Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00577

 

“... цуваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/01032 дугаар шийдвэр,

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 158 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... цуваа” ХХК

          Хариуцагч: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 437 дугаар нээлттэй хорих анги

          Хариуцагч: Ц.Э-

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Ц.Э-ын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ... цуваа ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Э-, В.Адьяа нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн 2016-03-18-ны өдрийн 142/шш2016/00377 дугаартай шийдвэрээр, Ц.Э-оос 250 квт 6/04 вт хүчин чадалтай трансформатор болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг тус тус гаргуулж ... цуваа ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн 399 дугаартай гүйцэтгэх хуудас 2016-04-21-ний өдөр бичигдсэний дагуу Төлбөр авагч ... цуваа ХХК-ийн хүсэлтээр Ц.Э-од холбогдох гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч нь удаа дараа шаардуулж байж эд анги дутуу трансформатор шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан өгсөн ч ... цуваа ХХК-с авч явсан трансформатор биш байсан. Мөн шийдвэр гүйцэтгэгчид ямар, ямар эд анги дутуу байгаа болон дутуу эд ангийг олж гүйцээж өгнө гэж удаа дараа хэлж тэмдэглүүлэн, гарын үсгээр баталгаажуулсан атал тэдгээр дутуу зүйлээ гүйцээж төлбөр авагчид өгөөгүй байхад ШШГТХ-н 29.1.3-т заасан төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд болон тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Энхцэцэг нарын 2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд төлбөр зохих ёсоор бүрэн төлөгдөөгүй байхад дуусгавар болгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 437 дугаар нээлттэй хорих анги тайлбартаа: Ц.Э-од шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч, биелүүлээгүй тул албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Ингээд 2017-05-13-нд тухайн үед тус 51 дүгээр тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Сэржмядаг эд хөрөнгө битүүмжилж, акт үйлдэж төлбөр төлөгч Ц.Э-ын зааж өгсөн 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай трансформаторыг хадгалалт хамгаалалтанд авсан байдаг. ШШГТХ-н 42.1-т заасны дагуу уг трансформаторыг хэвийн ажиллаж байгаа эсэх, бүрэн бүтэн эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК-нд хандсан болно. Энэ талаар уг байгууллагын протокол ирүүлж иж бүрдэл дутуу байна, хэвийн ажиллагаатай гэсэн хариу ирүүлсэн. Мөн уг трансформаторыг хэвийн ажиллаж байгаа эсэх талаар туршилт хийж өгнө үү гэж 2017-10-12-нд мөн дээрх байгууллагад хандсан. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хэвийн үйл ажиллагаатай, иж бүрдэл дутуу гэсэн хариу өгч, иж бүрдлийн жагсаалт ирүүлсэн. Төлбөр авагч .. цуваа ХХК-нд холбогдох иж бүрдлийг дахин бүрдүүлэх нөхцөлтэйгөөр 2018-05-01-нд гүйцэтгэх баримт бичигт заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тогтоол үйлдэн хүлээлгэн өгсөн. Улсын тэмдэгтийн хураамжийг мөн Ц.Э-оор төлүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Э-оос 250 квт 6/04 хүчин чадалтай трансформаторын иж бүрдлийг шаардсан. Гэтэл Ц.Э- нь тус газарт энэ трансформатор иж бүрэн, одоо би юу ч өгөхгүй гэсэн тайлбар тавьсан. Үүний дагуу дахин Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-т хандан 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай трансформатор гэж юу болох талаар лавлагаа авч хариуг албан тоотоор авч гүйцэтгэх баримт бичгийг хаасан болно. Төлбөр авагч .. цуваа ХХК нь эд хөрөнгө битүүмжилсэн, хүлээлгэн өгсөн тогтоол гаргаагүй болно гэжээ.

       Хариуцагч Ц.Э- тайлбартаа: ... цуваа ХХК-ын трансформаторыг зохих ёсны дагуу Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨУҮГ-ын лабораториор шалгуулж баталгаажуулж хүлээлгэн өгсөн болно. Уг трансформаторыг Орхон аймгийн ШШГАлбанд мөн шалгуулж дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн болно. Уг трансформатор болон бусад дагалдах хэрэгслийг ... цуваа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн гэжээ.

      Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 142/ШШ2019/01032 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасныг баримтлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Ц.Э-од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

      Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 158 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ/2019/01032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-ын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар Ц.Э- гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсэн байна.

        Хариуцагч Ц.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зааснаар хх-15 “ЭБЦТС” ТӨХК-ын ӨХТ-ын монтёр Н.Эрдэнэбилэг хүчний трансформатор 1 ширхэг хуучин трансформаторт хэмжилт туршилт хийв. ТМ-250/6 № дугааргүй трансформатор нь: Туршилтанд тэнцсэн гэсэн дүгнэлт, хх-17 “ЭБЦТС” ТӨХК-ын 2017-10-13-ны өдрийн 2/473 дугаартай албан тоотод “...250кв-ын чадал бүхий 6/04кв-ын хүчин чадалтай трансформаторын иж бүрдлийн бүрэн эсэхийг шалгахад агаарын КТП-д дараахь зүйлс дутуу байна., дээрх эд зүйлгүйгээр агаарын КТП нь хэвийн ажиллах боломжгүй гэсэн Ерөнхий инженер Д.Мөнх-Эрдэний хариу, хх-19 “ЭБЦТС” ТӨХК-ийн засварын инженер Д.Мөнхсүлд “...Иргэн Э-од Хүчний трансформатор нь байна., Бусад тоноглол байхгүй байна...”, хх-21 “ЭБЦТС” ТӨХК-ийн 2018-08-29-ний өдрийн 2/798 дугаартай албан тоотын хавсралтанд “Иж бүрдэл трансформаторын дэд өртөө /КТП/ гэж.., ....зураг а, 6/0.4кв трансформатор гэдэг нь 6000в хүчдэлийг 400в болгон бууруулах зориулалт бүхий хувиргуур юм. Зураг ....б”, хх-22 ШГА явуулсан тухай тэмдэглэл “...250квт 6/04вт-ын хүчин чадалтай өндрийн трансформаторын 3 хэсэг иж бүрдлийг хүлээлцүүлэв..., ...трансформаторын 7 хэсэг дагалдах эд анги дутуу хүлээлгэн өгөв...”, хх-26 ШГА тэмдэглэлд 2 эд ангийг хүлээлгэн өгсөн үлдсэн гээд шийдвэрлэсэн нь: трансформаторын тавцан /төмөр/ Зш боолт зэргийг авчирч өгөх, мөн 3 фазын тоолуур, амперметр Зш зэргийг бүрдүүлэн туршилт хийсэн протокол “ЭБЦТС” ТӨХК-с авав, хх-71 “2018.03.26-нд туршилт хийв. Трансформатор 250-6/04 хэвийн 6/04кв сүлжээнд ашиглаж болно. Иж бүрдэл хэвийн болно” гэсэн хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. “... цуваа” ХХК 22,500,000 төгрөгийн үнэ бүхий 250квт 6/04вт хүчин чадалтай трансформатор гаргуулах, худалдсан бол үнийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Н.Сүхбаатарын трансформатор байсан учраас буцааж өгөхийг зөвшөөрсөн. Би өөрийн машинаар ачаад авч явах боломжгүй заавал ачааны машин хөлслөх шаардлагатай. УБ хотоос трансформаторыг ачаад аваачиж өгөх гэтэл Н.Сүхбаатар авахгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар авна гэсэн. Хуулийн мэдлэг байхгүй учраас хэзээ яаж өгөхөө мэдэхгүй хүлээсэн. ШГА хийгдэж байхад трансформаторын зураг гэж өгсөн. Зураг өгөх ёстой юм байх гэж бодсон. Гэтэл шал өөр трансформаторын зураг өгсөн байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зураг өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан “ЭБЦТС” ТӨХК-ийн инженерүүдэд шалгуулан ашиглах боломжтой хэвийн ажиллагаатай гэсэн дүгнэлтэнд тулгуурлан 250квт 6/04вт хүчин чадалтай трансформаторыг 2017-12-07-ны өдөр “... цуваа” ХХК-нд хүлээлгэн өгсөн. Гэтэл трансформаторын иж бүрдэл буюу КТП-ын 7 эд анги дутуу гэж нэхсэн. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-03-18-ны өдрийн 142/ШШ2016/000377 дугаартай шийдвэрт “хариуцагч Ц.Э-оос 250квт 6/04вт хүчин чадалтай трансформатор, улсын тэмдэгтийн хураамж 270.450 төгрөгийг гаргуулан “.. цуваа” ХХК-нд олгуулах”-аар заасан. Шийдвэрт заагдсан ажиллагаа бүрэн хийгдэж дууссан учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Би найздаа тусалсны төлөө өнөөдрийг хүртэл бүх хуулийн байгууллагад дуудагдсан. Н.Сүхбаатарыг орон сууцны төсөл яриад хэрэгжүүлэх арга зам хайж байхад нь чадах чинээгээрээ туслан дэмжсэний хүчинд бүтээн байгуулалт хийгдэж, “Эко хотхон” сүндэрлэсэн. Миний тус нэмрийг бодохын оронд өргөдөл, нэхэмжлэл гаргаж цаг хугацаа, мөнгө төгрөгөөр хохироож байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        ... цуваа ХХК 2019-06-20-ны өдөр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 437 дугаар нээлттэй хорих анги болон Ц.Э- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх талаар маргажээ.    

        Анхан шатны шүүх Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох нэхэмжлэлийг хангаж, Ц.Э-од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Ц.Э-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хоёр шатны шүүх Ц.Э-од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

        Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай шийдвэр гаргах нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн чиг үүрэгт хамаарах ажиллагаа байх бөгөөд 2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолыг Ц.Э- үйлдээгүй байна.

        Түүнчлэн, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох ... цуваа ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хангасан нь Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-03-18-ны өдрийн 142/ШШ2016/00377 дугаар шийдвэрийг дахин гүйцэтгэх бус, харин үргэлжлүүлэн явуулах үндэслэл болно. 

        Иймд шүүх ... цуваа ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ. 

        2. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд “...төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн...” –ий дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй.

       Иймд нэхэмжлэгч нь тухайн байгууллагад бус, харин шүүхэд гомдол гаргасан нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-г зөрчөөгүй болно. 

        3. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байгаа боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

        а/. ... цуваа ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбараас үзвэл төлбөр авагч нь Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-03-18-ны өдрийн 142/ШШ2016/00377 дугаар шийдвэр биелэгдээгүй буюу дуусаагүй гэж маргаж  2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолыг эс зөвшөөрсөн байна. 

        Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээдэг.  

        ... цуваа ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үндэслэл арилсан гэж бус, харин дуусгавар болгосон нь буруу гэж буюу “...2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолыг хүчингүй болгох...” агуулгатай шаардлага гаргасан байхад шүүх уг шаардлагыг нэхэмжлэлд дурдсан байдлаар томъёолж “...сэргээх..” шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна. 

         б/. Шүүхийн 2016 оны 142/ШШ2016/00377 дугаар шийдвэрийг зохих ёсоор бүрэн гүйцэтгүүлэхийг төлбөр авагч хүссэн нь 2018-09-17-ны өдөр 9/591 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн “үндэслэл” нь байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ,нэхэмжлэгч тал нь хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүйгээс 2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан талаараа тайлбарласан бөгөөд үүнийг хяналтын шатны шүүх хуралдаан дээр үгүйсгээгүй болно.   

        Түүнчлэн, “...шүүхийн шийдвэрийг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг..” шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн агуулгад нийцэхгүй байна.    

        Дээр дурдсан үндэслэлээр ... цуваа ХХК нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 437 дугаар нээлттэй хорих анги болон Ц.Э- нарт холбогдуулан “.... шүүхийн шийдвэрийг зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй..” гэсэн үндэслэлээр 2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэж дүгнэв. 

        Зохигч нар Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн эсэх, шүүхийн 2016 оны 142/ШШ2016/00377 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх эсэх талаарх баримтыг гаргаж мэтгэлцсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн томъёолох нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй юм.

        Дээр дурдсан үндэслэлээр Ц.Э-ын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 158 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/01032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримтлан  “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 2018-09-17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Э-од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай..” гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, Ц.Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Э-оос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ