Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2018/0991/З |
Дугаар | 69 |
Огноо | 2020-02-10 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 69
У” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх
хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Цэдэнсодномд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал.
Нэхэмжлэлийн шаардлага: “...улсын хяналтын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0030651 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0677 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 676 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагч Б.Цэдэнсодном нарыг оролцуулан,
Хариуцагч болон гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0677 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д заасныг тус тус үндэслэн “У” ХХК-ийн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Цэдэнсодномын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0030651 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 676 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0677 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 4, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Цэдэнсодномын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0030651 дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гаргах хүртэл 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэг: Хариуцагч Б.Цэдэнсодном гомдолдоо “...“У” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хэрэгт ажиллагаа хийлгэх талаар хүсэлт бичгээр гаргаж байгаагүй, харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцтай танилцах, мэдүүлэг өгөх талаар удаа дараа утсаар, албан бичгээр мэдэгдсээр байтал захирал Б.Чимэгцэцэг нь өмгөөлөгчөө явуулна, эсвэл хөдөө явж байна гэх зэргээр ирж байгаагүй. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж ирүүлэх талаар “У” ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10/1293 дугаар, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10/1357 дугаартай албан бичгийг тус тус шуудангаар хүргүүлж байсан боловч эрх бүхий албан тушаалтан буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй.
4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасны дагуу шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан.
5. Шүүхийн магадлал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ... шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргана”, 65 дугаар зүйлийн 65.2-т “энэ зүйлийн 65.1-д зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно”, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгт ажиллагаа хийлгэхээр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн нь үндэслэлгүй байна.
6. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд шүүх хэргийг түдгэлзүүлэх тухай заалт байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгоогүй, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хуульд заасан 58 хоногийн хугацаа дууссан, цаашид хэрэгт ажиллагаа явуулах үндэслэлгүй байхад нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчсөн байна.
7. Иймд, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгоогүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан хэрэгт ажиллагаа хийлгүүлэхээр түдгэлзүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
8. Хоёр: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Базар гомдолдоо “...Нэгдүгээрт, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5 дахь хэсгийн хэрэглээний тухай: маргаан бүхий шийтгэлийн хуудас нь галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэсэн байж хуульд нийцсэн, үндэслэл бүхий болох юм. Өөрөөр хэлбэл, улсын хяналтын байцаагч нь гал түймрийн талаар аливаа шийдвэр гаргахдаа өөрийн үзэмжид үндэслэж болохгүй юм. Бид маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хуулийн тус шаардлагыг бүхэлд нь хангаагүй гэж маргасан бөгөөд бидний тус тайлбарыг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээж аваагүй байна.
9. а/Маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт үндэслээгүй тухайд: Хариуцагч нь нэхэмжлэлийг галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагыг зөрчсөн гэж буруутгасан хэмээн анхан шатны шүүхэд тайлбарласан ч ямар хууль тогтоомж, дүрэм, журмын аль заалт, хэсгийг нэхэмжлэгч зөрчсөн тухай шийтгэлийн хуудсандаа тусгаагүй бөгөөд шүүхэд ч тайлбарлаж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3 дахь заалтын дагуу шийтгэлийн хуудсанд түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг заах шаардлагатай. Энэ хүрээнд галын аюулгүй байдлын тухай ямар хууль тогтоомж, дүрэм, журмын аль хэсэг зөрчигдсөн болохыг заах шаардлагатай боловч шийтгэлийн хуудас нь тус шаардлагыг хангаагүй.
10. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шийтгэлийн хуудасны үндэслэл болсон 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 283/571 дугаар Шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч П.Мөнхбатыг гэрчээр асуусан. Ингэхдээ түүний гаргасан шинжээчийн дүгнэлт нь гал түймэрт нэхэмжлэгч компанийг гэм буруутай гэж үзсэн эсэх буюу тэрээр “нэхэмжлэгчийн буруугаас гал гарсан” хэмээн дүгнэсэн эсэхийг бид асууж тодруулсан. Үүнд тэрээр “би зөвхөн гал гарсан шалтгааныг тогтооно. Харин хэн нэгний гэм буруутайг тогтоохгүй. Үүнийг улсын байцаагч тогтооно” гэж хариулсан. Иймд түүний шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийг гал түймэрт шууд буруутгасан баримт биш юм. Харин хариуцагч тус дүгнэлтийг яагаад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болгосноо тайлбарлаж чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсгийг 2-т шинжээчийн дүгнэлт нь шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болох тухай тайлбарласан нь үндэслэлгүй юм.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсгийн 2-т “...галын аюулгүй байдлыг хангах боломжтой байсан, галын аюулгүй байдлыг хангаагүй гэдгээ гомдол гаргагч компанийн эрх бүхий этгээдүүд хүлээн зөвшөөрсөн” хэмээн тайлбарлажээ. Нэхэмжлэгч компани нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамтай. Гэвч нэхэмжлэгч тус зөрчлийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй. Энэхүү маргаан нь нэхэмжлэгч болон байшингийн эзний хоорондын хохирол гаргуулах тухай иргэний маргаан биш тул тэдгээр хүмүүст хоорондоо хэрхэн ярилцаж байсан нь шийтгэлийн хуудас үндэслэлтэй, хуульд нийцсэн эсэхийг тогтоох үндэслэл болохгүй юм. Харин галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журам зөрчигдсөнийг лабораторийн дүгнэлтэд үндэслэн тогтоох учиртай. Иймд, анхан шатны шүүх тэдгээр хүмүүс хоорондоо ярилцаж байсан байдлыг шийтгэлийг хуудсыг үндэслэл бүхий гэж үзэх үндэслэл болгож буй нь үндэслэлгүй юм.
12. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсгийн 2-т Б.Уянга, гэрч Б.Цэрэнбазар нарын мэдүүлэг, тайлбарыг маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлд хамааруулсан байх боловч тэдгээр мэдүүлэг, тайлбарууд нь яагаад шийтгэлийг хуудсыг дэмжих, хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болох эсэх талаар тайлбарлаагүй байна.
13. б/Шийтгэлийн хуудас нь лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй тухай: Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудас нь итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэх учиртай боловч лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй гэж бид маргасан. Анхан шатны шүүх бидний энэхүү үндэслэлийг няцаасан үндэслэлээ шүүхийн шийдвэрийн 10 дахь талд тайлбарлахдаа “...шинжилгээ хийлгүүлэхээр удаа дараагийн боломжит ажиллагааг хийсэн, улмаар мэргэжлийн шинжилгээ хийдэг байгууллагыг томилж шинжээчийн дүгнэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагч улсын байцаагчийг энэхүү хуулийн заалтыг баримтлаагүй, галын аюулгүй нөхцөл байдлыг тогтоох шинжилгээ хийлгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” хэмээн тайлбарласан байна. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй.
14. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5 дахь хэсэгт нь “хариуцагчийг лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрээ гаргах тухай заасан тул боломжит ажиллагааг хийсэн” буюу лаборатори бүхий байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьсан гэдгээр шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй. Хуулийн тус заалтын шаардлага нь гал түймрийн шалтгааныг хэн нэгний үзэмжид үндэслэж гаргах бус шинжлэх ухааны тооцоололд үндэслэн гаргах явдал юм. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тус хэсэгт “улмаар шинжилгээ хийдэг байгууллагыг томилж, шинжээчийн дүгнэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна” гэжээ. Гэвч 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 283/571 дүгээр шинжээчийн дүгнэлт нь лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй. Бид энэ тухай шинжээч болох П.Мөнхбатаас тодруулахад тэрээр дүгнэлтийг лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй, гагцхүү өөрийн туршлагад үндэслэн гаргасан тухай тайлбарласан.
15. Шинжээчийн дүгнэлт нь лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй тул түүнийг үнэн зөв, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй. Тодруулбал, Зөрчлийн хэргийн 14-16 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтийн “2 дугаар асуултын хариулт” хэсэгт “Бөмбөлөг илэрсэн цахилгааны утаснуудыг Геологийн төв лабораторид нарийвчлан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлсноор гал гарах шалтгаан нөхцөл болсон эсэхийг боломжтой болно” гэж заасан. Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хариу албан бичигт “шинжилгээний ажлыг одоогоор гүйцэтгэх боломжгүй” хэмээн хариу мэдэгдсэн. (Зөрчлийн хэргийн 53 дахь талд авагдсан) Мөн тус газрын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “цахилгааны утасны шинжилгээний төрөл бидний итгэмжлэлийн хүрээний аргад орохгүй бөгөөд манай байгууллагад ашиглагдаж буй тоног төхөөрөмж, шинжилгээний арга, аргачлал ...цахилгааны утсанд шинжилгээг гүйцэтгэхэд зориулагдаагүй тул тус дээжинд хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох шинжилгээний ажлыг гүйцэтгэх боломжгүй байна” хэмээн тайлбарлажээ. (Зөрчлийн хэргийн 60 дахь тал) Зөрчлийн хэргийн 67 дахь талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт “...галын шинжээчийн дүгнэлтийг гаргахад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулах утасны хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байна. Иймд дээрх асуудлаар Онцгой байдлын ерөнхий газарт хандана уу” гэсэн байдаг. Энэ бол шийтгэлийн хуудасны үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг гаргасан П.Мөнхбатын ажилладаг байгууллагын хариу албан бичиг билээ. Тус албан бичигт тайлбарласнаар галын шинжээчийн дүгнэлтийг гаргахад бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулах утасны хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байсан байна. Энэ нь Зөрчлийн хэргийн 14-16 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтийн “2 дугаар асуултын хариулт” хэсэгт “Бөмбөлөг илэрсэн цахилгааны утаснуудыг Геологийн төө лабораторид нарийвчлан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлсноор гал гарах шалтгаан нөхцөл болсон эсэхийг тодорхойлох боломжтой болно” гэж заасантай ижил утгатай байгаа...
16. Эндээс дүгнэхэд, итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн бөмбөлөг үүссэн гэх цахилгаан утаснуудад агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлоод, хэрэв хүчилтөрөгчийн хэмжээ аль нэг цахилгаан утсанд стандарт хэмжээнээс их гарсан бол тус бөмбөлөг нь гал гарахаас өмнө эсвэл гал гарсны дараа үүссэн эсэхийг тодорхойлж, хэрэв гал гарсны дараа үүссэн бол түүнээс үүдэн гал гарсан гэж үзэх, улмаар бөмбөлөг нь шилжилтийн эсэргүүцэл эсвэл богино холболт эсвэл хэт ачааллын улмаас үүссэн эсэхийг тогтоож, үүнтэй холбоотой гал түймэр гарсан шалтгааныг олох байх. Гэвч шинжээч нь цахилгаан утаснуудад агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээг тогтоолгүйгээр галын дүгнэлтийг гаргасан нь зүйлийг өөрийн үзэмжээр дүгнэлт гаргасан хэрэг байна. Цахилгаан утаснуудад агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээг лабораторийн дүгнэлтэд үндэслэн тогтоох, хэрэв хүчилтөрөгчийн хэмжээ стандарт хэмжээнд байсан нөхцөлд тус утаснуудтай холбоотой гал гараагүй гэж үзэх үндэслэл болох тухай шинжээч өөрөө шүүх хуралдааны үед тайлбарласан.
17. Анхан шатны шүүхийн шүүгч нь хариуцагчийг лабораторийн дүгнэлт гаргахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан мэтээр дүгнэсэн байдаг. Гэвч энэ нь үндэслэлгүй дүгнэлт юм. Учир нь, цахилгаанаас үүдэн гарсан бүхий л гал түймрийн шалтгааныг тогтооход цахилгаан утасны хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох шаардлагатай байдаг тул тус дүгнэлт нь Монгол Улсад гаргах боломжгүй дүгнэлт биш юм. Хэрэв тийнхүү дүгнэвэл Онцгой байдлын газар нь цахилгаанаас үүдсэн ямар ч гал түймрийн шалтгааныг тогтоох боломжгүйд хүрнэ. Түүнчлэн, Зөрчлийн хэргийн 67 дахь талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт галын шинжээчийн дүгнэлтийг гаргахад бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулах утасны хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байна. Иймд дээрх асуудлаар Онцгой байдлын ерөнхий газарт хандана уу гэсэн байдаг. Гэвч хариуцагч нь тус байгууллагад хандаагүй байсан. Мөн Зөрчлийн хэргийн 68 дахь талд авагдсан тогтоолыг “МАК” ХХК-д хүргүүлсэн эсэх нь тодорхой бус. Иймд шүүгчийн тус дүгнэлт нь үндэслэлгүй зүйл юм. Үүнээс гадна итгэмжлэгдсэн лаборатори олдоогүй бол энэ нь таамаг төдий дүгнэлт гаргаж, галын шалтгааныг тогтоох замаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчих, хохироох үндэслэл болох учиргүй.
18. Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг хэрэглээгүй тухайд: Хэрэв гал гарсан шалтгаан нь нэхэмжлэгч компанийн ажилтнуудын буруугаас болсон гэж үзвэл буруутай ажилтныг эсвэл хуулийн этгээдийг торгох эсэхийг тогтоох шаардлагатай. Байгууллагын ажилтан зөрчил гаргасан тохиолдолд ямар нөхцөлд байгууллагад хариуцлага оногдуулах тухай Зөрчлийн тухай хуулийн дээрх хэсэгт заасан. Үүнд хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах тухай заасан.
19. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ “...гэрээг тус компанийн нягтлан бодогч болон иргэн Б.Уянгын эгч Л.Хишигтогоо нар харилцан тохиролцож байгуулжээ. Иймээс ажилтны гаргасан зөрчилд компани хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй гэж гомдол гаргагч талаас маргаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн дүгнэжээ. Эндээс дүгнэхэд, шүүх ажил гүйцэтгэх гэрээг компани байгуулсан тул компанид хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн гэж ойлгогдож байна. Гэвч гал гарсан явдалд гэрээ байгуулсан этгээд буруугүй тул гэрээ байгуулснаар хуулийн этгээдийг торгоно гэж дүгнэх ямар ч үндэслэлгүй юм. Гэрээг компани байгуулсан нөхцөлд компанийг торгоно гэж үзвэл гэрээ байгуулагдаагүй харилцаанаас үүссэн зөрчлийн бүхий л тохиолдолд компанийн ажилтан хариуцлага хүлээх болно.
20. Зөрчлийн тухай хуулийн дээрх хэсэгт хуулийн этгээдийг төлөөлж, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийг торгох тухай заасан. Иймд, хэрэв төхөөрөмжөөс шалтгаалан гал гарсан гэж үзвэл нэхэмжлэгч компанийн ажилчид хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил гаргасан тохиолдолд л нэхэмжлэгч компанийг торгох үндэслэлтэй болох юм. Тухайлбал, хуулийн этгээдийн нягтлан бодогч нь тус хуулийн этгээдийг төлөөлөн, татвар бага төлөх тухай түүний ашиг сонирхлын төлөө татварын тайланг буруу гаргасан бол татвар төлөхөөс зайлсхийх зөрчил үйлдсэний хариуцлагыг тус хуулийн этгээд хүлээх, хэрэв хуулийн этгээдийн удирдлага нь тийнхүү татвараас зайлсхийх сонирхолгүй байхад нягтлан өөрөө мэдэж алдаатай тайлан гаргасан бол хуулийн этгээд хариуцлага хүлээх учиргүй юм. Дахин жишээ татахад худалдааны байгууллагын борлуулагч ажилтан НӨАТ-ын баримтыг хэвлэж, олгоогүй нөхцөлд тэрээр өөрийн буруугаас болж олгоогүй бол (мартах, өөртөө авах зэрэг) хуулийн этгээдийг торгох үндэслэлгүй, гагцхүү хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрийн дагуу баримт олгоогүй нөхцөлд л (НӨАТ төлөхгүй байх үүднээс) хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил гаргасан гэж үзэж, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах үндэслэл болох юм.
21. Гуравдугаарт, хохирлын хэмжээний тухайд: Хэрэв зөрчилд нэхэмжлэгч компани буруутай гэж үзвэл хохирлын хэмжээг зөв тогтоох, маргаан бүхий шийтгэлийн хуудасны хохирлын хэмжээ тогтоосон хэсэг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх шаардлагатай. Анхан шатны шүүх “Вендо” ХХК-ийн үнэлгээтэй нэхэмжлэгч компани маргаагүй, дахин шинжээч томилуулах хүсэлт, гомдол гаргаагүй хэмээн дүгнэсэн байна. Гэвч нэхэмжлэгч компани гомдол гаргасан эсэхээс үл хамааран хохирлын хэмжээ үндэслэлтэй байх шаардлагатай. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус үнэлгээг нэхэмжлэгч компанид танилцуулж байгаагүй болохыг бид шүүхэд тайлбарласан. Иймд энэ талаар нэхэмжлэгч компанийг буруутгах, гомдол гаргаагүй гэх үндэслэлээр үнэлгээний тайлан, хохирлын дүнг зөвтгөх үндэслэлгүй юм.
22. Бидний гаргасан хүсэлтийн дагуу “Вендо” ХХК-аас тодруулга, тайлбар авахад байшин дотор байсан гэх зүйлсийг тус компани харж дүгнэлт гаргаагүй, гагцхүү үнэлгээ гаргуулсан хүн болох н.Жавхлангийн гаргаж өгсөн мэдээлэл, жагсаалтыг үнэн зөв хэмээн үзэж, дүгнэлт гаргасан тухай тайлбарласан байсан. Тус эд хөрөнгүүд гал гарах үед байсан болох нь тогтоогдоогүй байгаа. Шинжээчээс энэ талаар “галын улмаас байшин дотор юу байсан эсэх нь мэдэгдэхгүй болсон байсан” гэж хариулсан. (Байшингийн эзэн талаас тухайн хөрөнгүүдийн зургийг гаргаж өгсөн гэх боловч тэрээр гал гарсан үеийн бус байшинг анх барьж байх үеийн зураг тул гал гарахад тэдгээр зүйлс байсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн тус зурагт хохирлын үнэлгээнд тусгасан зүйлс бүрэн байхгүй байгаа. Иймд байшин дотор байсан гэх зүйлсийн үнэлгээг хохиролд тооцсоныг зөвтгөсөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.
23. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3.5-т зааснаар үнэлгээний тайланд үнэлгээний зүйлсийн шинж байдлын талаар тусгах учиртай. Энэ үүднээс үнэлгээчин нь үнэлгээ хийх зүйлсийн шинж байдлыг харж, танилцсаны үндсэн дээр дүгнэлт гаргах шаардлагатай. Хуулийн 7.1.4, 7.1.5-д үнэлгээ хийх бэлтгэл үе шатанд үнэлгээ хийхэд шаардлагатай материалыг үйлчлүүлэгчээс гаргуулан авах, үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх шаардлагатай тухай заасан байна. Мөн хуулийн 13.1.2, 13.1.3-д зааснаар үнэлгээчин нь үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангахыг үйлчлүүлэгчээс шаардах, шаардлагатай мэдээлэл, баримтаар хангаагүй нөхцөлд үнэлгээ хийхээс татгалзах тухай заасан байна. Иймд, үнэлгээний тайланд тусгасан зүйлсийг харахгүйгээр, хэн нэгний гаргаж өгсөн жагсаалтын дагуу гаргасан үнэлгээг хуульд нийцсэн, үндэслэл бүхий хэмээн үзэж, түүний дагуу хохирол гаргуулсныг анхан шатны шүүх зөвтгөж буй нь үндэслэлгүй юм.
24. Түүнчлэн, бид байшингийн үнэлгээний талаар шүүхийн журмаар шинжээч томилуулахыг хүссэн боловч шүүгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. “Вендо” ХХК-аас шүүхийн журмаар баримт гаргуулснаар энэ асуудал тодорхой болно. Мөн нэхэмжлэгч компани зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээтэй холбоотой маргаагүй гэж тайлбарласан. Ийнхүү шалтгаанаар шүүхийн журмаар үнэлгээ хийлгүй, үнэлгээг хууль ёсны гэж үзэж буй нь үндэслэлгүй. Учир нь, үнэлгээний тайланг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компани, түүний өмгөөлөгчид танилцуулж байгаагүй. Бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээтэй маргах боломжгүй байсан тухайгаа шүүхэд тайлбарласан. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж, шүүхийн журмаар үнэлгээ хийлгэх эрхтэй. Иймд, шүүхийн шатанд үнэлгээ хийхгүй гэж тайлбарлах үндэслэлгүй.
25. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийх бол шинжээч томилж, эрх бүхий албан тушаалтан үнэлгээ хийлгэх учиртай. Үнэлгээ хийж буй этгээдэд хууль сануулсны үндсэн дээр хараат бусаар үнэлгээ хийлгэх шаардлагатай. Гэвч “Вендо” ХХК нь өөрсдийн үнэлгээг ийнхүү маргаан хянан шийдвэрлэхэд ашиглагдана гэж бодож байгаагүй, хууль сануулаагүй тул хариуцлага хүлээхгүй бөгөөд үнэлгээ гаргуулсан н.Жавхлан гэж хүнтэй харилцан хамаарал бүхий этгээд байх бүрэн боломжтой. Иймд түүнийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй. Шүүх бидний энэхүү тайлбарт дүгнэлт хийгээгүй.
26. Дөрөвдүгээрт, бусад асуудлын тухайд: Шинжээч П.Мөнхбатыг гэрчээр асуух үед бид гал гарсан байшингийн цахилгаан утасны холболтыг үзүүлж, тэдгээр нь буруу эсвэл зөв холболт эсэх талаар асуухад тэрээр цахилгааны буруу холболттой болох талаар хэлсэн. Үүнд, гаднаас ил утас оруулах, мод цоолж ил утас оруулах, буруу холболт хийх зэрэг цахилгаан холболтын алдаатай болох тухай тайлбарласан. Мөн үүнтэй холбоотой гал гарах боломжтой эсэхийг асуухад “боломжтой” гэж хариулж байсан. Нэхэмжлэгч компанийн ажилчид тус байшингийн цахилгаан холболт нь алдаатай, буруу байсан бөгөөд түүнээс үүдэн гал гарсан байх магадлалтай талаар хэлдэг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гал гарсан шалтгааныг тогтооход чиглэсэн ажиллагаа хийх тухай хүсэлт гаргасан боловч хариуцагч түүний хүсэлтийг шийдвэрлээгүй байсан. Анхан шатны шүүх энэ талаар гаргасан бидний тайлбарт дүгнэлт хийгээгүй байна.
27. Түүнчлэн, нэхэмжлэгч компанийн суурилуулсан тоног төхөөрөмж нь цахилгааны хэт ачаалал үүсгэсэн гэх түүний дүгнэлтийн талаар “тус төхөөрөмжийг тасралтгүй хэдэн цаг, хоногоор ажиллуулах нь зөвшөөрөгдсөн эсэх талаар тодруулсан эсэх”, “хэрэв төхөөрөмжийг зааварт заасан хугацаанд тасралтгүй ажиллуулсан бол галын аюулгүй байдлыг хангасан буюу хэт ачаалал үүсгэхгүй гэж үзэх эсэх” талаар асуухад тэрээр “би түүнийг шалгаагүй, хэрэв зааварт заасан цаг, хугацаагаар ажиллуулсан бол цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй” гэж хариулсан. Нэхэмжлэгч компанийн суурилуулсан тоног төхөөрөмж нь өдөр, шөнийн турш тасралтгүй ажиллуулах боломжтой, өөрөө автомат гал хамгаалагчтай төхөөрөмж юм. Гэрч П.Мөнхбатаас “хэрэв төхөөрөмжөөс үүдэн гал гарсан бол түүний гал хамгаалагч нь ажилласан эсэхийг тодруулсан уу” гэж асуухад тэрээр үүнийг тодруулаагүйгээ хэлсэн. Иймд, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүйгээр, таамаг төдий хийгдсэн дүгнэлт юм. Анхан шатны шүүх энэ талаар гаргасан бидний тайлбарт дүгнэлт хийгээгүй байна.
28. Нэхэмжлэгч компанийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хяналт тавьж буй прокурор үндэслэлгүйгээр, ашиг сонирхлын зөрчилтэйгээр оролцож, нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тэрээр өөрийн албаны эрх мэдлээ ашиглан үндэслэлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулах, шийтгэлийн хуудас гаргуулах, гал түймэр гарсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээр нөлөөлөх зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Шинжээч нь өмнө дүгнэлт гаргах боломжгүй тухай хариу өгч байсан боловч хожим өөрийн үзэмжээр дүгнэлт гаргасан нь ч үүнтэй холбоотой гэж нэхэмжлэгч компани хардаж байгаа. Түүнчлэн, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх явцад прокурор нь ажлаа өөрчилсөн боловч шүүхэд өөрийн биеэр ирж, хариуцагчтай уулзаж, зөвлөгөө өгч байсан нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй оролцож байгааг нотолж байна.
29. Тавдугаарт, ...магадлалыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхийн зүгээс зөрчлийн талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн дүгнэсэн. Ийнхүү дүгнэх болсон үндэслэл нь лабораторийн дүгнэлт гаргуулах, хөрөнгийн үнэлгээг зохих ёсоор хийхтэй холбоотой хэмээн үзсэн байна. Гэвч, нэгэнт нэхэмжлэгч нь зөрчилд гэм буруугүй бол хохирлын хэмжээг тогтоох шаардлагагүй. Бидний зүгээс нэхэмжлэгчийн гэм буруу нь тогтоогдохгүй байгаа тул хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа хийхгүйгээр шийдэх боломжтой хэмээн үзэж байна.
30. Лабораторийн дүгнэлт гаргуулах асуудлын хувьд давж заалдах шатны шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудас нь лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн. Иймд, маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлгүйг үгүйсгээгүй гэж ойлгож байна. Харин тус дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэж дүгнэж байгаа нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бус зөрчлийн хэргийг шалгах эрх бүхий албан чиг үүргийг нөхөн хэрэгжүүлсэн шинжтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл болох “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага” гэдгийг зөвхөн шүүхийн нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд ойлгох үндэслэлтэй. Тийм агуулгаар тайлбарлахгүй бол шүүх гүйцэтгэх эрх үүргийг хэрэгжүүлэх үр дагаварт хүргэх юм. Лабораторийн дүгнэлт гаргах нь шүүхийн нотлох баримт цуглуулах үүрэгт хамаарахгүй тул ЗХШХШтХ-ийн 106 3.11-д заасан шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна.
31. Түүнчлэн, нэгэнт хуулийн этгээдийг торгох хуульд заасан урьдчилсан нөхцөл болох “ажилчид түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн гэх зүйл тогтоогдоогүй тул хуулийн этгээдийг торгосон шийтгэлийн хуудас үндэслэлгүй юм. Ийнхүү хуулийн этгээдийг торгох зайлшгүй урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байхад түүнийг буруутай гэж үзэх эсэх асуудал болох лабораторийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Учир нь, нэхэмжлэгч компанийн төхөөрөмжөөс болж гал гарсан гэж тогтоогдсон ч хуулийн этгээдийг торгох нөхцөл болохгүй. Давж заалдах шатны шүүх ажилтнаасаа хохирол гаргуулах боломжтой хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, түүгээр эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хамгаалсан. Учир нь нэгэнт ажилтны бурууг эрх бүхий байгууллага тогтоогоогүй тул компани ажилтнуудын хэн нэгнээс нь хохирол нэхэмжлэх боломжгүй. Мөн ажилтнаас хохирлоо нэхэмжилчихнэ гэдэг байдлаар гэм бурууг хуулийн этгээдэд халдаах нь үндэслэлгүй юм.
32. Иймд, ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
33. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
34. Нэг. Хэргийн газраас хураан авсан нотлох баримт болох бөмбөлөг үүссэн зэс голчтой цахилгаан дамжуулах утсанд шинжилгээ хийлгүүлэхээр Геологийн төв лабораторид 2 удаа хандсан ч тоног төхөөрөмж эвдрэлтэй гэсэн хариуг хүргүүлсэн буюу “итгэмжлэгдсэн лаборатори”-ийн гэх шинжилгээний дүгнэлт гараагүй боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гал гарсан нөхцөл байдлыг тогтоолгохоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг шинжээчээр томилж, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр галын шинжээч П.Мөнхбатын дүгнэлт гарсан; уг дүгнэлтээр гомдол гаргагч компанийн иргэн Б.Уянгын байшинд суурилуулсан халаалтын төхөөрөмж нь өдөр, шөнийн туршид залгаатай байснаас үүдэн цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан гүйдлийн ачаалал ихсэж, хэт ачаалласнаас цахилгааны богино холбоо үүсэж, тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед шилжилтийн эсэргүүцэл бий болсон зэрэг цахилгаан ашиглалтын зөрчлүүд илэрсэн гэдэг нь тогтоогдсон байна.
35. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.3-т “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;” мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно”; Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь тусгай мэдлэг шаардагдах асуудлаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, хэрэв шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй.
36. Гэтэл “У” ХХК-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй буюу дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүйг давж заалдах шатны шүүх “...хүсэлтээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, бусад нөхцөл байдал, туршлагадаа үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоох зэргээр гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 6-д ...заасан арга хэмжээг аваагүй” хэмээн хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
37. Нөгөө талаар, хариуцагч нь: хохирогч Г.Уянгаас тухайн халаалтын төхөөрөмж суурилуулсны дараа “хэншүү үнэртээд байна” гэж хэд хэдэн удаа залгасан боловч гомдол гаргагч компаниас нэг ч удаа очиж үзээгүй, арга хэмжээ аваагүй, эсрэгээр “залгаатай орхих” талаар зааварчилгааг компанийн инженер Б.Цэрэнбазар өгсөн; гал гарсны дараа хохирогч Г.Уянгатай гомдол гаргагч компанийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэг уулзахдаа хохирлыг барагдуулах талаар ярилцаж, компанийн ажилтны буруугаас гал гарсан болохыг хүлээн зөвшөөрсөн; компанийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Баярсайхан хохирогч Б.Уянгатай 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Хохирогч Б.Уянга болон түүний гэр бүлтэй хийсэн ярилцлага, санал солилцож, шийдвэрлэсэн тухай” бичигт “...2 давхар байшин барьж..., ... хувийн эд хогшил, бусад бараа бүтээгдэхүүнд 33 сая төгрөг төлөх...”-өөр тохиролцож, үүнээс 3 сая төгрөгийг төлсөн зэрэг зөрчлийн хэрэг шалгах явцад тогтоогдсон бусад нотлох баримтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн...” гэж үзэж шийтгэлийн хуудас үйлдсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
38. Хэдийгээр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж заасан ч тухайн зүйлийн ерөнхий агуулгыг үзэхэд галын хяналтыг ямар субъект хариуцан хэрэгжүүлэх тухай ерөнхий материаллаг шинжтэй зохицуулалт байх бөгөөд гал түймрийн улсын хяналтын байцаагч нь зөрчил шалгах ажиллагааг процессын нарийвчилсан зохицуулалттай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх учиртай.
39. Энэ тохиолдолд дээрх лабораторийн дүгнэлтийг гаргуулахаар Геологийн төв лабораторид хоёр удаа хандсан ч “төхөөрөмж эвдэрсэн” учир дүгнэлт гаргах боломжгүй болсон; гэсэн хэдий ч дээр дурдсан бусад нотлох баримтаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байхад гагцхүү “итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт”-ийг үндэслэж зөрчилд “хариуцлага тооцно” гэж үзэхгүй.
40. Давж заалдах шатны шүүх “...улсын байцаагч дээрх лабораторийн дүгнэлт гаргуулах талаар боломжит арга хэмжээг авсан ч уг дүгнэлтийг гаргах боломжгүй тохиолдолд гал гарсантай холбоотой бусад нөхцөл байдал, туршлагын үндсэн дээр дүгнэлт гаргасныг буруутгахгүй” гэж зөв дүгнэсэн атлаа цааш нь “...итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гаргуулах талаар бүхий л арга хэмжээ авсан болох нь тогтоогдохгүй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу юм.
41. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, гомдол гаргагч компанийг зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэлийн хуудас үйлдсэн хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцжээ.
42. Хоёр. Хохирогч Б.Уянгын эгч Л.Хишигтогоо нь “У” ХХК-ийн захирлын баталсан “Бараа материал нийлүүлж, суурилуулах гэрээ”-г тус компанийн нягтлан бодогчтой харилцан тохиролцож байгуулсан учир Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хуулийн этгээд”-д хамаарах бөгөөд “...компанийн ажилтны гаргасан зөрчилд компанид хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй...” гэж гомдол гаргагч талаас маргаж байгааг хүлээн авах боломжгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн.
43. Гурав. Хэдийгээр хохирлын үнэлгээг хариуцагчийн хүсэлтээр бус, харин иргэн Б.Жавхлангийн захиалгаар хийсэн боловч тухайн үнэлгээ хийсэн “Вендо” ХХК (захирал Ц.Түвшинцэнгэл) нь Сангийн яамны 2017 оны 250 дугаар тушаалаар олгогдсон 140600033 тоот болон Санхүүгийн зохицуулах хорооноос 2010 онд олгосон даатгалын хохирол үнэлэх 233 тоот тусгай зөвшөөрлүүдтэй бөгөөд Жигжид зуслангийн байшинд үзлэг хийж, тус орон сууц нь бүхэлдээ шатаж, барилгын суурь болон хана шатсан учир захиалагчаас ирүүлсэн байшинг барьж байх үеийн болон баригдаж дууссаны дараах фото зураг, байшинг барьж байх үеийн видео бичлэг, барилгын материалын баримт, барилгын план зураг, халаалтын тоног төхөөрөмж болон суурилуулалтын зардал, ашиглалтын элэгдлийг тооцон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг гаргасан гэдэг нь Хөрөнгийн үнэлгээний тайлан, “Вендо” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээс тогтоогджээ.
44. Мөн дээр дурдсанаар гомдол гаргагч компани нь хохирогч иргэнтэй хохирлыг барагдуулахаар хүлээн зөвшөөрч, баримт бичиг үйлдсэн, урьдчилгаа төлсний зэрэгцээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхээ эдэлж, хохирлын үнэлгээнд шинжилгээ хийлгэх боломжтой байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхэд гомдол гаргахдаа хохирлын үнэлгээний талаар маргаж байгааг хүлээн авах боломжгүй, давж заалдах шатны шүүх хариуцагчаас холбогдогчид “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хүсэлт гаргах эрхийг хангаагүй байна...” гэсэн нь үндэслэлгүй байна.
45. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, гомдол гаргагч компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.