Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 01555

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2-50 тоотод оршин суух Мягмарсүрэн овогтой Чинбатын  / ФБ-69033176/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хариуцагдах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.           

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд , гэрч Гантулга, Ц.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Чинбат миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн Ил уурхайд 1992 оноос хойш ажиллаж байна.Гэтэл намайг 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Б\1198 дугаартай тушаалаар хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан байна.Намайг ажилдаа согтуу ирсэн гэсэн.Би ажилдаа согтуу ирээгүй.2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нь даваа гариг байсан бөгөөд урьд өдөр нь амралтын өдөр хөдөөнөөс ах дүү нараас айраг явуулсан байснаас бага зэрэг ууснаа хэлсэн.Эмч Болор ажилд гаргахгүй гэсэн.Маргааш нь 15 цагт ирэхэд ажиллуулахгүй гэсэн Тэгээд хүлээлгэж байгаад тушаалаа өгсөн.Надад маш харамсалтай байна.Айраг бол архи биш.Монгол хүн амралтын өдрөө намрын цагт айргаа ууна ш дээ.Айраг уугаад согтоо ч үгүй.ах дүү нартайгаа хууч хөөрч ярьж хөөрч суугаад л орой унтсан.Надаар багаж үлээлгэсэн бөгөөд тэнд нь юу гардагийг би мэдэхгүй,харуулаа ч үгүй,шууд л та согтуу байна яв гэсэн,Би эрүүл байнаа өчигдөр айраг уусан гэдгээ хэлсэн боловч үг сонсохгүй хөөсөн.Яагаад согтуу гэж үзсэнийг би ойлгоогүй.Сүүлд нь сонсоход 0.73 хувийн согтолттой байсан гэхээр нь энэ хувь нь ямар учиртайг ойлголгүйгээр Ерөнхий захиралдаа өргөдөл гаргасан ч хүлээж аваагүй.Би эрүүл байсан.Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.Иймд намайг ажилд минь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч М.Чинбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.2016-9-05-нд ажилдаа гарсан.Эмч багаж үлээлгэсэн.Ажилдаа очсон.Сүүлд нь согтуурал өндөр гарсан гэсэн.Тухайн үед надад харуулаагүй,хэлээгүй.Ажилдаа очсон чинь “чамайг согтуу гээд байна,явж учраа ол гэж” хэсгийн дарга хэлсэн.Эмчтэй уулзах гэтэл “чиний асуудал шийдэгдсэн,мэдээ өгсөн” гэж хэлээд яваад өгсөн.9 сарын 7-нд ажилдаа гарах гээд эмчийн өрөөнд ороход “таных 0,73% гарсан,энэ актанд гарын зсгээ зур гээд зуруулсан.Би согтуу байгаагүй.Гомдолтой байна.Ажилдаа эгүүлэн тогтоолгож,ажилгүй байсан 3 сар 10 хоногийн цалин 6 813 722 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн М.Чинбат нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.Тус компаний Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин-оператор М.Чинбат нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтанд, согтолтын зэрэг тогтоож сорил 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот акт, аlcotest 6810 багажаар хэмжсэн бичилт /согтолтын зэрэг 0.73 mg/1/, Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонбаярын илтгэх хуудас, Ил уурхайн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгондаваагийн 2016.09.23-ны өдрийн 10/468 тоот албан бичиг, нэхэмжлэгч М.Чинбатын өөрийнх нь тайлбар зэргээр тогтоогдсон.М.Чинбат нь компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 буюу Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын компанийн бусад обьектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан мөн түүнтэй байгуулсан  гэрээний 4.3.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1198 тоот Ерөнхий захирлын тушаалаар цуцалсан.Иймд М.Чинбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэл үндэслэлгүй байна.2016-9-05-нд Хүдрийн ил уурхайн оператор Чинбатын согтуурлыг эмч багажаар сорил авахад 0,73% гарсан.0,20-оос дээш согтуу гэж үздэг.Ажилд нь гаргаагүй явуулсан.Энэ зөрчил нь дотоод журамд зааснаар ноцтой зөрчил юм.Акт тогтоосон. Чинбат өөрөө тайлбар бичиж гарын үсэг зурсан.Акт ,драйгер зэрэг нь нотолгоо юм.Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал баримтлах шаардлагагүй  гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийн мэдүүлэг,нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт, тайлбарууд,сорилт хийсэн акт,”drager”гэсэн баримт,Б/1198 дугаартай тушаал, хөдөлмөрийн дотоод журам,хөдөлмөрийн гэрээ,10/468 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Чинбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан Ил уурхайн өрөмдлөг,тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин-операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захиралын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1198 тоот тушаалаар М.Чинбатыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.3, Хүдрийн ил уурхайн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016-9-23-ны өдрийн 10/468 тоот албан бичиг, хөдөлмөрийн гэрээний 4.3.4 дэх заалт, согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 28 дугаар акт,alcotest 6810 багажаар хэмжсэн бичилт,Ил уурхайн өмөрдлөг тэсэлгээний хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонбаярын илтгэх хуудас_ажилтан М.Чинбатын тайлбар зэргийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, тушаал зэргээр нотлогдсон.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд ажлаас буруу халсан үндэслэлээр гомдол гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч “Би эрүүл байсан.Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна” гэж нэхэмжлэлээ үндэслэсэн.

Хариуцагч “...ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтанд, согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот акт, аlcotest 6810 багажаар хэмжсэн бичилт /согтолтын зэрэг 0.73 mg/1/, Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонбаярын илтгэх хуудас, Ил уурхайн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгондаваагийн 2016.09.23-ны өдрийн 10/468 тоот албан бичиг, нэхэмжлэгч М.Чинбатын өөрийнх нь тайлбар зэргээр тогтоогдсон” гэж мэтгэлцсэн.

 

Хариуцагчийн Б/1198 тоот тушаалын үндэслэл болсон “согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот акт, аlcotest 6810 багажаар хэмжсэн бичилт / хэргийн 17 дугаар хуудаст/ зэргийг 9 сарын 05-ны өдрөөс хойш эмч Т.Болормаа үйлдэж гарын үсэг зуруулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар,шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Отгонбаярын “...хэд хоногийн дараа боловсон хүчин намайг тайлбар бич гэсэн.Эмч нь дүгнэлт гаргаж ирүүлсэн байсан.Түүн дээр гарын үсэг зур гэсэн”гэх,гэрч Ч.Гантулгын “...2 хоногийн дараа ажилд гарахаар эмч дээр ороход энэ дээр гарын үсгээ зур,чи хамт байсан зэр гэсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон ба энэ нь нэхэмжлэгчийн “...Сүүлд нь согтуурал өндөр гарсан гэсэн.Тухайн үед надад харуулаагүй,хэлээгүй”гэсэн тайлбарыг батлаж байна.

 

Шүүх хуралдаанд гэрч Ц.Отгонбаяр “...М.Чинбат 15 цагт эмчийн үзлэгээр ороод 15:30-д ажил дээрээ очсон.Эмч араас нь “согтуу байна” гэж утсаар хэлсэн.Энэ хүн согтуу гэж хэлэхээргүй ирсэн.Би асуудлаа шийд гээд явуулсан.Би даргын үүрэг гүйцэтгэж байсан тул илтгэх хуудас бич гэж бичүүлсэн.Актад гарын үсэг зурахыг цааргалсан боловч тодорхой болсон юм байх гэж бодоод зурсан” гэж, гэрч Ч.Гантулга “9 сарын 05-нд Чинбаттай хамт 3-р ээлжинд гарсан.Эмч дээр би Чинбатын дараа үзлэгт орсон.Согтуу байна гэж хэлэхийг сонсоогүй, харуулаагүй.Надад ямар нэгэн хуудас харуулаагүй.2 хоногийн дараа үзлэгт ороход “чи хамт байсан зур” гээд гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлсэн ба нэхэмжлэгчид согтуурлын зэрэг тогтоож сорилт хийсэн актад хавсаргасан “drager”гэсэн баримтад эмч Т.Болормаа гараар тэмдэглэгээ хийсэн байх тул уг баримтыг 2016-9-05-ны өдөр аlcotest 6810 багажаар М.Чинбатад сорил хийгээд шууд гарсан баримт гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ,актад гарын үсэг зурсан Ц.Отгонбаяр,Ч.Гантулга нар М.Чинбатыг 9 сарын 05-нд согтуу байсан гэдгийг мэдээгүй,согтуурлын зэрэг тогтоосон хуудсыг хараагүйгээр гарын үсэг зурсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн,хэргийн 16 дугаар хуудаст авагдсан М.Чинбатын 9 сарын 07-ны өдрийн тайлбарт “...айраг уусан” гэж бичсэн нь түүнийг согтуу байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн “сорил авахад 0,73% гарсан.0,20-оос дээш согтуу гэж үздэг” гэсэн тайлбар нь холбогдох баримтаар нотлогдоогүй.

Ажилтнуудын согтуурлын зэрэг хэмждэг аlcotest 6810 багажыг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэглэх журам,согтуурлын хэмжээг тогтоох арга журмын талаар баримт хэрэгт авагдаагүй,28 тоот акт, drager”гэсэн баримт зэрэг нь үйлдэгдсэн цаг хугацаа,хангалттай үндэслэгээ,бодит байдлын хувьд эргэлзээтэй байх тул Б/1198 дугаартай тушаалд үндэслэсэн баримтуудаар М.Чинбатыг 9 сарын 05-нд ажилдаа согтуу ирсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Ийнхүү хариуцагчийн Б/1198 дугаартай тушаал үндэслэлгүй тул М.Чинбатыг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 Нэхэмжлэгч “ажилгүй байсан 3 сар 10 хоногийн цалин 6 813 722 төгрөг гаргуулна” гэж нэхэмжилсэн.М.Чинбатыг 2016-9-30-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсөн байх тул нийт 53 хоног ажилгүй байсан гэж тооцож цалингийн тодорхойлолтыг үндэслэн 5 369 722 төгрөгний цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

                  

           Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                           

       

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан М.Чинбатыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Хүдрийн ил уурхайн өрөмдлөг,тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин-операторын ажилд эгүүлэн тогтоосугай.

       

         2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5 369 722 төгрөгийг хариуцагчаас гаргуулан зохих шимтгэл хураамжийг тооцон М.Чинбатад олгуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж,хариуцагчаас 100 825 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захиралын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/857 тоот тушаалаар Хамтын гэрээний 2.5-д “...ажилтны төрсөн нэг хүүхдийг өөрийнх нь хүсэлтийн дагуу мэрэгжлийг залгамжлуулах зорилгоор мэрэгжил,эрүүл мэндээр тэнцвэл туршилтын 6 сар хүртэлх хугацаанд ажиллуулж...” гэж заасныг үндэслэн Б.Мөнхтөрийг Автотээврийн байгууллагын 5-р авто цувааны эксковаторын машинчаар 7 сарын 27-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан болох нь хэргийн 5-7 дугааар хуудаст авагдсан хөдөлмөрийн гэрээ,17 дугаар хуудаст байгаа тушаал,зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Б.Мөнхтөрийг Авто тээврийн байгууллагын даргын 2015-8-27-ны өдрийн А/170 дугаартай тушаалаар “...8 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн сургалт болон шалгалтанд өөрийн биеэр байгаагүй,түүний оронд гадны хүн сургалтад сууж шалгалт өгсөн”гэх үндэслэлээр 3 сарын хугацаагаар цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан болох нь, улмаар Ерөнхий захиралын 2015-11-06-ны өдрийн Б/1306 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Автотээврийн байгууллагын даргын 2015-10-27-ны өдрийн 20/694 тоот албан бичиг, хөдөлмөрийн гэрээний 5.4 дэх заалт, Автотээврийн байгууллагын даргын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай А/170 дугаар тушаалын 5 дахь заалт зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь зохигчдын тайлбар,хэргийн 4,18-22 дугаар хуудаст авагдсан тушаал зэргээр нотлогдсон.

Нэхэмжлэгч “...миний бие гаргасан зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн.Гэтэл дахин ажлаас халж Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй”гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Хариуцагчийн төлөөлөгч”...Автотээврийн байгуулагын дарга Хүний нөөцийн хэлтэст Б.Мөнхтөрийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, хариуцсан ажлаа хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаа талаар албан бичиг ирүүлсэн байдаг.Манай компанийн хамтын гэрээнд туршилтын хугацаагаар ажилд авч ажиллуулаад хугацаа дуусах үед жинхлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан.Мөнхтөрийг ажлаас нь халсан гэж үзэхгүй ба хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажлаас чөлөөлсөн байна”гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захиралын 2015-11-06-ны өдрийн Б/1306 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт,хөдөлмөрийн гэрээний 5.4 дэх заалтыг үндэслэн Б.Мөнхтөртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосоныг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Хамтын гэрээний 2.5-д”...туршилтын 6 сар хүртэлх хугацаагаар ажиллуулж шаардлага хангасан тохиолдолд ажлын байраар хангана”гэж заасан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.4-д “Энэхүү гэрээг 3 сарын туршилтын хугацаагаар түр байгуулав” гэж заажээ.Б.Мөнхтөрийг туршилтаар ажиллуулж байсан Автотээврийн байгууллага “ 2015 оны 8 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд болсон шинээр ажилд орж буй ажилтаны хөдөлмөрийн аюулгүй байдлын 16 цагийн хөтөлбөрт сургалтанд бүрэн суугаагүй,өөрийнхөө оронд гадны хүн суулган шалгалт өгүүлж хууран мэхэлсэн.Иймд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг 2015-10-27-ны өдөр Хүний нөөцийн хэлтэст хүргүүлснийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.Хэргийн 31-35 дугаар хуудаст авагдсан сургалтын ажилтан Э.Болорчимэгийн илтгэх хуудас,шалгалтын тест,АТБ-ын хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Эрдэнэцогтын илтгэх хуудас,Б.Мөнхтөрийн тайлбар зэрэг нотлох баримтаар Б.Мөнхтөрийн гаргасан зөрчил нотлогдсон бөгөөд уг зөрчилд Автотээврийн байгууллагын даргын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай А/170 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байна.Б.Мөнхтөрд үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсаны дараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч цаашид сунгахгүй гэж шийдвэрлэсэнийг сахилгын шийтгэл давхардуулан оногдуулсан буюу ажлаас халсан гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгч Б.Мөнхтөрийн ажил олгогчийг хууран мэхэлсэн ёс зүйн шинжтэй   зөрчил гаргасныг үндэслэн цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн захиргааны шийдвэрийг буруутгах боломжгүй.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдлаа.

                  

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                            

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.Мөнхтөрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Энэ шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ