Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2019/00033

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нарийн бичгийн дарга Ө.Оюумаа, онлайнаар хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би *******ын Рашаант тооцооны төвд 2012 оны 10 дугаар сараас теллер, 2018 оны 01 дүгээр сараас ахлах теллерээр нийт 5 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, 2017 онд шилдэг теллерээр шалгарч байсан. Намайг *******ын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд чөлөөлсөн үндэслэлээ ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан үйлдэл гаргасан гэжээ. Надад дээрх үйлдлийг гаргасан асуудал байхгүй. Түүнчлэн Хаан банкны эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банканд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан асуудал байхгүй. Мөн харилцагч, байгууллага хоёрт ямар нэгэн хохирол учруулаагүй. Мэдээллээ алдсан гэх харилцагч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны гомдол хүлээн авах мэдээллийн лавлах 1917 тоот утсанд хандаж гомдлоо буцаасан. Түүний гомдол буцаах шалтгаан нь харилцагч хоорондын үл ойлголцол, хардалтаас болсон бөгөөд үүнийгээ ойлгоод гомдлоо татсан. Миний дээрх үйлдэл нь тухайн байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй боловч ноцтой хохирол учруулаагүй бөгөөд ажил үүргийн дагуу тогтвортой депозит татах зорилгоор ажлын байрны давуу талаа ашиглаж дансны мэдээллийг задруулаагүй гүйлгээг лавласан. Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь надад хүндэдсэн гэж үзэж байна. Зөрчлийн шинж байдлыг харгалзан өөр арга хэмжээ авах боломж байхад надад хэлэлгүй шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд *******ын Рашаант тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасны дагуу шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, Хаан банкны хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус үндэслэн ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд ******* нь үүнийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. ******* нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологийн журмын хориглох зүйлийн 1.8, 02-01-01, нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.69, 2.70, 2.73, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 3.2.10-д заасныг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. *******ийн гаргасан зөрчлийн улмаас харилцагч гомдол ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу аудитын шалгалт хийгдэж зөрчлийг тогтоосон. Иймд *******ын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаал хуульд нийцсэн учир *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргасан нотлох баримт эргэлзээтэй байхад үнэн зөвд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасантай нийцээгүй, ажилтныг ажлаас халсан Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны 67 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг зөв дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нотлох баримтыг эргэлзээтэй байхад буруу үнэлсэн талаар: Хариуцагч тал шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө харилцагчийн төвд хандсан харилцагч Б.Энхтуултай хийсэн ярианы аудио бичлэг, *******ийн ажлын байрандаа С.Түндэвтэй харилцсан видео бичлэгийг нотлох баримтаар ирүүлжээ. Эдгээр бичлэг нь зөвхөн банкны зүгээс гаргасан баримт байх бөгөөд уг бичлэгт дүрс, дуу оролцож байгаа, өөрөөр хэлбэл харилцаж байгаа хүмүүст танилцуулж, ийм үйлдэл яриа болсон гэдгийг гарын үсгээр буюу тэмдэглэлээр баталгаажуулаагүй тул үнэн зөв баримт гэж шууд үзэх боломжгүй байна. Техник, мэдээллийн технологийн одоогийн түвшинд ийм бичиг баримтыг өөрийгөө зөвтгөхийн тулд нэг тал дангаар үйлдэх боломжтой. Хаан банк *******ийн гаргасан гэх зөрчлийн талаар харилцагч Б.Энхтуулаас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн гомдлыг үндэслэсэн гэх тодотгол үндэслэлтэйгээр өөрийн дотоод хяналтаар буюу мэдээлэл технологийн аудитын газраараа шалгалт хийлгэж 2018 оны 02 дугаар сарын 09-нд 60-07/08 тоот аудитын дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтэд дурдахдаа Рашаант тооцооны төвийн камерын бичлэгийг үзсэн, *******ээс тайлбар бичүүлж авсан, харилцагч Б.Энхтуултай утсаар холбогдож тодруулга авсан гэж дурдсан байдаг бөгөөд сүүлд гаргаж өгсөн шиг 1917 төвийн ажилтан Б.Энхтуултай гомдлыг хүлээж авч харилцсан тийм бичлэг, ажилтны мэдүүлэг тайлбар байдаггүй нь дээр дурдсан дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Дотоод аудит дээр дурдсан дүгнэлтээрээ ******* Хаан банкны "Нууцын журам", "Ёс зүйн дүрэм" зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн байна. Ажилтан *******т холбогдох энэ дүгнэлтээ зөрчил гаргасан гэх этгээд буюу *******т танилцуулж зөвшөөрөх эсэх, тайлбар гаргах эсэх, дээд шатны алба, албан тушаалтанд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй байгаа нь нэг талын дангаар гаргасан ганцхан энэ дүгнэлтээр түүнд хууль зүйн хариуцлага ногдуулах үндэслэлгүйг харуулж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны 67 тоот тушаал нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг баримтлахдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь зохицуулалтыг бүхэлд нь баримталжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь хэсэг нь дотроо 28 зөрчлийг агуулсан байна. Хууль тогтоомжийг удирдлага болгох буюу өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан 28 төрлийн зөрчлийг ажилтан гаргасан гэх агуулгаар тушаалын үндэслэх хэсэг бичигдсэн байна. Тушаалын шийдвэрлэсэн хэсэгт хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3 дахь заалтыг баримталсан нь хөдөлмөрийн хуулийн заалттайгаа давхардаж байгааг буруу гэж үзэхгүй байлаа гэхэд уг журмын илүү нарийвчилсан зохицуулалт 4.4.2 дахь заалтыг баримтлаагүй байна. Тушаалын шийдвэрлэсэн нь хэсэгт Хаан банкны нууцын журмын 2, ёс зүйн дүрмийн 5, хөдөлмөрийн гэрээний 5 заалтыг дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гол үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлсон. Ажилтан *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т "Хаанбанкны ажилтны ёс зүйн дурэм"-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тодорхойлсон. Ийнхүү заасан ноцтой зөрчилд адилтган тооцох хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т шууд хамаарах заалт нь Ёс зүйн дүрмийн 2.1.10 дахь заалт юм. Гэтэл энэ заалтыг тушаалд баримтлаагүй байна. Хаан банкны 67 дугаар тушаал бол эрх зүйн онолын хувьд банкны салбар өөрийн эрх хэмжээний хүрээнд эрхийг бүтээж байгаа хэлбэр юм. Энэхүү эрхийг бүтээхдээ бусад хэм хэмжээнд байгаа зохицуулалтыг иш татан нэрлэж заах аргаар /бланкетный/ эрхийн хэм хэмжээг нөхөж гүйцээн бүтээж байгаа бол ёс зүйн дүрмийн 2.1.10 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 4.4.2 дахь заалтыг заавал иш татах замаар бүтээх ёстой. Иш татсан заалт нь хоёрдмол хандлагатай, эсхүл тухайн хэм хэмжээг нөхөн зохицуулж чадахгүй байгаа бол эрхийн хэм хэмжээг зөв бүтээсэн гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т ч өөрөө мөн ийм бланкетный хэм хэмжээ болно. Мэдээж банкны ажилтан ажил үүрэгт нь хамаарах бүхий л журмыг баримтлах, биелүүлэх үүрэгтэй боловч хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтын дотор тодруулж тухайлан нэрлэж заасан журам нь "Ёс зүйн дүрэм"-ийн дээрх 2.1.10 дахь заалт байгаа болно. Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д заасан Хаан банкны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, харилцагчийн банканд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн /Харилцагч данс, хадгаламж, банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ татсан, нийтэд банкийг найдваргүй гэж зарласан зэрэг/ ямар нэгэн үр дагавар гарсан баримт байхгүй байна. Эрх зүйн нийтлэг зарчмаар бол ажилтан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн субъектийн ёс зүйн асуудал эрхэлсэн дотоод бүтэц /Ёс зүйн хороо, комисс/ зөрчлийг шалгаад дүрэмд заасан хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд шилжүүлдэг. Дүгнэлт, санал: Банкны ажилтан ******* харилцагч Б.Энхтуулын харилцах дансны мэдээлэлд нэвтэрч харсан гэдэг үйл байдал тогтоогдсон. Гуравдагч этгээд С.Түндэвт ямар мэдээлэл дамжуулсан, түүнээс болж банк болон харилцагч Б.Энхтуулд ямар хохирол сөрөг үр дагавар учирсан гэх баримт энэ хэрэгт тогтоогдоогүй. Банкны салбарын захирлын 67 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. дэх заалтын шаардлагыг хууль зүйн хувьд хангаагүй, эрх зүйн зөрчилтэй. *******т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, түүний үр дагаварт тохироогүй байх тул анхан шатны шүүхийн 239 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү. *******т гаргасан зөрчилд дүйцэх бусад сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь хөөн хэлэлцэх хугацааны дотор ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах тул шүүх тусгайлан энэ талаар заах шаардлагагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь *******ын харьяа Рашаант тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2012 оны 10 дугаар сараас нь *******ын харьяа Рашаант тооцооны төвд теллерээр ажилд орж 2018 оны 01 дүгээр сарын 11 ний өдрөөс ахлах теллерээр ажиллажээ.

*******ын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12 ны өдрийн 67 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас нь халжээ.

Уг тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хаан банкны хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3 дахь заалт болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн орон нутгийн иргэдийн банкны Булган салбарын Рашаант тооцооны ахлах теллер Цэрэнбатын Эрдэнэчимэг нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дансны мэдээллийг лавласан, задруулсан үйлдэл гаргасан нь ноцтой зөрчил байх тул 2018 оны 02 дугаар сарын 12 ны өдрөөс тасалбар болгон түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь *******ын харьяа Рашаант тооцооны төвд теллерээр ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр харилцагч С.Түндэвийн гуйлтаар харилцагч Б.Энхтуулийн 5006876021 дугаар дансанд 11 удаа хандаж дансны мэдээллийг нь лавлаж, бусдад задруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, холбогдох хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо нотлох баримтыг эргэлзээтэй байхад буруу үнэлсэн гэжээ.

Харилцагчийн төвд хандсан харилцагч Б.Энхтуултай хийсэн ярианы аудио бичлэг болон *******ийн ажлын байрандаа С.Түндэвтэй харилцсан видео бичлэг нь Хаан банкны мэдээллийн технологийн аудитын газрын дүгнэлт /х/х-ийн 68 дугаар хуудас, нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар /х/х-ийн 89 дугаар хуудас, бичлэгийн агуулга тайлбарласан баримт зэргээр нотлогдож байх тул дээрх бичлэгүүдийг нотлох баримтаар үнэлсэн зөв байна.

Мөн дотоод аудитын дүгнэлтийг зөрчил гаргасан гэх этгээд буюу *******т танилцуулж зөвшөөрөх эсэх, тайлбар гаргах эсэх, дээд шатны алба, албан тушаалтанд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр зөрчил гаргажээ. Гэтэл нэхэмжлэгч харилцагчийн дансанд хандсанаа хүлээн зөвшөөрч, дахин дутагдал гаргахгүй ажиллах талаар тайлбар өгчээ. /х/х-ийн 89 дугаар хуудас/, Харин нэхэмжлэгч нь дотоод аудитын газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж санал, гомдол гаргаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

*******ын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР