Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2019/00156

 

*******гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 142/ШШ2019/01163 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: *******гийн хүсэлттэй

Цагаатгалын нөхөн олговор 80 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Прокурор Ц.Мөнхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 31ий өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хүсэлт гаргагч ******* миний эцэг Жалцангийн Чагдарцэрэнг 1938 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазийн бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Улмаар хэргийн хянаад Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар магадлалаар цагаатгасан байдаг. Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно гэж заасан байна. Миний бие ******* нь эцэг Жалцангийн Чагдарцэрэнг хуулийн дээд хэмжээ авах үед 4 настай байсан нь нэхэмжлэлд хавсаргасан Тагнуулийн ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Монгол улсын 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогддог. Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэрт шаардлагатай бичиг баримтуудыг миний бие холбогдох хууль, журмын дагуу бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс-д хүлээлгэн өгсөн. Улмаар Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн № 134 (6101) дугаарын 6 дахь талд нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад ******* миний нэрийг 80 000 000 төгрөгийн нөхөх олговор авах шаардлага хангасан иргэдийн жагсаалтад оруулсан. Иймд ******* миний бие хэлмэгдэгч Жалцангийн Чагдарцэрэнгийн төрсөн охин тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

******* миний бие хойд эцэг Сэрээдаринаар овоглож бичиг баримтаа авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Жалцангийн Чагдарцэрэнгийн төрсөн охин болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа болно. Миний бие эцэг Ж.Чагдарцэрэнг амьд ахуйд, төрсөн 5 хүүхдийн хамгийн бага нь байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ганцаар амьд сэрүүн үлдсэн. Миний дээр 2 ах, 2 эгч байсан бөгөөд 1933 оны хүн амын тооллогод бүртгэгдсэн Чагдарцэрэнгийн Содномванжил, Пунцагдулам, Жанчивням, Дуламсүрэн нар бөгөөд үүнээс Содномванжил, Дуламсүрэн нар нь бага залуу насандаа нас барсан бөгөөд хэн хэн нь хүнтэй сууж гэр бүл болоогүй байхдаа нас барцгаасан гэдэг. Улс төрийн хэлмэгдэлтийн улмаас тухайн үед бид бүгд овог нэрээ сольсон байдаг бөгөөд 1944 оны хүн амын тооллогод ах Содномванжил нь Борхүү нэртэй, ах Жанчивням нь Монхор нэртэй, эгч Пунцагдулам Халтархүү, эгч Дуламсүрэн нь Дуламхүү нэртэй тус тус болсон бөгөөд миний нэрийг Рэгжээ гэж бичигдсэн гэдгээр лавлагаа өгсөн бөгөөд тухайн үеийн бүртгэл нь хуучин монгол бичигт байсан бөгөөд крилл үсэгт буулгахдаа Рэгжээ гэж буулгасан байдаг. Мөн миний том эгч Шагдарын Халтархүү нь 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Ах Шагдарын Монхор нь 2009 оны 07 дугаар сарын 08-нд нас барсан талаархи лавлагааг төрсөн хүүхдүүдээр нь дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан. Харин ах Содномванжил, эгч Дуламсүрэн нар бага залуудаа нас барсан тул тэр хүмүүсийн бичиг баримт гэх зүйл байдаггүй тул нас барсан талаархи лавлагааг гаргуулах боломжгүй юм билээ. Миний ээж Н.Гунаажав нь эцэг Чандарцэрэнг хуулийн дээд хэмжээ авсны хойно Сэрээдар гэх хүнтэй гэр бүл болсон бөгөөд улмаар дүү Амархүү, Хашхүү, Галсан нар төрсөн ба дүү Галсанг өөр айлд өргүүлсэн. Дүү Амархүү, Хашхүү, Галсан нар одоо Говь-Алтай аймгийн Тонхил суманд оршин суудаг. Миний бие эцэг Чагдарцэрэнг амьд ахуйд төрсөн 5 хүүхдээс амьд сэрүүн үлдсэн төрсөн охин нь бөгөөд тухайн үеийн бүртгэл бичиг баримтаар хойд эцэг болох Сэрээдарийн нэрээр овоглож бичиг баримт авсан юм. ******* миний бие хэлмэгдэгч Жалцангийн Чагдарцэрэнгийн төрсөн охин болох нь хэрэгт өгсөн баримтуудаар хангалттай тогтоогдох бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс-д бүрдүүлж өгсөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэрт шаардлагатай бичиг баримтууд, О.Дашдэрэнгийн Засагт ханы Огтор хөх хэмээх цэцэн туслагч Баянцогтын уг гарвал хэмээх номын 21-25-р талд ...Шагдарын Рэгзээ нь 1935 онд Засагт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг Дархан гүн Чагдарцэрэнгийн 5 дахь хүүхэд болон төржээ....., О.Дүгэрсүрэнгийн Уугуул түмний минь удмын бахархал хэмээх номын 6-р талд ....Ш.Рэгзээ /эм, 1935/ ...., Ч.Мижээхүүгийн Говь-Алтай аймгийн Тонхил сум /түүхэн тойм номын 173-174-р талд ....Чагдарцэрэнгийн Монхор, Рэгзээ, Галсан нар...., О.Дүгэрсүрэнгийн Удмын бахархал номын 38-р талд .....Ш.Рэгзээ, эм, 1935, гахай..., гэж бичигдсэн бөгөөд, Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №134 дугаарт нөхөх олговор олгох эрхтэй этгээд мөн болохыг тодорхойлсон зэргээс тогтоогдоно. Иймд ******* миний бие хэлмэгдэгч Жалцангийн Чагдарцэрэнгийн төрсөн охин мөн болохыг тогтоолгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байх тул шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хүсэлтийг минь хүлээн авч зохих журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг минь бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01163 дугаар шийдвэрээр:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын төсвийн орлогоос нөхөх олговор 80.000.000 /наян сая/ төгрөг гаргуулан Боржгин овогт Сэрээдарины Рэгзээ /ДИ:37110601/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогоос буцаан гаруулж *******д олгож шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Мөнхтуяа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Ц.Мөнхтуяа би тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01163 дугаартай шийдвэрээр *******д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 80 сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч ******* нь 1935 онд төрсөн гахай жилтэй боловч эсэргүүний хүүхэд гэж хэлмэгдэж байсантай холбоотойгоор эцгийн нэрийг хойд аав Н.Сэрээдаринаар, төрсөн оноо 1937 он гэж тодорхойлсон хэдий боловч хэлмэгдэгч Ж.Чагдарцэрэнг баривчлагдахаас өмнө төрсөн байна гэж дүгнэж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээр урьдчилан тогтоовол зохих асуудлыг анхаарч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Үндэслэл нь:

Хүсэлт гаргагч ******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Жалцангийн Чагдарцэрэнгийн бага охин гэх боловч 1944 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн Шагдарцэрэнгийн Борхүү, дүү Рэгжээ 10 настай, Амархүү 4 настай, Хашхүү 1 настай гэж тус тус тэмдэглэгдсэн ба эцгийн нэр тэмдэглэгдээгүй, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр өрхийн тэргүүн Намнангийн Сэрээдар, эхнэр Намнангийн Гунаажав, охин Сэрээдарийн Рэгзээ 21 настай, Сэрээдэрийн Амархүү 16 настай гэж тоологдсон, мөн *******гийн ХААТР-1 төрсний бүртгэлийн лавлагаагаар эцэг Намнангийн Сэрээдар, эх Намнангийн Гунаажав гэж тус тус тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь хэлмэгдэгчийн төрсөн охин мөн эсэх нь эргэлзээтэй, түүний эцгийн нэр болон төрсөн он зөрүүтэй байтал анхан шатны шүүх түүнийг анхаарч үзэлгүй *******г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ж.Чагдарцэрэнгийн охин мөн гэж үзэж түүнд 80 сая төгрөгийн нөхөх олговор олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт нөхөх олговрыг нэхэмжпэх эрхтэй этгээдийг тодорхойлон заасан ба хүсэлт гаргагч нь хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой эсэх нь эргэлзээтэй байгаа тохиолдолд нөхөх олговорыг нэхэмжпэх эрхтэй болохоо нотлохын тулд ИХШХШТХуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болохыг шүүхээр урьдчилан тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ******* нь Ж.Чагдарцэрэнгийн төрсөн охин мөн болохоо тогтоолгосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2., 161 дүгээр зүйлийн 161.1., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01163 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч С.Рэгзээ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын төсвийн орлогоос нөхөх олговор 80.000.000 /наян сая/ төгрөг гаргуулан Боржгин овогт Сэрээдарины Рэгзээд олгож шийдвэрлэжээ.

Жалцангийн Чагдарцэрэн нь Завхан аймгийн Тамч сумын 5 дугаар багийн харъяат бөгөөд 1938 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн байна.

БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай магадлалаар Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар тогтоолыг хүчингүй болгож, П.Гэндэн, Г.Дэмид нарын 34 хүнд холбогдох хэргийг цагаатган, хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэр бүхий 34 иргэний 33 дугаарт Жалцан /Жалчин/-гийн Чагдарцэрэнгийн нэр бичигджээ.

Хүсэлт гаргагч ******* нь Ж.Чагдарцэрэнгийн төрсөн охин мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг ******* нь ах Ш.Монхор /С.Жанчивням/-ын хамтаар хувааж авсан болох нь Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаартай шийдвэрээр баталгаажсан мөн Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 134 дугаарт нэхэмжлэгчээр хүсэлт гаргагч ******* нь зарлагдсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурор Ц.Мөнхтуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 142/ШШ2019/01163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Прокурор Ц.Мөнхтуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР