Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2019/00062

 

 

*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдох,

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.288.645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэт дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалаар ******* намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байх тул тус тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, хөдөлмөрийн гэрээний 7.1.1, Компанийн Ес зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын дүгнэлт, Ёс зүйн дүрмийн 6.2, Зуухан цехийн инженер техникийн ажилчдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэр, нярав Ч.Даваасүрэн, цехийн мастер Ц.Алтансэлэм нарын өргөдөл зэргийг үндэслэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Би дээрх заалтыг тус тус зөрчөөгүй бөгөөд ёс зүйн хорооны дүгнэлттэй өөрийн биеэр танилцаагүй, мэдээ ч үгүй болно. Гэтэл энэ өдөр хурлаа хийгээд тушаал гаргаж байгаа нь ажилтан миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан зөрчлөөр ажлаас халж байгаа нь тус тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Учир нь би хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй байхад энэ үндэслэлээр тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Надад арга хэмжээ аваад хурал хийхэд би оролцоогүй, намайг оролцуулалгүйгээр дараа нь тайлбар авсан, би тайлбартаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Иймд Эрдэнэт дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өрлөг, дулаан тусгаарлалтын засварчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 тоот тушаалаар *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Эрдэнэцэцэг нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нярав Ч.Даваасүрэнгийн ажлын өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байхад нь тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн, ажилтны нүүр лүү хогийн шүүрээр чичлэн, бусдын эрхэнд халдаж, эд зүйлийг нь дур мэдэн авч гарч, ажлын байранд нь бусдыг хэл амаар доромжлон бүдүүлэг зан авир гаргаж, нярав Ч.Даваасүрэнг өмнө нь нүүр лүү нь алгадаж, хөл дээр нь дэвсэж байсан үйлдэл гарган бусдын эрхэнд халдан танхайрч байсан болон засварын мастер Ц.Алтансэлэмийн ажил үүргийн дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан нь Хөдөлмөрийн гэрээний 7-р зүйлийн 7.1.1 заалтыг зөрчсөн болох нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсоны дагуу Хөдөлмөрийн гэрээний 7.1.1 дэх заалт, Ёс зүйн дүрмийн 6-р зүйлийн 6.2 заалтыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон бөгөөд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/99 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байсан тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Эрдэнэцэцэг нь ажилтанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэн байнга тайлбар тавьж , би нягтлан бодогч, засварчны ажил үүрэг миний хийх ажил биш гэж хэл ам гарган хэрүүл болгож, ажлын хувцас өмсөхгүй байх, өгсөн үүрэг даалгаврыг хийхгүй зүгээр сууж ажлын цагийг өнгөрүүлэх зэрэг байдлаар эсэргүүцдэг ба энэ байдлыг таслан зогсоож ажил үүргээ гүйцэтгэхийг шаардлага тавьсан ажилтан, удирдах ажилтан нартай бүдүүлэг авир гаргаж, хүндлэлгүй харьцах, хэл амаар доромжлох нь удаа дараа болж байна. Сахилгын зөрчил хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байх тул Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

******* миний бие нь ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын цалин 1.096.215 төгрөг *2 сар= 2.192.500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяаллаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэх ******* гэх гарын үсэгтэй нэмэгдүүлсэн шаардлага гэх энэхүү гардуулсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй байх ба Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийг хариуцагчаар татсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариу тайлбар гарган өгөх боломжүй байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэхдээ:

******* миний бие нь ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын цалин 1.096.215 төгрөг *3 сар= 3.288.645 төгрөгийг нэхэмжилж шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Ажилтны цалин хөлс нь үндсэн цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл зэргээс бүрдэх ба ажилтны цалин хөлсийг Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан цалин хөлсийг тодорхойлно. Нэхэмжлэгч цалин хөлсний дунджийг буруу тооцоолон тайлбарыг нэхэмжлэлдээ бичжээ. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.288.645 төгрөг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэрээр:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Боронгоогийн Эрдэнэцэцэгийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн тогтоож, Б.Эрдэнцэцэгийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.288.645 /гурван сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-иас 137.768 /нэг зуун гучин долоон мянга долоон зуун жаран найм/ төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25 ны өдрийн Б/246 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэхдээ зөрчил гаргасныг шалган тогтоосон баримтгүй гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт ямар зөрчил гаргасныг нотлох дараах баримтыг анхаарч үзээгүй бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэж байгаа үндэслэлүүдийг заагаагүй. Ч.Даваасүрэнгийн өргөдөл, Ц.Алтансэлэмийн гомдол өргөдлийн дагуу шалгасан ёс зүйн хорооны дүгнэлт ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл / хх 39, хх 40 / ажилтны ёс зүйн асуудлаар гаргасан өргөдөл гомдлыг хэлэлцэж шийдвэрлэх эрх хэмжээг олгосон 2018 оны 07 дугаар сарын 16 ны өдрийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрэм /хх 35 / зэрэг нотлох баримтыг хууль зүйн талаас үнэлж дүгнээгүй бөгөөд эдгээр баримтыг нэхэмжлэгч няцаасан баримтгүй байхад баримт нотолгоонд үндэслээгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25 ны өдрийн Б/246 тоот тушаалд заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлийг заасан байна гэж дүгнэлт хийсэн нь тушаалд байхгүй үндэслэлээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Харин тушаалд /хх 2/ Ч.Даваасүрэнгийн ажлын өрөөнд ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэх үндэслэлийг заасныг анхаарч судлан үзээгүй. Хариуцагчийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/99 тоот тушаалыг гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй талаар дурдаж, хариуцагч миний бие шүүх хуралдаан дээр нотлох баримтыг судлан хэлэлцэж, тайлбар гаргах үед Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 р зүйлийн 38.9 заалтын дагуу уг тушаалыг гарган, хуралдааныг үргэлжлүүлэх ,шүүх хуралдааныг хойшлуулж уг баримтыг гарган хэрэгт нотлох баримтаар гаргахыг хүсэлт гаргасныг хүлээн аваагүй үндэслэлээ тусгажээ. Нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай эсэхийг дүгнэхдээ зохигч, хуралдаанд оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс гаргах шаардлагагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 6 р зүйлийн 6.2, 6.4, 6.5 дах заалтыг зөрчсөн учир нь мэтгэлцэх тэгш эрх нь нөгөө талын нотлох баримтыг гаргуулахгүй байснаар эрхийг хангаж байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэх нотлох баримтыг гаргах хүсэлтийг хангахаас татгалзан, хязгаарласан үндэслэлээ зохигчдын мэтгэлцэх тэгш эрхийг хангах үүднээс гэж үзсэн нь үндэслэлгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчид байгааг зохигчид үгүйсгээгүй баримтыг шүүх хязгаарлаж, нэхэмжлэгчийн мэтгэлцэх зарчмыг тэгш хангаж байна гэж тайлбарласан нь буруу. Мөн нэхэмжлэгч ******* нь 2018 оны сүүлийн 3 сард олгогдсон гэх цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бага тусгагдсан гэх тайлбарыг гаргаж, 3 сарын цалин хасах сахилгын шийтгэл хүлээлгэснээс болсон тухай тайлбарлаж байсныг хүлээн авч цалин хөлсийг сарын 1.096.215 төгрөг гэж тооцон шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй. Уг тайлбар нь үнэн зөв эсэхийг шийдвэрлэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад баримт байгаа мэт үзэж шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэдэг нь хариуцагч нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр үгүйсгэж байгаа үндэслэлтэйгээ давхар зөрчилдсөн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 р зүйлийн 116.2 заалтыг зөрчиж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх заалтыг зөрчсөн. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 230 тоот шийдвэрийг хүчингүй болгож , хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан тус компаний Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх цалин 3.288.645 /гурван сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...нэхэмжлэгч ******* нь сахилгын зөрчил давтан гаргасан тул хуульд заасны дагуу үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан... гэсэн тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь сахилгын зөрчил давтан гаргасан болох нь тогтоогдохгүй, хариуцагч ажил олгогчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/99 дугаар тушаал болон уг зөрчлийг шалгаж тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******ийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/99 дугаар тушаалаар ...үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, уг шийтгэл ногдуулсны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нярав Ч.Даваасүрэнгийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлон бүдүүлэг зан авир гаргасан, бусдыг айлган сүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/99 дугаар тушаалын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна ажил олгогчийн гаргасан дээрх тушаалын талаар шаардлага гаргаагүй байхад шүүх хариуцагчийг дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болон уг зөрчлийг шалгаж тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлд 2 ба түүнээс дээш зөрчил гаргасныг ойлгож, уг зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон байхыг шаарддаг болно.

Ажил олгогчийн Б/246 дугаар тушаалд дурьдсан хоёрдох зөрчлийн тухайд нэхэмжлэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 19ний өдөр нярав Ч.Даваасүрэнгийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хэл амаар доромжлон бүдүүлэг зан авир гаргасан, бусдыг айлган сүрдүүлж Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1-т ...үндсэн үүрэгтэй нь холбогдуулж, өгсөн үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад учруулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, эрх чөлөөнд нь халдсан, танхайрсныг нь эрх бүхий байгууллагаас тогтоосон, Хөдөлмөрийн гэрээний 7.1.1-д ...үндсэн үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн үйлдвэрийн үйл ажиллагаанд саатал учруулсан, бусдыг занаж сүрдүүлсэн, эрх чөлөөнд халдаж танхайрсан гэх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь тухайн өдөр нярав н.Даваасүрэнтэй ажил байдлын талаар таарамжгүй харьцсан байх боловч уг үйлдлийг тус компаний Хөдөлмөрийн дотоод журам болон талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн Ёс зүйн хорооны дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ... хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шийдвэрийг хүчингүй болгож , хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ