Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2019/00078

 

Монголиан катеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00373 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Монголиан катеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,

318,283,350 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2,587,635,105 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, П.Эрдэнэбилэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, П.Эрдэнэбилэг С.Сонинбилэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Монголиан катеринг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь 2011 оны 11 дүгээр сард *******ХХК-аас зарласан "тус Компанийн ажиллагсдад халуун хоол нийлүүлэх тухай тендерт урилгаар оролцон шалгарч 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчтай 5/062-12 тоот гэрээ байгуулсан юм. Гэтэл гэрээ байгуулах үед хариуцагчийн зүгээс тендерийн үнээр бус, уг үнийг бага зэрэг бууруулах шахалт үзүүлсэн үндэслэл нь төсөв батлагдаагүй байна, хамтарсан үйлдвэрийн советаар төсөв батлуулсны дараа гэрээний үнийг тендерт заасан үнээр өөрчилнө гэсэн шаардлага тавьсан. Нэгэнт бид тендерт ялж, ажиллагсдыг халуун, илчлэг хоолоор хангах үүрэг хүлээсний хувьд хариуцлагаа ухамсарлан уг саналыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Манай компанийн зүгээс хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн бөгөөд гэрээний бүхий л хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагын зүгээс тавьсан энэ гэрээтэй холбоотой ямарваа саналыг өөрт илт хохиролтой л биш бол тухай бүр өөрийн бололцооны хүрээнд шийдвэрлэж ирсэн юм. Ийнхүү анхны гэрээ байгуулагдаж тэдний тавьсан бага үнээр 6-7 орчим сар үйл ажиллагаа явуулсны дараа 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний үнийг иж бүрдэл өдрийн нэгж хоолны үнийг 4.950 төгрөгөөр тооцож байсныг 5.250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4.600 төгрөгөөр тооцож байсныг 4.650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр талууд харилцан тохиролцсон болно. Гэтэл хариуцагч нь гэрээний энэ үүргээ хэвийн гүйцэтгэж байснаа гэнэт гэрээгээ зөрчиж 2013 оны 11, 12, 2014 оны 01 дүгээр сарын халуун хоол нийлүүлсний төлбөрийг дутуу төлж бидний эрхийг зөрчөөд байна. Иймд 2012 онд байгуулсан *******ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх 5/062-12 тоот гэрээгээр манайд төлвөл зохих 2013 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сарын төлбөрийн үлдэгдэл болох 318 283 350 /гурван зуун арван найман сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун тавин төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Захиалагч Эрдэнэт үйлдвэр ХХК болон гүйцэтгэгч ******* ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээ байгуулсан байна. Тухайн гэрээний 2.6-д захиалагчийн ажилтан бүрийн сард идсэн хоолны тооцоог хийхдээ, цехийн хөдөлмөрийн эдийн засагч, гүйцэтгэгч байгууллагын нягтлан бодогч нар тухайн ажилтны сард ажилласан хоног, идсэн хоолны тоотой тулгалт хийсэн талаар акт үйлдэж сар бүрийн нэгний дотор захиалагч талын НББ-ийн хэлтсийн цалингийн товчоонд хүргүүлнэ гэсэн заалтын дагуу бодит гүйцэтгэлээр нь тооцож холбогдох баримтуудыг бүрдүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудын үйлчлүүлсэн хоолны тооцоог гаргаж дараах байдлаар төлбөрийг шилжүүлж тооцоог дуусгасан байна. Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын тооцоог №89 тоот төлбөрийн даалгавраар 179,443,553.63 төгрөг, 12 дугаар сарын тооцоог №259 тоот төлбөрийн даалгавраар 195,693,120.82 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын тооцоог №330 тоот төлбөрийн даалгавраар 194,415,359.31 төгрөгийг тус тус гүйцэтгэгч тал болох ******* ХХК-ийн 499058554 дугаар Орхон аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн байна. ******* ХХК-ийн тухай бүр ирүүлсэн хоолны үнийн нэхэмжлэхэд дурдсан үнийн дүнгээр шилжүүлсэн байна. Иймд ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

******* ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээний дагуу 2012 оны 02 дугаар сараас 2013 оны 10 дугаар сарын хооронд давхардсан тоогоор 668.535 ажилтанд халуун хоолоор үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд үйлчилгээний төлбөр бодит гүйцэтгэлээр 3.538.379,722 төгрөг болж байна. Гэтэл ******* ХХК нь давхардсан тоогоор 1.124.640 ажилтанд халуун хоолоор үйлчилснээр бодит бус тооцоо гаргаж манай компаниас 6.126.010,000 төгрөг шилжүүлэн авсан байна. ******* ХХК-ийн гаргаж ирүүлсэн тооцоогоор 1.124.640 ажилтанд халуун хоолоор үйлчилсэн гэх боловч бодит байдал дээр 668.535 ажилтан халуун хоолны үйлчилгээ авсан нь тухайн үеийн нягтлан бодох бүртгэлийн тооцоо, мөнгө шилжүүлсэн баримт, Үндэсний аудитын газраас ирүүлсэн зөрчлийг арилгах тухай акт зэргээр батлагдаж байна. ******* ХХК-аас дээрх 21 сарын хугацаанд 1124640-668535=456105 ажилтанд халуун хоолоор үйлчилсэн мэтээр нэхэмжлэх ирүүлэн нийт 2,587,635,105 төгрөгийг илүү шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл: ******* ХХК нь тухайн халуун хоолыг үйлдвэрлээгүй, үйлчлээгүй, хоол идээгүй байхад хийсвэр тооцоолол гаргаж манай компаниас онц их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь заалтуудыг зөрчиж бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь заалтын дагуу үндэслэлгүй шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ******* ХХК-аас буцаан авах хууль зүйн үндэслэлтэй байна. Эрдэнэт үйлдвэр ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээний бодит биш гүйцэтгэлээр 456,105 ажилтанд халуун хоолоор үйлчилсний төлбөр гэх 2.587.635.105 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.096.126 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

Бид хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-тай анх 2012 оны 02 дугаар сарын 01 -ны өдөр 5/063-12 тоот *******ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажиллагсдад халуун хоол цайгаар үйлчилж байсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Гэрээгээр иж бүрдэл өдрийн нэгж хоолны үнийг 4950 төгрөгөөр, оройн болон шөнийн нэгж хоолны үнийг 4600 төгрөгөөр тогтоох бөгөөд өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна. Дээрх үнүүдэд НӨАТатвар багтаагүй болно" гэж зааснаар талууд тооцоо нийлж төлбөр тооцоог барагдуулж байсан. Түүнээс Эрдэнэт үйлвэр ХХК-аас манай компанид 2,587,635,105 төгрөгийг илүү шилжүүлсэн зүйл огт байхгүй болно. Бидний хооронд байгуулагдсан 5/063-12 тоот гэрээнд талууд харилцан тохиролцож 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 01 дугаар нэмэлт гэрээг байгуулсан юм. Тус гэрээний 1 дэх заалтаар үндсэн гэрээний 2.3-д заасныг үндэслэн өдрийн хоолны нэгжийн үнэ 4950 төгрөгөөр тооцож байсныг 5250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4600 төгрөгөөр тооцож байсныг 4650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2012 оны 08 дугаар сарын 01 -ны өдрөөс эхлэн гэрээний хугацааг дуусах хүртэл мөрдөн, тооцож байхаар тогтож үндсэн гэрээний өөр бусад зүйлд өөрчлөлт оруулаагүй юм. Харин 5/063-12 тоот гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр 02 дугаар нэмэлт гэрээг дахин байгуулсан бөгөөд тус гэрээний 2 дахь заалтаар гэрээний нэг иж бүрдэл хоолны үнийг 6500 төгрөг, оройн болон шөнийн нэг иж бүрдэл хоолны үнэ 5900 төгрөг гэж өөрчлөх, өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна гэснийг тухайн өдрийн бодит гүйцэтгэлээр нэхэмжлэн тооцох тухай өөрчлөлтийг оруулсан байдаг. Үндсэн гэрээ болох 5/063-12 дугаар гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх төлбөр тооцоог үндсэн гэрээнд заасны дагуу тооцож байсан бөгөөд нэмэлт оруулах тухай 02 дугаар гэрээ байгуулагдсан өдрөөс тус гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог талууд хийж байсан. Өөрөөр хэлбэл манай компани Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан үндсэн гэрээ тус гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүдэд заасны дагуу үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас авсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/373 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 318.283.350 төгрөг гаргуулан Монголиан катеринг ХХК-нд олгож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2.587.635.105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,749,400.00 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13,096,126,00 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1,749,400.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, П.Эрдэнэбилэг нар давж заалдсан гомдолдоо:

Захиалагч Эрдэнэт үйлдвэр ХХК болон гүйцэтгэгч ******* ХХК- ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 5/062-12 тоот гэрээний 2.2-т заасан ...өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна гэсэн заалт нь Монголын Үндэсний Аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар акт гарч, зөрчил арилгуулах үндэслэл болсон. Энэхүү актыг Монголиан катерингХХК-иас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд энэ асуудал Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Ингэснээр Монголын Үндэсний Аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17- ны өдрийн 09/85 дугаар акт нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийн хүрээнд гарсан акт болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан бөгөөд Монголын Үндэсний Аудитын газрын акт нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12 дахь заалтуудад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хийгдсэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу Монголын Үндэсний Аудитын газар нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийх бүрэн эрхтэй болох нь тогтоогдсон. Эрдэнэт үйлдвэр ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь Төрийн аудитын тухай хуулийн 5.2, 5.3-т заасан хөрөнгийг арвилан хэмнэх, үр ашиг, үр нөлөөтэй байх шаардлагыг хангаагүй болохыг тогтоосон Монголын Үндэсний Аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар актыг Захиргааны хэргийн шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн. Түүнчлэн Монголиан катеринг ХХК-ийн 2012 онд гүйцэтгэсэн ажлын бодит гүйцэтгэлийн дүн 1,919,9 сая төгрөг байтал 3,341.4 сая төгрөг, 2013 оны эхний 9 сард гүйцэтгэсэн ажлын бодит гүйцэтгэлийн дүн 1,922.1 сая төгрөг байтал 3,092.4 төгрөгийг тус тус Эрдэнэт үйлдвэр ХХК-иас авсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 229 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Нэхэмжлэгч Монголиан катерингХХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК-иас өдөрт 1760 хоолны мөнгө авах ёстой гэж марган, 318,283,350 төгрөгийг нэхэмжилж байгаа хэдий ч 1760 ширхэг хоолыг бүрэн хэмжээгээр өдөр бүр үйлдвэрлэж байсан гэх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, холбогдох баримтуудыг ирүүлээгүй байдаг. Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам-д заасан устгалд орж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг батлагдсан маягтын дагуу баримтжуулж устгалд оруулах, хөндлөнгийн гэрч болон эрх бүхий этгээдүүдийг байлцуулах зэрэг зохих шаардлагуудыг Монголиан катерингХХК нь нь огт хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх Монголиан катеринг ХХК-ийг өдөрт 1760 ширхэг хоол хийсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 318,283,350 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан. Гэтэл Монголиан катеринг ХХК нь гэрээнд заасан өдөрт 1760 ширхэг хоол хийх ажлыг гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр бодитой тогтоогдсон, мөн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч /******* ХХК/ нь өдөр бүр 1760 ширхэг хоол бэлтгэх үүрэг хүлээжээ гэж дурдсан байх боловч ..."нэхэмжлэгч нь 1760 тооны хоол бэлтгэж, тухайн өдөр хоол идсэн хүмүүсийн тооноос илүү гарсан хоолыг устгаж энэ тухай харилцагчид мэдэгдэх, устгасан талаар акт үйлдэх энэ талаар хариуцагч хяналт тавих үүрэг хүлээгээгүй байна гэсэн агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүд хийсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь заалтууд болон Монгол улсын Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам, талуудын хооронд байгуулагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг ноцтой зөрчиж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бөгөөд Монгол Улсын Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2012 он, 2013 оны эхний 9 сарын санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийх явцад Монголиан катеринг ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээнд ижил төрлийн ажил, үйлчилгээ үзүүлж байгаа 3 компанийн гэрээнд тусгагдаагүй ...өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна гэсэн нэмэлт мэдээллийг оруулан өгч, уг гэрээний дагуу ажиллагсдын хоолны картаар гарсан гүйцэтгэл, гэрээнд тусгасан 1760 хоол хоёрын зөрүү буюу ажиллагсдын идээгүй хоолны үнийг НӨАТ-ын хамт 2012 он, 2013 оны 11 сар хүртэл нийт 2 591 500 000 төгрөгийг илүү төлсөн зөрчлийг илрүүлж, 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 09/85 тоот актаар Монголиан катеринг ХХК-д илүү төлсөн хоолны үнэ 2 591 500 000 төгрөгийг тус компаниас гаргуулан авч, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг гаргаж, 2014 оны 09 сарын 20-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, тогтоосон актын төлбөрийг барагдуулах ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг, ерөнхий нягтлан бодогч Платонов М.В нарт хариуцуулсан байдаг. ******* ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээний дагуу 2012 оны 02 дугаар сараас 2013 оны 10 дугаар сарын хооронд давхардсан тоогоор 668 535 ажилтанд халуун хоолоор үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд үйлчилгээний төлбөр бодит гүйцэтгэлээр 3.538.379.722 төгрөг болж байна. Гэтэл ******* ХХК нь давхардсан тоогоор 1.124.640 ажилтанд халуун хоолоор үйлчилсэн гэсэн бодит бус тооцоо гаргаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-иас нийт 6.126.010.000 төгрөг шилжүүлэн авсан бөгөөд бодит байдал дээрээ 668.535 ажилтанд 3.538.379.722 төгрөгийн халуун хоолны үйлчилгээ үзүүлсэн нь тухайн үеийн нягтлан бодох бүртгэлийн тооцоо, төлбөр шилжүүлсэн баримтууд болон Үндэсний аудитын газрын зөрчлийг арилгах тухай 09/85 тоот актаар бүрэн нотлогдож тогтоогдсон. Мөн Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот акт нь үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр болох нь Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00373 дугаар шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тус шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, Монголиан катеринг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Монголиан катеринг ХХК нь хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл-318.283.350 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч актаар тавигдсан төлбөр- 2.587.635.105 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас хоолны төлбөр-318.283.350 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Монголиан катеринг ХХКомпани 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн ба гэрээний 2.2-т өдөрт нэхэмжлэх хоолны тоо-1.760, гэрээний 2.3-т өөрчлөлт оруулж өдрийн хоолны нэгж үнэ 4.950 төгрөгийг 5.250 төгрөг, оройн болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4.600 төгрөгийг 4.650 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Монголиан катеринг ХХК нь бүтэн сарын үйлчилгээний буюу эцсийн нэхэмжлэхээ дараа сарын эхний ажлын 3 хоногт багтаан хариуцагчид бичиж өгч байсан ба 2013 оны 12 сарын хоолны төлбөр 213.486.075 төгрөг /207.864.195+5.621880/ нэхэмжилснээс 2014 оны 2 сарын 18 ны өдөр 195.693.120 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлэн төлж үлдэгдэл-17.792.955 төгрөг дутуу, 2014 оны 1 сарын хоолны төлбөр 210.638.835 төгрөг /205.187.400+5.451.435/ нэхэмжилснээс 194.415.359 төгрөг төлж 16.223.476 төгрөг дутуу төлсөн болох нь тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч тал 2013 оны 11 сарын хоолны төлбөрийн нэхэмжлэлийг 193.283.805 төгрөгөөр /187.443.135+5.840.670/тооцож өгсөн боловч 2014 оны 01 сарын 4-ний өдөр гэрээний оролцогч талууд 11, 12 сарын хоолны төлбөрийн асуудлыг хэлэлцээд 11 сарын хоолны төлбөрийг гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцсон байх тул 11 сарын хоолны төлбөрийг нэхэмжилсэн үнийн дүн буюу 102.117. 750 төгрөгөөр тооцох боломжтой байна. /1-р хавтас 35,36 тал, 3-р хавтас-73.74 тал/

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал гэрээний дагуу нэхэмжлэгчид 2013 оны 11 сарын хоолны төлбөр-102.117.750 төгрөг, 12 сар, 2014 оны 1 сарын хоолны төлбөрийн дутуу 34.016.431 төгрөг нийт 136.134.181 төгрөг төлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 182.149.169 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гаргасан 2.587.635.105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, П.Эрдэнэбилэг нарын гаргасан....хоолны төлбөр-318.283.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ/2019/373 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 318.283.350 төгрөг гаргуулан Монголиан катеринг ХХК-нд олгож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2.587.635.105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 136.134.181 төгрөг гаргуулж Монголиан катеринг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 182.149.169 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, П.Эрдэнэбилэг нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14.845.526 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ