Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00057

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00057

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт ус Дулаан түгээх

сүлжээ ОНӨХК-нд холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00428 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрдэнэт ус Дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаа, Б.Баттүвшин, нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Иргэн ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Эрдэнэт ус, ДТС ОНӨХК-д 2016/34 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоон дээр гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар ажилд орсон. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 08 дугаар 24-ны өдөр 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутад ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэсэн байна. Иргэн ******* тушаалд дурдагдсан ажлын өдрүүдэд болон хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан зэрэг тус цагуудад ажлын байрны тодорхойлолтод заасан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил үүргээ гүйцэтгэж ажлын байрны гадуур ажил үүргээ гүйцэтгэсэн болно. Иргэн *******ын ажлын байрны тодорхойлолтын 1.20-д Ажлын байрны зураг авалт хийх, 1.21-д Ажилтнуудын цаг ашиглалт, ажлын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэд хяналт тавих, 1.12 Ажиллагсдын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах 1.13 Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага гардаг болно. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэх хэсгийн нэр бүхий ажилтнуудын гаргасан гомдлыг шалгана дүрс бичлэг шалгасан тэмдэглэл байгаа хэдий ч цаг бүртгэлийн тэмдэглэл, тус зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, *******аас тайлбар аваагүй зэрэг нь сахилгын зөрчилд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, зөрчил гаргагчийн гэм бурууг нотлон тогтоогоогүй, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх хуулийн шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Иргэн *******ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеэ эмчид үзүүлж, эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд иргэн *******ын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэн *******ыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал, түүний агуулга:

... ******* нь 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр үндэслэлгүйгээр ажил тасалсан, ажил үүргийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 11.1.7, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 с заалтуудыг тус тус зөрчсөн тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/52 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ажилчид гомдол гаргасан: Тус гомдолд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга ******* нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах ёстой байтал ажлаасаа хоцордог, ажлаа тасалдаг зөрчлийг байнга гаргаж байхад арга хэмжээ авдаггүй хариуцлага тооцдоггүй байдалд ажилчид бид гомдолтой байна гэжээ. Энэхүү гомдлын дагуу шалгахад ажил хийдүүлж, 2021 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Ю30 цагт, 26-ны өдөр 1100 цагт ажилдаа хоцорч ирээд үдээс хойш буюу 1400 цагаас ажилдаа ирээгүй ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 1100 цагт ажилдаа ирж, 1530 цагт ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаа зөвшөөрөл аваагүй байх нь давтан зөрчил гаргасан гэж үзэж Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Зөрчлүүд нь камерын бичлэгээр нотлогдсон. ******* нь дээрх өдрүүдэд ажлын байрны зураг авалт, Ажилтнуудын цаг ашиглалт, ажлын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэд хяналт тавих, Ажиллагсдын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах, Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага гардаг гэх тайлбар нэхэмжлэлд дурдсан байгаа нь үндэслэлгүй байна. Гадуур ажиллах талаар удирдлагаас зөвшөөрөл авсан болон гадуур ажилласан тухай удирдлагад танилцуулсан зүйл байдаггүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал короно вирусээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/11 тоот тушаалаар ажилчдын цагийн бүртгэлийг терминал машинаар бус хэлтэс, албадын дарга нар нь бүртгэж байсан тул 2021 оны 09 сарын 01-ийг хүртэлх хугацаанд терминалаар машинаар ажилчдын цагийг бүртгээгүй. *******ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеэ эмчид үзүүлж, эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 11-т Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,-д заасан "ажил, албан тушаалыг хэвээр хадгалах" гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ******* нь ажлаас чөлөөлөгдөөгүй түр гараагүй байсан ажлаа хийж байсан. Тэгэхээр *******ын эмнэлэгт хэвтсэн гэх асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 дахь заалтад хамаарахгүй. Жирэмсний чөлөө болон ээлжийн амралт, 1 жилийн хугацаанд чөлөөлөгдсөн зэрэг шалтгаантай хүмүүст хамаарах заалт болно. Манай байгууллага орон нутгийн өмчит хувьцаат компани бөгөөд хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан, ажил олгогч нарын хооронд зөвшилцлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь илт байхад тухайн ажилтнаас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 7.323.031 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 132.118 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний 871 дүгээр дугаартай захирамжид үндэслэл болгосон ...Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтууд нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол улсын Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга) ийн холбогдох зохицуулалтад байхгүй заалтууд байгаа нь Ерөнхий шүүгчийн захирамж үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан хэлэлцсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна, мөн 34 дүгээр зүйлийн 34.3.16-д ...шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэлтэй танилцах... эрхтэй заасныг тус тус зөрчсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Г.Уранцэцэг, Н.Нямсүрэн нарыг гэрчээр асуулгаж нэхэмжлэгчийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ноос 2021 оны 09 дүгээр сарын 09-ний хооронд ажилдаа ирж байсан, холбогдох шийдвэр боловсруулж, баталгаажуулсан нь түүнийг ажил, үүргээ гүйцэтгэж байсныг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй нь шүүх хуралдааны үед энэ талаар огт мэтгэлцээгүй мэт харагдаж байна. ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаа 2022 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцахад шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй, хэргийн материалд хавсаргагдаагүй байсан. Үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдээлэл лавлагаанд энэ талаар албан ёсоор мэдэгдэж, гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрч Н.Нямсүрэн Г.Уранцэцэг нарын мэдүүлэг бол яахын аргагүй нэхэмжлэгч *******ыг 2021 оны 09 дүгээр сард эмчийн магадалгаагаар ажлаас чөлөөлсөн гэх үеэр ажилдаа ирж, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсныг тогтоосон ач холбогдол бүхий баримт юм. ...Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хариуцагч талын тайлбарыг нотлох баримтаас судлаагүй нь хэт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасны дагуу Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт ...гэрч Н.Нямсүрэн, Г.Уранцэцэг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Гэсэн боловч үндэслэх хэсэгт гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаарх дүгнэлт байхгүй байна. Гэрчийн мэдүүлэгт дурдагдсан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тухайлан авч үзээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж заасан боловч уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж тэдгээрийн талаар шүүхийн дүгнэлтийг тусгах шаардлагатайг зөрчсөн нь хэргийг тал бүрээс нь судалж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлт нь хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй байхад дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт нь шаардлага хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгох ёстой. Энэ ажиллагаа шүүх хуралдааны үед явагдаагүйг анхаарахыг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Хэргийн шийдлийн талаар: Зохигчид нэхэмжлэгч *******ыг 2021 оны 8 дугаар сард хэд хэдэн удаа ажлаас хоцорсон, ажил тасалсан талаар маргаан үүсгэсэн. Тухайлбал: 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутад, 08 дугаар сарын 25, 26-ны өдөр 11 цагт ажлын байранд ирж, ажлаас хоцорсон, 08 дугаар сарын 24, 26-ны өдөр 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны 15 цаг 30 минутад ажлыг байрыг орхин гадагш явахдаа удирдах албан тушаалтанд мэдэгдэж зохих зөвшөөрөл аваагүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаарх тайлбарыг нотлох баримт /видео бичлэг/-ын хамт шүүхэд хүргүүлж, шүүх хуралдааны үед ч дэлгэрэнгүй тайлбарласан. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ...дүрс бичлэг бүхий нотлох баримтын цаг, минут нь сахилгын шийтгэл ногдуулсан Эрдэнэт ус, ДТС ОНӨХК-ийн Б/78 тушаалын цаг, минуттай таарахгүй байна гэж тайлбарласан бөгөөд тухайн өдөр ажлаас хоцорсон, тасалсан, зохих зөвшөөрөлгүйгээр гадуур ажилласан зэрэг дээр маргадаггүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүхээс дүгнэлт хийхгүйгээр зөвхөн цагийн зөрүүтэй байдал дээр дүгнэлт хийж дээрх зөрчил нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00428 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

...Иргэн *******ыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 08 дугаар сарын 24, 26-ны өдөр 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутад ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу СД /дуу, дүрсний бичлэг/ шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан боловч үйл баримт тогтоогдоогүй болно гэж шүүх дүгнэсэн. Хэрэгт авагдсан дүрс бичлэгүүд нь 08-12, 14-18 цагийн хоорондох бичлэг байх бөгөөд энэ нь ажилтныг ажилдаа ирэх О630-О8 цаг, цайны цаг 12-14 цаг, ажлаас буух 18 цагаас хойш бичлэг байхгүй байгаа нь ажилдаа ирсэн, цайны цагаар ажлаас буусан, ирсэн, ажлаас тарсан цагийг тодорхойлох боломж байхгүй байна. Эрдэнэт ус, ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр луу орох гарах 2 гарц байдаг бөгөөд борлуулалтын албаар дамжих эсвэл захиргаагаар орж гарч болно. Ажил олгогч зөвхөн Захиргааны байр луу орох гарах дүрс бичлэгийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутад ажлын байранд ирж ажлаас хожигдсон гэсэн уг өдрийн 10-11 цагийн хооронд ******* нь ажилдаа ирж байгаа дүрс бичлэг байхгүй байсан./СД-1, 3-р бичлэг/ 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт ажлын байранд ирж ажлаас хожигдсон гэсэн боловч уг өдрийн 08 цагаас 12 цаг хүртэл дүрс бичлэг байхгүй. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11 цагт ажлын байранд ирж ажлаас хожигдсон гэсэн боловч уг өдрийн 11 цагт ажлын байранд ирж байгаа дүрс бичлэг байхгүй харин 11 цаг 32 минут 13 секундэд хар хувцастай ажлаас гарч байгаа дүрс бичлэг байсан. /СД-5, 4-р бичлэг/. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 14 цагаас хойш ажил тасалсан гэсэн боловч уг өдрийн 16 цаг 17 минут 06 секундэд ажлын цайвар цэнхэр хувцастай ажлаас гарч байгаа дүрс бичлэг, 16 цаг 20 минутад 39 секундэд Ариутгах татуургын албаны дарга Т.Эрдэнэцэцэгтэй хамт ажилдаа ирж байгаа дүрс бичлэг, 16 цаг 27 минут 11 секундэд ажилдаа ирж байгаа дүрс бичлэг/СД-1, 7-р бичлэг/, 16 цаг 57 минут 25 секундэд ажлын цайвар цэнхэр хувцастай гартаа цаас барьсан ажилдаа ирж байгаа дүрс бичлэг байсан. /СД-1, 8-р бичлэг/. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 цагаас хойш ажил тасалсан гэсэн боловч уг өдрийн 15 цаг 30 минутад Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ******* нь өөрийн биеэр ирж Э.Хангалын нэхэмжлэлтэй Эрдэнэт ус, ДТС" ОНӨХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг гардан авсан нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 цагаас 15 цаг 40 минут хүртэлх дүрс бичлэг нь ажиллахгүй байсан. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутад ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй ажил тасалсан гэсэн боловч уг өдрийн 15 цаг 32 минут 50 секундэд хар хувцас, саравчтай малгайтай ажилдаа орж байгаа дүрс бичлэг, 15 цаг 44 минут 05 секундэд ажлаас гарч байгаа дүрс бичлэг, 15 цаг 47 минут 50 секунд ажилдаа ирж байгаа дүрс бичлэг байсан. /СД-2, 3-р бичлэг/. *******ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд Тромбоз бүхий ил шамбарам өвчний улмаас эмчийн магадлалаар биеэ эмчид үзүүлж, эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн магадалгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, эмчийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/55 дугаартай албан бичигт улсын байцаагч Д.Оюунтунгалагийн дүгнэснээр Нийцэл өрхийн эрүүл мэндийн төвөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *******т олгосон 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон байна гэж дүгнэсэн. ******* нь биеэ эмчид үзүүлж, эмчлүүлэх шаардлагатай болсон тухайгаа Эрдэнэт ус, ДТС ОНӨХК-ийн Захирлын туслах, архив бичиг хэргийн эрхлэгч Н.Нямсүрэнд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд энэ нь гэрч Н.Нямсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдсон. *******ыг биеэ эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн, 40 дүгээр зүйлийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуй нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. Гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд Хариуцагч Эрдэнэт ус, ДТС ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаагийн ...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэх давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч ******* Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаагийн гаргасан ...Нийцэл өрхийн эрүүл мэндийн төвөөс олгосон хөдөлмөрийн түр алдсаны эмнэлгийн хуудас эргэлзээтэй гэж үзэж байгаа тул шинжээч томилж өгнө үү... гэх хүсэлтийг хангаж, 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 142/ШЗ2021/05745 дугаар захирамжаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй эмчилгээний асуудал хариуцсан улсын байцаагчийг шинжээчээр томилж, шинжээч нь дүгнэлт гаргахдаа хууль тогтоомжтой урьдчилан танилцах, хэргийн оролцогчдыг байлцуулах, Нийцэл Өрхийн эрүүл мэндийн төвөөс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр олгосон №1693072 дугаар Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон эсэхийг тогтоох, дүгнэлтийг 2022 оны 01 сарын 25 -ны өдрийн дотор ирүүлэх-ийг даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн гаргасан захирамжийн дагуу хийгдэх ажиллагаа заавал хэрэгжих ёстой.

Гэтэл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах чиг үүргийг хүлээсэн тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн № 02/55 дугаар бүхий ...шүүгчийн захирамжаар Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь хууль дүрэм журмын дагуу олгогдсон эсэхийг тогтоох ажиллагаа хийлгэхийг даалгасан байна. Энэ асуудлаар улсын байцаагч Д.Оюунтунгалагаас Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь хууль дүрэм журмын дагуу олгогдсон эсэхийг тогтоох ажиллагааг явуулж, хариуг тус компанид хүргүүлсэн байна. Эрдэнэт-Ус Дулаан түгээх сүлжээ ОНӨХК-тай харилцсан албан бичгийг хуулбарлан хүргүүлэв гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна.

4. Шүүх 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШЗ2022/01393 дугаар захирамжаар ...Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй эмчилгээний асуудал хариуцсан улсын байцаагчаас дүгнэлт ирсэн гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн байна.

5. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5.-д шинжээчийн дүгнэлт гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг, 14 дүгээр зүйлийн 14.1.2.-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах, 17 дугаар зүйлийн 17.4.-т шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж тус тус зохицуулагдсан.

6. Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 03/364 Хариу мэдэгдэх хуудас-ыг шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн Улсын байцаагчийн гаргасан дүгнэлт гэж үзэх боломжгүй.

7. Шүүх уг Хариу мэдэгдэх хуудас-ыг нотлох баримтад үнэлж, Нийцэл өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадалгаа 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар алдсаны эмнэлгийн хуудас зэрэг нь хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн байна.

8. Дээрх үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00428 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ