Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00294

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэр,

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Э-

          Хариуцагч: “Э-ийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох

       Э-ийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018-10-25-ны өдрийн Б/246 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,288,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Э- дулааны цахилгаан станц ТӨХК-н захирлын 2018-10-25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, гэрээний 7.1.1, Ёс зүйн хорооны 2018-10-25-ны өдрийн хурлын дүгнэлт, Ёс зүйн дүрмийн 6.2, Зуухан цехийн инженер техникийн ажилчдын 2018-10-25-ны өдрийн хурлын шийдвэр, Ч.Д-, Ц.А- нарын өргөдөл зэргийг үндэслэж ажлаас халсан нь хууль бус болсон.  Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан зөрчлөөр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь би хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй байхад энэ үндэслэлээр тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Надад арга хэмжээ аваад хурал хийхэд би оролцоогүй, намайг оролцуулалгүйгээр дараа нь тайлбар авсан, би тайлбартаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Иймд 2018-10-25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, 2018-10-25-с 2019-01-15-г хүртэл 3 сарын цалин 1,096,215 төгрөг *3 сар= 3,288,645 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Д.Э-ийг 2017-04-12-ны өдөр өрлөг, дулаан тусгаарлалтын засварчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан.. захирлын 2018-10-25-ны өдрийн Б/246 тоот тушаалаар Б.Э-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Э- нь 2018-10-19-ний өдөр нярав Ч.Д-гийн ажлын өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байхад нь тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн, ажилтны нүүр лүү хогийн шүүрээр чичлэн, бусдын эрхэнд халдаж, эд зүйлийг нь дур мэдэн авч гарч, ажлын байранд нь бусдыг хэл амаар доромжлон бүдүүлэг зан авир гаргасан. Нярав Ч.Д-г өмнө нь нүүр лүү нь алгадаж, хөл дээр нь дэвсэж байсан үйлдэл гарган бусдын эрхэнд халдан танхайрч байсан болон засварын мастер Ц.А-ийн ажил үүргийн дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан нь Хөдөлмөрийн гэрээний 7.1.1-г зөрчсөн болох нь Э-ийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсоны дагуу Хөдөлмөрийн гэрээний 7.1.1 дэх заалт, Ёс зүйн дүрмийн 6.2-г баримтлан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон бөгөөд ..захирлын 2018-07-26-ны өдрийн А/99 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байсан тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-р хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Э- нь ажилтанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэн байнга тайлбар тавьж , би нягтлан бодогч, засварчны ажил үүрэг миний хийх ажил биш гэж хэл ам гарган хэрүүл болгож, ажлын хувцас өмсөхгүй байх, өгсөн үүрэг даалгаврыг хийхгүй зүгээр сууж ажлын цагийг өнгөрүүлэх зэрэг байдлаар эсэргүүцдэг ба энэ байдлыг таслан зогсоож ажил үүргээ гүйцэтгэхийг шаардлага тавьсан ажилтан, удирдах ажилтан нартай бүдүүлэг авир гаргаж, хүндлэлгүй харьцах, хэл амаар доромжлох нь удаа дараа болж байна. Сахилгын зөрчил хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байх тул Д.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.. Ажилтны цалин хөлс нь үндсэн цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл зэргээс бүрдэх ба ажилтны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005-05-05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлан цалин хөлсийг тодорхойлно. Нэхэмжлэгч цалин хөлсний дунджийг буруу тооцоолон тайлбарыг нэхэмжлэлдээ бичжээ. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,288,645 төгрөг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

       Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 142/ШШ2019/00230 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан  Б.Э-ийг Э-ийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн тогтоож, олговор 3.288.645 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

      Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “... шүүх зөрчил гаргасныг тогтоосон баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлогдсон байгааг  нэхэмжлэгч няцааж чадаагүй...Ёс зүйн хорооны хурлыг уг дүрмийн 5.6-д зааснаар хуралдаж дүгнэлт гаргасан ба Б.Э- үүнд гомдол гаргаагүй..., нэхэмжлэлийн шаардлагад ч ёс зүйн хорооны хурлын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад уг ёс зүйн хорооны 2018-10-25-ны өдрийн хурлын дүгнэлт бүхий нотлох баримтыг хууль зүйн үндэслэлгүй нотлох баримт гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч уг баримтын шаардлага хангасан эсэх, хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт эсэхийг үгүйсгэсэн нотлох баримтыг ирүүлээгүй байхад хоёр шатны шүүх үндэслэлээ тайлбарлаагүй нь ИХШХШТХ-н 107.2-г зөрчсөн.. Гэрчээр Ч.Д-, Ц.А-, н.С-, С.Ж нар шүүх хуралдаанд оролцсон ба 2018-10-19-ний өдөр Б.Э-ийг сахилгын зөрчил гаргасан гэж гомдол гаргасныг анхаарч үзээгүй.. Анхан шатны шүүх нь 2018-10-25-ны өдрийн Б/246 дугаар тушаалд заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлийг заагаагүй харин Ч.Д-гийн ажлын өрөөнд ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, бусдын эрхэд халдсан үйлдлийг тушаалд дурдсаныг анхаарч судлан үзээгүй.. нэхэмжлэгч нь 2018 оны сүүлийн 3 сар олгогдсон цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бага тусгагдсан гэх тайлбарыг гаргахдаа сахилгын шийтгэл хүлээж, 3 сарын хугацаагаар үндсэн цалин хасах сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал буюу нотлох баримт байгааг талууд хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг шүүх бодит байдалд нь үнэлж, Б.Э- нь 2018 оны сүүлийн 3 сар олгогдсон гэх цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт тусгагдсан нотлох баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй байхад сарын дундаж цалинг үндэслэлгүйгээр сарын 1096215 төгрөг гэж тооцон шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй. Уг цалин хөлсийг бодитоор авч байсан эсэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ИХШХШТХ-н 116.2-г зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Б.Э- 2018-11-01-ний өдөр Э- дулааны цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК /-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, олговор 3,288,645 төгрөг гаргуулахыг шаардаж “... захирлын 2018-10-25-ны өдрийн Б/246 дугаар тушаал үндэслэлгүй... сахилгын зөрчлийг давтан гаргаагүй... ёс зүйн асуудал хэлэлцэх хуралд би оролцоогүй..” гэжээ. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... Б.Э- нь сахилгын зөрчлийг давтан гаргасан... өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэн байнга тайлбар тавьдаг... нэхэмжлэгч цалин хөлсний дунджийг буруу тооцсон байна...” гэж маргасан байна.   

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд “...сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдоогүй... ёс зүйн хорооны дүгнэлт гэх баримт нь нотолгоонд үндэслээгүй ... сарын цалинг 1,096,215 төгрөгөөр тооцон 2018-10- 25-ны өдрөөс 2019-01-15-ны өдрийг хүртэл олговорт   3,288,645 төгрөгийг гаргуулна...”гэсэн үндэслэл заасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж хэвээр үлдээжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “... ажилтны зөрчил баримтаар тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй... Ёс зүйн хорооны дүгнэлтэд ажилтан гомдол гаргаагүй...ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцсэн.. бусдын эрхэд халдсан үйлдлийг тушаалд дурдсаныг анхаарч үзээгүй... сарын дундаж цалинг үндэслэлгүйгээр тооцон шийдвэрлэсэн...” гэж маргасан байна. 

      Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    1/. 2018-10-25-ны өдрийн Б/246 дугаар тушаалаас үзвэл ажил олгогч нь Б.Э-ийг “...урьд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан боловч 2018-10-19-ны өдөр нярав Ч.Д-гийн ажлын өрөөнд ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн, өрөөнөөс нь эд зүйлс дураараа авч гарч, хэл амаар доромжлон бүдүүлэг зан авир гаргасан, мөн цехийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн, бусдыг айлган сүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон...” гэж Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажлаас халсан байна. Халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1., хөдөлмөрийн гэрээний 7.1.1., ёс зүйн дүрмийн 6.2., ёс зүйн хорооны 2018-10-25-ны өдрийн хурлын дүгнэлт, ажилчдын мөн өдрийн хурлын шийдвэр болон өргөдлийг үндэслэжээ. 

      Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,талууд 2017-04-12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 7.1.1 дэх хэсэгт “... үндсэн үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг үндэслэлгүйгээр эсэргүүцэн, үйлдвэрийн үйл ажиллагаанд саатал учруулсан, бусдыг занаж сүрдүүлэн, эрх чөлөөнд халдаж танхайрсан..” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг заажээ. /хх 1-н 5/

     “... Б.Э- 2018-10-19-ний өдөр цэвэрлэгээ хийх гэж гарахдаа шүүр авч нүүр лүү чичилсэн...дагаж мөрддөг нормыг шинэчил гэсэн ...хэний зөв бурууг хэлж ойлгуулах...”-г  удирдлагаасаа хүссэн Ч.Д-гийн өргөдөл /хх44/ -г хариуцагч шүүхэд өгсөн байна. Ч.Д-гийн өргөдөлд дурдагдсан нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй /хх 1-н 45/ байна.

      Сахилгын шийтгэлийг зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор ногдуулна.

     Ёс зүйн хороонд хандан гаргасан санал, хүсэлтээ зуухан цехийн дарга, мастер нар нэхэмжлэгч зөрчил гаргасан талаар дурдсан боловч зөрчлийг гаргасан гэх хугацаа тодорхойгүй байх тул уг бичгийн баримтыг /хх46-47/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-131.4 дэх хэсгийг зөрчинө.

      Ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг /хх39-41/ хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл болгох боломжгүй байна.

     Б.Э- зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй тул түүнийг давтан эсхүл ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэхгүй юм.

    2/. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

    Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,288,645 төгрөг гаргуулах шаардлагыг /хх1-н 80/ хариуцагч эс зөвшөөрч баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд эдгээр баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ шүүх олговорын хэмжээг буруу тооцсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулна.  

   Хариуцагч байгууллагын 2018-01-26-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хавсралтын хамт ирүүлсэн, хавсралт 2 /хх1-н 160-170/-с үзвэл зуух цехийн засварчны  цалингийн тариф нь 3,087.40 болон 3,859.25 төгрөг /хх1-н 160-170/ байна. Түүнчлэн, шагналт цалин,удаан жил ажилсан нэмэгдэл олгох талаарх ажил олгогчийн 2018-09-19-ний өдрийн а/112., 2017 оны б/105 дугаар тушаалууд хэрэгт авагдсан /хх 1-н 194-199 , 83-115/ байна. 

   Эдгээр баримт /хх1-н 83-115/-с үзвэл, нэхэмжлэгч нь 2018 оны 7 сард 916,531 төгрөг, 8 сард амралтын мөнгө буюу 918,106 төгрөгийг хасаад 567,918 төгрөг, 9 сард 568,375 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд дундаж нь 684,274.66 төгрөг (916,531 +567,918 +568,375= 2,052,824 төгрөг., 2,052,824 ч3= 684,274.66 төгрөг) болно. Иймд хариуцагчаас 2018-10-25-ны өдрөөс 2019-01-15-ны өдрийг  хүртэл олговорт 2,052,822 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 1,235,823 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. 

    Шүүх олговорын хэмжээг тогтоохдоо урьд авч байсан цалин хөлсийг үндэслэл болгох бөгөөд “...цалин хөлсийг буруу бодсон, суутгасан..” гэх нөхцөл байдлын талаарх нэхэмжлэгчийн тайлбар нь олговорын хэмжээг тодорхойлоход нөлөөлөхгүй буюу тусдаа асуудал байна.

    Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, ажил олгогчоос гаргуулах олговорын хэмжээг өөрчилж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-ийг Э-ийн дулааны цахилгаан станц ТӨХК-н Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн тогтоож, Э-ийн дулааны цахилгаан станц ТӨХК-с 2,052,822 төгрөг гаргуулж Б.Э-т олгож нэхэмжлэлээс үлдэх 1,235,823 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж, 2 дахь заалтын “...137768/ нэг зуун гучин долоон мянга долоон зуун жаран найм/ төгрөг...” гэснийг “... 47,255 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШЗ2019/03106 дугаар захирамжаар хариуцагч “Э-ийн дулааны цахилгаан станц” ТӨХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ