Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2019/00120

 

Б.Байгальмаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Анхбаяр, Н.Нацагдорж нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00770 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Байгальмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Анхбаяр, Н.Нацагдорж нарт холбогдох,

3.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч О.Анхбаяр, Н.Нацагдорж нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Байгальмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 07 дугаар сарын 22 ны өдөр гэртээ байж байтал О.Анхбаяр, Н.Нацагдорж нар нь ирж танай авто засварын тоног төхөөрөмжийг бүгдийг авъя өгөх төлбөрт нь таны машиныг засч өгье, маш гоё засч өгье таны багажийг 2.500.000 тооцож авъя гэхэд тоног төхөөрөмжөө бүгдийг өгч явуулсны дараа би 2017 оны 07 дугаар сарын 22 ны өдөр машинаа засуулахаар өгсөн. Ингээд хэлсэн хугацаанд нь буюу 2017 оны 08 дугаар сарын 23 ны өдөр очиход юу ч хийгээгүй байж байсан. Иймээс машинаа буцаан авч өгсөн тоног төхөөрөмжөө авъя гэтэл уучлаарай бид ажлаа хийгээгүй янз бүрийн шалтгаан байсан юм, бидэнд хугацаа өгөөч 2017 оны 09 дүгээр сарын 28 ны өдөр гэхэд бүх асуудлыг дуусгана гэсэн. Ингээд уг өдөр болоод очиход мөн хэвээрээ байсан ба засвар оруулсан гээд энд тэндгүй замаск нааж будгийг нь ховхолсон байсан, засвар ёсгүй газар хүртэл замаск наагаад машиныг маань хүн харахын эцэсгүй болгосон байсан. Ингээд яагаад ийм болгож байгаа талаар асуухад ингэж засдаг юм , засварлах явцад эвдрэл гардаг юм гээд машины эд ангийг дутаасан, шилийг нь хагалчихсан,машиныг бүхэлд нь зузаан замаск тавьчихсан машин болгочихсон байсан, ингэж машин засдаг юм уу гэх асуудлыг тавьтал зайл гэж хөөсөн. Ингээд уг машины засвар үйлчилгээг дахин хийлгэх шаардлагатай болсон тул бидний дунд маргаан үүссэн. Ингээд өөр засварын газарт очиход 1.200.000 төгрөгийн засвар дахин орох шаардлагатай болсон учир уг хохирлыг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн 2.500.000 төгрөгөнд бодож миний багаж тоног төхөөрөмжүүдийг авсан учир буцаан авах хүсэлтэй байна. Буцаан өгөх боломжгүй бол түүний үнэ болох 2.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Нийт 3.700.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч О.Анхбаяр, Н.Нацагдорж нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Байгальмаа эгчийн машиныг бүтэн будаж янзалж өгсөн. Ажлын хөлсөнд нь багаж өгөхөөр тохироод охин нь санал тавьсан. Бид хоёр хүлээн зөвшөөрч машиныг нь янзалж өгсөн саяхан хотод таарахад машин нь тэр хэвээр байсан. Б.Байгальмаа эгч яагаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00770 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,352 дугаар зүйлийн 352.2.3-д заасныг баримтлан С.Анхбаяр, Н.Нацагдорж нараас 1.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Байгальмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 33.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Анхбаяр, Н.Нацагдорж нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2019/00770 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын С.Анхбаяр, Н.Нацагдорж нараас 1.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Байгальмаад олгож гэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Бид Б.Байгальмаагийн машиныг бүтэн будаж янзалж өгсөн, ажлын хөлсөнд нь багаж өгөхөөр тохироод охин нь санал тавьсан, бид хоёр хүлээн зөвшөөрөөд машиныг нь янзалж өгсөн, саяхан хотод таарахад машин нь тэр хэвээр байсан. Тэгэхэд Б.Байгальмаа эгч сайн уу дүү нар минь, гэрээр очиж хоол цай идэж уу гээд огт өөр юм яриагүй. Одоо Байгаль эгч яагаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан боловч шүүх хэт нэг талыг баримталж буюу нэхэмжлэгчийн хэлснээр, түүний тайлбар, нотлох баримтыг үнэн гэж тооцож үндэслэлгүйгээр, таамаг төдийгөөр, биднээс ажлын хөлсний тал хувийг гэж тодорхойлон төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Бидний тайлбарт ...саяхан хотод таарахад машин нь тэр хэвээр байсан. Тэгэхэд Б.Байгальмаа огт өөр юм яриагүй гэж байгааг шүүх хэрэв анхаарсан бол, бидний дунд хийгдсэн хэлцлийг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т заасныг баримтлах байжээ, хуулийн эдгээр зүйл заалтыг баримтлалгүй шийдвэрлэсэн нь шүүхээс үндэслэлгүй шийдвэр гарчээ гэж үзэхээр байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2019/00770 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Байгальмаа төлбөр 3.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.Анхбаяр, Н.Нацагдорж нар ...машиныг нь бүтэн будаж засч өгсөн, ажлын хөлсөнд нь багаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж маргасан байна.

Шүүх хариуцгагч С.Анхбаяр, Н.Нацагдорж нараас 1.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Байгальмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Анхбаяр, Н.Нацагдорж нар Б.Байгальмаагийн эзэмшлийн авто машиныг засч өгөх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд багаж өгөхөөр харилцан тохиролцсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашинд 1.200.000 төгрөгийн засвар хийгдэх шаардлагатай болох нь тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар өөрийн тайлбар, татгалзлалаа нотлох үүрэгтэй байхаар зохицуулагдсан байна.

Хариуцагч С.Анхбаяр, Н.Нацагдорж нар нэхэмжлэгчийн автомашиныг бүрэн гүйцэт засч өгсөн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хариуцагч нараас 1.200.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Байгальмаа нь 2017 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан № 5353 дугаартай шүүгчийн захирамжаар батлагдаж байх тул түүнийг гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул хариуцагчийн гаргасан ...Б.Байгальмаагийн машиныг бүтэн будаж янзалж өгсөн, ажлын хөлсөнд нь багаж өгөхөөр охин нь санал тавьсан, бид хоёр хүлээн зөвшөөрөөд машиныг нь янзалж өгсөн, саяхан хотод таарахад машин нь тэр хэвээр байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Анхбаяр, Н.Нацагдорж нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О.Анхбаяр, Н.Нацагдорж нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ