Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00530

 

                                                         М.Чинбатын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01555 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : М.Чинбат,

Хариуцагч : Эрдэнэт үйлдвэр ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6.813.722 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг ажилдаа  согтуу ирсэн гэх шалтгаанаар 2016.9.30-ны өдрийн Б\1198 тушаалаар ажлаас халлаа. 2016.9.05-ны өдөр нь даваа гариг байсан бөгөөд урьд өдөр нь амралтын өдөр хөдөөнөөс ах дүү нараас айраг явуулсан байснаас бага зэрэг ууснаа хэлсэн. Эмч Болор ажилд гаргахгүй гэсэн. Маргааш нь 15 цагт ирэхэд ажиллуулахгүй гэсэн тэгээд хүлээлгэж байгаад тушаалаа өгсөн.  Айраг бол архи биш. Яагаад согтуу гэж үзсэнийг би ойлгоогүй. Сүүлд нь сонсоход 0.73 хувийн согтолттой байсан гэхээр нь энэ хувь нь ямар учиртайг ойлголгүйгээр Ерөнхий захиралдаа өргөдөл гаргасан ч хүлээж аваагүй. Иймд, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 3 сар 10 хоногийн цалин 6.813.722 төгрөг гаргуулна гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин-оператор М.Чинбат нь 2016.9.05-ны өдөр ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан. Энэ нь  ажилтанд, согтолтын зэрэг тогтооход  сорил 2016.9.05-ны өдрийн 28 тоот акт, аlcotest 6810 багажаар хэмжсэн бичилт /согтолтын зэрэг 0.73 mg/1/, Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн илтгэх хуудас, Ил уурхайн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016.9.23-ны өдрийн 10/468 тоот албан бичиг, М.Чинбатын өөрийнх нь тайлбар зэргээр тогтоогдсон. М.Чинбат нь компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 буюу Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан мөн  гэрээний 4.3.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан. Иймд  хөдөлмөрийн гэрээг Б/1198 тоот Ерөнхий захирлын тушаалаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01555 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан М.Чинбатыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Хүдрийн ил уурхайн өрөмдлөг, тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин-операторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  олговор 5.369.722 төгрөгийг хариуцагчаас гаргуулан зохих шимтгэл хураамжийг тооцон М.Чинбатад олгуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 100.825 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай магадлал гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: М.Чинбатыг 2016.9.05-ны өдөр 15.30 минутад ажилдаа ирэхэд нь үйлдвэрийн эмч Т.Болормаа нь тусгай багажаар үлээлгэж шинжилгээ авахад түүний "амьсгал дахь спиртийн агууламж буюу промиль 0.73 хувийн согтолтын зэрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь энэхүү шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд уг шинжилгээний дүнг хараад эмч Т.Болормаа нь шууд тэр үед нь ажилд гаргахгүй гэж хэлсэн нь /М.Чинбатын нэхэмжлэл /хх-ийн 1/ болон М.Чинбатын тайлбараар /хх-ийн 15/тус тус нотлогдож байгаа. Мөн  “айраг уусан нь үнэн, алпаратаар 0,73%-тай гэж гарсан дахин ийм зөрчил гаргахгүй" гэж Хүдрийн Ил Уурхайн дарга Б.Отгондаваад тайлбар бичсэн нь /хх-ийн 15/ хэрэгт  байгаа  бөгөөд  согтууруулах ундаа уусан, шинжилгээгээр илэрснийг мэдсэн, хүлээн зөвшөөрсөн гэдгийг нотолно.  Түүнчлэн  эмнэлгийн хэсэг рүү очилгүй, эмчтэй уулзалгүй, шинжилгээний актад гарын үсэг зуруулалгүй, шууд гэр рүүгээ явсан зөрчлийг гаргасан ба 2 өдрийн дараа буюу 2016.9.07-ны өдөр ажилдаа ирэхэд нь  2016.9.05-ны өдрийн  актад  гарын үсэг зуруулсан. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3.1, түүнчлэн Монгол Улсад Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, тэдгээрийн хэрэглээнд тавигддаг тодорхой    шаардлага бүхий стандартууд мөрдөгддөг бид мөрддөг. Эрдэнэт үйлдвэр ХХК-д жолооч  нар, иргэд, ажилтнуудыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Герман улсад үйлдвэрлэсэн тусгай багажаар шалгадаг. Этилийн спирт 0,20 промиль буюу түүнээс илүү хэмжээгээр илэрсэн тохиолдолд "Согтууруулах ундаа хэрэглэсэн" гэж үзэж Акт, магадалгаа бичиж, аливаа ажил, хөдөлмөр эрхлэхийг хориглох зэрэг арга хэмжээ авдаг ба энэ  нь  нийтэд ил тодорхой, хүлээн зөвшөөрөгдсөн журам юм. Этилийн спиртийн 1.9 - 2.0 хувийн найрлага бүхий согтууруулах ундааны нэг төрөл нь айраг юм. Шүүх Эрдэнэт үйлдвэр ХХК тусгай багажийг хэрэглэх талаар журам байхгүй, согтуурлын хэмжээг тогтоох арга журам байхгүй гэснийг  зөвшөөрөхгүй. Хууль, Стандартууд, журмууд нь  нийтээр дагаж мөрдөхөөр батлан гаргасан, тэдгээрийг хуулбарлан батлах үүргийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д аливаа хууль, стандарт, журмаар хүлээлгээгүй. Хөдөлмөрийн гэрээнд /хх  29-31/  ажилтан  согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа ирсэн,  ажлын байранд хэрэглэсэн зөрчлийг " ноцтой зөрчилд тооцохоор"  баталж, баталгаажуулж мөрдөж байгаа. Тухайлбал: Хөдөлмөрийн дотоод журмын 8.9, 8.9.1 1, 8.10 /хх-ийн 23-24/, 83247 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.3. болон 4.3.4,-т тусгасан./хх-ийн 30-31/. Шүүх  Иргэний хуулийн 20, 22, 26.1, 26.5, 28.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.5, 3.1.10, 5.1, 11.9, Компанийн тухай хуулийн 10.4, 16 дугаар зүйл болон ИХШХШТХуулийн 14, 44.1, 44.2, 62, 65-н шаардлагыг хангаагүй баримтуудад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн. \хх-ийн 34,35/. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан тушаалд гарын үсэг зурсан Ажил олгогч нь эрх бүхий эсэхийг  тогтоогоогүй  хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нь  өмгөөлөгч оролцуулах хүсэлт ирээгүй, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй,  шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх тухай   баримтгүйгээр Д.Оюунчимэгийг өмгөөлөгчөөр  \хх. 10,  11, 33, 39, 60\  оролцуулсан. \хх-ийн 42-50, 51-54, 68-72, 73-771/ Мөн гэрч Ц.Отгонбаяр, Ч.Гантулга нарыг  шүүх    хуралдааны    танхимд    оруулсан нь ИХШХШТХуулийн 4, 6,  25.1.2, 25.1.3, 25.1.5, 25.2.3, 25.2.5, 38.9, 43.3, 43.6-г зөрчсөн. Эдгээр гэрч нар нь "Үйлдвэрийн эмч Т.Болормаагийн нэхэмжлэгч М.Чинбатаас шинжилгээ авсан, акт үйлдсэн, уг шинжилгээ Актад гарын үсэг зуруулсан зэрэг нөхцөл байдлуудын талаар шүүхэд мэдүүлэг өгсөн, гэтэл гэрчлүүлж буй эмч Т.Болормаа шүүх хуралдаанд дуудагдаагүй байсан учир шүүх хуралдаанд оролцоогүй, гэрч нарын үнэн зөв эсэхийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал шүүх хуралдааны үеэр үүссэн  мэтгэлцэх боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэж мөн  хуулийн 105.2, 107-г зөрчсөн. Гэрч Ч.Гантулга, Ц.Отгонбаяр нарын иргэний үнэмлэх, ажлын газрын үнэмлэхийн хуулийн шаардлага хангасан хуулбарыг хэрэгт авалгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүх гэрч нарын шүүх хуралдаанд шууд хүрэлцэн ирсэн гэрч нарын "М.Чинбатыг согтуу гэдгийг нь мэдээгүй" гэж мэдүүлснийг үндэслэл болгож хэргийг үндэслэлгүй шийдвэрлэв.  Шүүх  хууль, журам, эмнэлгийн багаж хэрэгслээр хийсэн шинжилгээ, шинжилгээний хариу, Акт, хөдөлмөрийн харилцааны хүрээнд  дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл, заалтуудыг хэрэглээгүй болно. Нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэснийг баталж тогтоосон багажийн шинжилгээний бичиг нь гадаад хэл дээр бичигдсэн /хх-ийн 15-16/, цалин хөлсний тодорхойлолтод /хх-ийн 6/    ажлыг "Взрывник" /тэсэлгээчин/  гэж  гадаад  хэл  дээр  бичигдсэн   баримтуудыг  үнэлсэн нь ИХШХШТХуулийн 7.4 дэх заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх хурал 2016.12.14-ны өдөр хуралдаж нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн гэтэл 2017.01.19-ны өдрийн 142\Ш32017\00528   дугаартай захирамжаар /хх-ийн 39/ гэрч Ч.Гантулга, Ц.Отгонбаяр нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай  өмгөөлөгчийн   хүсэлтийг  шийдвэрлэж   хэргийг  хянан   шийдвэрлэх   ажиллагааны журмыг тус тус ноцтой зөрчсөн. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч М.Чинбатын согтуурлыг шалгаж тогтоосон гэх драйгерийн хэвлэж гаргасан гээд байгаа нэг тасалбар шиг бичиг нь монгол хэл дээр биш. М.Чинбатын согтуурлыг шалгаж тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болохыг харуулж байгаа юм. Түүнчлэн, энэ нь маш хуучин үрэгдэж үрчийсэн цаас байгаа нь хуучин зүйлийг ашигласан байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Тиймээс хууль хэрэглээний талаарх гомдол нь үндэслэлгүй байна. 1.Нэхэмжлэгч нь хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй. Мөн нэхэмжлэгч болон хариуцагчийн эрх зүйн байдал нь эргэлзээ төрүүлээгүй, аль нэг тал маргаагүй Шийдвэр гаргасан албан тушаалтны талаар хариуцагч тал маргалдаж үгүйсгээгүй. Нэхэмжлэлийг гардан авч тайлбарыг ирүүлсэн. Ажил олгогч буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Даваацэрэн нь Эрдэнэсувдад итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх дээр Д.Эрдэнэсувд үгүйсгээгүй. Ажил олгогч нь Эрдэнэт үйлдвэр биш гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч бас маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүх хуралд орсон. 2. Сонгож авсан өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт хэрэгт авагдсаны үндсэн дээр миний бие хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд оролцсон нь хууль зөрчөөгүй. 3. Гэрч оролцуулах гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч тал татгалзаагүй тул шүүх гэрчээр Ц.Отгонбаяр, Ч.Гантулга нарыг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй хариуцагч тал өөрсдөө гэрч оролцуулах хүсэлт гаргаагүй тул шүүгч санаачилга гаргах ёсгүй юм. Гэрчүүдийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө таньж байсан бөгөөд асуулт тавьж байсан гэжээ.

      ХЯНАВАЛ:

М.Чинбат нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин-операторын ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах шаардлага гаргасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын гомдолдоо “... М.Чинбат 0.73 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон... хөдөлмөрийн гэрээнд үүнийг ноцтой зөрчилд тооцохоор тохирсон байгаа  гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан мөн гадаад хэл дээр бичигдсэн орчуулагдаагүй  баримтуудыг  үнэлсэн нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1198 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 8.9.11, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10/468 дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээний 4.3.4, согтолтын зэрэг тогтоосон 28-р акт, илтгэх хуудас, ажилтны тайлбарыг үндэслэн М.Чинбатыг  архи ууж, ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд ажил олгогчийн тушаалын талаар шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн дүгнэлт хийсэн тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй  байна. 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/485  дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан /хх 18-30/ боловч уг журамтай нэхэмжлэгч танилцсан баримт хэрэгт байхгүй тул дотоод журмыг ажилтныг халах үндэслэл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т нийцэхгүй. 

Ажил олгогч нь 2016 оны Б/1198 дугаар тушаалдаа талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дугаарыг 53247, 83247 гэж өөр өөр байдлаар бичсэн байх бөгөөд хэрэгт буй баримтаас үзвэл зохигчид 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 83247 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан /хх 29/ уг гэрээний заалтыг ажил олгогч тушаалын үндэслэл болгосон үйл баримт тогтоогдсон гэж үзлээ. 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 83247 дугаартай хөдөлмөрийн  гэрээний 4.3.4-т “...ажлын байранд, үйлдвэрийн бус дүүрэгт согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн нь эмчийн үзлэг шинжилгээгээр тогтоогдсон...” /хх30/ бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэжээ.  

Нэхэмжлэгч “..согтууруулах ундаа хэрэглэсэн нь эмчийн үзлэг шинжилгээгээр тогтоогдсон...” эсэх талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Ноцтой зөрчил нь нотлогдсон тохиолдолд Б/1198 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл бүрдэнэ. 

Нэхэмжлэгчийг ажлаас халах тухай тушаалын үндэслэл болсон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тусгай багажаар согтолтын хэмжилт хийж “...хэмжээ 0.73 mg байсан” гэх боловч энэ байдлыг тухайн үед нь нэхэмжлэгчид танилцуулаагүй, сүүлд нөхөж хийсэн болох талаар хоёр шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж,  хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01555 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 171.066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ