Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/11

 

Г.Бөд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Прокурор                                                         Ч.Мөнхзул нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/62 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлээр Г.Бөд холбогдох эрүүгийн 1921008800006 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Шарайд овогт Ганбатын Б.

Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ....................... гэртээ эхнэр Д.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хогны хутгуураар цохиж биед нь баруун бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл учруулсан, мөн 2015 оны 6 сард, 2017 оны 5 сард, 2017 оны 10 сард, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Г.Бийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/62 дугаар цагаатгах тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас шүүгдэгч .............. овогт Г.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Бийг цагаатгаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөд холбогдох 1921008800006 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Бийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, ... шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох хохирогч Д.А-ийн “2019 оны 12 сарын 22-ны орой 22 цагийн үед гэртээ унтаж байхад гаднаас манай нөхөр Б согтуу гартаа архи барьчихсан орж ирээд хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилсон. Тухайн үед би “чи ингэж хүн хардаж сэрдэхээ боль” гэхэд гэрийн хаалганы хажууд байсан хогийн хутгуур авч “чи цагдаа дууд” гээд намайг цохисон. Мөн 2015 оны 6 сард гэртээ байхад гаднаас согтуу орж ирээд намайг шалны модоор цохиж өшиглөж байсан. Тухайн үед цагдаад мэдэгдэж торгуулийн арга хэмжээ авч байсан би тэр үед жирэмсэн байсан. 2015 оны 5 сард гэрийн гадаа машин дотор байж байхдаа “чи согтуу машин барьлаа” гэж хэлээд буухад надад уурлаж хавтгай төмөр шидэж хөлийг маань онож байсан. 2017 оны 10 сард манай нөхөр согтуу машинаа бариад ирэхээр нь “согтуу машин барьж болохгүй, машины түлхүүрээ өг” гэхэд архины шилээр толгой руу маань цохисон. 2018 оны 8 сарын 22-ны өдөр намайг ажил дээрээ байхад согтуу ирээд гараараа толгой руу цохиж, гараар минь хана цохиулаад байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж шүүхээр 14 хоног баривчлагдаж байсан. Тэр цагаас хойш зодоогүй байж байгаад 2019 оны 12 сарын 02-ны өдөр зодсон. Намайг зодохдоо ямар нэгэн хүн байхгүй гэрчгүй зоддог. Зодоогүй үедээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Тэр болгоныг нь би ар гэрийнхэндээ хэлээд байдаггүй гэх” мэдүүлэг. Гэрч П.Цын “миний найз А нь нөхөр Бөд байнга зодуулсан эсвэл маргаж муудсан талаар надад хэлдэг, надаас өөр хүнд хэлээд байдаггүй. Ер нь бол их хэцүү амьдардаг. Нөхөр нь Аг гэрээс нь бараг гаргахгүй найз нөхөдтэй нь уулзуулдаггүй. Ад надаас өөр найз байхгүй гэж хэлэхэд болно. Ер нь манай найз А нөхөртөө зодуулсны дараа ямар нэг эмнэлгийн байгууллагаар явж байгаагүй. Харин толгой өвдөөд байна бариачид бариулна л гэдэг байсан.” гэх мэдүүлэг болон Дорнод аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн 2019 оны 12 сарын 05-ны өдрийн №783 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтаар Г.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь бүрэн нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж байна. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Аг зодсон 5 удаагийн үйлдлээс зөвхөн нэг удаагийн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээж байсан нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Харин шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн хүчирхийллийг нийт 5 удаа үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодох гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн нотолж харуулж буй үйл баримт юм.

Мөн шүүхийн тогтоолд 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хуулиар “Гэр бүлийн хүчирлийлэл үйлдэх”-ийг шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилж өгсөн хэмээн дурдсан нь ойлгомжгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 1201 дүгээр зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хуульчилж өгсөн байх ба улмаар хуулийн энэхүү заалт нь 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульд үндсэн агуулгаа хадгалан зохицуулагдсан байна. Шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлддэг байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар бүрэн тогтоогдсон, түүний Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээж байсан 1 удаагийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Г.Бөд холбогдох хэргийг цагаатгасан байх тул шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлах замаар шүүгдэгчийг цагаатгасан байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тухайлбал анхан шатны шүүх “Байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгох хууль хэрэглээний ойлголт юм. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба энэхүү гурван үйлдэлдээ Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл урьд гаргасан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн заалтаар шийтгэл хүлээсэн хүнд дахин тухайн үйлдлийг нь Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Шүүгдэгч Г.Бийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн үйлдэлд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 249 дүгээр шийтгэврээр баривчлах шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан шийтгэлийн хуулбараар нотлогдож байна” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан. 

Эрүүгийн хуулийн тухайн зүйлд “гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодох” явдлыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчилсан. Гэвч цагаатгах тогтоолд бичсэн шиг, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээгээгүй гурав ба түүнээс дээш тооны үйлдлийг ойлгох ба, хэрэв  зарим үйлдэлдээ  Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” гэх заалтаар нэгэнт шийтгэл хүлээсэн бол энэ үйлдлийг хасаж тооцох замаар гэмт хэргийн шинж үгүйсгэгдэх утга санаа харагдахгүй байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж буй үндэслэлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай холбон дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчимтай холбогдох 4 үндсэн санааг, тодруулбал эрүүгийн хариуцлага нь үйлдсэн хэрэгт тохирсон байх (адикват чанар), аливаа хэлбэрийн алагчлалгүй байх, эрүүгийн хариуцлагыг бусдад үл халдаах, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах гэсэн санаанууд хуульчлагдсан. Шүүх эдгээрийн чухам алинд нь нийцэхгүй байгаа тухайгаа тодорхой хэлээгүй бөгөөд, эхний гурван санаа нь шүүхийн дээрх дүгнэлтээс  нэлээд хол сонсогдож байна. Харин сүүлийн буюу нэг гэмт хэрэг — нэг ял гэсэн санааг нэг үйлдэл — хуулийн нэг хариуцлага гэсэн санаагаар өргөжүүлж байгаа бол энэ өргөжилт тухайн хуулийн зорилготой нийцэж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг эрүүжүүлэх нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх арга хэмжээ үр дүнгүй болсон нөхцөлд хуулийн хариуцлагыг улам чангаруулах замаар гэр бүлийн хүчирхийлэлтэй илүү үр дүнтэй тэмцэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зэрэг зорилготой. Гэвч анхан шатны шүүхийн дээрх тайлбар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн нөлөөллийг сулруулсан, үндэслэл муутай дүгнэлт болжээ.

Иймд шүүгдэгч Г.Б 2018 оны 08 дугаар сарын 22-ны үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх шалтгаан болохгүй ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/62 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Г.Бөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР