Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2019/00158

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр

гүйцэтгэх газар 437 дугаар хорих анги, Ц.Энхболд

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/01032 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар хорих анги, Ц.Энхболд нарт холбогдох,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн шийдвэрийг 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 399 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр авагч ******* ХХК, төлбөр төлөгч иргэн Ц.Энхболдод холбогдох гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал, хариуцагч Ц.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Энхболд, В.Адьяа нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн 2016 оны 3 сарын 18-ны өдрийн 142/шш2016/00377 дугаартай шийдвэрээр, хариуцагч Ц.Энхболдоос 250 квт 6/04 вт хүчин чадалтай трансформатор болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн 399 дугаартай гүйцэтгэх хуудас 2016 оны 04 сарын 21-ний өдөр бичигдсэний дагуу Төлбөр авагч ******* ХХК-ийн хүсэлтээр төлбөр төлөгч иргэн Ц.Энхболдод холбогдох гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч нь удаа дараа шаардуулж байж эд анги дутуу трансформатор шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан өгсөн бөгөөд энэ нь ******* ХХК-аас авч явсан трансформатор биш байсан. Мөн шийдвэр гүйцэтгэгчид ямар, ямар эд анги дутуу байгаа болон дутуу эд ангийг олж гүйцээж өгнө гэж удаа дараа хэлж тэмдэглүүлэн, гарын үсгээр баталгаажуулсан атал тэдгээр дутуу зүйлээ гүйцээж төлбөр авагчид өгөөгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд болон тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Энхцэцэг нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Иймд төлбөр зохих ёсоор бүрэн төлөгдөөгүй байхад дуусгавар болгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00377 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Цэрэндоржийн Энхболдоос 250 квт 6-04 ватын хүчин чадалтай трансформатор гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Ц.Энхболдод түүний шийдвэр биелүүлж хугацаатай мэдэгдэл өгч биелүүлээгүй тул албадан албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 13-нд тухайн үед тус 51 дүгээр тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Сэржмядаг эд хөрөнгө битүүмжилж акт үйлдэж төлбөр төлөгч Ц.Энхболдын зааж өгсөн 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай трансформаторыг хадгалалт хамгаалалтанд авсан байдаг. ШШГТХуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу уг трансформаторыг хэвийн ажиллаж байгаа эсэх, бүрэн бүтэн эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК-нд хандсан болно. Энэ талаар уг байгууллагын протокол ирүүлж иж бүрдэл дутуу байна, хэвийн ажиллагаатай гэсэн хариу ирүүлсэн. Мөн уг трансформаторыг хэвийн ажиллаж байгаа эсэх талаар туршилт хийж өгнө үү гэж 2017 оны 10 дугаар сарын 12-нд мөн дээрх байгууллагад хандсан. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хэвийн үйл ажиллагаатай, иж бүрдэл дутуу гэсэн хариу өгч, иж бүрдлийн жагсаалт ирүүлсэн. Төлбөр авагч ******* ХХК-нд холбогдох иж бүрдлийг дахин бүрдүүлэх нөхцөлтэйгөөр 2018 оны 05 дугаар сарын 01-нд гүйцэтгэх баримт бичигт заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тогтоол үйлдэн хүлээлгэн өгсөн. Улсын тэмдэгтийн хураамжийг мөн Ц.Энхболдоор төлүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Энхболдоос 250 кбт 6/04 хүчин чадалтай трансформаторын иж бүрдлийг шаардсан. Гэтэл Ц.Энхболд нь тус газарт энэ трансформатор иж бүрэн, одоо би юу ч өгөхгүй гэсэн тайлбар тавьсан. Үүний дагуу дахин Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-т хандан 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай трансформатор гэж юу болох талаар лавлагаа авч хариуг албан тоотоор авч гүйцэтгэх баримт бичгийг хаасан болно. Төлбөр авагч ******* ХХК нь эд хөрөнгө битүүмжилсэн, хүлээлгэн өгсөн тогтоол гаргаагүй болно гэжээ.

Хариуцагч Ц.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК-ын трансформаторыг зохих ёсны дагуу Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨУҮГ-ын лабораториор шалгуулж баталгаажуулж хүлээлгэн өгсөн болно. Уг трансформаторыг Орхон аймгийн ШШГАлбанд мөн шалгуулж хүлээлгэн өгсөн болно. /дагалдах хэрэгслийн хамт/ Уг трансформатор болон бусад дагалдах хэрэгслийг ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бямба овогтой Сүхбаатарт хүлээлгэн өгсөн... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/01032 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, хариуцагч Ц.Энхболдод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2019-09-05-ны өдрийн 142/ШШ2019/01032 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1.-д заасанчлан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоср харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн хуулийн 40-р зүйлийн 40.2.-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Мөн хуулийн 40-р зүйлийн 40.3.-т заасанчлан Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэжээ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэлээ. Маргааны гол зүйл болох 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00377 дугаартай шийдвэрээр энэ хэргийн нэхэмжлэлтэй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Энхболд надад хариуцагдах ОХУ-д үйлдвэрлэгдсэн 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай 22.500.000 төгрөгийн үнэ бүхий трансформаторыг надаас гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу би уг трансформаторыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөнөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р г. йлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн "шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугар тогтоол: төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохоор заасантай нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч шийдвэрт заасан трансформаториа аль эрт хүлээгээд авчихсан болох нь нотлогддог бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79-р зүйлийн 79 дүгээр зүйлд: Гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу хөрөнгнйг төлбөр авагчид шилжүүлэх, 79.1. Түйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлнэ, 79.2 Төлбөр авагч тухайн хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд төлбөр төлөгчид буцаан олгож, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана гэснээс харахад нэгэнт хүлээгээд авчихсан бус авахгүй байсан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохоор хуульчилжээ.

Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар хорих анги, Ц.Энхболд нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00377 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Ц.Энхболдоос 250 квт 6-04 ватын хүчин чадалтай трансформатор гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17140058/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дагалдах иж бүрдэл дутуу трансформаторыг хураан авч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 17140058/03 дугаартай гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөх тухай тогтоолоор 7 иж бүрдэл дутуу, 250 квт, 6/04 вт хүчин чадалтай трансформаторыг төлбөр авагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатарт хүлээлгэн өгч, дутуу тоног төхөөрөмжийг гүйцээж өгөхийг төлбөр төлөгч Ц.Энхболдод мэдэгдсэн ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч Ц.Энхболд шүүхийн шийдвэрээр төлөгдөх 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай трансформаторын эд анги буюу 7 иж бүрдэл болох 3 фазын тоолуур 1 ширхэг, оруулгын автомат 0,4 кв 1 ширхэг, гаргалгааны автомат 0,4 кв 1 ширхэг, 0,4кв оруулгын кабель, 0,4 кв гүйдлийн трансформатор 3 ширхэг, амперметр 3 ширхэг, 6 кв салгуур 1 ширхэг зэрэг тоног төхөөрөмжийг төлбөр авагчид хүлээлгэж өгөөгүй байхад тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд, шийдвэр гүйцэтгэгч С.Энхцэцэг нар 2018 оны 9 дүгээр сарын 17 ны өдрийн № 5/591 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор 17140058 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичиг явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж заасныг зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцэцэг, хариуцагч Ц.Энхболд нар төлбөр авагч ******* ХХК-д шүүхийн шийдвэрээр төлөгдөх 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай трансформаторыг бүрэн гүйцэт хүлээлгэн өгч улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг нотолж чадаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05ы өдрийн 142/ШШ/2019/01032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхболдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ц.Энхболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ