Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00231

 

  *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Д.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00770 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 120 дугаар магадлалтай,

 *******гийн нэхэмжлэлтэй,

А нарт холбогдох

 3 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч*******,******* нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 Нэхэмжлэгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 07 дугаар сарын 22 ны өдөр гэртээ байж байтал*******,******* нар нь ирж танай авто засварын тоног төхөөрөмжийг бүгдийг авъя өгөх төлбөрт нь таны машиныг засч өгье, маш гоё засч өгье таны багажийг 2 500 000 тооцож авъя гэхэд тоног төхөөрөмжөө бүгдийг өгч явуулсны дараа би 2017 оны 07 дугаар сарын 22 ны өдөр машинаа засуулахаар өгсөн. Ингээд хэлсэн хугацаанд нь буюу 2017 оны 08 дугаар сарын 23 ны өдөр очиход юу ч хийгээгүй байж байсан. Иймээс машинаа буцаан авч өгсөн тоног төхөөрөмжөө авъя гэтэл уучлаарай бид ажлаа хийгээгүй янз бүрийн шалтгаан байсан юм, бидэнд хугацаа өгөөч 2017 оны 09 дүгээр сарын 28 ны өдөр гэхэд бүх асуудлыг дуусгана гэсэн. Ингээд уг өдөр болоод очиход мөн хэвээрээ байсан ба засвар оруулсан гээд энд тэндгүй замаск нааж будгийг нь ховхолсон байсан, засвар ёсгүй газар хүртэл замаск наагаад машиныг маань хүн харахын эцэсгүй болгосон байсан. Ингээд яагаад ийм болгож байгаа талаар асуухад ингэж засдаг юм, засварлах явцад эвдрэл гардаг юм гээд машины эд ангийг дутаасан, шилийг нь хагалчихсан,машиныг бүхэлд нь зузаан замаск тавьчихсан машин болгочихсон байсан, ингэж машин засдаг юм уу гэх асуудлыг тавьтал зайл гэж хөөсөн. Ингээд уг машины засвар үйлчилгээг дахин хийлгэх шаардлагатай болсон тул бидний дунд маргаан үүссэн. Ингээд өөр засварын газарт очиход 1 200 000 төгрөгийн засвар дахин орох шаардлагатай болсон учир уг хохирлыг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн 2 500 000 төгрөгөнд бодож миний багаж тоног төхөөрөмжүүдийг авсан учир буцаан авах хүсэлтэй байна. Буцаан өгөх боломжгүй бол түүний үнэ болох 2 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Нийт 3 700 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ. 

 Хариуцагч С.Анхбаяр,******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: ******* эгчийн машиныг бүтэн будаж янзалж өгсөн. Ажлын хөлсөнд нь багаж өгөхөөр тохироод охин нь санал тавьсан. Бид хоёр хүлээн зөвшөөрч машиныг нь янзалж өгсөн саяхан хотод таарахад машин нь тэр хэвээр байсан. ******* эгч яагаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00770 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д заасныг баримтлан С.Анхбаяр, Н.Нацагдорж нараас 1 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 33 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 120 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч*******,******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч*******,******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тангууд овогт Осорхүүгийн Анхбаяр, Бүр овогт Нямхүүгийн Нацагдорж бид иргэн *******гаас шүүхэд гаргасан 3 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2019/00770 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт болон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 120 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:  Бид *******гийн машиныг бүтэн будаж янзалж өгсөн, ажлын хөлсөнд нь багаж өгөхөөр тохироод охин нь санал тавьсан, бид хоёр хүлээн зөвшөөрөөд машиныг нь янзалж өгсөн, саяхан хотод таарахад машин нь тэр хэвээр байсан. Тэгэхэд ******* эгч сайн уу дүү нар минь, гэрээр очиж хоол цай идэж уу гээд огт өөр юм яриагүй. Одоо Байгаль эгч яагаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан боловч шүүх хэт нэг талыг баримталж буюу нэхэмжлэгчийн хэлснээр, түүний тайлбар, нотлох баримтыг үнэн гэж тооцож үндэслэлгүйгээр, таамаг төдийгөөр, биднээс ажлын хөлсний тал хувийг гэж тодорхойлон төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Бидний тайлбарт ... саяхан хотод таарахад машин нь тэр хэвээр байсан. Тэгэхэд ******* ... огт өөр юм яриагүй ... гэж байгааг шүүх хэрэв анхаарсан бол, бидний дунд хийгдсэн хэлцлийг Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т заасныг баримтлах байсан, гэтэл шүүх хуулийн эдгээр зүйл заалтыг баримтлалгүй шийдвэрлэсэн нь шүүхээс үндэслэлгүй шийдвэр гарчээ гэж үзэхээр байна. Мөн биднээс гаргаж өгөх гэсэн нотлох баримтыг үндэслэлгүйгээр хүлээн авалгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биднийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бидний эрхийг ноцтойгоор зөрчсөн хууль бус шийдвэр гэж бид үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2019/00770 дугаартай шийдвэр болон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 120 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж хууль хэрэглээний алдааг залруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

 Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар хууль хэрэглээний зөрчлийг засах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Хариуцагч*******,******* нар хяналтын журмаар гаргасан гомдолд: *******гийн машиныг бүтэн будаж, янзалж өгсөн, ажлын хөлсөнд нь багаж өгөхөөр тохирсон ..., саяхан таарахад машин нь тэр хэвээр байсан ... Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т заасныг баримтлалгүй ..., нотлох баримтыг хүлээн авалгүй...., давж заалдах шатны шүүх хуралдаанд биднийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь эрхийг ноцтойгоор зөрчсөн.... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 1. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нар, нэхэмжлэгчийн машинд засвар хийж, хөлсөнд нь 2500 000 төгрөгийн авто засварын тоног төхөөрөмж авах, засварын материалыг хариуцагч нар гаргах, машины засварыг 2017 оны 8 дугаар сарын 23нд хийж дуусгахаар хэлэлцэн тохирчээ. Талуудын энэхүү тохиролцоо нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг зөрчөөгүй хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

 2. Хариуцагч нар ажлын хөлсөнд 2500 000 төгрөгийн үнэ бүхий авто засварын тоног төхөөрөмжийг хүлээн авч, засварын ажил эхэлсэн талаар маргаагүй байна.

Засварын ажлыг тохирсон хугацаанд гүйцэтгээгүй, чанарын доголдолтой болсон гэж хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 28ыг өдөр хүртэл сунгасан боловч мөн хугацаанд уг доголдлыг арилгаагүйн улмаас талуудын хооронд маргаан гарчээ.

 Нэхэмжлэгч ******* машиндаа дахин засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай болсон нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот Шинжээчийн дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан зэрэг баримтаар тогтоогджээ.

 3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 Мөн хуулийн 352 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд талуудын гаргах шаардлагын үндэслэлийг зохицуулжээ.

 Ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх боломжтойг хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д, харин ажил гүйцэтгэгч тогтоосон хугацаанд ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж гарсан зардлыг шаардах эрхтэйг хуулийн 352.2.2-т тус тус заасан байна.

 4.******* машины засварыг доголдолтой гэж үзэн хугацаа тогтоосон боловч хариуцагч доголдол арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул доголдлыг арилгахад гарах зардалд 1200 000 төгрөг, мөн ажлын хөлсөнд өмнө нь өгсөн автозасварын тоног төхөөрөмжийн үнэ 2500000 төгрөг бүгд 3700 000 төгрөг нэхэмжилснийг хоёр шатны шүүх 2500 000 төгрөгийн үнэ бүхий авто засварын тоног төхөөрөмжийг хийсэн ажлын хөлсөнд тооцон үлдээж, харин ажлын доголдлыг арилгахад гарах зардал болох 1200 000 төгрөгийг

хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Харин машины засварын ажлын доголдлыг арилгахад гарах зардлыг гаргуулах Б.Байгалмаагийн шаардах эрх Иргэний хуулийн 352 дугаар 352.2.2-т зааснаар үүсэж байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 352 дугаар 352.2.3-т заасныг баримталсан нь оновчтой биш тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 5. Б.Байгалмаа нь 2017 оны 7 дугаар сарын 22ны өдөр нэг сарын хугацаатай машинаа засварт өгч улмаар засвар нь доголдотойн улмаас засуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 28ныг өдөр хүртэл хугацааг сунгасан ба 2017 оны 11 дүгээр сард ******* нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа хэргийн энэ нөхцөл байдлын талаар шүүх дүгнэлт хийж Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Түүнчлэн хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, эрх үүргийг тайлбарлан таниулж талуудын мэтгэлцэх эрхийг хангасан шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдсэн нь хэргийн 44-45, 68-69 дүгээр талд авагдсан шүүхийн мэдэгдэх хуудас болон бусад баримтаар тогтоогдож байх тул нотлох баримтыг хүлээн авалгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд биднийг оролцуулалгүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзэв.

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00770 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 120 дугаар магадлалыг нэг дэх заалтын ....352 дугаар зүйлийн 352.2.3-д... гэснийг ...352 дугаар зүйлийн 352.2.2-т... гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч*******ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Г.АЛТАНЧИМЭГ 

                                              ШҮҮГЧИД                                         Х.СОНИНБАЯР

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.УНДРАХ

                                                                                                       Д.ЦОЛМОН