь Дархан-Уул аймагт байдаг, талийгаач хүү минь хүнтэй их эвтэй харьцаатай, зөөлөн араншинтай, найз нөхөд олонтой хамт олонч хүн байсан, маш их харамсаж байна, гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 40-42 дугаар хавтас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Батхуяг мэдүүлэхдээ:

“...00-д ороод шээгээд зогсож байтал ард хаалга байн байн татаад байсан. Би “боль л доо, хүнтэй байгаа юм биш үү” гээд бие засчихаад гарах гэж байтал 2 залуу үгийн зөрөөгүй шууд нүүр лүү цохиод авсан. “Яаж байна” гээд нүүрээ дараад доош суухад 00-д нэг хүн орж ирээд, нөгөө 2 залууг “яаж байгаа юм бэ” гээд салгасан. Тэгээд би нүүрээ толинд хальт харахад нүүр цус болчихсон байсан. Би доошоо бууж хамт яваа найз нартаа “00-д ортол намайг ингээд зодчихлоо” гэж хэлтэл манай найзууд “тэр улсууд чинь хаана байна” гээд шатаар дээшээ гарах үед намайг цохьсон 2 залуу шатаар бууж байгаад таарсан. Тэгээд л юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн бөөн бужигнаан болоод явчихсан юм” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 215-216 дугаар хуудас)

           Мөрдөн байцаалтад гэрч-Б.Болортайван мэдүүлэхдээ:

“...Тэгээд бид нар караокед уугаад, дуулаад сууж байтал манай найз Батхуяг 00-ийн өрөө ороод ирье гээд гараад явсан. Тэгээд удалгүй 00-ын өрөөнд
хүнд зодуулчихлаа гэж ярьж байх шиг байсан. Тэр үед Батхуягийн уруул нь язарчихсан цус гарч байх шиг байсан. Тэгээд манай найзууд Батхуягаас “хаана, юу болсон” гээд Батхуяг, Дагвадорж, Халиунболд нар эхлээд караоке өрөөнөөс гараад явсан. Араас нь Баасангэрэл, Ганзориг, Пүрэвдорж бид нар гараад явтал караокены тек болон 00 өрөө байсан давхрын шатан дээр 4-5 орчим залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхлээр нь манай найз Баасангэрэл, Ганзориг, Пүрэвдорж бид 4 тэр залуучуудыг харчихаад “та нарыг алаад өгье, яасан их хүн зоддог залуучууд вэ” гэж хэлтэл тэр залуучууд шатаар дээд давхар луу зугтаасан. Тэр караокетой барилга нэг давхраас доош шатаар буухаар караокены 00-ийн өрөө, тек нь байдаг, түүнээс доош шатаар буухаар бид нарын орсон караокены өрөө байсан. Нийтдээ тэр барилга нь доошоо 2 давхар гэсэн үг юм. Тэгэхлээр нь манай найзууд тэр залуучуудын араас шатаар гартал тэнд байсан нэг залуу нь барилгын А хэлбэртэй төмрөн шат аваад бид нар луу шидтэл тухайн шат нь манай найз Батхуягийн хөмсгийг оночихсон юм. Тэр үед Батхуягийн хөмсөг нь язарсан. Тэгээд тэр залуучууд ахиад дээшээ шатаар гараад барилгын 1 давхарт оччихсон нэг залуу нь гартаа тухайн давхрын шатан дээр байсан бололтой урт төмөр барьчихсан, нөгөө залуу нь гартаа жоотуу барьчихсан зогсож байсан. Тэгсэн тэнд байсан гартаа ямар нэгэн зүйл бариагүй 2 залуугийн нэг нь бид нарын өөдөөс шатаар бууж ирээд шатны голд зогсчихоод “одоо ингээд больцгооё” гэж ярьж байсан. Тэр үед тухайн залуугийн өөдөөс манай найз Дагвадорж, Халиунболд, Пүрэвдорж гурав очоод Дагвадорж тэр залууд “харин тиймээ ингээд ер нь больчихвол зүгээр юм биш үү чи наад найзуудаа аваад яв гэж яриад зогсож байтал шатны дээр гартаа урт төмөр барьсан залуу нь шатаар бууж ирээд гартаа барьсан төмрөөрөө Пүрэвдоржийн хөмсөг рүү цохьсон. Тэгсэн Пүрэвдорж хойшоо савж унасан. Тэгсэн талийгаач Халиунболд “өө чи муу яаж байна” гэж хэлээд тэр залуучууд руу шатаар дээшээ өгсөөд гүйж очтол гартаа жоотуу барьсан залуу нь шууд Халиунболдын толгой руу нь цохьсон. Тэр үед жоотуу нь манай найз
Халиунболдын толгойд зоогдчихсон” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 48-49 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Баасангэрэл мэдүүлэхдээ:

            “...Бид нар архи, пиво уугаад дуулаад сууж байтал 00 цагийн үед найз Батхуяг угаалгын өрөөнд орчихоод удалгүй нүүр нь цус болсон байдалтай орж
ирээд “намайг зодчихлоо, ийм болгочихлоо” гээд орилоод ороод ирсэн. Үүнийг сонсоод манай найзууд “юу болсон юм, хэн зодсон” талаар асууж байгаад өрөөнөөс гарч шатаар өгсөн угаалгын өрөөнд орсон. Тухайн үед угаалгын өрөөнд
үл таних 25-30 насны 2 залуу, угаалгын өрөөний гадна орчмоор 4-5 залуус байсан.
Манай найз болох Батхуяг, Ганзориг, Халиунболд, Дагва, Болортайван, Жаргалан
нар нь тэдгээр залуустай ярилцаж, улмаар маргалдаж зууралцаж эхэлсэн. Гэтэл
маш хурдан хугацаанд 4-5 минутын хугацаанд байх дээд давхарт шил хагарч
хүмүүс хэрэлдэж маргалдаж зодолдох чимээ сонсогдож байсан. Мөн энэ үед би
дөхөж очоод шат руу өнгийж хартал Халиунболд шатны хажууд доошоо хараад
хэвтсэн, Дагваа “өө яаж байнаа, түргэн дууд” гэх мэтийн зүйлс яриад шуугилдаж
байсан” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 51 дүгээр хуудас)

 

           Мөрдөн байцаалтад гэрч-Д.Пүрэвдорж мэдүүлэхдээ:

            “...Ингээд гарах дөхсөн байх барагцаагаар 2 цагийн үед байх, бид нар сууж байтал Баку гэх залуу өрөөнөөс гарч яваад удалгүй нүдэндээ цохиулсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь бид нар согтуу архи уусан халуундаа хэн чамайг цохиж байгаа юм гээд гарцгаасан. Тэгээд шатаар дээшээ гарах гээд эргэсэн чинь шатанд миний санаж байгаагаар 4-5 эрэгтэй, 20-25 орчим насны оюутан гэмээр залуучууд гартаа төмөр, жоотуу, А шат зэрэг зүйл барьчихсан зогсож байсан. Ингээд ярьж байсан чинь хэн гэдгийг нь санахгүй байна нэг залуу намайг нэг урт зүйл орж ирээд миний зүүн хацрыг шүргээд цохиод авсан чинь би хойшоогоо унасан. Тэгтэл намайг хойшоогоо унахад Халиунболд урагшаагаа зөрөөд алхаж байгаа харагдсан чинь хойноос Дагвадорж “та нар хүн алчихлаа ш дээ” гэж бахирсан. Тэгээд би босоод харсан чинь Халиунболд газар унасан, толгойноос нь уур савсаад гарч байсан” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 54-55 дугаар хуудас)

 

          Мөрдөн байцаалтад гэрч-А.Төгсжигүүр мэдүүлэхдээ:

           “...Тэгээд 00 цагийн орчим өрөөндөө найз Бат-Эрдэнэ, Нараа нарын хамт байж байтал зөөгч охин орж ирээд “танай найзууд чинь дээр зодолдоод байна” гэхээр нь би түрүүлээд гараад очтол Хосбаяр, Хосжаргал, Энхбаяр нар хүмүүстэй муудалцаад, зууралдсан байсан. Тэгэхээр нь би “болиоч” гээд салгах гэж очтол нэг залуугийн зүүн нүдний доороос цус гарсан байсан. Би тэднийг салгах гээд зогсож байтал манай найз Хосбаяр, Хосжаргал, Энхбаяр нар дээшээ гүйгээд гарсан. Араас нь нөгөө залуу гарсан. Тэгээд удаагүй хүмүүс орилохоор нь хойшоо хартал нэг залуу шатан дээр толгойдоо жоотуу зоогдсон хэвтэж байхыг хараад айгаад “хүн үхсэн байна шүү дээ” гэж хашгираад текний хажууд суусан” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 205 дугаар хуудас)

     

  Мөрдөн байцаалтад гэрч-Т.Энхбаяр мэдүүлэхдээ:

  “...Тэгээд 00 цаг өнгөрч байхад Хосжаргал ганцаараа 00 руу ороод араас нь Хосбаяр бид хоёр 00 руу ороход үүдэнд нь өөр өрөөний 1 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Угаалтуур дээр Хосжаргал гар нүүрээ угааж байсан. Харин маргалдсан залуу бие засаад зогсож байсан. Ингээд би эрэгтэй 00 руу шагайж хараад “хүнтэй байна” гээд хаалгыг нь хаасан чинь Хосбаяр “манай хүн хаана байна” гээд хаалгыг татахаар нь “хүнтэй байна, гарахаар нь оръё” гэсэн чинь Хосбаяр шууд татаад ороод нөгөө маргалдсан гэх залуу “хүнтэй байхад яагаад ороод ирж байгаа юм бэ” гэсэн утгатай үг хэлсэн чинь Хосбаяр уурлаад нөгөө залуутай маргаж байгаад нүүр лүү нь шууд цохиод авсан. Хажуугаас нь Хосжаргал зүгээр зогсож байснаа гэнэт нөгөө залууг ихэртэй хамт нийлээд цохиж эхлэхээр нь би салгах гээд 2 гараараа тус тусад нь Хосбаяр, Хосжаргал нарыг бариад цээжээрээ зодуулж байгаа залууг түрээд 00-с гаргах гэсэн чинь зодуулсан залуу тонгойсон хэрнээ гараараа Хосбаяр, Хосжаргал хоёрыг давхар барьчихаад тавихгүй байснаа Хосжаргалыг барьсан гараа тавиад миний нүүрийг базаад байхаар нь Хосбаярыг барьж байгаа гарыг нь тавиулаад нөгөө залуугийн гарнаас бариад гаргах гэсэн чинь миний гарыг давхар атгаад гар маажаад цаашаа түлхсээр байгаад гаргасан. Тэр “нэг хүнийг
хичнээн хүн зоддог юм бэ” гээд инээгээд байхаар нь нөгөө хоёрыгоо авч үлдээд “уучлаарай” гэж хэлсэн. Нөгөө залуу гараад явсан. Би бие засаад үлдэхэд манай хоёр бас гараад явсан. Тэгээд 00-оос гараад ирсэн чинь үүдэнд хүмүүс орилолдоод бужигнаад байхаар нь харсан чинь зодуулсан залуу найз нараа дуудаад ирсэн 6-8 залуучууд Хосбаяр, Хосжаргал хоёртой барьцалдаад авсан байхаар нь “хөөе, больцгоо зодоон хийхгүй шүү” гээд салгах гэсэн чинь намайг сонсож байгаа хүн байхгүй нэг махлаг том биетэй залуу намайг түрээд 00 руу оруулаад намайг барьчихаад нүүрээ хаасан чинь ар нуруу хавьцаа хэд хэд цохиод авахаар нь том биетэй залууг мангасдаж нүүр лүү нь түлхээд суган доогуур нь гараад гүйсэн. Хаалганы гадаа үлдсэн хэд нь байсан бөгөөд намайг барьж аваад би дээшээ шатаар зугтаасан чинь араас хувцаснаас зуураад ураад байсан. Намайг шатаар гарахад Хосбаяр, Хосжаргал нар хамт байсан. Бид нар хөлөөрөө жийгээд ойртуулахгүй зогсож байсан чинь гэнэт Хосбаяр гартаа модон иштэй жоотуу барьчихсан далайсан зогсож байсан. “Болиоч ээ” гээд гарнаас нь бариад авсан чинь нөгөө талд Хосжаргал урт хөнгөн цагаан нарийхан төмөр гартаа барьсан байхаар нь Хосбаярыг жоотуугаа тавихгүй байхаар нь орхиод Хосжаргалын барьж байсан төмрийг булааж аваад газар хаяаад эргээд харахад Хосбаяр жоотуугаар нэг залууг толгой руу нь цохиод нөгөө залуу газар унаад жоотуугаа тэр чигээр нь хаясан байсан” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 71-72 дугаар хуудас)

 

 Мөрдөн байцаалтад гэрч-Г.Батбаяр мэдүүлэхдээ:

“...текен дээрээ зогсож байтал зөөгч охин орж ирээд “00-д хүмүүс маргалдаад байна” гэхээр нь 00 руу ороход нэг нь жаахан махлагдуу залуу,
нөгөөдөх нь туранхайдуу залуутай хоорондоо маргалдаад, махлагдуу залуугийн
нүүр нь шалбараад бага зэргийн цус гарсан байдалтай угаалтуурын хажууд
зогсож байсан. “Миний дүү нар одоо больцгоо, ингэж болохгүй угаасаа манайх
хаах цаг боллоо” гэсэн чинь хэн ч юм хэлээгүй. Тэгээд би 00-ийн өрөөнөөс гарсан, нөгөө 2 залуу үлдээд өөдөөс нь 2-3 залуу 00-ийн өрөөнд байж байгаад надтай
зөрж ороод намайг текен дээр байж байтал 00-д зодоон болоод пижигнээд
байхаар нь 00 руу ороход нөгөө 2 залуу хоорондоо заамдалцсан зууралдсан
хажууд нь 00 руу орж байгаа 2-3 залуу салгах гээд байхаар нь би зууралдсан 2
залуугийн дундуур ороод 00-оос бүгдээрээ гарч ирээд 00-ийн үүдэнд нөгөө
залуучуудтай эв зүйг нь олох гээд байж байтал доороос шатаар баахан залуучууд
гарч ирээд анх маргалдаж зодолдож байсан залуучууд 2 тал болоод бүгд
хоорондоо зодолдоод байхаар нь би салгаж чадаагүй, дунд нь байсан тэгээд зөөгч
охин дунд унасан байхаар нь татаж аваад холдуулсан. Тэгсэн чинь дээшээ гарах шатаар зарим нь зугтаад, зарим нь хөөгөөд зодолдоод байхаар нь хажуугаар нь дээшээ шатаар өгсөөд бушуухан хаалга онгойлгоод гарцгаа гээд байж байхад төв хаалга эргээд явдаг шат руу бас хөөцөлдөөд зодолдоод байсан. Тэгтэл засварт ашиглаж байсан босоо шатыг 1 нь өргөөд далайхаар нь би очоод гарнаас нь салгаж аваад цаашаа тавихад төв хаалгаар гардаг шатан дээр 2 залуу гартаа юмны эмжээр нимгэн төмөр барьчихсан хүн ойртуулахгүй доороос ирж буй хүн лүү чичээд зогсоод байхаар “хөөе, больцгоо, яагаад байна” гэсэн чинь доороос баахан залуучууд дайраад байсан. Буцаад шатаар өгсөөд очоод харсан чинь нөгөө бужигнасан хүмүүсийн доор модон бариултай жоотуу хэвтэж байхаар нь бариулаас нь бариад хойд хаалгаар гаргаад шидсэн. Харин шатан дээр нэг залуу доошоо хараад хэвтэж байсан” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 75-76 дугаар хуудас)

 

          Мөрдөн байцаалтад гэрч-Б.Жаргалан мэдүүлэхдээ:

           “...манай найз Батхуягийн нүд хөхөрч хавдсан, хамар, амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Бид яав ийв гээд гээд араас нь гартал тэд нар шатан дээр хүмүүстэй зогсож байсан, 2 залуу дээшээ гүйж гараад бид нар луу барилгын шуудайтай хог болон урт төмөр барьчихаад өөдөөс шидээд байсан. Пүрэвдоржийг төмрөөр цохичихсон чинь талийгаач Халиунболд “та нар яаж байгаа юм бэ” гээд дээшээ гарах гэж байгаад толгой руугаа жоотуугаар цохиулаад шатан дээр уначихсан” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 208, 209 дүгээр хуудас)

          

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 77 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын орой суурь хэсгийн цөмөрсөн, болон шугаман хугарал, их тархи, бага тархины няцрал, тархины орой суурь хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, толгойн орой хэсгийн хуйхны эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд зовхины, баруун гарын 3 дугаар хурууны цус хуралт, дээд уруул, доод уруулын няцрал цус хуралт, зүүн мөр зулгаралт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах бодис хэрэглээгүй байна.

5. Талийгаачийн цус нь А (ІІ) бүлгийн харъяалалтай байна.

6. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 152 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 443 тоот дүгнэлтэд:

1. О.Батхуягийн биед тухайн үед доод уруулын зүүн хэсэгт шарх гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 218 дугаар хуудас)

 

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 Б.Хосбаяр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 116 дугаар хуудас)

 

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 Д.Дагвадорж ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 126 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР :

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хосбаярыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд хохирогч О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнийн 01 цаг 27 минутаас 30 минутын хооронд караоке баарны шатан дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр 1 удаа цохиж амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар,

шүүгдэгч Д.Дагвадоржийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 26 минут 58 секундээс 01 цаг 27 минут 9 секундын хооронд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Т.Энхбаярын эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Хосбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнийн 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд “Ром” караоке баарны 00-ын өрөөнд хаалга нь түгжээгүй 00-ын өрөөнд хохирогч О.Батхуяг бие засаж байхад хаалгыг нь татсанаас тэр “хүн бие засаж байна” гэж хэлэхэд “юун сүртэй юм бэ, онгорхой байсныг нь мэдсэнгүй” гэж хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар түүний уруулын зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан,

үүний дараа 01 цаг 27 минутаас 01 цаг 30 минутын хооронд “Ром” караоке баарны шатан дээр хохирогч Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр 1 удаа цохиж амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж алсан,

шүүгдэгч Д.Дагвадорж нь 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01 цаг 26 минут 58 секундээс 01 цаг 27 минут 9 секундын хооронд үл ялих зүйлээр шалтаглан “Ром” караоке баарны 00-ын өрөөний үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хохирогч Т.Энхбаярын эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Хосбаяр, хохирогч О.Батхуяг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гантөмөр, гэрч Б.Болортайван, Д.Баасангэрэл, Д.Пүрэвдорж, А.Төгсжигүүр, Т.Энхбаяр, Г.Батбаяр, Б.Жаргалан нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 77 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 443 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Б.Хосбаяр нь “Ром” караоке баарны 00-ын өрөөнд хохирогч О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн  дараа хохирогчийн найз Г.Халиунболд, Д.Дагвадорж, Д.Баасангэрэл, Д.Пүрэвдорж нар түүнийг өмөөрч, Б.Хосбаяр руу дайрах үед тэр хохирогч Г.Халиунболдын толгой руу жоотуугаар цохиж алсан үйлдэлд танхайн сэдэлт байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан үзэн, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

Б.Хосбаяр нь амь хохирогч Г.Халиунболдын амь насыг хохироохыг зориуд хүсээгүй боловч түүний жоотуугаар цохисон цохилтын улмаас хохирогч гавал тархины ил гэмтэл, гавлын орой суурь хэсгийн цөмөрсөн, болон шугаман хугарал, их тархи, бага тархины няцрал, тархины орой суурь хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, толгойн орой хэсгийн хуйхны эдийн няцарсан шарх бүхий гэмтэл авч нас барсан нь хүнийг санаатай алах хэргийг шууд бус санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Хосбаярын амь хохирогч Г.Халиунболдыг жоотуугаар цохиж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан, уг хүнд гэмтлийн улмаас нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд Б.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар,

шүүгдэгч Д.Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Хосбаярт ял оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Дагвадоржид ял оногдуулахад анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч Б.Хосбаярын 2013 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд “Ром” караоке баарны 00-ын өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч О.Батхуягийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг,

 Д.Дагвадоржийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 цаг 26 минут 58 секундээс 01 цаг 27 минут 9 секундын хооронд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Т.Энхбаярын эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хамаарч байх тул тэдэнд зохих өршөөлийг үзүүлэв.

Шүүгдэгч нар төлөх төлбөргүй, Д.Дагвадорж цагдан хоригдсон хоноггүй байна.

Б.Хосбаяр хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хагас ханцуйтай цагаан өнгийн сорочкин цамц, хар өнгийн брюкэн өмд, цагаан өнгийн майк, 1 хос хар өнгийн ботинк зэргийг буцааж авахгүй гэсэн тул түүнийг устгах нь зүйтэй.

Хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Б.Хосбаярт ял оногдуулсан болно.

Д.Дагвадорж нь би хохирогч Т.Энхбаярыг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь камерын бичлэгээр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар Д.Дагвадорж өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх нь түүнд хуулиар олгогдсон эрх хэдий ч түүний үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтаар бүрэн нотлогдсон болно.

“Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн өмгөөлөгч Ч.Энхбаярын,

Б.Хосбаярын 00-ын өрөөнд О.Батхуягтай маргалдсан нь танхайн гэмт хэрэг биш жижгээр танхайрсан захиргааны зөрчил,

Б.Хосбаяр олон хүнд зодуулаад тэднээс арайхийж зугтаахад хаалга хаалттай байсан. Тэд араас нь дахиад хөөхөд зугтаагаад арга мухардсан тул өөрийгөө хамгаалах гэж гартаа таарсан зүйлийг барьсан. Өөрийн эрүүл мэнд, амь насаа бусдын довтолгооноос хамгаалж, барьсан зүйлээрээ хохирогч Г.Халиунболдыг цохисон үйлдэл нь аргагүй хамгаалалт тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн өмгөөлөгч Ч.Болдбаатарын,

Б.Хосбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийг бүрэн шалгаагүй гэж мөрдөн байцаалтад буцаалгахыг хүссэн өмгөөлөгч Т.Баасанжаргалын хүсэлтийг тус тус шүүх хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

 Улсын яллагч М.Сүхчулуун нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Б.Хосбаярыг 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч, О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж 2 удаа бичсэн байсан бөгөөд үүнийгээ техникийн шинжтэй алдаа байна гэж залруулан тайлбарласан болно.