Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2019/00087

 

Хаан банкны Орхон салбарын Оюут

Тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч

*******, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нарт холбогдох,

2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 96.244.222 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатар, хариуцагч *******, Т.Баасанжаргал, Ц.Энхбатын өмгөөлөгч Р.Цэрэнханд, *******гийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нар нь тус банкны Оюут тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ14/94 тоот зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ14/94-1 тоот дахин санхүүжилтийн гэрээ байгуулан 93.935.347.79 /Ерэн гурван сая есөн зуун гучин таван мянга гурван зуун дөчин долоо зууны далан есөн/төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 176 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд, 1) Зээлдэгч *******, Ц.Энхбат нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101004465 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 2) Зээлдэгч *******, Т.Баасанжаргал, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005563 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 9.938.403.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22.645.985.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.597.75 төгрөг, нийт 32.585.987 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /565 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийг үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах, 1. Үндсэн зээлийн үлдэгдэл 85.061.596.68 төгрөг, 2. Зээлийн хүүгийн төлбөр 10.923.699.45 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 215.323.62 төгрөг Нийт 96.199.022 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 12.500 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжийн 638.945.11 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох зээлдэгч *******, Ц.Энхбат нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101004465 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, зээлдэгч *******, Т.Баасанжаргал, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005563 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болох хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч ******* миний бие нь Хаан банкны Орхон салбар тооцооны төвөөс 2014 оны 06 сарын 24-нд орон сууцны зээл авсан нь үнэн. Хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч 2016 оны 04 сард нөхөр Ц.Энхбат орон тооны цомхотголд орсон мөн ажиллаж байсан компани татан буудсанаар 2017 оны 02 сарын төлөлтөөс хойш одоог хүртэл төлөлт хийгдээгүй. Төлөгдөөгүй хугацааны төлбөрийг бүрэн барагдуулж, цаашид графикийн дагуу төлөлт хийгдэж явахыг зөвшөөрч зохицуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ц.Энхбат миний бие Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвөөс 2014 оны 06 сарын 24-нд орон сууцны зээл авсан нь үнэн. Хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч 2016 оны 04 сард ажлаас орон тооны цомхтголоор халагдсан. Мөн эхнэрийн ажил татан буугдсан тул хоёулаа ажилгүй болсон. 2017 оны 02 сард төлөлт хийгдсэнээс хойш төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд төлөгдөөгүй мөнгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Т.Баасанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Т.Баасанжаргал миний бие төрсөн эгчийгээ байр авахад нь тус болж хамтран зээлдэгчээр орсон нь үнэн цаашид намайг хамтран зээлдэгчээс хасаж өгнө үү. Би төлбөр мөнгийг нь төлж чадахгүй гэжээ.

Хариуцагч Ц.Энхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Ц.Энхбат, *******, Т.Баасанжаргал нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ц.Энхбат миний бие Хаан Банканд үндсэн зээлийн төлөлтөнд 3 жилийн хугацаанд 10.078.421 төгрөг төлсөн байгаа. Иймд миний бие нь байрны зээлийн үндсэн зээлийн төлөлтөнд төлсөн 10.078.421 төгрөг /арван сая далан найман мянга дөрвөн зуун хорин нэг/-ийг Хаан Банкны Орхон салбар Оюут Тооцооны төвөөс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хамтран зээлдэгч Ц.Энхбатын гаргасан сөрөг нэхэмжлэлийг Хаан банкны зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Энхбатын өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Энхбат нь орон сууцны зээлийн төлөлтөнд 3 жилийн хугацаанд 10.078.421 төгрөг төлсөн байгаа. Энэ 10.078.421 төгрөгийг Хаан банкнаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныгаа зээлийн хүүгээс хасч өгнө үү гэж өөрчилж, шаардлагаа тодруулж байна гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хаан банкны Орхон салбарын Оюут тооцооны төв нь хариуцагч *******, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нараас зээлийн гэрээний үүрэгт 96.99.022 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нотариатын зардалд 45.200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан шаардлагадаа:

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22-40 тоот 29м2 2 өрөө байр улсын бүртгэлийн дугаар Ү-2101005563 гэрчилгээтэй орон сууц нь Т.Баасанжаргал ФМ77070211, ******* ФМ73011303, ******* ФМ77070203 хамтран эзэмшигчтэй Хаан банкны нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр эгчдээ зээл авахад нь итгэмжлэл хийж өгсөн ч гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Ийм байдалд хүрэхийг мэдээгүй, Хаан банк нь шүүхэд ийм асуудал үүсэж буйг мэдэгдээгүйд гомдолтой байна. Би 3 хүүхэд болон нөхөр Т.Баасанжаргалын хамт амьдардаг. Иймд миний өмчлөх эрх хөндөгдөж байх тул гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна. Мөн хэргийн материалтай танилцмаар байна. Цаашлаад эгч дүү нарын тангараг тасрах дээрээ тулаад үнэхээр хэцүү байна. Иймд миний өмчлөх эрх хөндөгдөж байгааг харгалзан үзэж шийдэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа:

Тухайн хэргийг судлан үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оны 06 сарын 24-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний салшгүй хэсэг гэх 2014 оны 06 сарын 24-ний өдрийн барьцааны гэрээнд Хаан банкны Орхон аймгийн салбар болон *******, Ц.Энхбат нар гарын үсэг зурж, миний өмчлөлийн хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-40 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж өмчлөгч миний зөвшөөрөлгүй барьцааны гэрээ хийсэн байсан. Ингээд 2014 оны 10 сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахдаа Хаан банк *******, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нар нь мөн миний зөвшөөрөлгүй өмчийг маань барьцаалж хууль зөрчиж миний эрх ашгийг хохироосон. Мөн 2015 оны 03 сарын 10-ний өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ/14/94-2А гэрээнд Т.Баасанжаргал, ******* нар гарын үсэг зурж миний эрх ашгийг хохироосон байх тул нь 2014 оны 06 сарын 24-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээтэй , 2014 оны 10 сарын 28-ны өдрийн гэрээний өөрчлөлт оруулсан гэх гэрээний салшгүй хэсэг гэх барьцааны гэрээнүүд болох 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ/94 тоот гэрээ, 2014 оны 10 сарын 28-ны өдрийн БГ/14/94-2 орон сууцны барьцааны гэрээ, 2015 оны 03 сарын 10-ны барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ/14/94-2А барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх тул уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, миний өмчлөх эрх хохироосныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ14/94 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******, Ц.Энхбат нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 96.244.222 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Баасанжаргалд холбогдох хэсгийг, хариуцагч Ц.Энхбатын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ 14/94 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/94-2 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ14/94-2А гэрээний Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хариуцагч *******, Ц.Энхбат нар нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 96.244.222 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 638.945 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, Ц.Энхбат нараас 638.945 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Баасанбямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, түүнээс нэмж 350.250 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч *******, Ц.Энхбат нараас тус бүрээс нь 140.150 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч тус шүүх хуралдаанд ******* нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцон нэхэмжлэл гаргаж уг хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын хувьд гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэн. Нотлох баримтыг хүлээж авахгүй татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ гэж заасныг зөрчсөн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Баасанбямбын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3-т зааснаар итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д ...итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн Ү-2101005563 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууц нь Т.Баасанжаргал, *******, ******* нарын хамтран өмчлөх дундын өмч бөгөөд итгэмжлэлд дурьдсан агуулга буюу төлөөлөгчид олгож байгаа эрх нь нэг агуулгатай, нэг хүсэл зоригийг илэрхийлсэн байх бөгөөд төлөөлүүлэгч этгээдийн доод талд Т.Баасанжаргал, ******* нар нь гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн болох нь нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар болон итгэмжлэл зэргээр нотлогдож байх бөгөөд хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтыг шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 105 дугаар зүйлийн 105.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин баг 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дээрх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг ноцтой зөрчсөн, талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч ******* Ц.Энхбат, Т.Баасанжаргал нартай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ14194 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 85.061.596 төгрөг, хүүнд 10.923.699 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215.323 төгрөг, нотариатын зардал 45.200 төгрөг нийт 96.244.222 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц.Энхбат зээлийн эргэн төлөлтөнд төлсөн 10.078.421 төгрөгийг зээлийн хүүнээс хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд ******* Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол 22 дугаар байр 40 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлага тус тус гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч байгууллага сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Ц.Энхбат ******* нар нь Хаан банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ14194 тоот зээлийн гэрээ байгуулан 95 сая төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй 176 сарын хугацаатай авсан, зээлийн барьцаанд Ц.Энхбат ******* нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 6 дугаар байр 84 тоот 51м2 4 өрөө байрыг, мөн Т.Баасансүрэн, Т.Баасанжаргал, ******* нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум 3 дугаар баг Уурхайчин 22 дугаар байр 40 тоотын 29м2 талбай бүхий 2 өрөө байрыг тус тус барьцаалсан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/14/94-1 дугаартай дахин санхүүжилтийн гэрээ буюу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан хамтран үүрэг гүйцэтгэгчээр Т.Баасанжаргалыг оролцуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь зээлийн гэрээг ******* Ц.Энхбат нартай байгуулж зээлийн мөнгийг тэдэнд шилжүүлсэн, хариуцагч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Хаан банк 2016 оны 11 дүгээр сарын 30-ы өдөр хариуцагч нарт анхааруулах захидал, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэл зэргийг хүргүүлж зээлийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай санал гаргаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 9.938.403.32 төгрөг, хүүнд 22.805.599.51 төгрөг нийт 32.586.987 төгрөг төлсөн байх ба үүнээс хугацаандаа төлөөгүй зээлд хуримтлагдсан хүү нь 33.729.298.96 төгрөг болсноос банк 22.805.599.51 төгрөгийг хүүнд тооцож авсан үлдэх мөнгө нь үндсэн зээлд тооцогдон зээлийн нийт төлбөрөөс хасагдсан болох нь хэрэгт авагдсан банкны тооцоолол буюу бүртгэлийн картаар тогтоогдсон байх тул хариуцагчийн төлсөн 10.078.421 төгрөгийг зээлийн хүүгээс хасуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар банк буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлж төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Зээлийн үндсэн хүү гэдэг нь зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоосон зээлийг зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг ойлгоно. Харин нэмэгдүүлсэн хүү гэдэг нь зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоосон гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг ойлгох ба зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй. Энэ нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нь нөхөн төлнө. Хуулийн энэхүү зээлтын дагуу нэхэмжлэгч Хаан банк хариуцагч *******, Ц.Энхбат нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй ба гэрээ цуцлах тухай санал зээлдэгч нарт хүргүүлэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй болно. Иймд анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ14/94 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хариуцагч *******, Ц.Энхбат, нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96.244.222 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, шаардах эрх тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр, Хаан банк 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/14/94 тоот зээлийн гэрээг анх *******, Ц.Энхбат нартай байгуулж мөнгийг тэдний дансанд шилжүүлсэн, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дахин санхүүжилтийн буюу нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Т.Баасанжаргалыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр татан оролцуулсан, энэхүү гэрээний өөрчлөлтөөр Т.Баасанжаргалд зээлийн мөнгө шилжээгүй тул түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн дүгнэлтүүдийг хийж тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд нийцжээ.

2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлд төлөөлүүлэгч Т.Баасанжаргал төлөөлөгч *******д Орхон аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг Уурхайчин 22 дугаар байр 40 тоотын 29м2 2 өрөө байрыг банкнаас авах зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээнд барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг олгосон байх ба энэхүү итгэмжлэлийн доод талд ******* гэсэн хэсэгт гарын үсэг зурсан нь ******* төлөөлөгч, төлөөлүүлэгч аль нь болох нь тодорхойгүй итгэмжлэлийн гол хэсэгт нэр нь байхгүй байгаа зэрэг нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд нийцээгүй байна. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг зөвхөн ******* Ц.Энхбат нартай байгуулсан, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлд үндэслэн байгуулсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.-т заасан шаардлага хангаагүй итгэмжлэлд үндэслэн байгуулсан тул эдгээр барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн БГ/14/94 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/94-2, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай БГ/14/94-2А гэрээнүүдээр барьцаалсан барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг Уурхайчин 22 дугаар байр 40 тоот 29м2 2 өрөө байрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, энэхүү хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 56, 64 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 639.180 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ