Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2019/00114

 

Тэнүүн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00754 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Тэнүүн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

1.090.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэний гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь манай Тэнүүн төвөргөөн ХХК-с 2015 оны 07 сарын 25-нд 690.000 төгрөгийн төмөр хийц зээлээр өгч тус болооч удахгүй өгнө гэж хэлээд бараа бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 1 сарын хугацаатай зээлээр авсан. Тус гэрээний 4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон юм. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй, удахгүй хүүтэй нь төлнө, өгнө өө гэж худал хэлж хуурч мэхлэн манай компанийг маш их хохироож байна. Иймд *******аас үндсэн мөнгө 690.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 500.000 төгрөг нийт 1.090.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нь 2013 оноос 2017 оны хооронд Эрдэнэт зар сонин болон Зуун айлын зууч төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан. Тухайн үед иргэн Н.Батсоёл Их залуу багт байрлалтай дэлгүүр граштай хашаа байшинг зарж борлуулахаар манай компанид хандсан бөгөөд тухайн үед гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд хашаа байшингаа барьцаалж зээл авч грашийнхаа дээврийг гүйцээж барих тухай ярьж хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь зуучилж заруулах гэж байгаа газартайгаа байгуулсан гэрээ, компанийн гэрчилгээ зэргийг авчир гэсэн гээд манай байгууллагын гэрчилгээг эх хувиар нь авч яваад авчирч өгөөгүй. Дараа нь утастаад, дэлгүүр дээр нь очиход барьцаанд тавьж төмөр авсан тухайгаа хэлсэн. Асууж сураглаад Тэнүүн төвөргөөн төмрийн зах дээр очиход манай гэрчилгээг надад өгөхгүй мөнгийг нь төлж байж ав гэж байсан. Би шаардлагатай хэрэг болсон тул гуйж байгаад барьж явсан утсаа үлдээгээд канонтой газар очиж хувилуулж аваад буцааж аваачиж өгч байсан. н.Батсоёл дээр очихоор грашийнхаа дээврийг засварлах гээд барьцаанд тавьсан засаж янзалж зарж дуусчхаад аваад өгье гэдэг хариултыг хэлдэг байсан. Батсоёл тухайн үед Тэнүүн төвөргөөн захад өртэй, зээлээр бараа авсан байсан билээ. Манай сонингийн гэрчилгээг барьцаа болгож төмөр авсныг би дараа нь мэдсэн. Үйл ажиллагаа явуулахад байгууллагын гэрчилгээ чухал хэрэгтэй байсан бөгөөд Тэнүүн төвөргөөн ХХК, иргэн Н.Батсоёл нарын хоорондын өр зээлээс шалтгаалан манай байгууллагын үйл ажиллагаа зогссон. Тиймээс би тухайн төлбөрийг гаргах боломжгүй бөгөөд Тэнүүн төвөргөөн ХХК-ийг иргэн Н.Батсоёлыг олж өгч, манай байгууллагын гэрчилгээг суллаж өгөхийг хүсэж байна. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдэж иргэн Нямаа овогтой Батсоёлыг олж мэдүүлэг аван үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00754 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан *******аас 1.090.000 төгрөг гаргуулах Тэнүүн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 4 790 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судлалгүйгээр шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн авалгүй, эрхийг нь хангаагүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхэд хариуцагч ямар ч үндэслэлгүй худал тайлбар гаргаж гүтгэж байсан тул Орхон аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 26 -ны өдрийн 5\35 дугаартай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нийтэд илэрхий үйл баримт биш гэж үл тоож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2.-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нь тайлбараа ямар ч баримтаар нотолж чадаагүй байхад түүнийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэхэд эргэлзээтэй, тодорхой бус бол шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д зааснаар нотлох баримтыг шинжлэн судалсны дараа асуултаар нэмж тодруулж болох байсан. Хариуцагч нь намайг шүүхэд хандахаас өмнө өөр хүн бичиг баримтыг нь барьцаалсан гэж мэдмэгцээ шүүхэд гэрчилгээг гаргуулахаар шаардах ёстой байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид өөрийн биеэр хүлээлгэж өгсөн болохоор мөн мөнгө өгөхгүй маш их чирэгдүүлж хохироосон болоод ичсэндээ нэхэмжилж чадахгүй байсан юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 00754 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Тэнүүн Төвөргөөн ХХК хариуцагч *******т холбогдуулан төмрийн үнэ 690.000 төгрөг, алданги 500.000 төгрөг нийт 1.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ...Манай сонингийн гэрчилгээг барьцаа болгож төмөр авсныг би дараа нь мэдсэн, би тухайн төлбөрийг гаргах боломжгүй... гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч М.Уранцэцэг нарын өгсөн мэдүүлэг зөрүүтэй, прокурорын тогтоолыг шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож нэхэмжлэлийг хангах боломжгүй, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээнд хариуцагч ******* гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа уг гэрээнд заасан хугацаа буюу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК нь хариуцагч *******т холбогдуулан тус аймгийн Прокурорын газарт гомдол гаргасныг ба Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасны дагуу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр тухайн гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар талууд маргаагүй байхад шүүх гэрээнд заасан хугацаа буюу 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хүсэлт гаргаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Тэнүүн Төвөргөөн ХХК-ний гаргасан ...хариуцагч 690.000 төгрөгийн үнэ бүхий төмрийг худалдан авсан, гэрээ хийсэн боловч олдохгүй байгаа, уг төмрийг авахдаа өөрийн нэр дээр бүртгэлтэй Эрдэнэт зар сонин гэх Улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаанд тавьсан байгаа гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал, тайлбараа хариуцагч ******* нотолж чадаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчаас төмрийн үнэ 690.000 төгрөг гаргуулах боломжтой.

Харин талуудын хооронд байгуулсан Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээнд хариуцагч ******* гарын үсэг зураагүй байх тул гэрээнд заасны дагуу алданги 500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *******аас төмрийн үнэ 690.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн Улсын бүртгэлийн 2073001014 дугаартай гэрчилгээг *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00754 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан *******аас 1.090.000 төгрөг гаргуулах Тэнүүн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч *******аас төмрийн үнэ 690.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын бүртгэлийн 2073001014 дугаартай гэрчилгээг *******т олгосугай гэж, шийдвэрийн 2 дугаар заалтанд ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж гэсний дараа хариуцагчаас 21.110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар Тэнүүн төвөргөөн ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ