Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 342

 

Г.Бөд холбогдох

         эрүүгийн хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар цагаатгах тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Г.Бөд холбогдох 1921008800006 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шарайд овогт Гын Б нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бөд холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.Бөд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Г.Б 2018.08.22-ны өдрийн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх шалтгаан болохгүй ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн “...Байнга гэдэг тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгох хууль хэрэглээний ойлголт юм. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба энэхүү гурван үйлдэлдээ Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл урьд гаргасан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн заалтаар шийтгэл хүлээсэн хүнд дахин тухайн үйлдлийг нь Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Шүүгдэгч Г.Бийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн үйлдэлд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 249 дүгээр шийтгэврээр баривчлах шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан шийтгэлийн хуулбараар нотлогдож байна” гэж дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 506 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг тайлбарлахдаа “...байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм. Иймээс Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл хэсгээр давхар зүйчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага хүлээлгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана гэж тодорхой тайлбарласан байдаг.

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 62 дугаартай цагаатгах тогтоолоор Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Шарайд овогт Гын Бийг “...2017 оны 10 дугаар сар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Д.Аг зодсон"... гэх үйлдэл нь “Гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга /3 ба түүнээс дээш удаа/ зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 11 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Г.Бөд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр цагаатгасан байна. Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хэлэлцэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Бийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 2-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 2-23 тоот гэртээ согтуугаар эхнэр Д.Атай маргалдах үедээ түүнийг хогны хутгуураар цохиж биед нь “баруун бугалга, зүүн шууны цус хуралт” бүхий гэмтэл учруулсан, мөн 2015 оны 6 сард, 2017 оны 5 сард, 2017 оны 10 сард, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Г.Бийн хувьд 2015 оны 6 сараас 2019 оны 12 дугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд 5 удаа эхнэр Д.Агийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйдлэл хийсэн боловч тэдгээр үйлдлийн хооронд Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Байнга” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Давж заалдах шатны шүүхээс “…Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн явдал нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх шалтгаан болохгүй” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Бийн үйлдсэн зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг “Байнга” үйлдсэн гэх шинжээр нэгтгэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тооцох хөөн хэлэлцэх хугацааны шалгуур хангагдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим нь Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хүнд тухайн гэмт хэрэгт нь дахин ял оногдуулахыг хориглосон агуулгыг илэрхийлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн хүн тухайн зөрчлийг удаа дараа үйлдэх нь дахин давтагдах шинжээрээ нийгэмд аюултай гэмт хэргийн шинжийг агуулж, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг ноцтой зөрчиж, илүү хүнд хор уршигт хүргэж болзошгүй үр дагаврыг хууль тогтоогч харгалзан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн эсэх нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэгчийг үйлдлийнх нь давтамж, аюултай шинж чанараас нь хамааран түүнд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн шийтгэлээс Эрүүгийн хуулиар тогтоосон ял шийтгэл хүртэл шат дараалан хүндрүүлсэн нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-ээс гадна хүчирхийлэл үйлдэгчийг нийгэмшүүлэх, хүний зөрчигдсөн эрхийг сэргээж, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг давхар агуулсан болно.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасан нь тухайн гэмт хэргийг жинхэнэ үйлдсэн хүнийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагаар хэргийг прокурорт буцаах агуулгатай бөгөөд энэхүү хэргийн хувьд Г.Бөөс өөр хүнийг холбогдуулан шалгах үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх талаар шүүгдэгч Г.Бийн гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 11 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               С.БАТДЭЛГЭР          

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН