Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00611

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00971 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаар магадлалтай,

Д.Оын нэхэмжлэлтэй

Орхон аймаг дахь ШШГГ-437-р н ХА, Э.Ннарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Оын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр Д.О би Галсансайнхувьтын хамт 30.517.721 төгрөгийг Хаан банкинд төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулж бидний өмч болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг баруун дэнж 10Б-1Г тоотод байрлах 97.5 м.кв талбайтай хувийн сууц, 630 м.кв газрыг хураан авсан. Дээрх объектийг тус байгууллага Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход нийт 71.427.400 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь бидний хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн байна. Энэ объект нь 630 м.кв бүхий газартай, уг хашаанд амьдрах зориулалтай 97,5 м.кв, болон 30 м.кв хоёр байшинтай бүгд төвийн дулаанд бүрэн холбогдсон газар юм. Үнэлгээний Итгэлт Эстимэйт ХХК нь үнэлгээ хийхдээ манай үл хөдлөх хөрөнгөтэй ойролцоо байрлалтай төвийн дулаанд холбогдсон газрыг харьцуулах замаар дүгнэлт гаргасан байсан. Дээрх дүгнэлтэнд харьцуулагдсан объект нь манай газрыг бодвол 230 м.кв бага хэмжээтэй мөртлөө зарах үнэ нь 100.000.000 /зуун сая/ төгрөг гэж байсан. Үүнийг үнэлгээний ард хавсаргаж өгсөн байна. Гэтэл 630 м.кв бүхий төвийн дулаанд холбогдсон газрыг 71.427.400 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт бага байна. Дээрх үнэлгээний дүгнэлттэй 2019 оны 05 дугаар сарын 17-нд танилцсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхийн дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийгдсэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №11/03 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих 437-р нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Э.Ннар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 16 дугаар шийдвэрээр Д.О, Л.Галсансайнхувьт нараас 30.517.721 төгрөг гаргуулж ХААН банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй 97.5 м.кв талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэлтэй 630м.кв гэр бүлийн хэрэгцээний газар албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Орхон аймаг дахь ШШГГ-437-р н ХАд даалгасан. Төлбөр төлөгч Д.Оын өмчлөлийн Орхон аймаг аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй 97.5 м.кв талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэлтэй 630м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг 2018 оны 08 дүгээр сарын 06-ны өдрийн 18140488/02 тогтоолоор битүүмжилж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18140488/03 тогтоолоор хураах, талуудаас үнийн санал авах зэрэг ажиллагааг явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-д заасны дагуу Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд Д.Оын гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00971 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2., 55.5.-д заасныг баримтлан Д.Оын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих 437-р нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Э.Ннарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00971 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Оын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О хяналтын гомдолдоо: ... Баян-Өндөр сум, Дэнж баг баруун дэнж 10Б-1Г тоотод байрлах 97.5 м.кв талбайтай хувийн орон сууц 630 м.кв газрыг хураан авсан. Дээрх объектийг тус байгууллага Итгэл эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход нийт 71 427400 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь бидний хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас доогуур үнэлж үнэгүйдүүлсэн. Тиймээс шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О нь Орхон аймаг дахь ШШГГ-437-р н ХА, шийдвэр гүйцэтгэгч Э.Ннарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тогтоож чадаагүй, маргааны үндэслэл болсон шинжээчийн үнэлгээний талаар нэхэмжлэлд заасан үндэслэлийн дагуу бүрэн дүгнэлт хийгээгүй байх ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хураасан эд хөрөнгө нь зам дагуу, төвийн дулаанд холбогдсон, ...газар дээр 2 байшин барьсан байхад нэгийг нь үнэлсэн, ...шинжээч ойролцоо эд хөрөнгийн үнийг харьцуулахдаа газрын хэмжээ бага, дулаанд холбогдоогүй газрын үнийг сонгож, үнэлгээг хэт доогуур тогтоосон...” гэсэн байхад шүүх энэ талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой тодорхойлсон тул шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргыг хариуцагч гэж үзэх боломжгүй, шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандахад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлийг шүүх дүгнэж чадаагүй ба энэ талаар залруулах боломжтой байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Э.Нбус шийдвэр гүйцэтгэлийн байгууллага явуулж байгаа тул хариуцагч Э.Ннэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй юм.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр Д.О, Л.Галсансайнхувьт нараас 30 517 721 төгрөг гаргуулж Хаан банкны Орхон салбарт олгож, үүргийг биелүүлээгүй бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй 97.5м2 талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэлтэй 630м2 гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Орхон аймаг дахь ШШГГ-437-р н ХАд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 06 ны өдрийн 02 дугаар тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 03 дугаар сарын 27 ны өдрийн 03 дугаар тогтоолоор хураан, талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Итгэлт эстимэйт ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №11/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “...амины хувийн сууцыг 38 636 900 төгрөгөөр, гараж, тамбарыг 8 770 000 төгрөгөөр, 630м2 өмчлөлийн газрыг 24 018 000 төгрөг нийт 71 427 400 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг хийхдээ зах зээлийн үнэ, орлогын хандлагын арга, зардлын хандлагын аргачлалыг хэрэглэсэн байх ба зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэхдээ “Бүх шугам сүлжээ орсон, дэнжийн зам дагуу 400м2 газрыг 100 000 000 төгрөгөөр зарна., ...шугам сүлжээнд холбогдох боломжтой, дэнжийн зам дагуу 600м2 газрыг 30 000 000 төгрөгөөр зарна, ...шугам сүлжээнд холбогдох боломжтой, дэнжийн зам дагуу 1000м2 газрыг 15 000 000 төгрөгөөр зарна...” гэх зарыг харьцуулснаа тайланд тусгаж, газрын дундаж үнэлгээг  тогтоожээ.

Шинжээч нь төвийн дулаанд холбогдсон өмчлөлийн газрын үнийг тогтоож байгаа атлаа төвийн дулаанд холбогдоогүй, зөвхөн холбогдох боломжтой газрын үнийг харьцуулсан нь үнэлгээг бодитой тогтоогдсон эсэхэд эргэлзээ бий болгожээ. Нөгөө талаар барьцааны зүйл нь хувийн сууцнаас гадна нэхэмжлэлд дурдснаар үнэлэгдэж буй газар дээр 30м2 байшин байсан эсэх асуудал тодорхой бус байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2. дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00971 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь ШШГГ-437-р н ХАд холбогдуулан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийг 71 427 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, хариуцагч Э.Нармандахад холбогдох нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...үлдээсүгэй ...гэснийг үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА