Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00286

 

С.Р-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01163 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаар магадлалтай,

С.Р-гийн хүсэлттэй,

Цагаатгалын нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг прокурорын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Р-гийн шүүхэд гаргасан хүсэлтэд: ...Миний эцэг Жалцангийн Чагдарцэрэнг 1938 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазийн бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Улмаар хэргийн хянаад Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар магадлалаар цагаатгасан. Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно гэж заасан байна. Миний бие С.Р- нь эцэг Жалцангийн Чагдарцэрэнг хуулийн дээд хэмжээ авах үед 4 настай байсан нь нэхэмжлэлд хавсаргасан Тагнуулийн ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Монгол улсын 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогддог. Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэрт шаардлагатай бичиг баримтуудыг холбогдох хууль, журмын дагуу бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс-д хүлээлгэн өгсөн. Улмаар Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн № 134 (6101) дугаарын 6 дахь талд нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад С.Р- миний нэрийг 80.000.000 төгрөгийн нөхөх олговор авах шаардлага хангасан иргэдийн жагсаалтад оруулсан. Иймд С.Р- миний бие хэлмэгдэгч Жалцангийн Чагдарцэрэнгийн төрсөн охин тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг олгож өгнө үү. Мөн С.Р- миний бие хойд эцэг Сэрээдаринаар овоглож бичиг баримтаа авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Жалцангийн Чагдарцэрэнгийн төрсөн охин болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа болно. Миний бие эцэг Ж.Чагдарцэрэнг амьд ахуйд, төрсөн 5 хүүхдийн хамгийн бага нь байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ганцаар амьд сэрүүн үлдсэн. Миний дээр 2 ах, 2 эгч байсан бөгөөд 1933 оны хүн амын тооллогод бүртгэгдсэн Чагдарцэрэнгийн Содномванжил, Пунцагдулам, Жанчивням, Дуламсүрэн нар бөгөөд үүнээс Содномванжил, Дуламсүрэн нар нь бага залуу насандаа нас барсан бөгөөд хэн хэн нь хүнтэй сууж гэр бүл болоогүй байхдаа нас барцгаасан гэдэг. Улс төрийн хэлмэгдэлтийн улмаас тухайн үед бид бүгд овог нэрээ сольсон байдаг бөгөөд 1944 оны хүн амын тооллогод ах Содномванжил нь Борхүү нэртэй, ах Жанчивням нь Монхор нэртэй, эгч Пунцагдулам Халтархүү, эгч Дуламсүрэн нь Дуламхүү нэртэй тус тус болсон бөгөөд миний нэрийг Рэгжээ гэж бичигдсэн гэдгээр лавлагаа өгсөн бөгөөд тухайн үеийн бүртгэл нь хуучин монгол бичигт байсан бөгөөд крилл үсэгт буулгахдаа Рэгжээ гэж буулгасан байдаг. Мөн миний том эгч Шагдарын Халтархүү нь 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Ах Шагдарын Монхор нь 2009 оны 07 дугаар сарын 08-нд нас барсан талаархи лавлагааг төрсөн хүүхдүүдээр нь дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан. Харин ах Содномванжил, эгч Дуламсүрэн нар бага залуудаа нас барсан тул тэр хүмүүсийн бичиг баримт гэх зүйл байдаггүй тул нас барсан талаархи лавлагааг гаргуулах боломжгүй юм билээ. Миний ээж Н.Гунаажав нь эцэг Чандарцэрэнг хуулийн дээд хэмжээ авсны хойно Сэрээдар гэх хүнтэй гэр бүл болсон бөгөөд улмаар дүү Амархүү, Хашхүү, Галсан нар төрсөн ба дүү Галсанг өөр айлд өргүүлсэн. Дүү Амархүү, Хашхүү, Галсан нар одоо Говь-Алтай аймгийн Тонхил суманд оршин суудаг. Миний бие эцэг Чагдарцэрэнг амьд ахуйд төрсөн 5 хүүхдээс амьд сэрүүн үлдсэн төрсөн охин нь бөгөөд тухайн үеийн бүртгэл бичиг баримтаар хойд эцэг болох Сэрээдарийн нэрээр овоглож бичиг баримт авсан юм. Иймд С.Р- миний бие хэлмэгдэгч Жалцангийн Чагдарцэрэнгийн төрсөн охин мөн болохыг тогтоолгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байх тул шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хүсэлтийг минь хүлээн авч зохих журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг минь бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Прокурор Ц.Мөнхтуяагийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч С.Р-гийн төрсөн эцэг Ж.Чагдарцэрэн нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн байна. С.Р-гийн ээж Гунаажав нь нөхөр Чагдарцэрэнг баривчлагдсаны дараа Сэрээдаринтай гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас Амархүү, Хашхүү нар төрсөн байна. С.Р- нь хойд аав Сэрээдаринаар овоглогдсон ба төрсөн эцгээс ах дүү тавуулаа байсан гэж тайлбарлаж байна. Ж.Чагдарцэрэн хэлмэгдсэн болох нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа боловч С.Р- нь түүний төрсөн охин мөн эсэх талаар эргэлзээтэй, холбогдох баримтууд хангалттай нотлохгүй байна. Тухайлбал: ХААТР-1 төрсний бүртгэлийн лавлагаагаар С.Р-гийн эцэг Намнангийн Сэрээдар, эх Намнангийн Гунаажав гэж бичигдсэн байх ба 1944 оны хүн амын тооллогоор хүүхдүүдийн эцгийн нэр тэмдэглэгдээгүй байна. Чагдаржав Гунаажав нар нь 6 хүүхэд төрүүлсэн ба хамгийн бага хүү Онгоодойн талаар баримтгүй, Содномванжил, Дуламхүү нарын талаархи баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, төрсөн хүүхэд нь гэж тогтоогдсоны дараа нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01163 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын төсвийн орлогоос нөхөх олговор 80.000.000 /наян сая/ төгрөг гаргуулан Боржгин овогт Сэрээдарины Рэгзээ /ДИ:37110601/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогоос буцаан гаруулж С.Р-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж Прокурор Ц.Мөнхтуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч С.Р- нь Ж.Чагдарцэрэнгийн төрсөн охин мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу байна. Үндэслэл нь хүсэлт гаргагч С.Р- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу 80.000.000 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлолгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийн нэхэмжлэгч С.Р-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн Ж.Чагдарцэрэнгийн төрсөн охин мөн болохыг тогтоож, түүнд 80.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хүсэлт гаргагч С.Р- нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчилсөн, шаардлагын хэмжээг ихэсгэсэн, багасгасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр ямар, шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан талаар шийдвэртээ тодорхой заах нь “...нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргах” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Хүсэлт гаргагч С.Р- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Жалцангийн Чагдарцэрэнгийн бага охин гэх боловч 1944 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн Чагдарцэрэнгийн Борхүү, дүү Рэгжээ 10 настай, Амархүү 4 настай, Хашхүү 1 настай гэж тус тус тэмдэглэгдсэн ба эцгийн нэр тэмдэглэгдээгүй, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр өрхийн тэргүүн Намнангийн Сэрээдар, эхнэр  Намнангийн Гунаажав, охин Сэрээдарийн Рэгзээ 21 настай, Сэрээдэрийн Амархүү 16 настай гэж тоологдсон, мөн С.Р-гийн ХААТР-1 төрсний бүртгэлийн лавлагаагаар эцэг Намнангийн Сэрээдар, эх Намнангийн Гунаажав гэж тус тус тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь хэлмэгдэгчийн төрсөн охин мөн эсэх нь эргэлзээтэй, түүний эцгийн нэр болон төрсөн он зөрүүтэй байтал анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг анхаарч үзэлгүй С.Р-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ж.Чагдарцэрэнгийн охин мөн гэж үзэж түүнд 80 сая төгрөгийн нөхөх олговор олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдийг тодорхойлон заасан ба хүсэлт гаргагч нь хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой эсэх нь эргэлзээтэй байгаа тохиолдолд нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй болохоо нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болохыг шүүхээр урьдчилан тогтоолгох нь зүйтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсгийг удирдлага болгон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/шш2019/01163 дугаар шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Р- нөхөх олговорт 80.000.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ, “эцэг Жалцангийн Чагдарсүрэнг улс төрийн хилс хэрэгт хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн, түүнд холбогдох хэргийн хянаад цагаатгасан. Намайг 1935 онд төрсөн, аавыг баривчлагдах үед би 4 настай байсан гэдэг боловч иргэний үнэмлэхэд 1937 он гэж бичигдсэн байдаг, Ж.Чагдарсүрэнгийн 5 хүүхдийн нэг бөгөөд одоо амьд сэрүүн байгаа нь би, төрсөн охин нь тул хуульд заасны дагуу нөхөх олговор гаргуулж өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч С.Р- хэлмэгдэгч Ж.Чагдарсүрэнгийн охин мөн болохыг тогтоолгож, улмаар нөхөх олговор гаргуулахыг хүсч шаардлагаа нэмэгдүүлсэн нь хэргийн баримтад авагджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхтуяа оролцож ”...С.Р- хэлмэгдэгч Ж.Чагдарсүрэнгийн төрсөн охин мөн эсэх нь эргэлзээтэй тул садан төрлийн холбоогоо тогтоолгох шаардлагатай” гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Прокурор хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Завхан аймгийн Тамч сумын харъяат Жалцангийн Чагдарсүрэнг 1938 оны 04 дүгээр сард баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938.6.24-ны өдрийн 24 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн, түүнд холбогдох хэргийн хянаад Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993.01.06-ны өдрийн 2 дугаар магадлалаар цагаатгасан нь тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх С.Р-г хэлмэгдэгч Ж.Чагдарсүрэнгийн охин мөн гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Тагнуулын Ерөнхий газрын архивын баримтад хэлмэгдэгч Ш.Чагдарсүрэнг баривчлагдах үедээ эхнэр Н.Гунаажав /Гунгаажав/, хүү Содномванжил, охин  Пунцагдулам, хүү Жанчивням, С.Дуламсүрэн гэсэн 4 хүүхдийн хамт амьдарч байсныг тодорхойлсон хэдий ч 1944 оны хүний амын тооллогын баримтад “С.Р-г 10 настай,  эх Н.Гунаажав, ах Ч.Содномванжил /Борхүү/, эгч С.Пунцагдулам /Халтархүү/, ах С.Жанчивням /Монхор/, эгч С.Дуламсүрэн /Дуламхүү/ нарын хамт амьдардаг гэжээ.

Хэлмэгдэгч Ж.Чагдарсүрэнг нас барсны дараа түүний эхнэр Н.Гунаажав нь  Сэрээдарь гэх хүнтэй гэр бүл болж С.Р- нь хойд эцгээрээ овоглосон, ах, эгч нар нь хэлмэгдэгчийн хүүхэд гэдгээс айж нэрээ сольсон гэх, өмнө нь шүүхийн шийдвэрээр ах Ш.Монхорын /Жанчивням/ хамт хэлмэгдэгчдэд олгосон 1.000.000 төгрөгийн нөхөх олговорыг хувааж авсан, Говь-Алтай аймгийн Тонхил сумын хуучнаар /Завхан аймгийн Тамч сумын/ түүхтэй холбоотой 2004, 2014 оны номд түүний эцэг, эх, ах, эгчийн талаар тодорхой бичсэн нь хэргийн баримтад авагдсан байна. Дээрх баримтуудаар С.Р- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Чагдарсүрэнгийн төрсөн охин мөн болох нь тогтоогдсон тул шүүх энэ талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг зөрчихгүй гэж үзлээ.

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахдаа хуулийн 13 дугаар зүйлд 13.2 гэсэн хэсгийг нэмсэн байна.

Уг хэсэгт “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдснаар олгоно.” гээд, 13.2.1-д “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг тус тус олгоно” гэж заасан байна.

13 дугаар зүйлийн 13.2-ын нөхцөлд заасан хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно.” гэжээ.

Хууль анх 1998 онд батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500.000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговорыг нэг удаа олгоно гэж заасан байжээ.

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговорыг нэг удаа олгох” гэснийг хассан байх тул нөхөх олговорыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т ...40.0 болон 80.0 сая төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлттэй уялдаатай гэж үзэхээр байна.

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан нөхөх олговрыг хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор зааснаас үзэхэд 13.1-т заасан олговрыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан байна.

Мөн хуулийн 23.1-ийн дагуу орон сууц, эсхүл түүний оронд мөнгө авсан бол дахин нөхөх олговор олгогдохгүй байна.

3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018.10.02-ны өдрийн 05/5990 тоот лавлагаанд хэлмэгдэгч Жалцангийн Чагдарцэрэнгийн хөрөнгийн талаар, хонь 2, ямаа 4, гэр 1 гэжээ.

Ж.Чагдарсүрэн 1936 оны Шүүх цааз бичгийн 43, 44, 47-р зүйлээр ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн, эдгээр зүйлд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оногдуулна гэж заасан боловч түүний хэрэгт хөрөнгө хураасан тухай бичиг баримт байгаагүй болох нь тогтоогджээ.

С.Р-гийн ах Содномванжил /Борхүү/, эгч Пунцагдулам /Халтархүү/ эх Н.Гунаажав нар эрт, ах Ш.Монхор нь 2009.07.08-ны өдөр нас барсан байна.

Ш.Монхор, С.Р- нар хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц, гэр, эдгээрийг орлох мөнгөн олговор авсан нь тогтоогдоогүй, орон сууц, гэр шаардах эрхтэй субъектэд хамаарахгүй байна. 

Иймд нөхөх олговорт 80.000.000 төгрөг гаргуулж С.Р-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01163 дугаар шийдвэр,Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурорын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар прокурор нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ