Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 143

 

 

                                                                                                      

*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр

гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй

хорих ангид холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00971 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги,

Шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах нарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч: ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр ******* би Галсансайнхувьтын хамт 30.517.721 төгрөгийг Хаан банкинд төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулж бидний өмч болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг баруун дэнж 10Б-1Г тоотод байрлах 97.5 м.кв талбайтай хувийн сууц, 630 м.кв газрыг хураан авсан. Дээрх объектийг тус байгууллага Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход нийт 71.427.400 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Учир нь бидний хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн байна. Энэ объект нь 630 м.кв бүхий газартай, уг хашаанд амьдрах зориулалтай 97,5 м.кв, болон 30 м.кв хоёр байшинтай бүгд төвийн дулаанд бүрэн холбогдсон газар юм. Үнэлгээний Итгэлт Эстимэйт ХХК нь үнэлгээ хийхдээ манай үл хөдлөх хөрөнгөтэй ойролцоо байрлалтай төвийн дулаанд холбогдсон газрыг харьцуулах замаар дүгнэлт гаргасан байсан. Дээрх дүгнэлтэнд харьцуулагдсан объект нь манай газрыг бодвол 230 м.кв бага хэмжээтэй мөртлөө зарах үнэ нь 100.000.000 /зуун сая/ төгрөг гэж байсан. Үүнийг үнэлгээний ард хавсаргаж өгсөн байна. Гэтэл 630 м.кв бүхий төвийн дулаанд холбогдсон газрыг 71.427.400 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт бага байна. Дээрх үнэлгээний дүгнэлттэй 2019 оны 05 дугаар сарын 17-нд танилцсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхийн дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийгдсэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны дөрийн №11/03 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих 437-р нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 16 дугаар шийдвэрээр *******, Л.Галсансайнхувьт нараас 30.517.721 төгрөг гаргуулж ХААН банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101012813 дугаарт бүртгэлтэй 97.5 м.кв талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2101004530 дугаарт бүртгэлтэй 630м.кв гэр бүлийн хэрэгцээний газар албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасан. Төлбөр төлөгч *******ын өмчлөлийн Орхон аймаг аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101012813 дугаарт бүртгэлтэй 97.5 м.кв талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2101004530 дугаарт бүртгэлтэй 630м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг 2018 оны 08 дүгээр сарын 06-ны өдрийн 18140488/02 тогтоолоор битүүмжилж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18140488/03 тогтоолоор хураах, талуудаас үнийн санал авах зэрэг ажиллагааг явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-д заасны дагуу Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд *******ын гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00971 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2., 55.5.-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих 437-р нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах нарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Миний бие ******* нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00971 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхин шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж бидний өмч болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг баруун дэнж 10б-1б тоотод байрлах 97.5 м.кв талбайтай хувийн орон сууц 630 м.кв газрыг хурааж авсан. Дээрх сууцыг Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, энэ компани нь 71.427.400 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь одоогоор 97.5 м.кв талбайтай хувийн сууц нь сунгагдаж нэмэлт өрөө граж барьсан. Тухайн хашаан дотор 2 амины сууц байдаг. Итгэлт эстимэйт ХХК нь зах зээлийн ханшнаас үнэгүйдүүлэн доогуур үнэлсэн. Ойролцоох хашаа байшингийн үнийн саналаар үнэлгээг хийсэн байна. Иймд тухайн газар, хашаа, байшин нь зах зээлийн ханшаар 180 саяаас 200 сая төгрөгийн хооронд зарагдах боломжтой тул Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Бидний хөрөнгө үнэгүйдэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийгдэж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №11/03 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү? Дахин судлаж үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах нарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2., 55.5.-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих 437-р нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах нарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр *******, Л.Галсансайнхувьт нараас 30.517.721 төгрөг гаргуулж Хаан банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101012813 дугаарт бүртгэлтэй 97.5м2 талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2101004530 дугаарт бүртгэлтэй 630м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгажээ.

Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги нь 2018 оны 08 дугаар сарын 06 ны өдрийн 02 дугаар тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгө газрыг битүүмжилж, 2019 оны 03 дугаар сарын 27 ны өдрийн 03 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулж, Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх ба дүгнэлтийг талуудад танилцуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хийсэн ажиллагаа нь Иргэний хууль болон бусад хууль нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ...Хариуцагч нь ийнхүү ажиллагааг хуулийн дагуу явуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №11/03 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү? гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан ...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00971 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР