Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 187/2016/0092/э |
Дугаар | 724 |
Огноо | 2016-11-17 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 724
М.Норжмаад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Жаргалсайхан,
ялтан М.Норжмаа /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,
нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Норжмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201626030867 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Олхонууд хөвхөр овгийн Мянганбаатарын Норжмаа, 1979 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 20-341 тоотод оршин суух,
2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг өршөөн хасч, хорих ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: ШД79122903/
М.Норжмаа нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлэн, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15 дугаар гудамжинд Г.Энхмандахын хоолойг боож, үснээс нь зулгаан амь биед нь аюултай хүч хэрэглэн 125,000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас М.Норжмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Норжмааг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан М.Норжмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн гэм буруугаа хүлээж хохирлоо төлсөн, хохирогч Г.Энхмандах хохирол, гомдол байхгүй гэдгээ илэрхийлсэн. Би одоо 5 сартай жирэмсэн, эмнэлэгт эмчлүүлж байгаа. Энэ талаар гар картанд минь дурьдагдсан байгаа. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хэрэг болох үед цуг байсан Баярсайхан намайг ирж салгасан байхад Ганаа ах салгасан гэж мэдүүлэг өгснийг гайхаж байна. Анх Баярсайхан, Обо, Ганаа бид дөрөв сууж байхад Ганаа ах “энэ хүүхэнтэй танилцмаар байна. Чи эмэгтэй юм чинь оч” гээд байсан юм. Давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.
Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М.Норжмаа нь үйлдсэн хэргээ хүлээн үнэн зөв мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх М.Норжмааг өмнө нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлэн, ялтай байхдаа давтан үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн. М.Норжмаа нь дээрмийн гэмт хэргийг давтан үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
М.Норжмаа нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлэн, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15 дугаар гудамжинд Г.Энхмандахын хоолойг боож, үснээс нь зулгаан амь биед нь аюултай хүч хэрэглэн 125,000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Г.Энхмандахын: “... өрөөсөн монетон ээмгээ хайгаад Яармагийн Жаргалантын 7 дугаар гудамж руу орсон. Уг гудамжаар ортол миний араас согтуу 3 эрэгтэй, 1 эмэгтэй дагаад “хүүе юу хаячихсан юм бэ, чиний хаясан юм чинь энд байна” гээд байсан. Би тэд нарын яриаг огт тоолгүй явсаар гэртээ орсон. Гэрт ээмэг маань байгаагүй тул буцаад гартал нөгөө согтуу 3 эрэгтэй, 1 эмэгтэй манай зүүн урд талд, шар байшингийн сүүдэрт сууж байсан. Нөгөө согтуу эмэгтэй нь над дээр ирээд “юу хаячихсан юм бэ” гэхээр нь “өрөөсөн ээмгээ хаячихлаа” гээд өөрт байсан ээмгээ харуулаад, цүнхнийхээ хажуугийн жижиг халаасанд хийсэн. Тэр согтуу эмэгтэй миний цамцны араас татахаар нь цамцаа тайлж үлдээгээд зугтаах гэтэл дахин гарнаас татаад, үснээс зулгаасан. Би тэр үед тусламж гуйн орилоход “орилохоо болиорой” гээд байсан. Нөгөө 3 залуу “болиоч” гэж тэр эмэгтэйд хэлсэн атлаа салгахгүй хажуугаар гараад явсан. Тэгээд байж байтал хашаанаас нэг эмээ гарч ирэхэд нөгөө согтуу эмэгтэй намайг зодож үснээс зулгаахаа болиод, миний цүнхийг татаад халааснаас нь өрөөсөн ээмгийг аваад яваад өгсөн...” /хх-22-23/,
- Гэрч Ц.Дангаасүрэнгийн: “... гудамжинд нэг эмэгтэй орилоод байхаар нь хашаанаас гарахад зүүн талд 20 метр зайд гудамжинд шар, богино үстэй эмэгтэйн үснээс нэг эмэгтэй зулгаагаад зогсч байсан. Явсных нь дараа шар үстэй охин уйлаад “миний цүнхнээс ээмгийг минь аваад явчихлаа” гэсэн. Тэр согтуу эмэгтэй ганцаараа явж байсан...” /хх-28-29/,
- Гэрч Ё.Ганхуягийн: “... Ообоо, Баярсайхан, Норжмаа бид нар гудамжинд сууж байхад туранхай, 30 орчим насны, шар богино үстэй хүүхэн юм хаячихсан бололтой хайгаад байсан. Норжмаа тэр хүүхэн дээр очоод үснээс нь зулгаагаад барьж авсан... яагаад Норжмаа тэр эмэгтэйн үснээс зулгаасныг мэдэхгүй байна. Уг нь хэрүүл маргаан, зодоон огт болоогүй...” /хх-26-27/,
- Гэрч Г.Отгонбатын: “... Ганаа бид хоёр явж байгаад Баярсайхан, Норжмаа хоёртой таарсан. Тэгтэл манай арын гудамжинд шар богино үстэй, 30 орчим насны эмэгтэй юм хаячихсан бололтой хайгаад яваад байсан... Тэгээд бид нар баруун тийш явсаар байгаад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15 дугаар гудамжны үзүүрт очсон. Норжмаа архи гаргаж ирээд тойруулсан. Тэгтэл гудамжны нөгөө талаас шар үстэй эмэгтэй буцаж гарч ирээд бид нарын урдуур явахад Норжмаа таньдаг хүн шиг босч очоод “юугаа хаячихсан юм бэ” гээд асууж байсан... гэнэт Норжмаа үснээс нь зулгаагаад авсан... Тэр эмэгтэйгээс ямар нэгэн зүйлийг Норжмаа булааж, дээрэмдэж авсан талаар мэдэх зүйл байхгүй...” /хх-32-33/,
- Гэрч Э.Баярсайханы: “...Норжмаа бид хоёр Ганхуяг, Отгонбат хоёртой Яармагийн эцэст таарсан. Бид нар 1 шил архи хувааж уухаар Сонсголонгийн 15 дугаар гудамжны дунд хэсэгт өндөр байшингийн ард сүүдэрт суусан. Гудамжны баруун талын хашаанаас шар богино үстэй эмэгтэй гарч ирээд нааш, цааш яваад тонгойгоод ямар нэгэн юм хаячихсан бололтой хайгаад байсан. Тэр үед Норжмаа очоод хаясан юмыг нь хайж байх шиг байсан... гэнэт ард хүн ноцолдох чимээ гарахаар нь хартал Норжмаа нөгөө шар богино үстэй эмэгтэйтэй барьцалдаж, зууралдсан байсан. Отгонбат, Ганхуяг хоёр “болиулаач” гэж хэлчихээд цаашаа алхаад явчихсан. Тэгэхээр нь би буцаж алхах зуураа “болиоч” гэж Норжмаад хэлэхэд болиод хүрээд ирсэн...” /хх-39-41/,
- Гэрч Б.Пүрэвгэрэлийн: “... 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Энхмандах “гудамжинд хүн зодоод, үснээс минь зулгаасан” гээд айж сандарсан, цочролд орсон байдалтай, цээжин хэсэг нь улайсан орж ирсэн... эмэгтэй хүн дээрэмдсэн, хамт явсан 3 эрэгтэй хүн нь надад хүрээгүй, эмэгтэй нь зодож, ээмэг авсан тухай хэлсэн...” /хх-34-35/,
- Гэрч Ц.Энхмаагийн: “... 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай ломбарданд “Энхжаргалын Баярсайхан” гэх хүний нэрээр 1,1 граммтай жинтэй өрөөсөн монетон ээмэг 41,000 төгрөгийн барьцаанд тавигдсан байна...” /хх-38/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Г.Энхмандахын биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн шинжээчийн №8654 дүгээр дүгнэлт /хх-44/,
- М.Норжмаагаас хохирогчийн ээмгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-19-20/,
- Хохирогч Г.Энхмандахын ээмэгний зах зээлийн үнэлгээ /хх-42/,
- М.Норжмаагийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан.
Анхан шатны шүүх, М.Норжмааг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээний ялыг оногдуулсан байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв.
Ялтан М.Норжмаа нь урьд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа ялтай байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшуулахад анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн байхыг, мөн хуулийн 551 дүгээр зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн байхыг тус тус шалгуур болгон хуульчилсан учраас хүнд гэмт хэрэг давтан үйлдсэн М.Норжмаагийн хувьд дээрх хуулийн зүйл, хэсгийг хэрэглэн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар ялтан М.Норжмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Норжмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН