Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 195

 

О.Эрдэнэбаатар, Ц.Сүхбат, С.Батдэмбэрэл

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолтой О.Эрдэнэбаатар, Ц.Сүхбат, С.Батдэмбэрэл нарт холбогдох 20130672 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Онолын Эрдэнэбаатар нь Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж хулгайлах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Цэдэвдоржийн Сүхбат нь Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж хулгайлах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Сангидоржийн Батдэмбэрэл нь Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн шүүх О.Эрдэнэбаатар, Ц.Сүхбат, С.Батдэмбэрэл нарыг бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж, бага бус хэмжээтэй хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Эрдэнэбаатар, Ц.Сүхбат, С.Батдэмбэрэл нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах”-аар шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүхэд прокурор Л.Цэндсүрэнгийн бичсэн дүгнэлтэд “... Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж иргэн С.Батдэмбэрэлийн гаргасан “... миний нэрийг Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат Доржхорлоогийн Чинбат ашиглан хулгай хийж, миний нэрээр ял авсан болохыг олж мэдсэн” гэх гомдлын дагуу шинэ нөхцөл байдал илэрснээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, Хороо овогт Доржхорлоогийн Чинбат /РД:йв78102331/ гэгч нь бусдын бичиг баримтыг ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д зааснаар гэм буруугүй этгээд С.Батдэмбэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг “... Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Д.Чинбат нь Сангидоржийн Батдэмбэрэлийн нэрээр ял шийтгэл хүлээсэн болох нь шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгасан мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Иргэн С.Батдэмбэрэлийн гомдлыг шалгахад Д.Чинбат гэгч нь С.Батдэмбэрэлийн паспортыг ашиглан 2000 онд “Юнайтэд Аппарел” ХХК-нд ажилд орж, улмаар 2001 онд тус компаниас бусадтай бүлэглэн бараа бүтээгдэхүүн хулгайлж Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн болох нь Д.Чинбат болон гэрч Д.Оюундулам, Б.Доржхорлоо, Э.Сайнбаяр, Ё.Туяацэцэг, С.Батдэмбэрэл нарын мэдүүлэг, С.Батдэмбэрэл, Д.Чинбат нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Энэ шинээр илэрсэн нөхцөл байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-т заасан “... гэм буруугүй этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн” мөн тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын С.Батдэмбэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгон тусгаарлаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын шүүгдэгч С.Батдэмбэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Батдэмбэрэлд холбогдох хэргийг тусгаарлан дахин шалгуулахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

                   ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                    ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ