Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2019/00110

 

******* Төрийн

байгууллага, албан газар, улсын төсөвт

үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч

******* ХХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00639 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

4.393.010.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгаланбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжих, улаан буудайн үнийг тэнцвэржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан, улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралт тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам-аар тус тус зохицуулдаг. Уг журамд заасны дагуу санд худалдан авах болон борлуулах хүнсний улаан буудайн үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тогтоодог ба уг үнээр тариаланчдаас хүнсний улаан буудайг худалдан авч зохих стандартын дагуу цэвэрлэгээ, хатаалга, сэлгэлтийг хийн гурил үйлдвэрлэгчдэд борлуулах үйл ажиллагааг сан үзүүлдэг. ******* ХХК нь тус сантай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах тухай хоёр гэрээг байгуулсны дагуу гүйцэтгэлээрээ нийт 9.755.5 /есөн мянга долоон зуун тавин тав аравны тав/ тонн хүнсний улаан буудайг худалдан авсан ч гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөлгүй санг санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. ******* ХХК болон сангийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн АҮ/2017/13 дугаар гэрээ байгуулагдсан ба тус гэрээг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн БУ-2017/17, БУ-2017/18, БУ-2017/19, мөн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн БУ-2017/40 дугаартай Хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудасны дагуу ******* ХХК-д нийт 5.000 /таван мянга/ тонн буудайг олгосон. Буудайн төлбөрийг татан авалт хийснээс хойш 45 хоногт багтаан төлөхөөр гэрээнд тохиролцсон боловч 1.147.200.000 /нэг тэрбум нэг зуун дөчин долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлж, 1.622.400.000 /нэг тэрбум зургаан зуун хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги нь нэг хоногийн 1.622.400 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг байна. ******* ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн БУ- 2017/40 зөвшөөрлийн хуудасны дагуу татан авалт хийснээс хойш 45 хоногт багтаан буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлбөрөө барагдуулах байсан ч үүргээ зөрчсөн тул 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 570 хоногийн алданги тооцоход 924 768 000 /есөн зуун хорин дөрвөн сая долоон зуун жаран найман мянга/ төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1.622.400.000 төгрөгийн тавин хувь болох 811.200.000 /найман зуун арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн хамт, Мөн ******* ХХК болон сангийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийн АҮ/2017/65 дугаартай гэрээг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн БУ-2017/53, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн БУ-2017/54, БУ-2017/55 дугаартай хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудасны дагуу ******* ХХК нийт 4.755.5 /дөрвөн мянга долоон зуун тавин тав аравны тав/ тонн буудайг худалдан авсан байна. Дээрх буудайн төлбөрт 2.663.068.800 /хоёр тэрбум зургаан зуун жаран гурван сая жаран найман мянга найман зуу/ төлөхөөс 1.315.468.700 /нэг тэрбум гурван зуун арван таван сая дөрвөн зуун жаран найман мянга долоон зуун / төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1.347.600.000 /нэг тэрбум гурван зуун дөчин долоон сая зургаан зуун мянга/ төгрөг төлөгдөөгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан төлбөрийн нөхцөлийн дагуу буудайн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор заасныг үндэслэн нэг хоногийн 1.347.600 /нэг сая гурван зуун дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөг байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 454 хоногийн алданги 611.810.400 /зургаан зуун арван нэгэн сая найман зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийн алдангийг үндсэн төлбөр болох 1.347.600.000 /нэг тэрбум гурван зуун дөчин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийн хамт 1.959.410.400 /нэг тэрбум есөн зуун тавин есөн сая дөрвөн зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн АҮ/2017/13 дугаар гэрээний үндсэн төлбөрөөс гүйцэтгээгүй үүрэг 1.622.400.000 төгрөг, 811.200.000 төгрөгийн алданги, 2017 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийн АҮ/2017/65 дугаар гэрээний үндсэн төлбөрөөс гүйцэтгээгүй үүрэг 1.347.600.000 төгрөг, 611.810.400 төгрөгийн алданги, нийт 4.393.010.400 /дөрвөн тэрбум гурван зуун ерэн гурван сая арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжилж байна. Сан нь улсын төсөвт газар бөгөөд тариаланчдыг дэмжиж, тариалсан буудайг худалдан авч төлбөрийг хугацаатай буцаан төлөх, санхүүгийн түрээсийн гэрээгээр техник тоног төхөөрөмжийг тариаланчдад олгохдоо гуравдагч этгээдээс хүүтэй авч буцаан төлбөрийг төлөх, валютын ханшны өөрчлөлт зэргээс хамаарч хохирол учирч байгаа. ******* ХХК нь хугацаа хэтрүүлснээс болж сан нь борлуулсан буудайн төлбөрийг авч чадалгүй бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс болж их хэмжээний хохирол учраад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь 2017 оны 04 дүгээр сараас эхлэн ТЭДС-аас 9 783 тонн улаан буудай худалдан авсан. Тус улаан буудайн үйлдвэрлэлийг 4-5 дугаар саруудад болон 8, 10-р саруудад явуулж гурилын зах зээлд борлуулалт хийсэн. Борлуулалтын явц нь 40-60 хоногийн зээлийн шугамаар явдаг бөгөөд өнөөдрийг хүртэл зарим борлуулагч нараас төлбөр барагдуулталт хангалтгүй байгаа. Мөн 2017 оны намар болон 2018 оны намрын ургац хураалтаас бид эргэлтийн хөрөнгөгүйн улмаас улаан буудай нөөцлөн авч чадаагүй бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар өнөөдрийг хүртэл сул зогсолт хийгээд байна. Бид 2018 оны 1 дүгээр сард ХХААХҮЯ-аас зарласан тэжээл нийлүүлэх сонгон шалгаруулалтад хамрагдаж дэмжлэг авч, Хэнтий, Булган, Орхон аймагт малын тэжээл нийлүүлсэн. Тэжээл нийлүүлэх хугацааны хувьд давчуу, үйлдвэрлэгч нарын захиалга давхацсантай холбогдуулан төмөр замын ачаалал ихсэж, ачааны вагоны хүрэлцээ муу, олгогдсон зөвшөөрөл 2018 оны 5-р сарын 15-нд хаагдсан зэрэг шалтгааны улмаас манай компани өөрсдийн нөөц бололцоог ашиглан өвлийн цас зудтай цаг үед Булган, Хэнтий, Орхон аймгийн 23 суманд нийт 487.7 тонн хивэг нийлүүлсэн байна. Нийлүүлэлтийн хугацаанд урин цаг залгасантай холбоотой агуулахад борлогдоогүй 350 тн хивэг үлдсэн байна. Тус хивэгний борлуулалтыг тухайлсан аймаг бүрт хүргэх явцад Булган, Хэнтий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан зэрэг нь малчдад хүргэх тэжээлийн явцыг удаан хугацаагаар хойшлуулсан болно.Бид гэрээний дагуу Креатив агро компанийн дансанд нийт 19.753.000.00 /арван есөн сая долоон зуун тавин гурван мянга/-н рублийг шилжүүлсэн. Гэвч тус компани нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагад 189.213.36 /нэг зуун наян есөн мянга хоёр зуун төгрөг/-ийн хохирол учирснаас гадна нэг ч тонн хивэг ачуулаагүй. Бид одоогийн байдлаар тухайн компаниас хохирлоо барагдуулахаар ОХУ-д суугаа элчин сайдын яамаар дамжуулан эрэн сурвалжлуулах хүсэлт гарган төлбөрөө нэхэмжлээд байна. Мөн УБ-18/20 тоот төлбөрт үйлчилгээний гэрээг Леонов Сергей Геннадьевичтай байгуулан дээрх компаниас төлбөр нэхэмжлэх олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. 2016-2018 оны хооронд үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдаж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөнтэй холбоотой Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас баталгаажуулсан гэрчилгээ авсан болно. Бид ТЭДС-н төлбөрийн үлдэгдэл болох 2.970.000.000.00 /хоёр тэрбум есөн зуун далан сая төгрөг/-г үйл ажиллагаа эхэлсэн цагт хуваарь тохирч төлөх саналтай байна. Төлбөр төлөгдөөгүй алданги гэх 1.423.010.000 /нэг тэрбум дөрвөн зуун хорин гурван сая арван мянган төгрөг/-ийг төлөх боломжгүй байгаа бөгөөд үндсэн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр хүсэлт гаргаад байгаа билээ. Үүнд: 2019 оны 10-р сарын 25-нд 1.000.000.000.00 /нэг тэрбум төгрөг/, 2019 оны 11-р сарын 25-нд 1.000.000.000.00 /нэг тэрбум төгрөг/, 2019 оны 12-р сарын 25-нд 970.000.000.00 /есөн зуун далан сая төгрөг/ тус тус төлөхөөр ТЭДС-д хүргүүлсэн.Энэ мэт манай компанид тохиолдсон шалтгаануудыг хүндэтгэн судалж үзэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна. ЭДС-тай төлбөр төлөх тал дээр тохиролцох шатанд явж байгаа тул ийнхүү хариу тайлбар хүргүүлж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00639 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас хүнсний улаан буудайн үлдэгдэл төлбөрт 2.970.000.000 төгрөг, алданги 1.075.927.200 төгрөг, нийт 4.045.927.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 347.083.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 20.387.586 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгаланбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрт *******-н нэхэмжилж буй гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.970.000.000.00 төгрөг, алданги гэх 1.075.927.000.00 төгрөгийг тус тус хариуцагч манай талаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэвч дээрх шийдвэртэй холбоотойгоор манай компанийн зүгээс дараах саналыг хүргүүлж байна. Үүнд: Шүүхийн танхимд тайлбарлахдаа манай компанийн зүгээс гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 2.970.000.000.00 төгрөгийг төлөх хуваарийг хүргүүлсэн. Алданги гэх 1.075.927.000.00 төгрөгийг төлөх боломжгүй байна. Үүний шалтгаан нь компанийн үйл ажиллагаа доголдож 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл сул зогсолт зарлаад байгаа. Үүнтэй уялдаж цахилгаан, дулаан, нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлс зэрэг маш олон зардал хуримтлагдаж өр, авлага хуримтлагдаад байгаа хүндрэл учирсан. Сул зогсолттой холбоотойгоор компанийн үйл ажиллагаанд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тухай МХАҮТ-аас 2016, 2018 оны гэрчилгээнүүдийн баримтаар гаргаж өгсөн. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор гадна дотны олон газартай харилцаа тогтоож эргэлтийн хөрөнгийн санхүүжилт босгох ажлыг явуулж байна. Энэ ажлын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 02-нд БНХАУ-аас хилийн хорио цээрийн баг Монголд ажиллаж гурил үйлдвэрлэгч нарийн үйлдвэрт эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тус үнэлгээний шийд 60 хоногийн дараа албан ёсоор гаргах бөгөөд эрсдэлийн үнэлгээнд тэнцсэнээр манай үйлдвэрт санхүүжилт хийх боломж гарц нээгдэж байгаа билээ. Энэ бүх нөхцөл байдлын үндсэн дээр бид гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.970.000.000.00 төгрөг хуваарийн дагуу төлж, алданги гэх 1.075.927.000.00 төгрөгийг төлөх боломжгүй байна. Иймээс бидний нөхцөл байдлыг дахин судалж үзэн бидний гаргаж буй гомдлыг хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцагч ******* ХХК-аас хүнсний улаан буудай худалдан авах гэрээний үүрэгт 4.393.010.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч алданги төлөхөөс татгалзаж маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АҮ/2017/13 дугаартай, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр АҮ2017/65 дугаартай улаан буудай худалдан авах тухай гэрээ байгуулагдаж нийт 9755.5-тн улаан буудай худалдах худалдан авахаар үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-80 дугаар тушаалын хавсралтаар баталсан үнээр тооцохоор, буудайг татан авалт хийснээс хойш 45 хоногийн дотор үнийг төлөх, төлбөрөө хугацаандаа хийгээгүй тохиолдолд хоногийн 0.1 хувийн алданги төлөх талаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч ******* Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар нь гэрээний дагуу нийт 9755.5 тн хүнсний улаан буудайг хариуцагч ******* ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн хариуцагч ******* ХХК нь эхний буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр хүлээн авсан 2.663.068.000 төгрөгийн улаан буудайн үнээс 1.315.468.700 төгрөгийг төлж 1.347.600.000 төгрөгийг төлөөгүй, 2 дахь гэрээний дагуу нийт 2.769.600.000 төгрөг төлөхөөс 1.147.200.000 төгрөгийг төлж 1.622.400.000 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн *******-иас улаан буудайн үнэ алдангийн хамт 4.045.927.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь алдангийг төлөхгүй гэж мэтгэлцсэн нь маргааны зүйл болсон байх ба 2016-2018 онуудад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдсан нь байгалийн давтагдашгүй хүчин зүйлтэй холбоотой гэж тайлбарласан, мөн худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан гэрчилгээн дээр үндэслэж нотлох баримт хэрэгт өгсөн байгаа боловч энэ нь нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан гэрээтэй холбоогүй байна. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч ******* ХХК нь гэрээндээ хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд нийцсэн байх тул гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн хариуцлага болох алдангийг төлөх үүрэгтэй болно.

Харин шүүх нэхэмжлэгч ******* Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээр төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч үл зөвшөөрч маргаагүй байна.

Шүүхийн алдангийн хэмжээг багассан шаардлагаар буюу анх нэхэмжилсэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгах боломжгүй тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийг төлөхгүй талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00639 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгаланбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5.537.585 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ