Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2019/00052

 

 

*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******, С.Жаргалсайхан нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00204 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, С.Жаргалсайхан нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч *******, С.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* 2015.01.09-ний өдөр надаас 4.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдэж аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо хийхгүй намайг хохироосоор байна. *******гээс авах ёстой төлбөрөө тооцвол үндсэн төлбөр 4.000.000 төгрөг, зээлийн хүү 2.160.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг нийт 8.160.000 төгрөг авахаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг төлөөд түүнээс өөр төлбөр хийгээгүй учир нийт төлөх төлбөрөөс нь түүний төлсөн мөнгийг хасаад 7.660.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 2015 онд ******* гэдэг хүнээс ямар ч зээл аваагүй энэ хүний барааг нь ч хараагүй танихгүй болно. Харин 2014.10.09-ний өдөр Андын сор ХЗХ-оос 1.500.000 төгрөгийн зээл аваад буцааж төлж дуусгасан юм. Ингэхдээ өөрийн өмчлөлийн Хүрэнбулаг багийн 4-20-66 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьсан байсан бөгөөд буцааж гэрчилгээгээ одоо хүртэл аваагүй болно. Харин миний дүү С.Жаргалсайхан нь манай хашаа байшингийн гэрчилгээг намайг зээл авахаас өмнө барьцаанд тавьж тус хоршооноос зээл авсан байсан бөгөөд 2014 оны 10 хүүхэд хурим хийх гээд мөнгө яаралтай хэрэг болж дүүдээ хэлээд тэгээд л тус хоршооноос 1.500.000 төгрөгийг байрныхаа гэрчилгээг тавьж зээлсэн юм. Өөр ямар ч зээл авч байгаагүй. Сургийг нь сонсоход энэ хүн Андын сор ХЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн гэж сонслоо. Иймээс энэ хүн миний ХЗХоршоонд бүрдүүлж өгсөн баримтуудыг ашиглан засварлаж энэхүү энэхүү нэхэмжлэлийг гаргажээ гэж ойлгож байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

******* зээлдэгч *******д холбогдуулан 2015 оны 01 сарын 09-нд авсан 4.000.000 төгрөгийн зээлээ төлөхгүй байсаар 2016 оны 05 сарын 12-нд 500.000 төгрөг төлөөд түүнээс хойш мөнгө төлөөгүй учир шүүхэд хандаж үндсэн зээлийн үлдэгдэл 3.500.000 төгрөг, зээлийн хүүд 2.160.000 төгрөг,алданги 2.000.000 сая төгрөг, нийт 7.660.000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд С.Лхавасүрэнгийн төрсөн дүү С.Жаргалсайхан 2015 оны 02 сарын 09-ний өдрөөс хойш зээлийн хүүд 3.281.000 төгрөг төлсөн байх учир С.Жаргалсайханыг хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 4.160.000 төгрөгөөр багасгаж үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 3.500.000 төгрөгийг гаргуулан авахаар шаардлагаа өөрчиллөө. Иймд *******, С.Жаргалсайхан нараас 3.500.000 төгрөг гаргуулан авахаар шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч С.Жаргалсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би *******тэй хамт ажилладаг байсан болохоор Андын сор ХЗХ-оос 2012 оноос хойш хэрэгцээтэй үедээ мөнгө зээлж авдаг байсан. Гэхдээ би 2015 оны 01 сарын 09-нд 4.000.000 төгрөг зээлж аваагүй. Харин өмнө нь авч байсан зээлүүд чинь нийлээд 4.000.000 төгрөг болсон шүү, хүү нь сар бүр 180.000 төгрөг төлөөрэй гэж нярав н.Алтанцэцэг нь хэлээд 2015 оны 02 сараас эхлээд сар бүр төлж байсан. Мөн үндсэн зээлд ч мөнгө төлж байсан. Би яг одоо нарийн он сарыг нь мэдэхгүй байна. Маш их мөнгө төлсөн. Сүүлдээ би 2016 оны 08 сараас хойш төлөхөө больсон. Яагаад гэвэл бөөнөөр өгсөн мөнгийг ерөөсөө хасаж тооцоогүй байхаар нь тэр чигт нь хаясан. Тэгээд би ер нь тооцоо дууссан гэж бодоод явж байтал 2017 оны 08 сард ах С.Лхагвасүрэн над руу чи нөгөө зээлийг төлж дуусаагүй юм уу. 1.000.000 төгрөгийг яагаад тушаагаагүй юм бэ гэж уурласан. Би 1.500.000 төгрөг авсан зээлийг ярьж байна гэж ойлгоод төлчихсөн. Наадуул чинь миний авсан зээлээс өгсөн мөнгийг минь хасахгүй болохоор нь би уурласан юмаа. Тэгээд л тань руу ярьж байгаа юм, буруу гэж хэлсэн. Энэ ******* миний авч төлж байсан зээлэнд ямар ч хамаа байхгүй. Ах С.Лхагвасүрэн ч би ч Нямсүрэнгээс 4.000.000 төгрөг зээлж аваагүй. Би энэ Андын сор ХЗХ-д 2015 оны 02 сарын 09-ний өдрөөс 2016 оны 7 сарыг дуустал одоо хэрэг дотор байгаа баримтаар /орлогын/ 3.811.750 төгрөг төлсөн байсан. Уг нь би үүнээс илүү мөнгө төлсөн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00204 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч С.Жаргалсайханд холбогдуулан гаргасан 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137 510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч *******г хариуцагч С.Жаргалсайханд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийг шилжүүлээгүй байна гэжээ. Хавтаст хэрэгт *******, ******* нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээн дээр зээлдэгч талд ******* гарын үсэг зурсан баримт, АНДЫН СОР ХЗХ ******* нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 4.000.000 төгрөгийг зээлдүүлсэн зээлийн гэрээний зээлдэгч гэсэн талын хэсэгт ******* өөрийн нэрийнхээ урд талд гарын үсгээ зурсан болох нь бичиг үсгийн шинжээчийн дүгнэлтүүдээр түүний гарын үсэг мөн болох нь нотлогдсон. "Андын сор ХЗХ-ийн кассын баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагч *******гийн төрсөн дүү С.Жаргалсайхан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******гийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн хүү гэж 180.000 төгрөгийг төлж эхэлсэн бөгөөд энэ өдрөөс хойш сар бүр *******гийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн хүү гэж нийт 14 удаа хүүд 3.281.400 төгрөг, үндсэн зээлд 500.000 төгрөг төлсөн болох нь нотлогдсон. Хариуцагч С.Жаргалсайхан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг аваагүй бол сар бүр юун хүү гэж мөнгө төлөөд байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй./4.000.000 төгрөг*4.5%=1 80.000 төгрөг/ сарын хүү нь юм. Хэрэгт хариуцагч С.Жаргалсайханы 2014 оны 10 дугаар сарын 09-нд С.Жаргалсайхан *******гээр 1.500.000 төгрөг зээлдүүлж 14 удаа төлөлт хийж зээлийг хаахдаа 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрөө хүүд 50.000 төгрөг төлсөн бөгөөд түүний эхнэр Нармандах 4 удаа төлөлт хийн бусад 9 удаа С.Жаргалсайхан төлөлт хийж тооцоог дуусгасан байна. Хавтаст хэрэгт "Андын сор"ХЗХ-ийн гүйцэтгэх захирал Н.Энхбаярын тус шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолтоор С.Жаргалсайхан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "Андын сор ХЗХ дээр очсон болох нь түүний 50.000 төгрөгийн төлөлт хийснээр нотлогдох юм. Иймд дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж шийдвэрт шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 7.660.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С.Жаргалсайханыг татан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 3.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй *******гээс зээл 4.000.000 төгрөг аваагүй, түүнийг танихгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* надаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. ******* нь өөрийн төрсөн дүү С.Жаргалсайханаар надад хэлүүлж 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Андын Сор ХЗХ-оос 1.500.000 төгрөг зээлүүлж барьцаанд нь өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалж зээл авахуулж надтай иргэд хоорондын зээлийн гэрээ хийж авч байгаад төлбөр тооцоо нь дууссан. Дараа нь бас С.Жаргалсайхан манай ахад мөнгөний хэрэг гарсан 4.000.000 төгрөг хэрэгтэй байна барьцаанд нь мөн өөрийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалж авна гэхээр нь би зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Андын Сор ХЗХ-ноос 4.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад гэрээний доод талд нь *******гээр гарын үсэг зуруулж авсан. Касс Алтанцэцэгээс 4.000.000 төгрөгөө аваарай гэж хэлээд өөртэй нь иргэд хоорондын зээлийн гэрээ хийсэн гэж тайлбарласан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Андын Сор ХЗХ-оос 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг зээлэхээр байгуулсан зээлийн гэрээг, 4.000.000 төгрөг хүлээн авсан баримт, зээл хүссэн өргөдөл, *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтанд үндэслэн тодорхойлж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй *******гийн Андын Сор ХЗ Хоршоотой байгуулсан зээлийн гэрээ, 4.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн Андын Сор ХЗ хоршоо гэсэн бичмэл нотлох баримтууд нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан нотариатаар баталгаажсан баримт байх ба Андын Сор ХЗ хоршоо гэсэн 4.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт нь шүүхийн үзлэгийн явцад Андын Сор ХЗХ-ны санхүүгийн баримтанд эх хувиараа байсныг шүүх хуулбарлан авсан, /хавтаст хэргийн 173 дугаар талд/ авагджээ.

Хариуцагч ******* 4.000.000 төгрөгийг зээлж аваагүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа нотлоогүй, нэхэмжлэгч *******гийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг няцааж чадаагүй байна.

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зурсан гарын үсэг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Андын Сор ХЗХ, *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зурсан гарын үсэг Андын Сор ХЗХ-ноос мөнгө хүлээн авсан баримтанд зурсан гарын үсэг *******гийн гарын үсэг болох нь тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаар хариуцагч ******* *******гээс 4.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан бэлэн мөнгийг Андын Сор ХЗХ-ноос хүлээн авсан болох нь тогтоогдсон байхад шүүх иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог дээрх гэрээгээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхийн тулд гэрээний дагуу мөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжсэн байх учиртай 4.000.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд нийцээгүй байна. Хариуцагч ******* 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч *******гээр Андын Сор ХЗ хоршооноос 1.500.000 төгрөгийг дээрх байдлаар зээлийн гэрээ хийж авахуулж байсан талаар нотлох баримт хэрэгт авагджээ / хавтаст хэргийн 18, 20 дугаар тал/ Энэ талаар зохигчид маргаагүй болно. Нөгөө талаар 2016 оны 05 дугаар сарын 12-нд 500.000 төгрөг төлсөн, *******гийн төрсөн дүү С.Жаргалсайхан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс зээлийн хүүд 3.281.000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргажээ.

Иймд нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 3.500.000 төгрөг төлүүлэх, давж заалдах гомдол гаргахдаа зээлийн хүүнд нийт 3.281.400 төгрөг төлсөн үндсэн зээлд 500.000 төгрөг төлсөн гэснийг үндэслэн хариуцагч *******гээс 2.378.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00204 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг, ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.4.-т зааснаар хариуцагч *******гээс зээл 2.378.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.121.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж, шийдвэрийн 3 дахь заалтанд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хариуцагч *******гээс 53.007 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137.510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ