Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2019/00168

 

******* ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч *******од

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01275 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 21.503.317.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын захирал Г.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Цогзол овогтой Дагвадорж, Дагвадорж овогтой Болд нар 2018 оны 12 сарын 13-нд *******ны Орхон салбарын Баян-Ондөр тооцооны төвөөс 22.706.700 /Хорин хоёр сая долоон зуун зургаан мянга долоон зуун/ төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18% хүүтэй, 24 сар /2 жил/-ын хугацаатайгаар сар бүр 1.129.300 / нэг сая нэг зуун хорин есен мянга гурван зуун/ төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгеөр N9130400279131-201 0105 тоот зээлийн гэрээ байгуулан авсан.

Дагвадорж нь 2019 оны 02 сарын 25-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч ******* нь 2019 оны 5 сард 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт огт хийгээгүй зээлийн гэрээний 2.2.3 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019 оны 07 дугаар сарын 17, 2019 оны 05 дугаар сарын 14, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсен. Хамтран зээлдэгчийн зүгээс зээлийн төлберийг сар бүр хугацаанд нь төлне гэсэн тайлбар гар өргөдел бичиж өгдөг боловч зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 2.3.1, 2.1.4 дэх заалтуудыг үндэслэн 2019 оны 10 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. Дагвадорж овогтой Болдтой байгуулсан 130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 2. Дагвадорж овогтой Болдоос зээлийн үндсэн төлбөр 20.040.626,51 төгрөг, зээлийн хүү 1.462.691,20 төгрөг, нийт 21.503.317.17 /хорин нэгэн сая таван зуун гурван мянга гурван зуун арван долоон төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******ны Орхон салбараас ******* надад холбогдуулан хоёр шаардлага ирсэн. Үүнд: 13040279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, Зээлийн үндсэн төлбөр нийт 21.503.317.71 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага ирсэн. Иймд миний бие ******* нь уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01275 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******од холбогдуулан гаргасан 130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 21.503.317.71 төгрөг гаргуулах тухай *******ны Орхон салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.467 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд ... зээлийн гэрээнд Ц.Дагвадоржийн хамтран үурэг гүйцэтгэгчээр *******тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 451.1,-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбоотой харилцаанд гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон. Харин гэрээнд хамтран зээлдэгчээр оролцох буюу хамтран үүрэг хүлээхтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн ерөнхий ангийн 241, 242 дугаар зүйлээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл шүүхээс хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь зөв эсэх талаар дүгнэлт гаргахдаа Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг баримтлах байтал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг баримтлан дүгнэлт өгсен нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож болохгүй этгээдийн талаар нарийвчлан зохицуулаагүй. Иймд зээлийн гэрээнд эрх зүйн бүрэн чадамжтай ямар ч этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулах боломжтой тул Б.Болдыг хамтран үүрэг гүицэтгэгчээр оролцуулсан нь үндэслэлгүи гэх шүүхиин дүгнэлтииг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн шүүхийн шийдвэрт *******ыг хамтран гүйцэтгэгчээр оролцуулах үндэслэлгүй юм. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 66.1-д зааснаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуулъд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хуульд заасан нөхцөл шаардлага хангаж тэтгэвэр авах эрх нь тухайн хүнд үүсдэг төдийгүй энэхүү тэтгэврийн орлогоо баръцаалан зээл авах нь хүний салшгүй байдалтай холбоотой үүсдэг гэжээ. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрх нь тухайн хүнтэй холбоотой салшгүй эрх мөн боловч үүнийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчтэй шууд холбон дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь нийгмийн даатгалын тухай хууль, тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль зэрэг нь төрөөс иргэдэд тэтгэвэр тэтгэмж олгох нөхцөл журмыг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл хувийн эрх зүй харилцаа, гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд шууд хамаатуулан хэрэглэх үндэслэлгүй.

Мөн тэтгэвэр буюу зээлдэгчийн ирээдүйн орлого нь банкны хувьд зөвхөн барьцааны зүйл болдог. Зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлнө, төлж чадахгүй бол ирээдүйд орж ирэх тэтгэврээр үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг банкны өмнө хүлээдэг. Барьцааны гэрээ хүчин болсон буюу барьцаалах эрхгүй этгээд хөрөнгө барьцаалсан зэрэг нь зөвхөн гухайн барьцааны гэрээнд хамааралтай болохоос үндсэн гэрээ буюу зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Барьцааны гэрээг үндсэн зээлийн гэрээтэй шууд холбон дүгнэх боломжгүй тул шүүхээс барьцааны гэрээ, зээлийн гэрээ тус бүрт нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх ёстой. Иймд ******* тэтгэвэр авагч биш байсан эсэх нь үндсэн зээлийн гэрээнд огт хамааралгүй юм.

Мөн шүүхээс тэтгэврийн орлогоо барьцаалан зээл авах нь хүний салшгүй байдалтай холбоотой" гэсэн дүгнэлтийг хийж тэрхүү өөр хүнтэй холбоотой салшгүй эрх болох тэтгэврийн орлогыг барьцаалах нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 154.1-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна, 154.2-т хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байж болно, 154.3-т барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно, 154.4-т барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно гэж тус тус заасан. Хуулийн энэ заалтаас үзвэл тухайн хөрөнгө нь барьцаалуулагч буюу хөрөнгийн өмчлөгчтэй ямар хамааралтай байхаас үл хамаарч /салшгүй холбоотой байхаас үл хамаарч/ барьцааны зүйл байж болохоор заасан. Иймд ******* нь үндсэн зээлдэгчийн тэтгэврийн орлогыг барьцаалсан зээлд хамтран зээлдэгчээр орсныг хуулийн хувьд үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт гэрээний 2.1-т банк эргэн төлөх хуваарьт хугацаандаа зээлдэгч 130400279121 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ. 2.1.5-т зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ гэж зааснаас үзэхэд гэрээний энэхүү тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авч байгаа Ц.Дагвадоржид хамааралтай болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн орлого, эд хөрөнгөө баръцаалаагүй *******од хамаатуулах боломжгүй юм. Шүүхийн энэхүү үндэслэл нь зөвхөн хөрөнгө барьцаалсан этгээд л зээлийн гэрээний үүргийг хүлээх ёстой мэтээр ойлгогдож байна. Гэтэл барьцааны гэрээгээр үүрэг хүлээгээгүй этгээд ч зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч байж болох билээ. Зээлийн гэрээний 2.1-т заасан банк эргэн төлөх хуваарьт хугацаандаа зээлдэгч 130400279131 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ, 2.1.5-т заасан зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ гэсэн нь зээлдэгчид /үндсэн болон хамтран зээлдэгч/-ид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах арга журмыг тодорхойлсон зохицуулалт юм. Гэрээний 2.3.1-т хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ гэж заасан. Мөн иргэний хуулийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.4-т хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж тус тус заасан тул банк зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч *******оос зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэлтэй юм. ******* нь зээлийн гэрээ байгуулах, үүрэг хүлээх хүсэл зоригтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан *******ын 2018 онь 12 дүгээр сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ, Батлан даалт гаргах зөвшөөрөл, тэтгэврийн зээлийн өргөдөл зэрэг холбогдох нотлох баримтаар нотлогддог.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01275 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, харйуцагч *******оос 21.503.317.71 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01275 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******ы Орхон салбарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн гаргасан гомдолтой хариуцагч ******* миний бие нь танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3,-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүйг шүүхийн үндэслэх хэсэгт дурьдсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтласан нь үндэслэлгүй гэсэн боловч ямар үндэслэлээр үгүйсгэж буй нь тодорхойгүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний харилцаа үүссэн нь ойлгомжтой юм. Үүрэг гүйцэтгэгч нас барсан нь хамтран зээлдэгчийг үүргийн гүйцэтгэлийг цааш үргэлжлүүпэн гүйцэтгэх ёстой гэж нэхэмжлэгчийн үзэж шаардлага гаргаж буй нь ундэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 1,2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гуйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заасан. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгчийн оролцоогүйгээр үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, биечлэн гүйцэтгэх боломжгүй үед үүрэг дуусгавар болох нь логик шаардлага юм. Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүргийг үүрэг гүйцэтгэгч заавал биечлэн гүйцэтгэх боломжгүй байх тул дуусгавар болсон тухай ойлголт юм. Үүрэг гүйцэтгэгч тэтгэврийн зээл авахдаа эмчилгээ сувилгаа хийлгэх зорилгоор авсан байдаг бөгөөд өөрийнхөө тэтгэврийг барьцаалж зээл авсан нь Иргэний хуупийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтзй салшгүй холбоотой үүрэг үүсгэсэн нь ойлгомжтой байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо тэтгэвэр буюу зээлдэгчийн ирээдүйн орлого нь банкны хувьд зөвхөн барьцааны зүйл болдог. Зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлнө, төлж чадахгүй бол ирээдүйд орж ирэх тэтгэврээр үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг банкны өмнө хүлээдэг гэжээ. Мэдээж зээлийн барьцааны зүйл нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалсаныг талуудын гэрээнд тодорхой тусгагдсан байгаа, энэ тал дээр маргаагүй. Гэхдээ ******* нь тэтгэвэр авагч биш байсан эсэх нь үндсэн зээлийн гэрээнд огт хамааралгүй гэж гомдолдоо бичсэн нь үндэслэлтэй бөгөөд *******ыг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 154.1 .,154.2., 154.3.-ийг тус тус өөр ойлголтоор хэрэглэгдэх бөгөөд тэтгэвэрээ барьдаалж зээл авсан энэ тохиолдолд хэрэглэгдэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо *******ыг үндсэн зээлдэгчийн тэтгэврийн орлогыг барьцаалсан зээлд хамтран зээлдэгчээр орсныг хуулийн хувьд үндэслэлгүй байна гэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь нотлогдож байна. Мөн гэрээний 1.2.1, 1.3, 2.1.5, 2.1.6-д ... тоот тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үндсэн зээл , хүүг үл маргах журмаар төлүүлнэ, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгах хүртэл өөрийн тэтгэврийн дэвтэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ, зээпдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй гэж тус тус зааж тохиролцсон байх ба дээрх тохиропцоо нь ирээдүйд авах ёстой тэтгэврээ барьцаалж зээл авсан нь үүрэг гүйцэтгэгч Ц.Дагвадоржид хамааралтай юм. Харин нь *******ын орлогыг барьцаалж зээл аваагүй байх тул хамааралгүй гэдгийг шийдвэрт тодорхой тусгасан байдаг.

Хамтран зээлдэгч ******* нь зээлдэгч Ц.Дагвадоржийн зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хувьдаа хэрэглэх ашиг сонирхолгүй, хүсэл зорилгогүй, хэрэгцээ шаардлага огт байгаагүй бөгөөд харин нь нэхэмжлэгчийн тайлбараар Ц.Дагвадорж нь эмчилгээндээ зориулсныг гэрчилж мэдүүлдэг. Үүнээс улбаалаад зээлийн зориулалт нь үүрэг гүйцэтгэгч өөрийн хэрэгцээндээ буюу эмчилгээ хийлгэх зорилгоор тэтгэврээ байрьцаалж тэтгэврийн зээл авч байсан нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй үүрэгтэй холбоотой буйг харуулж байна. Хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулж үүргээ гүйцэтгэхийг шаардах нь үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1., 242.3,-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүйг дээрхээс үзэхэд харагдаж байна. Мөн зээлдэгчийн үүргийн гүйцэтгэтггэй салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа зээлийн гэрээнд болон Иргэний хуулинд тодорхой тусгагдсан талаар шүүхийн шийдвэрт дурдагдсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд үүнийг үгүйсгээгүй байгаа нь шийвэр хууль зүйн үндэслэлтэй гарсныг нотлож байна.

ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангасан байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01275 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь *******оос зээлийн гэрээний үүрэгт 21.503.317.71 төгрөг гаргуулах зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлдэгч Ц.Дагвадорж, хамтран зээлдэгч ******* нартай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 130400279131-20190105 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд Ц.Дагвадорж нь ******* ХХК-ийн Орхон салбараас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээгээр 22.706.000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй, хамтран зээлдэгчээр *******ыг оролцуулан байгуулсан, зээлдэгч Ц.Дагвадорж тэтгэврээ барьцаалан зээл авсан, зээлийг өөрийн эмчилгээнд зориулан авсан, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заасан, өндөр насны татгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь мөн хувь хүний байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэсэн, гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан Ц.Дагвадоржид холбоотой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй *******од хамааралгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулинд нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь зээлдэгч Ц.Дагвадоржтой түүний ирээдүйд авах тэтгэврийг барьцаалан зээлийн гэрээ байгуулан 22.706.700 төгрөгийн зээл олгосон нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд үүрэг гүйцэтгэгч Ц.Дагвадорж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барснаар түүний ******* ХХК-ийн Орхон салбарын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон байна. Иймд хамтран зээлдэгч *******од үүргийг хүлээлгэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.467 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ