Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 0239

 

    Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн “Аргал хайрхан” гэх газар оршин суух, Э овогт Ц. Э ийн нэхэмжлэлтэй, Хаан банкны Булган салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00166/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1956 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Орхон аймгийн Баян-Өндөр суманд  оршин суух, Б овогт Р. Н

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1978 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, Хаан банкны Хүний нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хуулийн зөвлөх, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13 дугаар хорооллын 107-17 тоотод оршин суух, Т овогт Н. А   хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Баасанжав, гэрч С.Т, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвд 2012 оны 10 дугаар сараас теллер, 2018 оны 01 дүгээр сараас ахлах теллерээр нийт 5 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, 2017 онд шилдэг теллерээр шалгарч байсан. Намайг Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд чөлөөлсөн үндэслэлээ ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан үйлдэл гаргасан гэжээ. Надад дээрх үйлдлийг гаргасан асуудал байхгүй. Түүнчлэн Хаан банкны эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан асуудал байхгүй. Мөн харилцагч, байгууллага хоёрт ямар нэгэн хохирол учруулаагүй. Мэдээллээ алдсан гэх харилцагч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны гомдол хүлээн авах мэдээллийн лавлах 1917 тоот  утсанд хандаж гомдлоо буцаасан. Түүний гомдол буцаах шалтгаан нь харилцагч хоорондын үл ойлголцол, хардалтаас болсон бөгөөд үүнийгээ ойлгоод гомдлоо татсан. Миний дээрх үйлдэл нь тухайн байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй боловч ноцтой хохирол учруулаагүй бөгөөд ажил үүргийн дагуу тогтвортой депозит татах зорилгоор ажлын байрны давуу талаа ашиглаж дансны мэдээллийг задруулаагүй гүйлгээг лавласан. Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь надад хүндэдсэн гэж үзэж байна. Зөрчлийн шинж байдлыг харгалзан өөр арга хэмжээ авах боломж байхад надад хэлэлгүй шууд ажлаас чөлөөлсөнийг зөвшөөрөхгүй байна. Иймд Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э  нь Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвд 2012 оны 10 дугаар сараас теллер, 2018 оны 01 дүгээр сараас ахлах теллерээр нийт 5 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын ямар нэг шийтгэл хүлээж байгаагүй. Түүнийг Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна. Ц.Э  нь 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдөр харилцагч Энхтуулын дансны мэдээлэлийг лавласнаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ мэдээлэлийг лавлаад хэн нэгэн этгээдэд дамжуулсан, задруулсан зүйл байхгүй, Ц.Э т ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан гэх зөрчлийн үр дагаварт тохироогүй, өөр арга хэмжээ авч болох байсан. Гаргасан зөрчилтэй нь холбоотойгоор Хаан банкны дотоод аудит шалгалт хийсэн бөгөөд  гарсан дүгнэлт нь нэг талыг барьж гарсан. Өөрөөр хэлбэл уг дүгнэлтийг нэхэмжлэгч Ц.Э т танилцуулаагүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх,  дүнэлтэд бичсэн зүйлүүд үнэн зөв эсэх талаар холбогдох хүмүүсээс тайлбар аваагүй, дүгнэлт талуудын оролцоог хангаагүй. Нэхэмжлэгч Ц.Э  нь дотоод Аудитын хүмүүст өгсөн тайлбартаа банкны хууль ёсны эрх, ашиг сонирхолд харш, сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаагүй гэж бичсэн. Мөн харилцагч, байгууллага хоёрт ямар нэгэн хохирол учруулаагүй. Ц.Э ийг ажлаас халах тушаалд олон үндэслэл зааж, эрх зүйн баримт бичгийн олон зүйл заалт дурдагдсан байсан. Жишээ нь: Банкны Нууцын журмын 2.2.3 дахь заалт дотроо 7 зүйлийг заасан, эдгээрээс аль нь Ц.Э ийн гаргасан  зөрчилд хамаарч байгааг дурдаагүй, мөн 3.2.2 дахь заалт  4 зүйл хэсэгтэй бөгөөд үүнээс алийг зөрчсөн нь тодорхойгүй. 3.2.2-т ажил үүргийн дагуу харилцагчийн мэдээлэлтэй танилцсан этгээд гуравдагч этгээдэд задруулсан гэж заасан бөгөөд харилцагчийн мэдээллийг задруулсан зүйл баримтаар нотлогдоогүй байна. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.7.2, 5.7.3 гэж ерөнхий заалтуудыг баримталсан. Хаан банкны Ёс зүйн дүрмийн 2.1.10-д хөдөлмөрийн ноцтой зөрчилд ямар зөрчил хамаарах нь тодорхой байх ёстой байтал тодорхойгүй байна. Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаал хуульд нийцэж гараагүй тул Ц.Э ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

Хариуцагч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, Хаан банкны хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус үндэслэн ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир Ц.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ц.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д  хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд Ц.Э  нь үүнийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ц.Э  нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологийн журмын Хориглох зүйлийн 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.69, 2.70, 2.73, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 3.2.10-д зааснуудыг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Ц.Э ийн гаргасан зөрчлийн улмаас харилцагч гомдол ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу Аудитын шалгалт хийгдэж зөрчлийг тогтоосон. Иймд Хаан банкны Булган салбарын зархирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаал хуульд нийцсэн учир Ц.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаалаар Ц.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ц.Э ийн гаргасан зөрчил нь харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дансны мэдээлэлийг лавласан, бусдад задруулсан ноцтой зөрчил юм. Энэхүү зөрчил  нь Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологийн журмын Хориглох зүйлийн 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.69, 2.70, 2.73, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 3.2.10-д заасныг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Ц.Э ийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар хэрэгт авагдсан байгаа. Харилцагч Энхтуулын гомдлын дагуу Аудитын шалгалт хийгдэж уг зөрчлийг илрүүлсэн. Дотоод Аудитын шалгалтаар зөрчил гаргасан гэж үзсэн учраас хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон.  Ахлах теллерээр ажиллаж байсан Ц.Эрдэнчимэг нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр харилцагч Н.Түндэвт харилцагч Энхтуулын дансны мэдээлэлийг өгсөн ба уг үйлдэл нь камерийн бичлэгт тодорхой харагдаж байгаа. Мөн харилцагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн өдөр Энхтуулын дансны мэдээлэл рүү 11 удаа хандсан нь дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Иймд Ц.Э ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Гэрч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний дансанд 1000000 төгрөг орсон бөгөөд ямар хүнээс мөнгө орсон болохыг мэдэхээр банк орсон. Харилцагчийн нэрийг асууж очсон болохоос Энхтуулийн дансны мэдээлэлийг хараад өгөөч гэж хэлээгүй. Тэгээд ч ахлах теллер Ц.Э  харилцагчийн нууц гээд хэлж өгөөгүй. Энхтуул бид хоёрын дунд мөнгөний тооцоо байсан учраас дансанд орж ирсэн мөнгө хэнээс орж ирснийг мэдэх гэж л очсон гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э  нь Хаан банкны Булган салбарт холбогдуулан, ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн учир ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч “Ц.Э  нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.[1] 

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Э  нь 2012 оны 10 дугаар сараас Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвд теллерээр, 2018 оны 01 дүгээр сараас тус төвд ахлах теллерээр ажиллаж байсан ба Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна.[2]

Ц.Э ийг ажлаас чөлөөлөхдөө 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Э  нь Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвд  ахлах теллерээр ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харилцагч С.Түндэвийн гуйлтаар харилцагч Б.Энхтуулын 5006876021 тоот дансанд 11 удаа хандаж дансны мэдээллийг нь лавлаж, бусдад задруулсан үйл баримт тогтоогдож байх ба түүний гаргасан дээрх зөрчил нь “Булган салбарын Рашаант тооцооны төвийн ахлах теллер Ц.Э  нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулсан байна” гэх Хаан банкны Мэдээллийн технологийн Аудитын газрын дүгнэлт[3], Ц.Э ийн Аудитын газарт гаргасан “...өөрийн сонирхлын үүднээс цааш лавлаж үзсэн. Цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй” гэх тайлбар[4], “ 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1630 цагт ахлах теллер Ц.Э , харилцагч С.Түндэвт баримтын цаасны ард харилцагчийн дансны мэдээллийг бичиж өгч, С.Түндэв мэдээлэл бүхий цаасыг халаасандаа хийгээд утсаа оролдож байгаад гарч явж байгаа”  СД-нд буулгасан камерийн бичлэг[5],  харилцагч Б.Энхтуулын Хаан банкны харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарын утсанд холбогдож “...миний дансны хуулгыг банкны ажилтнаар дамжуулаад хүн авчихсан байна, Булган аймгийн нэг хүн дансанд хийгдсэн бүх гүйлгээг мэдээд, хэлээд байна, үүнийг шалгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлын бичлэг[6] зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь харилцагч Б.Энхтуулын дансны мэдээллийг өөрөө сонирхож үзсэн, бусдад дамжуулаагүй, задруулаагүй гэж маргаж байгаа болов ч энэ дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь банкны дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргасан нь үнэн боловч энэ үйлдлийн улмаас банкинд ямар нэг хохирол учраагүй, сахилгын шат дараалсан арга хэмжээ авах боломж байсан гэж маргаж байгаа хэдий ч харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Хаан банкны банкс программ ашиглах технологи журмын хориглох зүйлийн 1.8,[7]  ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.69, 2.70, 2.73 дахь заалт,[8]  Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.7 дугаар зүйлийн 5.7.1 дэх заалтыг[9] тус тус зөрчсөн байна. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчмэгийн дээрх гаргасан зөрчлийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 5.7-д “...дор дурдсан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах...”, 5 дугаар зүйлийн 5.7.1-д заасан “...Хаан банкны эрх ашиг, сонирхолд харш сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”,  5.7.2-т “...Хаан банкны ажилтны ёс зүйн дүрэм”-д “хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан”,  5.7.3-д “...ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, ...аливаа үйлдэл эс үйлдэхүй гаргасан...”, зэрэг зөрчил  гаргасан нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарч байх бөгөөд Хаан банкны ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.10-т “...энэхүү дүрмийн ........5.7.1-д заасныг зөрчсөн тохиолдлыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцно” гэжээ.[10]

Дээрх зөрчлийн улмаас банкинд хохирол учраагүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа ч энэ нь зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд Хаан банкны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нэхэмжлэгч Ц. Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хаан банкны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ДАРЬСҮРЭН

 


[1] хх1-3, 34 тал

[2] хх 5 тал /шүүх хуралдаанд камерийн бичлэгийг талуудад үзүүлсэн/

[3] хх 68 тал

[4] хх 89 тал

[5] хх 105 тал

[6] хх 106-18 тал

[7] хх 85 тал

[8] хх 76, 80 тал

[9] хх 56 хуудасны ар тал

[10] хх 54 хуудасны ар тал