Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

  2020       02         13                                               2020/ШЦТ/62

                                   

                                      

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 1921008800006 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ...... дүгээр сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, “.................” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ..................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт Г.Б. /РД: .................../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Б-ийг согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............. тоотод гэртээ эхнэр Д.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хогны хутгуураар цохиж “...биед нь баруун бугалга, зүүн шууны цус хуралт” гэмтэл учруулсан, мөн 2015 оны 06 сард, 2017 оны 05 сард, 2017 оны 10 сард, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ....................... тоотод гэртээ согтуурсан үедээ эхнэр Д.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хогны хутгуураар цохиж “...биед нь баруун бугалга, зүүн шууны цус хуралт” гэмтэл учруулсан, мөн 2015 оны 06 сард, 2017 оны 05 сард, 2017 оны 10 сард, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921008800006 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч П.Цацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний найз А нь нөхөр Г.Б-өд байнга зодуулсан эсвэл маргаж муудсан талаар надад хэлдэг, надаас өөр хүнд хэлээд байдаггүй. ...ер нь бол их хэцүү амьдардаг. ...нөхөр нь А-г гэрээс нь бараг гаргахгүй найз нөхөдтэй нь уулзуулдаггүй. А-д надаас өөр найз бараг байхгүй гэж хэлэхэд болно. ...мөн А 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Г.Б-ийн ажил болох музейн гадаа зодуулсан гэж байсан тухайн үед Г.Б согтуу машин дотроосоо төмөр шидээд хөлийг нь гэмтээж байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр би А-гийн хамт гадуур гарсан тэр үед Г.Б өөрөө зөвшөөрч гаргасан тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой Г.Б согтуу ирээд өмнөх бид хоёрын гадуур гарснаас болж хэрүүл маргаан үүсгээд гар хүрсэн байсныг би мөн сүүлд мэдсэн. ...ер нь манай найз А нөхөртөө зодуулсныхаа дараа ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар явж байгаагүй. Харин толгой өвдөөд байна бариачид бариулна гэдэг л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим гэртээ унтаж байхад гаднаас манай нөхөр Г.Б согтуу гартаа архи барьчихсан орж ирээд ...хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилсон ...тухайн үед би “чи ингэж хүн хардаж сэрдэхээ боль” гэж хэлэхэд гэрийн хаалганы хажууд байсан хогийн хутгуур авч намайг “чи цагдаа дууд” гэж хэлээд цохисон. ...мөн 2015 оны 06 дугаар сард гэртээ байхад гаднаас согтуу орж ирээд намайг шалны модоор цохиж өшиглөж байсан. Тухайн үед цагдаад мэдэгдэж торгуулийн арга хэмжээ авч байсан би тэр үед жирэмсэн байсан. ...2015 оны 05 дугаар сард гэрийн гадна машин дотор байж байхдаа “чи согтуу машин барьлаа” гэж хэлээд машинаас буухад надад уурлаж хавтгай төмөр шидэж хөлийг маань онож байсан. ...2017 оны 10 дугаар сард мөн нөхөр согтуу машинаа бариад гэртээ ирэхэд нь “согтуу машин барьж болохгүй машины түлхүүрээ өг” гэж хэлтэл архины шилээр толгой руу маань цохисон. ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад согтуу ирээд гараараа толгой руу маань цохиж гараар минь хана цохиулаад байсан. ...Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж шүүхээр 14 хоног баривчлагдаж байсан. Тэр цагаас хойш зодоогүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зодсон. Би цагдаагийн байгууллагад жижигхэн асуудлаас болж гомдол гаргахаас санаа зовоод хэлдэггүй юм. Намайг зодохдоо ямар нэгэн хүн байхгүй гэрчгүй зоддог. Зодоогүй үед янхан, гичий, банзал гэж хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог. Тэр болгоныг нь би ар гэрийнхэндээ хэлээд байдаггүй. ...шүүх хуралд оролцохгүй, зодуулсандаа гомдолтой байна. Г.Б-өд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой найзуудтайгаа гадуур архи ууж байгаад 23 цагийн орчим гэртээ ирэхэд эхнэр А хоёр хүүхдийн хамт байсан. Ингээд жоохон хямарсан байсан тул амьдралаа ярих гэтэл эхнэр А хэлсэн үгийг маань тоохгүй инээж ханиагаад байхад нь би уурлаад хажууд байсан гэрийн босоо хогийн хутгуурыг авч зөөлөн шидэхэд гараараа хаасан. ...Өмнө нь 2017 оны 09 дүгээр сард ажлынхаа хамт олонтой “Музейн” гадаа байж байхад А үг хэлээр доромжлоод байхад нь...төмөр дугуйн дорцов шидээд хөлийг нь гэмтээж байсан. ...Мөн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэгдүгээр сургуулийн урд талд хамт явж байхдаа миний хувьд архи уусан байсан тул эхнэрээс уучлалт гуйх гээд мөрөн дээр нь гараа тавьхад надтай хэрүүл маргаан үүсгээд намайг хоолой боосон гэж цагдаагийн байгууллагад хандаж байсан. ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 783 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

            1. Д.А-гийн биед баруун бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

            3. Дээрхи гэмтэл нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 249 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 33, 34, 37-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээр дурдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын өгсөн тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ..................... гэртээ согтуурсан үедээ эхнэр Д.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хогны хутгуураар цохиж “...биед нь баруун бугалга, зүүн шууны цус хуралт” гэмтэл учруулсан,

- мөн 2015 оны 06 сард, 2017 оны 05 сард, 2017 оны 10 сард, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус зодсон гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Гэвч шүүгдэгч Г.Б-ийн дээрх үйлдлүүдийг Дорнод аймгийн Прокурорын газраас “гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн нэг онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан байна.

Байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгох хууль хэрэглээний ойлголт юм.

Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба энэхүү гурван үйлдэлдээ Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгох нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл урьд нь гаргасан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” гэсэн заалтаар шийтгэл хүлээсэн хүнд дахин тухайн үйлдлийг нь Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй юм.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “шүүгдэгч Г.Б нь ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зодсон” гэх үйлдэлд нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 249 дугаартай шийтгэврээр баривчлах шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан шийтгэлийн хуулбараар тогтоогдож байна.

Мөн яллах дүгнэлтэд дурдсан “...шүүгдэгч Г.Б-ийн 2015 оны 06 сард, 2017 оны 05 сард зодсон...” гэх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

Учир нь: 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хуулиар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”-ийг шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилж өгсөн бөгөөд шүүгдэгч Г.Б-ийн дээрх хоёр удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт хамруулж үзэх боломжгүй байна.

Иймд Дорнод аймгийн прокурорын газраас шүүгдэгч Шарайд овогт Г.Б-ийг “...2017 оны 10 дугаар сар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Д.Аг зодсон...” гэх үйлдэл нь “Гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга /3 ба түүнээс дээш удаа/ зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон Г.Б-өд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Б-ийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас шүүгдэгч ....... овогт Г.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-ийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-өд холбогдох 1921008800006 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Б-ийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН