Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2019/00111

 

 

Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны

төвийн нэхэмжлэлтэй хариуцагч *******,

О.Нямдэлгэр нарт холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00569 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, О.Нямдэлгэр нарт холбогдох,

Зээлийн төлбөр 7.853.822.41 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатар, Р.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******, О.Нямдэлгэр нар нь ХААН Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2014 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ14/122 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02 сарын 12-ны өдөр ЗГ14/122-1 тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000 / гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 04 сарын 24-ний өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээ байгуулан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2016 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ15/143-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 7.100.000 /долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг жилийн 22,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сарын төлөлтөө 274.100 төгрөг болгон бууруулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч ******* нь 2016 оны 02-р сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу төлнө./ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна. Банкнаас зээл төлөхийг удаа шаардаж 2018 оны 02 сарын 23-ны өдөр анхааруулах захидал бичгээр өгөхөөр холбогдож байснаас гадна зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт амаар сануулж байсан хэдий ч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар та зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 565 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд 2014 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ14/122 тоот зээлийн гэрээ, 24 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02 сарын 12-ны өдөр ЗГ14/122-1 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ15/143-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөрт 4.996.777.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.669.640.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 187.403.74 төгрөг нийт 7.859.822.41 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Баасанжав овогтой Алтансүх Шим технологи ХХК-д 2008-2016 оны хооронд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа зээл авсан. Уг зээлээ төлөөд явж байх хугацаанд Шим технологи ХХК сул зогсолт хийсэн учир миний бие төлөх чадамжгүй болсон. Одоогийн байдлаар эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилгүй. Уг зээлийг төлөх боломжгүй байна. Учир нь надаас хамааралгүй. Шим технологи ХХК доголдож сул зогссоноос болсон. Сул зогссоноос хойш удахгүй ажил эхэлнэ, өөр ажилд орвол хална гэсэн яриа ажилчдын дунд гарсан учир өдийг хүртэл эргэн хэвийн хэмжээнд ажиллахыг хүлээж байгаа. Тиймээс ажил эхэлмэгц зээлээ төлж дуусгана гэжээ.

Хариуцагч О.Нямдэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний хүү ******* нь Шим технологи ХХК-д ажиллаж байхдаа Хаан банкнаас цалингийн зээл авч байсан юм байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад 2014 оны 11 сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 04 сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг тус тус цалингийн зээл авч байсан ба үүнээс 4.000.000 төгрөгийн зээл авах үед батлан даалтаар гарын үсэг зураад өгөөч гэж хэлэхээр нь би баримтууд дээр гарын үсэг зурсан. Би өмнөх 2 зээлийн талаар мэдэхгүй. Шүүхийн нэхэмжлэл ирснээр мэдсэн. Хаан банкнаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах албан бичиг дээр батлан даагч намайг хариуцагчаар татаж байгаад гайхаж байна. Мөн батлан даагчийн эрх, үүрэг гэж танилцуулаагүй байтлаа батлан даагчаар орсон хүнийг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Миний хүү Алтансүх нь зээлээ төлж байгаа эсэхийг би мэдэхгүй. Энэ талаар надад юу ч яриагүй болохоор би зээлээ төлж дууссан гэж бодсон. Мөн би хамтран зээлдэгч биш учир хүүхдийнхээ өмнөөс төлөлт хийх боломжгүй. Миний хүү Алтансүх нь өнөөдрийг хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөр зуучлалын байгууллагад бүртгүүлж идэвхтэй ажил хайж байгаа боловч ажил олдохгүй байгаа. Эрхэлсэн тодорхой ажилтай болоод төлөлтийг хийх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00569 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк, *******, О.Нямдэлгэр нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ14/122 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 02 сарын 12-ны өдрийн №ЗГ14/122-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч *******, О.Нямдэлгэр нараас зээлийн гэрээний үүрэг нийт 7.859.822.41 төгрөг гаргуулан Хаан банкинд олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,612 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140.612 төгрөг гаргуулан Хаан банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт " ...Хариуцагч *******, О.Нямдэлгэр нар зээлийн төлбөрийг хугацаанд төлөхгүй үүргээ зөрчсөнийг тэрээр гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх хангалттай үндэслэлгүй бөгөөд хариуцагч *******, О.Нямдэлгэр нар нь тодорхой шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүй, зээлийг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрч байна... хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******, О.Нямдэлгэр нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээлийн төлбөрт 4.996.777.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.669.640.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 187.403.74 төгрөг, нийт 7.859.822.41 төгрөгийг гаргуулан Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвд олгож шийдвэрлэлээ..." гэсний зарим хэсэг буюу "зээлийн хүүгийн төлбөрт 2.669.640.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 187.403.74 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч ******* миний ажиллаж байсан "Шим технологи" ХХК нь сул зогсолт хийсэн учраас зээлийг төлөх чадамжгүй болсон.Хэрэв компани маань хэвийн ажиллаж байсан бол би цалингаа аваад энэ зээлийг хугацаанд нь төлөх байсан.Компани сул зогссоноос хойш удахгүй ажил эхэлнэ. Үндсэн зээл төлөхийг зөвшөөрч байгаа ба харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төв нь хариуцагч *******, О.Нямдэлгэр нараас зээлийн гэрээний үүрэгт 7.853.822.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн болон 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд үндэслэжээ.

Хариуцагч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ14/122 дугаар цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2015 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн №ЗГ14/122-1 тоот нэмэлт зээл олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ15/143 тоот гэрээгээр 4.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингаа барьцаалсан зээл авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 7.003.222.27 төгрөг, хүүнд 2.964.877.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16421 төгрөг тус тус төлсөн ба үндсэн зээл 4.996.777.73 төгрөг, хүү 2.669.640.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187.403.74 төгрөгийг тус тус зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ 2016 оны 02 дугаар сараас биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу банк зээлдэгчээс гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй ба хариуцагч ******* гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Шүүх хариуцагч *******, О.Нямдэлгэр нараас үндсэн зээлд 4.996.777.73 төгрөг, хүүнд 2.669.640 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 187.403.74 төгрөг нийт 7.859.822.41 төгрөг гаргуулж Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төвд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 225., 451, 453 дугаар зүйлд нийцсэн байна.

Хариуцагч О.Нямдэлгэр нь *******ийн Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төвтэй 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ15/143-1 дугаар гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ15/143 дугаар гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ.

Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүргийг хүлээж оролцохоор заажээ. Энэхүү үүргийн дагуу О.Нямдэлгэр нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Харин О.Нямдэлгэр нь зээлийн гэрээний үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байхад шүүх батлан даагч мэтээр дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд нийцээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төв хариуцагч нараас гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж, төлбөрөө төлөх боломж олгож байсан боловч тохиролцсон хугацаанд үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардсан нь үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ14/122-1 гэрээ нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ15/143, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ15/143-1 гэрээнүүдийн үндсэн гэрээ бөгөөд энэ гэрээнээс үүдэлтэй эдгээр гэрээнүүд нэмэлт өөрчлөлт орж үргэлжилсэн, зээлийн гэрээний салшгүй хэсэг байх тул эдгээр гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардсан нь үндэслэлтэй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй Иргэний хуулийн 458, 460 дугаар зүйлүүдийг хэрэглэх шаардлагагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд нэхэмжлэгчийн нэрийг /нэхэмжлэл гаргасан нэршлээр/ бичээгүй байх тул зөвтгөн засах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00569 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 гэсний ...458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 гэснийг хасаж, ...Хаан банкинд олгосугай. гэснийг ...Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төвд олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60.663 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ