Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0442

 

2018 оны 08 сарын 15 өдөр

   Дугаар 221/МА2018/0442

            Улаанбаатар хот

 

 С.Ч-гийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангуа нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Б-ны давж заалдах гомдлоор, С.Ч-гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай “С.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ч-ийг түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-гийн хууль бусаар ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 3 сарын цалин 3.027.417 /гурван сая хорин долоон мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Б давж заалдах гомдолдоо: “...1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх”-аар заасан нь сумын өмнөх Засаг даргын бүрэн эрх дуусгавар болж дараагийн Засаг дарга томилогдсноор улс төрийн албан тушаалтан болох сумын Засаг даргын орлогчийг өөрчлөх үндэслэлтэй болохыг тодорхойлж байгаа болно.

2. Орлогч С.Ч нь өөрөө “Хамтран ажиллах гэрээ”-ний биелэлтээ гаргаж ирж дүгнүүлээгүй бөгөөд харин “Үр дүнгийн гэрээ” байгуулж дүгнүүлэх хүсэлт гаргасны дагуу уг гэрээг нь байгуулан дүгнэсэн юм. Ер нь Засаг дарга орлогчтойгоо аль нэг гэрээ байгуулж ажиллах талаар хуульчлан тогтоосон зүйл байхгүй бөгөөд нэгэнт 2 төрлийн гэрээ байгуулсан тохиолдолд сүүлийн эрх зүйн баримт бичиг нь хүчинтэйд тооцогддог эрх зүйн зарчмын дагуу С.Ч-тэй байгуулсан “Үр дүнгийн гэрээ”г хүчинтэйд тооцох ёстой гэж үзэж байна.

3. Хуульд заасан аливаа “зөвшилцөх” гэдгийг тухайн хуульд нь тодорхой тодорхойлж заагаагүй бол зөвшилцөх эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдэж, бичгээр хариу авснаар зөвшилцсөнд тооцох бөгөөд заавал нэгдсэн саналд хүрсэн байхыг шаардахгүй болохыг Улсын дээд шүүхээс шийдвэр гарган тайлбарласан байдаг. Энэ тухай нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй бөгөөд тодорхой тайлбарлан бичсэн билээ.

4. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь С.Ч-ийг Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар тушаалд “С.Ч нь ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн, ажил хэргийн шаардлага тавихад “ажлын байрны дарамт үзүүллээ” гэх мэтээр эсэргүүцдэг болохыг хариуцагчийн тайлбарт тэмдэглэж, тодорхой баримтуудыг дурдан холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгч С.Ч-гийн үндэслэл, нотолгоогүй тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд мушгин гуйвуулж бичих, илт эсрэгээр дүгнэлт хийх зэргээр бичиж үндэслэл муутай шийдвэр гаргасан байна. Тухайлбал:

1/ “Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг сумын албан байгууллага, нэгж тус бүрээр гаргуулан Бичиг хэрэг, архивын ажилтан Ц.Э-ээр нэгтгүүлж, би өөрөө хянан батапгаажуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхэд С.Ч нь зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах л үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрч Ц.Э-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримт, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нотлогдсоор байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь нэгтгэж боловсруулан сумын Засаг даргаар гарын үсэг зуруулан баталгаажуулан хүргүүлсэн болох нь нотлогдож байна” гэж нотлох баримтыг илт буруу үнэлж дүгнэлт хийсэн.

2/ Шүүх шийдвэрийнхээ “үндэслэх” хэсгийн 2-ын “б”-д “2017 оны эцсээр Алтанбулаг сумаас тухайн тоотын хариу тайлан ирүүлсэн боловч суманд нэр заагдаж орсон болон нийтлэг хамааралтай заалтуудын дагуу тайланг ирүүлээгүй” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хариу тайлан хүргүүлээгүй гэдэг нь тогтоогдохгүй байна” гэж заасан нь шүүх нотлох баримтыг “буруу үнэлсэн” гэх бүрэн үндэслэлтэй байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2/457 дугаар апбан бичгээр ирүүлсэн “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний сумдад нийтлэг хамааралтай болон нэр заагдаж орсон заалтуудын жагсаалт”-ын Алтанбулаг суманд нэр заагдаж орсон болон нийтлэг хамааралтай заалтуудын тайланг холбогдох заалт нэг бүрээр гаргаж явуулаагүй, үүнийг гэрч Д.Х нотолсоор байхад шүүх нэг талыг барьж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно.

3/ Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай “2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх “Төлөвлөгөө гаргаж, тайлан мэдээг хугацаанд нь гарган хүргүүлж байх” үүргийг орлогч С.Ч-д бичгээр өгсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5/181 дүгээр албан бичигт зааснаар Албан даалгаврын биелэлтийн явцын мэдээ, тайланг сар бүрийн 10- ны дотор хүргүүлэх ёстой байв.

Орлогч С.Ч дээрх Албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж Засаг даргаар батлуулаагүйн дээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг зөвхөн нэг удаа хүргүүлснээр үүрэг, даапгаврыг бүрэн хангалттай биелүүлсэнд тооцож дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээр дурдсан баримт, үндэслэлүүд нь Сэлнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 12 дугаар шийдвэрийг гаргахдаа нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг ажлын хийгээд сумын нийт иргэдийн эрх ашгийн үүднээс эрхэмлэн хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ч-гээс “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга “...хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрх олгогдсон ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн ...өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй ...хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэггүй, үүрэг даалгавар өгч  шаардлага тавихад “ажлын байрны дарамт үзүүллээ” гэх мэтээр эсэргүүцдэг ...Засаг даргатай албан бичгээр харьцдаг ...үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлдэггүй, ...өөрт нь даалгасан ажлыг өөр хүнд хариуцуулдаг ...” гэж нэхэмжлэгч С.Ч-ийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна”, 5.1.1-д “төрийн улс төрийн”, 5.1.2-т “төрийн захиргааны”, 5.1.3-т ”төрийн тусгай”, 5.1.4-т ”төрийн үйлчилгээний”, 5.2-т “Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:”, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж тус тус хуульчилжээ.

Сумын Засаг даргын орлогч нь Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх төрийн улс төрийн албан тушаал  хамаарахаар байх бөгөөд түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалтай адилтгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, “сумын Засаг даргын орлогч”-ийн албан тушаал нь “улс төрийн албан тушаал” бөгөөд энэ нь “хуулиар тогтоосон болзол журам, шалгуурын дагуу сонгогддог”, ийнхүү сонгох эрх нь сумын Засаг даргад хадгалагдаж, томилох, чөлөөлөх болзол журам, шалгуур нь “тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байх” шаардлагаар тодорхойлогджээ.

Нэгэнт хуулиар ийнхүү сумын Засаг даргын орлогчийг ажилд томилох ажлаас чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан болзол шалгуур болох  тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх шаардлагыг хангасны үндсэн дээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан хариуцагчийг буруутгах боломжгүй.

Шүүх “улс төрийн албан тушаал” болох “сумын Засаг даргын орлогч”-ийн албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан болзол шалгуурын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх байтал “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэдэг үр дүнгийн гэрээ”-тэй холбогдуулан дүгнэлт хийсэн, ийнхүү дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөрүүтэй, буруу дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн “...Засаг дарга орлогчтойгоо аль нэг гэрээ байгуулж ажиллах талаар хуульчлан тогтоосон зүйл байхгүй ...”зөвшилцөх” гэдгийг тухайн хуульд нь тодорхой тодорхойлж заагаагүй бол зөвшилцөх эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдэж, бичгээр хариу авснаар зөвшилцсөнд тооцох бөгөөд заавал нэгдсэн саналд хүрсэн байхыг шаардахгүй ...шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн” гэх давж заалдах гомдол, тайлбар үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...орлогч дарга С.Ч-ийг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэн зөвшилцөх санал оруулж байна” гэх 585 дугаар албан бичиг[1],  Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...зөвшилцөх тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаар хуралдаанаар авч хэлэлцэн, санал хураалт явуулахад Тэргүүлэгчдийн олонхи нь ажлаас чөлөөлөхийг дэмжээгүй ...” гэх 105 дугаар хариу албан бичиг[2], Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл[3] зэрэг нотлох баримтуудаас үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу хариуцагч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар бичгээр мэдэгдэж, бичгээр хариу авсан байх тул “зөвшилцөн чөлөөлөх” хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр нэхэмжлэгч С.Ч-ийг “сумын Засаг даргын орлогч”-ийн албан тушаалаас чөлөөлсөн байна гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “...цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байгаа нь хууль, журмаа биелүүлээгүй, худал, хууран мэхэлсэн үйлдэл гэж үзэж байна ...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өмнө дурдсанчлан Төрийн албаны тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал”-ыг “төрийн улс төрийн албан тушаалд хамаарах”-аар зааснаас үзвэл сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтны хувьд Сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд түүнд үйлчлэх үүрэгтэй албан тушаалтан байна.

Хариуцагчийн “...Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь санаа зорилго нэгтэй байж, тусалж дэмжин эзгүй үед нь орлон ажиллах улс төрийн албан тушаалтан байтал Засаг даргын орлогч С.Ч нь ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн, ажил хэргийн шаардлага тавихад ажлын байрны дарамт үзүүллээ гэх мэтээр эсэргүүцдэг ...” гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүйн дээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мушгин гуйвуулж, ...эсрэгээр дүгнэлт хийх зэргээр үндэслэл муутай шийдвэр гаргасан ...” гэх гомдол, тайлбар үндэслэлтэй байна. 

Тухайлбал, хэрэгт авагдсан “Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх чиглэлийн төслийг сумын албан байгууллага, нэгж тус бүрээр гаргуулах” ажлыг нэхэмжлэгч С.Ч гүйцэтгээгүй, харин Сумын Бичиг хэрэг, архивын ажилтан Ц.Э нэгтгэн боловсруулсан талаар гэрч Ц.Э [4] “Алтанбулаг сумын 2018 онд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн ажлыг би нэгтгэж гаргасан ...Энэ ажлыг Алтанбулаг сумын Засаг даргын орлогч даргын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ...сумын Засаг даргын орлогч С.Ч хийж гүйцэтгэх ёстой байсан ч хийгээгүй ...” гэж мэдүүлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад шүүх “...Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ...хуралдаанаараа ...2017 оны ...үндсэн чиглэлийн биелэлт, ...2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах зэрэг ...асуудлуудыг хэлэлцсэн ...хуралдаанд ...С.Ч байлцан ...чиглэл батлуулах талаар танилцуулан тайлбарлан оролцсон ...үндсэн чиглэлийн төслийг нэхэмжлэгч нэгтгэн боловсруулж ...хүргүүлсэн болох нь нотлогдож байна” гэж нэхэмжлэгчийг тус үүргийг гүйцэтгэсэн мэтээр нотлох баримтыг буруу дүгнэсэн байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Х-[5]-аас гэрчийн мэдүүлэгт “ ...2017 оны эцсээр Алтанбулаг сумаас тухайн тоотын дагуу ...тайлан ирүүлсэн боловч сумд нэр заагдаж орсон болон нийтлэг хамааралтай заалтуудын дагуу тайлан ирүүлээгүй ...ажлын хэсэг Алтанбулаг суманд шалгалтаар ажиллахдаа ...тайлан ирүүлээгүй талаар тодруулахад ...2/475 албан бичгийн талаар мэдэх албан тушаалтан байхгүй байсан ...“ гэж мэдүүлсэн байхад шүүх “...аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Алтанбулаг суманд хэрхэн биелүүлсэн талаархи тайлан хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан ...тайлан ...гэрч Д.Х-ын “...” гэсэн мэдүүлэг ...нотлох баримтуудаас үзэхэд тайланг хугацаанд нь хүргүүлээгүй гэдэг нь тогтоогдохгүй байна ...” гэж нотлох баримтыг зөрүүтэй дүгнэжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/181 дүгээр албан бичгээр Сумдын засаг дарга нарт 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаврыг хүргүүлж, төлөвлөгөө гаргахыг үүрэг болгож, явцын тайлан мэдээг сар бүрийн 10-ны дотор ирүүлж байхыг мэдэгдсэн байх бөгөөд Алтанбулаг сумын Засаг дарга тус үүргийг орлогч дарга С.Ч-д хариуцуулсан байна[6].

Нэхэмжлэгч С.Ч тус албан бичгээр мэдэгдсэн үүргийг хариуцуулсантай холбогдуулан төлөвлөгөө гаргаж батлуулсан талаар баримтаар нотолж тайлбарлаагүйн дээр ажлын явцын тайланг нэг удаа хүргүүлсэн байхад шүүх “...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 428 тоот албан бичгээр ...тайланг хүргүүлсэн нь ...гэрч ...ийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдож байх тул ...даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй ...” гэж нотлох баримтад өрөөсгөл дүгнэлт хийснийг зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан “...та тохижилт үйлчилгээний албаны даргын ажлыг хүлээн авч хариуцаж хий гэж хүсэлт тавьсан ...хавсран гүйцэтгэх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ үү” гэх хариуцагч Алтанбулаг Сумын Засаг дарга П.Б-д хүргүүлсэн нэхэмжлэгч С.Ч-гийн хүсэлт гаргах тухай албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Ч нь улс төрийн албан тушаалтны хувьд бүрэн эрхийнх нь хугацаанд Засаг даргад үйлчлэх байтал Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, эсэргүүцдэг, өөрт нь даалгасан үүргийг бүрэн дүүрэн биелүүлдэггүй, өөр бусдад хариуцуулдаг, Сумын Засаг даргатайгаа албан бичгээр харилцдаг зэрэг байдал тогтоогдож байх тул “цаашид хамтран ажиллах боломжгүй” гэж үзэж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр байх тул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-гийн “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Б-ны давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 43-46 дугаар тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр тал

 

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал