| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/00909/И |
| Дугаар | 191/ШШ2025/11499 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/11499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* ХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******ын /Регистрийн дугаар: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,,,гийн /Регистрийн дугаар: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,,,ын /Регистрийн дугаар: /
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,, ХХК /Регистрийн дугаар: / нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, *******,,,, /Регистрийн дугаар: /,
Барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,,,, тоот хаягт байршилтай 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус бөгөөд шууд эзэмшлээс нь гаргуулж, тус хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц,,
хариуцагч Ш., ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,
хариуцагч О., С. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Худалдаа хөгжлийн банк нь ХХК-тай 2018.07.23-ны өдөр ЗГ/СС180720024-5 Зээлийн гэрээ, иргэн Б.тай 2018.11.16-ны өдөр ЗГ/СС181116016-5 тоот Зээлийн гэрээг тус тус байгуулж, зээл олгосон бөгөөд эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2018.07.23-ны өдрийн ЗБ-СС180720024-5-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018.12.10-ны өдрийн ЗБ/СС181116016-5-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу тус тус барьцаалсан. Б. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас тус банкны зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар шүүхэд хандахад Б.ын оршин суух хаяг тодорхойгүй байсан тул шүүгчийн 2019.11.01-ний өдрийн 02162 дугаар захирамжийн дагуу түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна. Тус банкны зээлийн барьцааны зүйл болох Б.ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн*******,, тоот хаягт орших орон сууцанд хариуцагч нар өмчлөгч буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр оршин сууж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23.4-т барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч Иргэний хуулийн 90.2, 106.1 болон 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй' гэж заасан. Иргэний хуулийн 89.3-т өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасан. Хариуцагч Ш. нь Б.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж, тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, бусдад хөлслүүлэх эрхтэй мэт ойлголт төрүүлж С., О. нарт эзэмшүүлж байх тул түүнийг хууль бус бөгөөд шууд бус эзэмшигч гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд энд хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл тавигдсан болохоос биш тухайн хууль бус эзэмшил нь шууд эзэмшил байхаар тухайлан заагаагүй байх тул тус зохицуулалтад шууд бус эзэмшил мөн адил хамаарна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23.4-т зааснаар барьцаалагч нь барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс гаргуулахдаа Иргэний хуулийн 95 дугаар зүйлд нийцүүлэн шаардлагаа гаргах эрхтэй. Иргэний хуулийн 95.1-т шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 95.1-д заасан шударга бус эзэмшигч гэж эзэмшлээ хууль бус болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хууль бус эзэмшигчийг хэлнэ гэж тайлбарласан. Иргэний хуулийн 89.1-д зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшлийг хууль ёсны эзэмшил гэж үзэх бөгөөд хууль болон гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй этгээдийг хууль бус эзэмшигч гэж үзнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг онцгой эрх тул Ш.ийг Б.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй этгээд гэдгээ мэдсэн гэж үзэх бөгөөд өмчлөгч буюу Б.аас хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших, бусдад дамжуулан түрээслүүлэх эрхийг олж аваагүй. Дээрхээс дүгнэвэл, Ш. нь тус банкны барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шууд бусаар эзэмшиж байгаа бөгөөд түүний шууд бус эзэмшил нь хууль бус, шударга бус эзэмшил тул Иргэний хуулийн 95.1-д заасны дагуу Ш. нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгч тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, захиран зарцуулж буй үйлдлээ зогсоох үүрэгтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг онцгой эрх тул О., С. нар нь маргаан бүхий байрыг өөрсдөд нь эзэмшүүлж буй этгээд болох Ш.ийг тухайн байрны өмчлөгч биш, түүнчлэн тухайн байрыг захиран зарцуулах эрхгүй этгээд болохыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын гэрчилгээ, лавлагаа зэргээр тогтоох боломжтой байсан тул тэднийг өөрсдийн эзэмшлээ хууль бус болохыг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Иймд, О., С. нарыг маргаан бүхий байрны хууль бус бөгөөд шударга бус эзэмшигч гэж үзэхээр байна. Худалдаа, хөгжлийн банкны барьцаанд байгаа Б.ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн*******,, тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь О., С. нарын бодит эзэмшилд байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь хууль буюу хэлцлийн үндсэн дээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхгүй байна. Хариуцагч нарын хувьд маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэлээ ХХК-тай байгуулсан орон сууц ашиглах гэрээ гэж тайлбарладаг. Тухайн гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учраас Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн хүрээнд захиран зарцуулж, эзэмшиж, ашиглах, өөр этгээдэд түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээд нь гагцхүү өмчлөгч өөрөө байдаг. Хариуцагч нар ХХК-тай гэрээ байгуулахдаа өмчлөх эрх бүхий этгээд болох Б.аас зөвшөөрөл авсан талаарх баримтаа хэргийн материалд гаргаж өгөөгүй. Орон сууц ашиглах гэрээг бичгээр байгуулсан хэдий ч эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогддог. Иргэний хуулийн 106.1, 95.1, 90.2-т заасан зохицуулалтад нийцүүлээд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23.4 -т заасан нөхцөл хангагдаж байгаа учраас Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зүгээс хариуцагч нарын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч Ш. болон ХХК-д холбогдуулан барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцыг хууль бус бөгөөд шууд эзэмшлээс нь гаргуулж, тус хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгахаар Иргэний хуулийн 9.1-д заасны дагуу иргэний харилцаанд оролцогч нь зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэж хамгаалуулахын тулд шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч С., О. нарын хууль бус эзэмшлээс гаргуулсан ч гэсэн ирээдүйд дахиад орон сууцыг хууль бусаар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй учраас хариуцагч нарт маргаан бүхий орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй мэт ойлголтыг төрүүлээд хууль бусаар захиран зарцуулж ашиг олж байгаа этгээд болох Ш. болон ХХК-ийг ирээдүйд бусдын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулах, аливаа үйлдэл хийхгүй байхыг даалгасан нь нэхэмжлэгчийн зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн хамгаалагдах юм. Орон сууц захиалгын гэрээг ХХК-тай байгуулсан ч Ш.ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оруулсан үндэслэл нь хуулийн этгээдийн нийтэд нээлттэй албан ёсны мэдээллийн цахим хуудаст дурдсанаар компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал нь Ш. байгаа. Хуулийн этгээд нь эрх бүхий төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулаад эрх зүйн харилцаанд оролцдог. Маргаан бүхий орон сууцыг бусдад хууль бусаар эзэмшүүлж, ашиглуулаад захиран зарцуулаад байгаа этгээд нь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ш. байгаа учраас ирээдүйд орон сууцыг бусдад хууль бусаар эзэмшүүлж, ашиглуулж нэхэмжлэгчийн эрх ашгийг дахин зөрчихгүй байх үүднээс хамтад нь хариуцагчаар татаж оролцуулсан. Хариуцагч С., О. нарт холбогдуулан барьцааны зүйл болох орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Хариуцагч тал залилангийн шинжтэй өмчлөлд шилжүүлсэн гэдэг асуудал ярьж байна. Иргэний эрх зүйн харилцаа болон эрүүгийн эрх зүйн харилцааг ялгаж салгах нь зүйтэй байх. Маргаан бүхий орон сууцны өмчлөл нь улсын бүртгэлд хэний нэр дээр байгаа, эрх олгосон этгээдийн эзэмшилд байгаа эсэх, зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа эсэхийг шийдвэрлэх асуудал яригдаж байгаа. Эрүүгийн хэргийн тухайд ХХК Б.ад залилуулаад хохирсон бол Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг бүртгэлт мөрдөн байцаах, шүүхийн ажиллагаа явагдаад үнэхээр гэмт хэрэг гарсан бол тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй. Б. залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь тогтоогдоод шийдвэрлэгдэх асуудал нь эрүүгийн эрх зүйн харилцаа болно. Одоо бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн өмчлөх эрхийн болон эзэмших, ашиглах эрхтэй холбоотой маргаан үүссэн байгаа учраас эрүүгийн хэргийг холбогдуулж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ш., ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
ХХК нь Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт Саншайн виллаж нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Тус хотхоныг баригдаж байх явцад компанийн захирал Ш.ийн танил Б. уг хотхонд орон сууц худалдаж авах мөнгө хүрэлцэхгүй байна, захиалгын гэрээ байгуулаад орон сууцыг миний нэр дээр шилжүүлээд өгчих, би банк юм уу банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад зээл аваад өөрийн мөнгөтэйгөө нийлүүлээд орон сууцны төлбөрийг төлье гэж гуйсны үндсэн дээр Бес холдинг ХХК хүлээн зөвшөөрч 2017.08.09-ний өдөр 333-3/301 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ -г байгуулан Саншайн виллаж хотхоныны 3 давхрын тоот хаягт байрлах 267.93 м.кв талбайтай 9 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3,777,866.76 төгрөг, нийт 1,012,203,840 төгрөгөөр худалдахаар тохирсон. Б. нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаасаа хойш зээл гарахгүй байна гэх мэт зүйлийг хэлж орон сууцны үнийг төлөхгүй удаж байгаад одоо ор сураггүй алга болсон. Б. анхнаасаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож залилж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваад бусдад барьцаалсан байна. Бес холдинг ХХК нь иргэн Б.ад залилуулсан тухай гомдлоо Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасны дагуу 21052153 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Б.ыг эрэн сурвалжилж байгаа болно. Манай компаниас иргэн Б.ад холбогдуулан гаргасан гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэж дуусахаас өмнө Худалдаа, хөгжлийн банкны нэхэмжлэлтэй энэ хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцны өмчлөлийн маргааныг эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний шүүх Бес холдинг ХХК-ийг өмчлөгч биш, улмаар хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж, дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Ш.ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс явуулсан үйл ажиллагаанд Ш. хамааралгүй, одоо ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахгүй байгаа. Худалдаа хөгжлийн банк нь Ш.ийг ХХК-ийн захирлын хувиар хариуцагчаар татаагүй, иргэний хувиар татсан тул уг нэхэмжлэл Ш.д ямар ч хамааралгүй байна. Б. танилын хүрээний хувьд итгэлийг ашиглаад орон сууц захиалгын гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлчхээд, банкнаас зээл авах гэж байна гэдэг зүйл ярьсаар байгаад улмаар сураггүй алга болсон. Бид өөрийн өмчлөлийн зүйлээ алдсан учраас судлаад үзэхэд Баянзүрх дүүргийн*******,, 3 давхрын тоот 267,93 мк.в 9 өрөө орон сууцыг Б.ын нэр дээр улсын бүртгэлд өмчлөх эрх бүртгэгдсэн, улмаар Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд бүртгэгдсэн байсан. Барьцааны зүйл нь бусдын хууль бус эзэмшил болсон бол Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэх эрхтэй гэж зохицуулсан. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгө хууль бус эзэмшилд орсон эсэх асуудлыг шалган тогтоож байж хэргийг шийдвэрлүүлэх ёстой. Хэдийгээр Б.ыг ажиллагаанд оролцуулахаар холбогдох ажиллагаануудыг хийсэн боловч Монгол Улсад ирсэн эсэх нь тодорхойгүй, цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байгаа нөхцөл байдалтай байгаа. ХХК нь 2017 онд хотхоныг ашиглалтад оруулсан. Маргаан бүхий орон сууц 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл компанийн эзэмшилд байгаа. Өмчлөлийн асуудал бол тусдаа буюу өмнө нь дурдсаны дагуу шилжсэн. 2017 оны 08 сард өмчлөх эрх үүссэн байгаа. 2018 оны 11 сард зээлийн гэрээ, 2018 оны 12 сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээ байгуулагдсан. Худалдаа хөгжлийн банк нь уг орон сууцыг барьцаанд авахад үл хөдлөх эд хөрөнгө ХХК-ийн эзэмшилд байсан, одоо ч байсаар байгаа. Гэтэл Худалдаа хөгжлийн банк нь компанийн эзэмшилд байгааг мэдсээр байж барьцаанд авчхаад өнөөдөр ХХК хууль бусаар эзэмшиж байна гээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв орон сууц нь ХХК-ийн эзэмшлээс гараад, буцаагаад компани хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэж байгаа бол банк энэ талаар баримтаа гаргаж, нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч О., С. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О., С. нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн орон сууцыг хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшээгүй. ХХК-тай харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал эцэслэн шийдвэрлэгдээд Б. гэх хүн тухайн орон сууцыг залилах гэмт хэрэг үйлдэл гаргаж, олж авсан байх юм бол энэ нь ХХК-ийн өмчлөлд шилжих үр дагавартай шийдвэр гарч болзошгүй гэж байна. Хэрэв ийм байдлаар шийдэгдэх юм бол ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдож, хууль бусаар эзэмшиж байгаа гэх боломжгүй юм. Орон сууцыг ашиглалтад оруулсан ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа учраас хууль бус эзэмшил гэж үзэхгүй. Иргэний хуулийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Худалдаа хөгжлийн банк барьцааны гэрээ байгуулсан нь энэ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохгүй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэж гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй нөхцөл байдал байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23.4 дэх хэсгийг үндэслэж тайлбарлаж байна, энэ заалтад барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай байгаа болохоос банкны эзэмшилд шилжүүлэх, эсвэл Б.ын эзэмшилд шилжүүлэх гэж гаргаагүй тул шаардлага үндэслэлгүй байна. Худалдаа хөгжлийн банк нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул орон сууцыг өмчлөгчийн өмнөөс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч О., С. нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: 2022.01.28-ны нэхэмжлэл /1хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3, 4/, итгэмжлэл /1хх-5, 8, 170, 2хх-92, 96, 165/, Худалдаа хөгжлийн банк ХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх6-7/, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт /1хх-9/, 2018.11.16-ны ЗГ/СС181116016-5 Зээлийн гэрээ /1хх10-12/, 2018.12.10-ны ЗБ/СС181116016-5-2 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /1хх13-14/, 000595337 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-15/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.01-ны шийдвэр /1хх-16/, 2018.07.23-ны ЗГ/СС180720024-5 Зээлийн гэрээ /1хх1719/, 2018.07.23-ны ЗБ/СС180720024-5-4 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /1хх20-21/, нотариатчийн нэхэмжлэл /1хх-22/, 2022.04.01-ний хамтран хариуцагч оролцуулах хүсэлт /1хх-63/, 2022.04.27-ны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /1хх75-76/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-77, 78/, 2022.04.27-ны нэхэмжлэлийн шаардлага /1хх79-81/, 2022.11.11-ний нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1хх159-160/, 2023.11.21-ний нэхэмжлэлийн шаардлага /2хх80-82/, 2023.11.24 нэхэмжлэлийн шаардлага тодруулсан /2хх-87/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2023.04.27-ны өдрийн албан бичиг /2хх-169/,
4.2. Хариуцагч Ш.өөс ирүүлсэн: итгэмжлэл /1хх-25, 2хх-167/, Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /1хх-53/,
4.3. Хариуцагч О.аас ирүүлсэн: итгэмжлэл /1хх-89, 2хх-123/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /1хх-172/, 2021.10.22-ны өдрийн Орон сууц ашиглуулах, ашиглах гэрээ /1хх190-191, 192-193/,
4.4. Хариуцагч С.оос ирүүлсэн: итгэмжлэл /1хх-103, 2хх-191/,
4.5. Хариуцагч ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-100/, итгэмжлэл /2хх-101/, 2024.03.26-ны хариу тайлбар /2хх108-109/,
4.6. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын 2022.03.22-ны 61 дугаартай албан бичиг, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх-50, 51/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.05.24-ний 6/4572 дугаартай албан бичиг, 000595337 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-99, 100/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023.02.17-ны 1/712, 2023.03.27-ны 1/11678 дугаартай албан бичиг /1хх-216, 226/, 2023.04.21-ний 1/1546 дугаартай албан бичиг, 2021.11.01-ний Мөрдөгчийн тогтоол, БЕС Инфраструктор холдинг ХХК-н гомдол /1хх-238, 239, 240/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.10.29-ний 9/13507 дугаартай албан бичиг, Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх146, 147, 148/, Хил хамгаалах ерөнхий газрын 2024.10.31-ний 2-4в/7069, 2025.11.17-ны 02-07а/8949 дугаартай албан бичиг /2хх-150, 195/,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагч Ш.д холбогдуулан Б.ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,, тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С., О., ХХК нарыг татан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- хариуцагч Ш. болон ХХК-д холбогдуулан барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцыг хууль бус бөгөөд шууд эзэмшлээс нь гаргуулж, тус хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгах,
- хариуцагч С., О. нарт холбогдуулан барьцааны зүйл болох орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх.
3. Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3а. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Б.ын нэр дээр бүртгэгдсэн боловч, эзэмшлийг шилжүүлээгүй, Б. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан залилан мэхэлж компанийн хөрөнгө болох орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлээд банкны зээлийн үүрэгт барьцаалсан үйлдлийг цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа гэж тайлбарлан маргасан.
3б. Хариуцагч Ш. нь өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч түүнийг ХХК-ийн захирлын хувиар хариуцагчаар татаагүй, иргэний хувиар татсан тул уг нэхэмжлэл түүнд хамааралгүй, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс иргэнийхээ хувьд үйл ажиллагаа явуулаагүй, одоо ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахгүй байгаа гэх тайлбарыг гарган маргасан.
3в. Хариуцагч С., О. нар маргаан бүхий орон сууцыг хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшээгүй, ХХК-тай харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа учраас хууль бус эзэмшил гэж үзэхгүй, Худалдаа хөгжлийн банк нь орон сууцны өмчлөгч биш тул орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4. Худалдаа, хөгжлийн банк нь 2018 оны 07 сарын 23-ны өдөр ХХК-тай ЗГ/СС180720024-5 дугаартай зээлийн гэрээ байгуулж 300,000 ам.долларыг зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ/СС180720024-5-4 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн*******,,,, тоотод байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /1хх17-19, 20-21/
Мөн 2018 оны 11 сарын 16-ны өдөр ХХК-тай ЗГ/СС181116016-5 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 412,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 сарын 10-ны өдөр ЗБ/СС181116016-5-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж Б.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн*******,,,, тоотод байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /1хх-ийн 10-12, 13-14/
5. Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк нь дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд эзэмшиж, ашиглаж байгаа гэх тайлбарыг гаргаж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг үндэслэн хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргажээ.
6. Маргаан бүхий орон сууц болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,,,, тоот хаягт байршилтай 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 08 сарын 14-ний өдөр иргэн Б. бүртгэгдсэн нь 000595337 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх-ийн 15/
7. ХХК-ийн захирал Ш. нь 2021 оны 10 сарын 22-ны өдөр О., С. нартай Орон сууц ашиглуулах, ашиглах гэрээг тус тус байгуулж, Баянзүрх дүүргийн*******, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,,б тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг О.ад ашиглуулахаар,ныа тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.ид ашиглуулахаар харилцан тохиролцож, О., С. нар нь тус тусын орон сууцанд оршин сууж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-ийн 190-191, 192-193/
8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын баримтаар нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,,,, тоотод байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.ыг бүртгэсэн бүртгэл хэвээр байгаа болох нь, мөн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бүртгэл бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байх боловч хариуцагч ХХК нь тоот орон сууцыга,б гэж дугаарлан хувааж хариуцагч О., С. нарт ашиглуулж байгаа болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 99, 100/
9. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч нь Иргэний хуулийн 90.2, 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь 2017 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, 2018 оны 11 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 12 сарын 10-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн*******,,,, тоотод байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байна. /1хх-99/
10. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.ын өмнөөс барьцааны зүйл болох орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь барьцааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний дагуу барьцааны эрхийг бүртгүүлснээс бус маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хуульд зааснаар бүртгүүлэх замаар олж аваагүй байх тул өмчлөгчийн эрхийг эдлэхгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Б. байх тул нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан өмчлөгчийн шаардах эрхийг эдлэхгүй буюу хариуцагч нарт холбогдуулан барьцааны зүйл болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.
11. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар ХХК-ийн захирал Ш. 2021 оны 10 сарын 22-ны өдөр О., С. нартай Орон сууц ашиглуулах, ашиглах гэрээг тус тус байгуулж Б.ын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн*******, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,ны тоот орон сууцыга тоот,б тоот гэж хуваан ашиглуулж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй Б. нь хуульд заасан өмчлөгчийн эрхийг нь хариуцагч ХХК, Ш., О., С. нар зөрчсөн гэж үзвэл өөрөө шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.
Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн Б. хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь тухайн орон сууцны өмчлөгчийн шаардах эрхийг эдлэхгүй тул хариуцагч ХХК, захирал Ш. болон тус компанитай орон сууц ашиглах гэрээ байгуулан орон сууцыг эзэмшиж, ашиглаж буй хариуцагч О., С. нарын хооронд үүссэн харилцаа, байгуулсан гэрээний асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагч С., О. нар нь хариуцагч ХХК-тай байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдож байх тул тэднийг хууль бусаар орон сууцыг эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
12. Худалдаа хөгжлийн банк ХК нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугар хэлтэст Б.ад холбогдох гомдлыг гаргасны дагуу 2019 оны 05 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 190602738 дугаартай хэргийг нээж шалгалтын ажиллагааг явуулж, холбогдогч Б. нь Монгол Улсын хилээр гарсан тул Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны ажлын албаар дамжуулан олон улсын хэмжээнд интерполын хөх булант зар мэдээгээр зарлуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр 2022 оны 03 сарын 28-ны өдөр 537 дугаартай хэргийг хаах прокурорын тогтоол гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /2хх-ийн 169/
ХХК нь Баянзүрх дүүргийн*******,,,, тоот орон сууцыг Б. худалдан авахаар тохиролцож, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан боловч орон сууцны төлбөрийг төлөлгүй залилан мэхэлсэн гэх гомдлыг 2021 оны 10 сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 210502153 дугаартай хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 238-240/
13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-ийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.ыг оролцуулахаар шийдвэрлэж, шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч дурдсан хаягт байхгүй болох нь тогтоогдсон, мөн Б. 2019 оны 03 сарын 01-ний өдөр ОМ301 нислэгээр Монгол Улсын хилээр гарч явсан, Монгол Улсад орж ирсэн бүртгэл хийгдээгүй нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. /2хх-150, 195/
14. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ш. болон ХХК нарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,,,, тоот хаягт байршилтай 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус бөгөөд шууд эзэмшлээс нь гаргуулж, тус хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгах, хариуцагч С., О. нарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,,,, тоот хаягт байршилтай 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
15. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөг /70,200 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээх хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш., С., О., ХХК нарт холбогдуулан гаргасан барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,,,, тоот хаягт байршилтай 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус бөгөөд шууд эзэмшлээс гаргуулж, тус хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР