Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/1001/з |
Дугаар | 151 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 151
“Р...” ХХК-ийн гомдолтой,
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн
Хяналт шалгалтын тасгийн татварын
улсын байцаагч Д.А, С.Д
нарт холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 тоот шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг хасч багасгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0057 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 152 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Д.А, С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Д.А нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0057 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль/2008/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4, Зөрчлийн тухай зүйлийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Р...” ХХК-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А, С.Д нарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 тоот шийтгэлийн хуудсаар “Р...” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 540,000.00 мянган төгрөгийн торгууль, 1,697,358.20 мянган төгрөгийн алданги нь нийт 2,237,358.2 мянган төгрөгийн төлбөрийг хасч, төлбөрийн хэмжээг 8,876,002.46 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 152 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 21 дүгээр зүйлийн 21.4, 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А, С.Д нарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 дугаартай шийтгэлийн хуудсаар “Р...” ХХК-д оногдуулсан 11,113,360.66 төгрөгийн төлбөрийн торгуулиас 540,000 төгрөгийг хасч, шийтгэлийн хуудасны бусад хэсгийг хэвээр үлдээж, торгууль 8,876,002.46 төгрөг, алданги 1,697,358.20 төгрөг, нийт 10,573,360.66 төгрөгөөр тогтоосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж гомдол гаргагчид олгосугай" гэж тус тус өөрчлөн, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Д.А, С.Д нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... хариуцагч нараас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2008 оны/ 21 дүгээр зүйлийн 21.3-д “санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд төлөх албан татварын сар улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ” гэж заасан атал тухайн хуваарийг татвар төлөгчид хүргүүлээгүй.
4. Тиймээс “Р...” ХХК Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5 “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2008 оны/ 21 дүгээр зүйлийн 21.4 “албан татвар төлөгч ... жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасан хуулийн зохицуулалтын хүрээнд татвараа төлсөн. Ингэхдээ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу хугацааг 13 хоногоор хэтрүүлсэн нь 1,183,600.98 төгрөгийн торгууль төлөх нөхцлийг үүсгэсэн.
5. Гэтэл шүүхүүд тухайн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд эдгээр зохицуулалтын дагуу гомдол гаргагч компани нь татвараа төлөх эцсийн боломжит хугацаа нь дараа оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэж ойлгогдохоор байгаа тул хариуцагч нар албан татварыг төлех хугацааг 144 хоногоор хэтрүүлсэн гэж 11,113,360.66 төгрөгийн торгууль, алданги тогтоосон нь үндэслэлгүй.
6. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчид зөрчил гаргасан тохиолдолд зөвхен торгууль ногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ тухайд “ ... хугацаандаа бус боловч төлөгдсөн татварт алданги тооцох үндэслэлгүй” гэж анхан шатны шүүхээс зөв тайлбарлан дүгнэсэн бөгөөд хуулийн дагуу тухайн зөрчил байдлыг гомдол гаргагчаас нэгэнт арилган татварыг нэгэнт төлж, зөрчлийн уршгийг арилгасан байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг буруутгаж, үндэслэлгүй дүгнэсэн.
7. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалын Тогтоох нь: хэсгийн 1-д заасан Улсын тэмдэгтийн хураамжинд 35100 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
9. Шүүхийн магадлалын Тогтоох нь хэсгийн 1-д хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба хуулийн энэхүү заалтыг буруу хэрэглэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй. Татварын улсын байцаагчид нь тухайн төсөвт байгууллагын томилолтоор хяналт шалгалтыг хийдэг болно.
10. Иймд, хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 152 дугаар магадлалын Тогтоох нь: хэсгийн 1-д заасан улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 35100 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
12. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.А, С.Д нар “Р...” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... 2017 онд 91,046,229.0 төгрөгийн, 2018 онд 349,371,237.2 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, 114 хоногоор хугацаа хэтрүүлсэн” гэх зөрчил тогтоон, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг үндэслэн, татварын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 дүгээр шийтгэлийн хуудсаар 9,416,002.46 төгрөгийн торгууль, 1,697,358.2 төгрөгийн алданги нийт 11,113,360.66 төгрөгийн төлбөр ногдуулсан, талууд “...2017 онд 91,046,229.0 төгрөгийн, 2018 онд 349,371,237.2 төгрөгийн нийт 440,417,466.2 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” үйл баримттай маргаагүй, гомдол гаргагчаас “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байтал дээрх зөрчилд торгууль, алданги зэрэг тавьж нэг зүйл дээр хоёр хариуцлага тооцсон, ... албан татварын жилийн эцсийн тооцооны хугацаа хэтрүүлсэн хүү, торгуулийг улирал дундуур тооцож татвар төлөгчийг хохироосон” гэж маргажээ.
13. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль (2008)-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж зааснаар аж ахуйн нэгжийн татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулиар тодорхойлно; уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “албан татвар төлөгч ... /татварын албанаас/ хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийх”-ээр заасан байх тул татвар төлөгч аж ахуйн нэгж “Р...” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг “сар бүрийн 25-ны дотор” урьдчлан төлөх үүрэгтэй, харин татвар төлөлтийн тайлангаа улирал тутам гаргаж, “дараа улирлын эхний сарын 20-ны дотор”, жилийн эцсийн тайланг “дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор” татварын албанд тус тус хүргүүлэхээр байна.
14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд төлөх албан татварын сар, улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлэх”, 21.4-т “албан татвар төлөгч ... /татварын албанаас/ хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлөх ...” гэж зааснаас үзвэл, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан, татварын албанаас татвар төлөгчид хүргүүлэх тухайн татварын жилд төлөх албан татварын сар, улирлын хуваарь нь хуулиар тогтоосон “сар бүрийн 25-ны дотор” гэх хугацаанд багтах агуулгатай, татварын албанаас хуваарь ирүүлээгүй нь татвар төлөгчийг хуулиар тогтоосон хугацаанд татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй.
15. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... татварын алба тухайн татварын жилд төлөх албан татварын сар улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ гэж заасан атал тухайн хуваарийг татвар төлөгчид хүргүүлээгүй... /тул/ ... жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэж заасан хуулийн зохицуулалтын хүрээнд татвараа төлсөн ... /байхад/ шүүхүүд энэ хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
16. Маргаан бүхий шийтгэлийн хуудас үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл (энэ зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн)-ийн 2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор, мөн зүйлийн тайлбарт “энэ зүйлийн ... 2 ... дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх”-аар тус тус заасан байх тул хугацаандаа төлөөгүй татварт алданги тооцсон нь Зөрчлийн тухай хуулийн энэ заалтыг зөрчөөгүй, тухайн тохиолдолд, хариуцагч нар Татварын ерөнхий хууль (2008)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “... хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэснийг баримталж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хугацаанд нь төлөөгүй татварт “20 хувийн алданги” ногдуулсан нь гомдол гаргагч “Р...” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, гомдол гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчид зөрчил гаргасан тохиолдолд зөвхөн торгууль ногдуулахаар хуульчилсан” гэх гомдол үндэслэлгүй байна.
17. Анхан шатны шүүх маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 дүгээр шийтгэлийн хуудас үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд “татварыг хугацаанд нь төлөөгүй бол торгууль ногдуулах”, “хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох” аль аль зохицуулалт тусгагдсан, мөн тухай үед хүчин төгөлдөх үйлчилж байсан Татварын ерөнхий хууль (2008)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох”-оор заасан байхад “... татварыг хугацаа хэтрүүлж төлсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар зөвхөн торгууль ногдуулахаар хуульчилсан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, шийтгэлийн хуудсаар оногдуулсан алдангийг бүхэлд нь хасаж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 47.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан, татварын улсын байцаагч нар “Р...” ХХК-д шийтгэл оногдуулахдаа үндэслэлгүйгээр 540,000 мянган төгрөгийн торгууль илүү ногдуулсан нь тогтоогдож, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, шүүх энэ хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор заасан нь хуульд нийцсэн, энэ талаарх хариуцагч Д.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авахгүй.
19. Эдгээр үндэслэлээр, гомдол гаргагч “Р...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар, хариуцагч Д.А нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 152 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Р...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Д.А нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “Р...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА