Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00404

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар магадлалтай

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

“Х банк” ХХК-ийн Булган салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Х банк” ХХК-ийн Булган салбарын Рашаант тооцооны төвд 2012 оны 10 дугаар сараас теллер, 2018 оны 01 дүгээр сараас ахлах теллерээр нийт 5 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, 2017 онд шилдэг теллерээр шалгарч байсан. Намайг “Х банк” ХХК-ийн Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд чөлөөлсөн үндэслэлээ ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан үйлдэл гаргасан гэжээ. Надад дээрх үйлдлийг гаргасан асуудал байхгүй.

Түүнчлэн “Х банк” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан асуудал байхгүй. Мөн харилцагч, байгууллага хоёрт ямар нэгэн хохирол учруулаагүй. Мэдээллээ алдсан гэх харилцагч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Х банк” ХХК-ийн гомдол хүлээн авах мэдээллийн лавлах 1917 тоот утсанд хандаж гомдлоо буцаасан. Түүний гомдол буцаах шалтгаан нь харилцагч хоорондын үл ойлголцол, хардалтаас болсон бөгөөд үүнийгээ ойлгоод гомдлоо татсан. Миний дээрх үйлдэл нь тухайн байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй боловч ноцтой хохирол учруулаагүй бөгөөд ажил үүргийн дагуу тогтвортой депозит татах зорилгоор ажлын байрны давуу талаа ашиглаж дансны мэдээллийг задруулаагүй гүйлгээг лавласан. Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь надад хүндэдсэн гэж үзэж байна. Зөрчлийн шинж байдлыг харгалзан өөр арга хэмжээ авах боломж байхад надад хэлэлгүй шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд “Х банк” ХХК-ийн Булган салбарын Рашаант тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч “Х банк” ХХК-ийн Булган салбарын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, “Х банк” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус үндэслэн ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир Ц.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

Ц.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд Ц.Э- нь үүнийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ц.Э- нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь “Х банк” ХХК-ийн ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологийн журмын Хориглох зүйлийн 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.69, 2.70, 2.73, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 3.2.10-д зааснуудыг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Ц.Э-ийн гаргасан зөрчлийн улмаас харилцагч гомдол ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу аудитын шалгалт хийгдэж зөрчлийг тогтоосон.

Иймд “Х банк” ХХК-ийн Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаал хуульд нийцсэн учир Ц.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х банкны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар магадлалаар: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 тоот шийдвэрийг давж заалдах шатаар хянасан Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны 33 тоот магадлалыг 2019 оны 03 сарын 07-нд хүлээн авч танилцаад ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргасан нотлох баримт эргэлзээтэй байхад үнэн зөвд тооцсон нь ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, ажилтныг ажлаас халсан Х банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг зөв дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдсан боловч давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэл, хууль хэрэглээний онол, арга зүйн мэтгэлцээнд тодорхой дүгнэлт хийлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нотлох баримтыг эргэлзээтэй байхад буруу үнэлсэн талаар:

Хариуцагч тал шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө харилцагчийн төвд хандсан харилцагч Энхтуултай хийсэн ярианы аудио бичлэг, Ц.Э-ийн ажлын байрандаа Түндэвтэй харилцсан видео бичлэгийн нотлох баримтаар ирүүлсэн. Эдгээр бичлэг нь зөвхөн банкны зүгээс гаргасан баримт байх бөгөөд уг бичлэгт дүрс, дуу оролцож  байгаа, өөрөөр хэлбэл харилцаж байгаа хүмүүст танилцуулж, ийм үйлдэл яриа болсон  гэдгийг гарын үсгээр буюу тэмдэглэлээр баталгаажуулаагүй тул үнэн зөв баримт гэж шууд үзэх боломжгүй байна. Техник, мэдээллийн технологийн одоогийн түвшинд ийм бичиг баримтыг өөрийгөө зөвтгөхийн тулд нэг тал дангаар үйлдэх боломжтой.

Х банк Ц.Э-ийн гаргасан гэх зөрчлийн талаар харилцагч Энхтуулаас 2018.01.30-ны өдөр ирүүлсэн гомдлыг үндэслэсэн гэх тодотгол үндэслэлтэйгээр өөрийн дотоод хяналтаар буюу Мэдээлэл технологийн аудитын газраараа шалгалт хийлгэж 2018.02.09-нд 60-07/08 тоот Аудитын дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтэд дурдахдаа Рашаант тооцооны төвийн камерийн бичлэгийг үзсэн, Ц.Э-ээс тайлбар бичүүлж авсан, харилцагч Энхтуултай утсаар холбогдож тодруулга авсан гэж дурдсан байдаг бөгөөд сүүлд гаргаж өгсөн шиг 1917 төвийн ажилтан Энхтуултай гомдлыг хүлээж авч харилцсан бичлэг, ажилтны мэдүүлэг тайлбар байдаггүй нь дээр дурдсан дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Дотоод аудит дээр дурдсан дүгнэлтээрээ Ц.Э- Х банкны “Нууцын  журам”, “Ёс зүйн дүрэм” зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн байна. Ажилтан Ц.Э-т холбогдох энэ дүгнэлтээ зөрчил гаргасан гэх этгээд буюу Ц.Э-т танилцуулж  зөвшөөрөх эсэх, тайлбар гаргах эсэх, дээд шатны алба, албан тушаалтанд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй байгаа нь нэг талын дангаар гаргасан ганцхан энэ дүгнэлтээр түүнд хууль зүйн хариуцлага ноогдуулах үндэслэлгүйг харуулж байна. Гэтэл анхан шатны шүүх  дээрх баримтуудыг үнэн зөвд тооцсон нь ИХШХШТ хуулийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх ба давж заалдсан энэ  үндэслэлд 33 тоот магадлал хариулаагүй байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Х банкны Булан салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны 67 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлахдаа ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь зохицуулалтыг бүхэлд нь  баримталжээ. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь хэсэг нь дотроо 28 зөрчлийг агуулсан байна. Хууль тогтоомжийг удирдлага болгох буюу өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан 28 төрлийн зөрчлийг ажилтан гаргасан гэх агуулгаар тушаалын үндэслэх хэсэг бичигдсэн байна.

Тушаалын шийдвэрлэсэн хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3 дахь заалтыг баримталсан нь Хөдөлмөрийн хуулийн заалттайгаа давхардаж байгааг буруу гэж үзэхгүй байлаа гэхэд уг журмын илүү нарийвчилсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т харилцагч хамаарах зохицуулалт 4.4.2 дахь заалтыг баримтлаагүй байна.

Тушаалын шийдвэрлэсэн нь хэсэгт Х банкны нууцын журмын 2, Ёс зүйн  дүрмийн 5, Хөдөлмөрийн гэрээний 5 заалтыг дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.4-т заасан ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гол үндэслэлийг ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлсон. Ажилтан Ц.Э-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т Х банкны ажилтны ёс зүйн дүрэмд хөдөлмөрийн  сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тодорхойлсон. Ийнхүү заасан ноцтой зөрчилд адилтган тооцох хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т шууд хамаарах заалт нь Ёс зүйн дүрмийн 2.1.10 дахь заалт. Гэтэл энэ заалтыг тушаалд баримтлаагүй байгаа нь Ц.Э-ийг сахилгын шийтгэлээр халсан тушаалын хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-тэй нийцэхгүй буюу хууль ёсны биш байна.

Х банкны 67 дугаар тушаал бол эрх зүйн онолын хувьд банкны салбар өөрийн эрх хэмжээний хүрээнд эрхийг бүтээж байгаа хэлбэр юм. Энэхүү эрхийг бүтээхдээ бусад хэм хэмжээнд байгаа зохицуулалтыг иш татан нэрлэж заах аргаар /бланкетный/ эрхийн хэм хэмжээг нөхөж гүйцээн бүтээж байгаа бол Ёс зүйн дүрмийн 2.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.2 дахь заалтыг заавал иш татах замаар бүтээх ёстой. Иш татсан заалт нь хоёрдмол хандлагатай, эсхүл тухайн хэм хэмжээг нөхөн зохицуулж чадахгүй байгаа бол эрхийн хэм хэмжээг зөв бүтээсэн гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 ч өөрөө мөн ийм бланкетный хэм хэмжээ болно.

Мэдээж банкны ажилтан ажил үүрэгт нь хамаарах бүхий л журмыг баримтлах,  биелүүлэх үүрэгтэй боловч Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтын дотор тодруулж тухайлан нэрлэж заасан журам нь "Ёс зүйн дүрэм"-ийн дээрх 2.1.10 дахь заалт байгаа болно.

Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д заасан Х банкны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн /Харилцагч данс, хадгаламж, банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ татсан, нийтэд банкийг найдваргүй гэж  зарласан зэрэг/ ямар нэгэн үр дагавар гарсан баримт байхгүй байна.

Text Box: б' ш н: I ТСЭрхзүйн нийтлэг зарчмаар бол ажилтан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа  бол тухайн субъектийн ёс зүйн асуудал эрхэлсэн дотоод бүтэц /Ёс зүйн хороо, комисс/ зөрчлийг шалгаад дүрэмд заасан хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд шилжүүлдэг.

Иймд хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг зөвтгөж, давж  заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох дараах үндэслэл байна гэж үзэж  байна.

Давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдол буюу мэтгэлцээнд бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй хялбаршуулсны дээр хяналтын шатны шүүхийн тогтоолыг хүлээн аваад хуульд заасан журмаар шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж татгалзлыг хүлээн авсан бол хэргийг Ерөнхий шүүгчийн захирамжаар адил шатны шүүхэд шилжүүлэх байтал татгалзсан бүрэлдэхүүн дахин давж заалдах хурлыг 2019 оны 01 дүгээр сарын 24-нд зарлаж хэргийн оролцогчийн өөр аймагт очих, дахин татгалзал гаргахад хүргэсэн нь ИХШХШТ хуулийг зөрчсөн.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд байсан, хэргийн оролцогч татгалзсан шүүгч Са.Уранчимэг 33 тоот магадлал гаргасан Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд оролцож шийдвэр гаргасан, түүнийг татгалзсан асуудлыг давж заалдах шатны шүүхүүд огт шийдвэрлээгүй орхисон нь ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.4-т заасан үндэслэлийг дахин бий болгосон. Өмнө нь татгалзсан асуудлыг шийдвэрлэлгүй шүүгч өөрөө бүрэлдэхүүнд орж ирэхээр нь нөхцөл байдлыг мэдэж байсан ч би татгалзал дахин гаргаагүй. Нэгэнт шүүгчийг татгалзсан асуудал шийдвэрлэгдэж байж хурал үргэлжлэх ёстой. Нөгөө талаар энэ нөхцөл байдал Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлээр зохицуулагдсан ба татгалзалд хамаарах шүүгч энэ байдлыг дурдаж татгалзах эрхийг хангах боломжийг өөрөө бүрдүүлэх хуулийн үүрэгтэй.

Х банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтын шаардлагыг хууль зүйн хувьд хангаагүй, эрх зүйн зөрчилтэй.

Ц.Э-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, түүний үр дагаварт тохироогүй байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг ханган, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 тоот магадлалыг хүчингүй болгоно уу.

Ц.Э-т гаргасан зөрчилд дүйцэх бусад сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь хөөн хэлэлцэх хугацааны дотор ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах тул шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Э- нь “Х банк” ХХК-ийн Булган салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулахыг хүсчээ.

Нэхэмжлэгч Ц.Э- 2012 оноос Х банкны Булган салбарын Рашаант тооцооны төвд теллерээр, 2018 оны 01 дүгээр сараас ахлах теллерээр ажилласан. Салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  67 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Хөдөлмөрийн гэрээний 5.7., хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3. дахь заалтуудыг үндэслэн “...ажлын байрны давуу талаа ашиглаж харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан нь Х банкны Ёс зүйн журам, Банкс программ ашиглах технологи журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнүүдийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажилтан ажлаас үндэслэлгүй халсан гэх үзэн  зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалд заасан зөрчлийг гаргаагүй, Х банкны эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаагүй, түүнчлэн банк, харилцагчид ямар нэг хохирол учруулаагүй. ...ажил үүргийн дагуу тогтвортой дипозит татах зорилгоор ажлын байрны давуу талаа ашиглаж, мэдээллийг задруулалгүй гүйлгээг лавласан. Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь хүндэдсэн, зөрчлийн шинж байдлыг харгалзан өөр арга хэмжээ авах боломж байхад надад хэлэлгүй шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй...” гэж тайлбарлажээ.

Х банкны харилцагчийн мэдээллийн төвд иргэн Б.Энхтуулаас гаргасан  “...түүний дансны орлого, зарлагын гүйлгээг Булган аймагт байгаа хүн мэдээд байна...” гэх  гомдлыг үндэслэн банкны Мэдээллийн технологийн аудитын газраас шалгахад Булган аймгийн Рашаант тооцооны төвийн ахлах теллер Ц.Э- харилцагчийн дансыг лавласан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар Ц.Э-ээс тодруулахад “...харилцагч Түндэв ...тоот дансны харилцагчийн нэр, дансанд хэдэн төгрөг байгааг мэдээд өгөөч гэж асуусан боловч дансанд хэдэн төгрөг байгааг хэлээгүй, харин энэ хүнд их хэмжээний мөнгөө алдсан гэхээр нь өөрийн сонирхлын үүднээс харилцагчийн дансыг лавлаж үзсэн...” гэж тайлбарласан үйл баримт Мэдээллийн технологийн аудитын газрын Аудитын дүгнэлтээр тогтоогджээ.

Ажилтны дээрх үйлдэл нь Х банкны Нууцын журмын 2.2.3-т заасан “банк нь хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээллийг Банкны тухай хуулийн 7.2.-т зааснаар бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задлах, ашиглахыг банкны бүх түвшний ажилтанд хориглоно” гэсэн, 3.2.2.-т заасан “ажилтан нь ажил үүргийн дагуу банкны болон хувь хүний нууцтай танилцсан бол хууль, журмын дагуу цаашид гуравдагч этгээдэд задруулахгүй байх” гэсэн журам, Х банкны ёс зүйн дүрмийн  5.7.1.-д заасан “Х банкны нууцын журмыг чандлан баримталж, журамд заасан бакны дотоод үйл ажиллагаа, ...болон харилцагчид хамаарах ...бүхий л зүйлийг нууцын зэрэглэл тогтоосон эсэхээс үл хамааран хуульд зааснаас бусад тохиолдолд удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, задруулахыг завдахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Ёс зүйн дүрмийн 5.7.1. дэх заалтыг зөрчсөнийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцохоор дүрмийн 2.1.10.-д зохицуулсан, Хөдөлмөрийн гэрээний 5.7.2.-т Х банкны ажилтны ёс зүйн дүрэмд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцохоор заасан зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тус тус зохицуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажилтан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж хариуцагч маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нь Банкны тухай хууль, Х банкны нууцын журам, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, нотлох баримтад тулгуурлан өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан.

Ажилтны гаргасан зөрчил зохигчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байх тул ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иймд “...ажил олгогчийн шийдвэр ажилтны гаргасан зөрчилд тохироогүй, шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон журмыг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД