Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00043

 

2021           01            19                                          001/ХТ2021/00043

 

 

 

..........ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/ 00569 дүгээр шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 111 дүгээр магадлалтай,

 

..........ийн нэхэмжлэлтэй

.........., .......... нарт холбогдох

 

Зээлийн төлбөр 7.859.822.41 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ..........ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч .........., .......... нар нь ХААН Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2014 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ14/122 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02 сарын 12-ны өдөр ЗГ14/122-1 тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000 / гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 04 сарын 24-ний өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээ байгуулан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2016 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ15/143-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 7.100.000 /долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг жилийн 22,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сарын төлөлтөө 274.100 төгрөг болгон бууруулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч .......... нь 2016 оны 02-р сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу төлнө./ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна. Банкнаас зээл төлөхийг удаа шаардаж 2018 оны 02 сарын 23-ны өдөр анхааруулах захидал бичгээр өгөхөөр холбогдож байснаас гадна зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт амаар сануулж байсан хэдий ч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар та зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 565 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд 2014 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ14/122 тоот зээлийн гэрээ, 24 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02 сарын 12-ны өдөр ЗГ14/122-1 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ15/143-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөрт 4.996.777.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.669.640.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 187.403.74 төгрөг нийт 7.859.822.41 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч .......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ..........овогтой .......... .......... ХХК-д 2008-2016 оны хооронд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа зээл авсан. Уг зээлээ төлөөд явж байх хугацаанд .......... ХХК сул зогсолт хийсэн учир миний бие төлөх чадамжгүй болсон. Одоогийн байдлаар эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилгүй. Уг зээлийг төлөх боломжгүй байна. Учир нь надаас хамааралгүй. .......... ХХК доголдож сул зогссоноос болсон. Сул зогссоноос хойш удахгүй ажил эхэлнэ, өөр ажилд орвол хална гэсэн яриа ажилчдын дунд гарсан учир өдийг хүртэл эргэн хэвийн хэмжээнд ажиллахыг хүлээж байгаа. Тиймээс ажил эхэлмэгц зээлээ төлж дуусгана гэжээ.

 

Хариуцагч .......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү .......... нь .......... ХХК-д ажиллаж байхдаа Хаан банкнаас цалингийн зээл авч байсан юм байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад 2014 оны 11 сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 04 сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг тус тус цалингийн зээл авч байсан ба үүнээс 4.000.000 төгрөгийн зээл авах үед батлан даалтаар гарын үсэг зураад өгөөч гэж хэлэхээр нь би баримтууд дээр гарын үсэг зурсан. Би өмнөх 2 зээлийн талаар мэдэхгүй. Шүүхийн нэхэмжлэл ирснээр мэдсэн. Хаан банкнаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах албан бичиг дээр батлан даагч намайг хариуцагчаар татаж байгаад гайхаж байна. Мөн батлан даагчийн эрх, үүрэг гэж танилцуулаагүй байтлаа батлан даагчаар орсон хүнийг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Миний хүү .......... нь зээлээ төлж байгаа эсэхийг би мэдэхгүй. Энэ талаар надад юу ч яриагүй болохоор би зээлээ төлж дууссан гэж бодсон. Мөн би хамтран зээлдэгч биш учир хүүхдийнхээ өмнөөс төлөлт хийх боломжгүй. Миний хүү .......... нь өнөөдрийг хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөр зуучлалын байгууллагад бүртгүүлж идэвхтэй ажил хайж байгаа боловч ажил олдохгүй байгаа. Эрхэлсэн тодорхой ажилтай болоод төлөлтийг хийх болно гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00569 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк, .........., .......... нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ14/122 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 02 сарын 12-ны өдрийн №ЗГ14/122-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч .........., .......... нараас зээлийн гэрээний үүрэг нийт 7.859.822.41 төгрөг гаргуулан Хаан банкинд олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,612 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140.612 төгрөг гаргуулан Хаан банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 111 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00569 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 гэсний ...458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 гэснийг хасаж, ...Хаан банкинд олгосугай. гэснийг .............д олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ..........ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60.663 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч .......... хяналтын гомдолдоо: шийдвэр, мөн магадлалыг тус тус эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,...” үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “...Шүүх хариуцагч .......... ...үндсэл зээл 4 996 777.73 төгрөг, хүүнд 2 669 640 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 187 403.74 төгрөг нийт 7 859 822.41 төгрөг гаргуулж Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 225, 451, 453 дугаар зүйлд нийцсан байна...” гэснийг хариуцагч ..........би зөвшөөрөхгүй .ҮНДЭСЛЭЛ НЬ: 1.Хариуагч .......... миний ажиллаж байсан “..........” ХХКомпани нь сул зогсолт хийсэн учраас зээлийг төлөх чадамжгүй болсон. Хэрэв компани маань хэвийн ажиллаж байсан бол би цалингаа аваад энэ зээлийг хугацаанд нь төлөх байсан. Компани сул зогссоноос хойш сул зогсолтын мөнгийг шууд зээлэнд суутгаж авдаг байсан. Одоог хүртэл ажил эрхлээгүй, өөр ажилд орвол хална гэсэн яриа ажилчдын дунд гарсан болохоор компани хэвийн ажилдаа орохыг хүлээж байгаа. Үндсэн зээл 4 996 777.73 төгрөгийн төлөхийг зөвшөөрч байгаа, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Нийт төлбөр 7 853 822.41 төгрөг буюу тооцоолол /6.000 төгрөг илүү/ буруу байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй. 2.Иргэний хулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно...” гэсний дагуу Хаан банк хариуцагч .......... миний шууд буруугаас биш Компани сул зогссоноос болж гарсан төлбөрийг Хаан банк хүүлж удаагаад, нэмэлт гэрээ хийж, их алдагдалд оруулж байгаа.Дээрх заалтыг шүүх хэрэглэж болох байтал хэрэглэхгүй байгаа нь үндэслэлгүй. Иймд хэргийг тал бүрээс нь няглан үзэж, ИХ-ийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг хэрэглэж, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2 857 044,67 төгрөгийн хасч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .......... нь хариуцагч .........., .......... нараас зээлийн үүрэгт 7 859 822 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн,  давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан байна.

 

Давж заалдах шатны шүүх гэрээний төрөл, гэрээний талуудыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ, уг гэрээнд 2015 оны 02 дугаар сарын 12, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

.......... нь цалингаа барьцаалан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 02 дугаар сарын 1-ны өдөр  3.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай, 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 4.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, тус тус зээлж авсан боловч зээлийг буцааж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Тэрээр үндсэн зээлд 7.003.222 төгрөг, хүүд 2.964.877 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16 421 нийт 9 984 520 төгрөгийг төлсөн боловч 2016 оны 02 дугаар сараас эхлэн зээл төлөх үүргээ зөрчсөн тул банк гэрээг цуцлахыг мэдэгдсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 221 дүгээр зүйлийн 221.3-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй, гэрээг цуцлах хүртэл хугацаагаар зээлдэгчийн үүргийг хангуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуульд нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч .......... нь хамтран үүрэг гүйцэтгэгч болохоо хүлээн зөвшөөрч зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр 2015 оны 4 сарын 24-ний гэрээ, 2016 оны 12 сарын 28-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсгээ зурсан, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч  байхад анхан шатны шүүх батлан даагч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт нийцээгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

 

2. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...компани сул зогсолт зарласан, улмаар үйл ажиллагаа нь явагдаагүй учраас учраас цалин орлогогүй, төлбөр төлөх боломжгүй болсон,...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 6000 төгрөгөөр илүү тооцсон байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй, ... банкны зээл хүүтэй эсвэл хүүгүй ч байж болно гэж хуульд заасан, шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүгээс чөлөөлөх боломжтой байхад хууль хэрэглээгүй, ...Иймд хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2 857 044 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 7 853 822 төгрөг гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх хуралдаан дээр 7 859 822 төгрөг гэж тодруулсан, шүүх энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэрээ гаргасан байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй буюу хүүгүй байж болох”-ыг заасан нь гэрээний талуудын сонгох эрхийг буюу хүү тогтоох эсэхийг талууд өөрсдөө  шийдвэрлэх эрхтэйг хуульчилсан хэм хэмжээ юм.

 

Хариуцагч нь гэрээ байгуулахдаа зээл ашигласны төлөө хүү төлөхөөр тохирсон  учраас энэ үүргээ биелүүлэх ёстой, ажил хөдөлмөр эрхлээгүй, цалингийн орлогогүй байгаа нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 111 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ..........ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 60 663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                           ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА