Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 29

 

Зуурмаг ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Долгорсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтангэрэл

Хариуцагч: Т.Буянжаргал

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул даргалж шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 25ы өдрийн 429 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А.Цэнд-Аюушийн эзэмшлийн Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар тал гэх газарт байсан үнээний фермийн 2 блокон барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блокыг тус сумын иргэн А.Булган дур мэдэн буулган авч хувьдаа ашигласан нь холбогдох хуулийн байгууллагуудын шалгалт, үзлэг, нотлох баримтаар нотлогдсон. Иймд иргэн А.Булганаас тус барилгын үлдэгдэл материалын үнэ болох Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссоос тогтоосон 14.700.000 төгрөгийг гаргуулан өгнө үү. А.Цэнд-Аюуш миний нэхэмжлэлтэй А.Булганд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч би анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна Үүнд: тус хэрэгт гэрчээр асуугдсан Т.Буянжаргал нь 2005 онд надад зарсан 1 блок барилга болон А.Нацагмаа гуайн надад зарсан 1 блок барилга, мөн П.Баатарсүрэн, Ж.Буянтогтох гэх хүмүүсийн тус бүр 1 блок нийт 4 блок барилгын бүх үлдэгдлийг А.Булганд 2014 онд 5.000.000 төгрөгөөр худалдсан байдаг. Энэ нь түүний гэрчээр асуугдсан тайлбар болон А.Булгантай хийсэн Г/2014/12 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна. Т.Буянжаргал нь А.Булганд зарсан үнээний фермийн барилгуудыг худалдах эрхгүй байсан буюу надад зараад миний өмчлөлийн болсон барилгыг зарсан болох нь түүний тус шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээс харагдаж байна. Харин А.Булган нь тухайн барилгуудыг худалдах эрхгүй этгээдээс худалдан авч, барилгын материалуудыг ашигласан нь мөн хууль бус гэж үзэж байна. Иймээс Т.Буянжаргал, А.Булган нарын хооронд байгуулагдсан Г/2014/12 дугаартай худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Т.Буянжаргал, А.Булган нарын хооронд байгуулагдсан Г/2014/12 дугаартай худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байх үндэслэлтэй тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Миний зүгээс өмнө нь А.Булганаас 14.700.000 төгрөг нэхэмжилсэн байснаа өөрчилж А.Булганаас төмөр бетон багана 40ш, дам нуруу 20ш, ПКЖ хавтан 38ш, суурийн блок 15 ширхэгийг гаргуулахаар, мөн иргэн Т.Буянжаргал, Ган ХХК нарын хооронд 2014 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч А.Булганы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

А.Булган нь Ган ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 2014 оны 11 сарын 18-ны өдөр тус компанийг төлөөлж хуулийн зөвлөх ажилтай Б.Диваачамба болон Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар талд байрлах 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл, ёомкостын өмчлөгч гэх Т.Буянжаргал нар нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр Г/2014/12 тоот гэрээгээр 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл ёомкостыг 5.500.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлэн төлбөр тооцоог 2015 оны 01 сарын 05-ны өдөр шилжүүлсэн болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдагдсан барилгын үлдэгдэл нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын Иргэний хуулийн дагуу шилжүүлэн авсан Ган ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө юм. Дээрх эд хөрөнгө нь өмч хувьчлалын дагуу тус сумын иргэн Тангадын Буянжаргалын өмчлөлд шилжсэн хөрөнгө бөгөөд үүнийгээ ч нотлодог. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа хуулийн байгууллагын баримт шалгалт, үзлэг нь огт хийгдээгүй, шалгагдаж байгаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй байна. Иймээс уг эд хөрөнгийг А.Цэнд-Аюуш нэхэмжлэх эрхгүй байх ба уг эд хөрөнгө нь Ган ХХК-ийн өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Буянжаргал анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар тал дахь үнээний фермийн барилга байгууламжийг өмч хувьчлалаар авсан бөгөөд 2000 оноос хойш 4 блок барилга, түүнээс 1 блокыг Цэнд-Аюушид 10 саяар зарсан боловч миний барилгын 90 хувийг зөөж авчихаад 8 саяыг өгөөд үлдсэн 2 саяыг өгөлгүй нэхэл дагуул болсон. Тэгээд надад өгөх 2 сая төгрөгөө өгөөгүй. Тэгээд бараг жилийн дараа тааралдаад Цэнд-Аюушд за чи одоо авах юмаа аваад болсон уу гэхэд болсон болсон гэж хэлж байсан. Түүний дараа очиж үзэхэд Ган ХХК-д худалдсан хэдэн суурь, багана, дээврийн хучилтын эвдэрч хэмхэрсэн хавтангаас бусдыг нь ачсан байсан. Нацагмаа гэдэг хүн анх надаас дээрх 4 блок барилгын нэг блокоос хэдэн хананы блок хэрэг байна, хэдэн блок л авах гэсэн юм, жолооны курс барих гэсийн гээд хананых нь блокыг авч явсан. Энэ ханын блокуудыг сая таван зуун мянгаар өгсөн. Тэгтэл миний өмчлөлийн хөрөнгийг дур мэдэн Цэнд-Аюушид зарсан гэх нь худлаа. Би 2014 онд тухайн барилгын үлдэгдэл араг яс шиг бетонуудыг Ган ХХК-д худалдах худалдан авах гэрээ хийж худалдсан. Энэ нь албан ёсны гэрээ хэлцэл нэг бүрчлэн байгуулсан гэрээтэй. Намайг хариуцагчаар татсаныг болон Цэнд-Аюушийн нэхэмжлээд байгааг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ган ХХК, түүнийг төлөөлж хуулийн зөвлөх Б.Диваачамба нь 2014 оны 11 сарын 18-ны Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр шар тал гэх газарт байрлах үнээний фермийн 4 корпус барилгыг буулгаснаас үлдсэн үлдэгдэл буюу хөрөнгийн элэгдэл хорогдлоор дууссан, чанарын шаардлага хангахгүй, барилга байгууламжид хэрэглэх боломжгүй, техник хөдөлгөхгүйгээр хэн ч авч чадахгүй, байглийн үзэгдэл цас бороо, нар салхинд идэгдсэн хагарч цуурсан багана, дам нуруу, хавиргат хавтан, суурийн блок, ёомскийг Завхан аймгийн Алдархаан сумын иргэн Т.Буянжаргалтай худалдах худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн зах зээлийн үнээр нь 5.500.000 төгрөгөөр худалдан авч, түүнийг Завхан аймгийн Алдархаан сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч буюу тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар нотариатын үйлдэл хийлгэж, баталгаажуулсан байдаг. Гэрээний хавсралтаар корпус тус бүрээр нэг бүрчлэн акт үйлдэж баталгаажуулсан болно.

Тухайн 4 корпус буулгасан барилгын үлдэгдлийг 2014 оны 11 сарын 14-нд газар дээр нь биечлэн очиж үзэж фото зургаар баримтжуулан авч, 2014 оны 11 сарын 18-ны өдөр Т.Буянжаргалтай гэрээ хийж газар дээр нь баримтжуулан авч корпус бүрийг 1-4 гэсэн байдлаар дугаарласан. Тэгээд манай компани техник, машин механизмууд бүгд Улаанбаатар хотод байдаг тул Улаанбаатар хотоос кран, экскебатур, ачааны машин гээд бүх машин техникээ зөөж авчран ажилчдыг хөлсөлж 2014 оны 12 сараас 2015 оны 02 сар хүртэл тухайн бетон эдлэлүүдийг буулгаж зөөсөн юм. Тухайн корпус буулгасан барилгын үлдэгдлийг тухайн үнийн зах зээлийн ханшаар 5.500.000 төгрөгөөр худалдан авсан боловч эдгээр бетонуудыг буулгаж зөөх ажилд 55.000.000 төгрөгийн зардал гаргасан болно.

Иймд иргэн Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Цэнд-Аюуш анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Буянжаргал гуай бол юмаа бүрэн гүйцэт авч байж юмаа өгдөг хүн биш ээ. Би тантай өмнө уулзаж энэ барилгын талаар болон өр авлагын талаар ярьсан зүйл байхгүй харин мэнд мэдээд уулзсан байж болох юм. Та бас тэгж гүтгэж болохгүй. Та энэ барилгын урд ямар ч барилга байхгүй гэж ярьж байна. Энэ барилгын урд трактор засварын завод гэж 4 барилга байсан. 2 граш 2 засварын завод нийлээд 4 блокон барилга байсныг та буулгаад авсан үүнийгээ та битгий мэлз та тухайн үеийн ханшийг өнөөдрийн ханштай зүйрлэж яриад байна. Зуслангийн барилгыг Ө.Нараагаас өндөр үнээр авчаад миний барилгыг ийм үнээр авах гэлээ гэж та тэр үед загнаж байсан. Тэндээс авсан үнэ ханшийг судлаад та барилгаа бүтэн обьектоор нь надад зарсан. Та бид 2-т өөр маргаад байх зүйл байхгүй. Нацагмаа дарга надад тэр барилгаа блокоор нь 1.500.000 төгрөгөөр зарсан. Та хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Мөнхбаярыг мэдүүлэг авахад Булган Цэнд-Аюушийн барилга гэдгийг мэдсээр байж буулгаад авчихсан юм шиг байна. Тэрнээс болоод ийм зарга залхай үүсчих шиг боллоо гэж мэдүүлэг өгсөн байгаа шүү дээ. Юра даргад тэр барилга руу хүзүүвчин хэсгийг зарсан байдаг. Гадна шугам сүлжээг намайг авсан гэж байна. Би тэндээс 1 ширхэг турба ч аваагүй. Та тэр шугам сүлжээг ваарын яндантай нь бүгдийг нь Бэрсүм-ийн Гунаажав даргад бүгдийг нь зарсан зарсан шүү дээ. Тэгээд яагаад намайг авсан гээд байгаа юм бэ? Та тэр барилгаа обьектоор нь зарсан шүү дээ. Би багана 10 ширхэг, дам нуруу 20 ширхэг, ПКЖ хавтан 38 ширхэг, суурийн блок 15 ширхэг зэргийг гаргуулах, Ган компани болон Т.Буянжаргал нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжилж байгаа юм гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэрэгт авагдсан схем зураг дээр тайлбар хэлээд явъя гэж бодож байна. Алдархаан сумын Шар тал хоршоололд маргаан бүхийн 7 ширхэг барилгын талаар яригдана. Хамгийн захад гунжин үнээний байр 2 дахь бас адилхан үнээний байр 3, 4 дэх барилга нь хэмжээгээрээ адилхан байсан дундаа залгаатай барилга юм байна. Энэ 4 барилгын 1 дүгээр барилгыг Нацагмаа гэж хүн Буянжаргалаас худалдан авсан барилгыг бүтнээр авсан, барилгын материал авсан гээд маргаад байгаа барилга юм. Энэ барилгууд дээр үед баригдсан ашиглах боломжгүй барилгууд юм. Нацагмаа, Цэнд-Аюуш, Буянжаргал гэх хүмүүсийн дунд барилгын материал худалдах худалдан авах гэрээнүүд хийгдсэн гэж үзэж байна. 1 дүгээр барилгыг Нацагмаа Буянжаргалаас бүтэн барилгыг блокоор нь худалдаж авсан. Тэгээд Нацагмаа авах юм аа аваад үлдсэнийг нь Цэнд-Аюуш гэж хүнд зарсан. 1 дүгээр барилгын буулгаж авсан. Ингээд энэ 1 дүгээр барилга Цэнд-Аюуш гуайн өмч болсон. Энэ 2 дугаар барилга нь Баатарсүрэн гэдэг хүний өмч бөгөөд энэ нь гэрч Буянтогтох мөн Цэнд-Аюуш гуайн тайлбар дээр гарсан байгаа. Энэ дундуураа залгаатай эхний 2 барилгатай ижил хэмжээтэй хэрнээ дундуураа дам нуруугаар залгаастай 2 барилга байгаа. Энэ барилгын эхний барилга нь Буянжаргал гуайн өмч нөгөө тал нь Буянтогтох гэж хүн Батсайхан гэдэг хүнээс худалдаж авсан барилга юм. Худалдах худалдан авах гэрээ нь эх хувиараа ч байгаа хуулбар хувь нь ч байгаа. Тэгэхээр миний ойлгож байгаагаар 1 дүгээр барилга нь Цэнд-Аюуш гуайн барилга, 2 дугаар барилга Баатарсүрэнгийнх 3 дугаар барилга Цэнд-Аюуш гэж хүний барилга, 4 дүгээр барилга Буянтогтох гэж хүний барилга байна. Цэнд-Аюуш гуай нь Зуурмаг гэдэг компанитай бөгөөд 1, 3 дугаар барилгаасаа хэрэг болсон үед суурийн блок ПКЖ хавтан, дам нуруу зэргийг бага багаар зөөж авдаг байсан. Гэтэл 2015 оны үед Говь-Алтай явж байхад барилгыг нь буулгаж авсан байсан. Энэ үеэс эхлэн Шүүх, Цагдаагаагийн байгууллагад хандсан. Цагдаад шалгагдаж байх явцад Буянжаргал гэдэг хүн Нацагмаа Цэнд-Аюуш нарт зарсан 1, 3 дугаар барилгаа дахиад Булган гэдэг хүнд барилгын материалаар давхар зарсан байдаг. Энэ тухайгаа Буянжаргал өөрөө тухайн үед Прокурорын газарт хэлсэн байдаг. Булган нь тухайн барилгууд нь Цэнд-Аюушийн барилга гэдгийг мэдэж байгаа учраас зааж өгөөгүй худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа 4 блокон барилга байгаа гэж хэлсэн. Булган өөрөө барилгаа буулгаж авахаар явсан. Булган миний барилгыг Цэнд-Аюушийн барилгатай андуурч буулгаж авсан байна гэж мэдүүлсэн байдаг. Булган гуай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Буянжаргал гуай нэг барилгаа 2 хүнд зарсан байна шүү дээ түүнийг авчирч мэдүүлэг авах ёстой байтал намайг яагаад асууж байгаа юм бэ Буянжаргал гэж хүн залилан хийсэн байна гэж мэдүүлсэн байдаг. Буянжаргал гуай захиран зарцуулах эрхгүй байж барилгуудыг 1-3 удаа давхар зарсан байна гэжээ.

 

Хариуцагч Ган ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хариуцагч Ган компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ган ХХК нь иргэн Буянжаргал гэдэг хүнээс 4 блок барилгыг худалдах худалдан авах гэрээ байгуулж 5.500.000 төгрөгөөр худалдан авсан байгаа. Үл хөдлөх хөрөнгийн тухайн үеийн үнэ ханшаар худалдаж авсан. Цэнд-Аюуш гэдэг хүн Булган гэдэг хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлд миний өмчийг дур мэдэж авсан байна гэсэн байгаа. Эдгээр барилгыг худалдсан хүн өөрөө энд сууж байна. Энэ хүнд хэлсэн боловч энэ надад хамаагүй би хариуцагч бишээ гэж маргаж байгаа юм гэжээ.

 

Хариуцагч Т.Буянжаргал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нацагмааг гэрчээр оролцуулж асууснаар зүйх зүйл тодорхой болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая Прокурорын газар надаас мэдүүлэг авсан гэж тайлбар хэлж байна. Би Прокурорын байгууллагад мэдүүлэг өгч байгаагүй. Тэр ямар учиртай зүйл яриад байгааг мэдэхгүй байна. Барилгуудын зургийг зурсан зураг дээрээ тайлбар хэлж байна. Өөрөө нүдээрээ үзээгүй учраас хүний хэлсний дагуу тоймолж зурж түүн дээрээ тайлбар хэлж байна. Цэнд-Аюушийн хөрөнгө гэсэн баримт нь хаана байна вэ, Цэнд-Аюуш надаас худалдаж авсан гэж 3 янзын үнэ хэлж мэдүүлэг өгсөн байна. 14.000.000, 10.000.000, 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн байна. Тэр мөнгө надруу шилжүүлсэн гэж байгаа. Хэрвээ шилжүүлсэн юм бол ямар дансанд хийсэн юм бэ, 2005 онд намайг Засаг дарга байхад гэрээ хийе гэхэд төрийн албан хаагч учраас гэрээ хийхгүй гээд гэрээ хийгээгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. 2005 онд Засаг даргаар ажиллаж байгаагүй. Би 2004 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа ирэн очин байж байгаад хүлээлгэж өгсөн. Нацагмаа надаас дүүргэлтийн блок л авна гэж авсан болохоос биш барилга аваагүй. Алдархаанд байдаг хэдэн хүмүүст тухайн барилгуудыг харж байгаарай гэж захисан. Тэгээд Булганг тухайн барилгуудыг буулгаж байхад Цэнд-Аюуш чи яагаад миний барилгуудыг буулгаад байгаа юм бэ гэж ярьсан гэсэн. Булган надад Цэнд-Аюуш надруу миний барилга гэж ярьж байна гэж утсаар ярьсан. Тэгэхэд нь өөрийнхөө эд зүйлийг алдсан байсан юм. Авсан эзнийг нь олж авлаа гэж хэлсэн. Тухайн Цэнд-Аюушийнх гэж яриад байгаа барилга Цэнд-Аюушд ямар ч хамааралгүй. Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд Цэнд-Аюушийн өгсөн тайлбар мэдүүлэг байгаа. Аймгийн захиргааны удирдлагын өмч хувьчлалийн комиссийн шийдвэрээр Хүнсний үйлдвэрт шилжүүлэх ёстой сүүний үйлдвэрийн багаж тоног төхөөрөмж, тэжээлийн цехийн барилгыг блансаас блансад шилжүүлсэн. Би 1 ч барилга Нацагмаад зараагүй. Нацагмааг мөнгөндөө тааруулаад блок л ав гэж хэлсэн. Тэр үеийн барилга 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан гэж мэлзэж байна. Хэрвээ тухайн үед 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан юм бол Цэнд-Аюуш чи надаас яагаад 10.000.000 төгрөгөөр худалдаж авдаг юм бэ. Нацагмаад блок өгөхөөр тохиролцсон байхад Нацагмаа өөрт хэрэгцээтэй блокоо аваад үлдсэнийг нь Цэнд-Аюушд зарсан байсан. Цэнд-Аюуш надаас тухайн барилгыг 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Цэнд-Аюуш нь тухайн барилгыг надаас 22.000.000 төгрөгөөр авсан гэсэн мөн зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа. 2017 оны 02 сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг дээрээ тухайн барилгыг 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэж авахдаа 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлээд 4.000.000 төгрөгийг сүүлд нь өгсөн гэж мэдүүлсэн байна лээ. Энэ ямар учиртай юм гэдгийг би ойлгохгүй байна. Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан байгаа гэрчийн мэдүүлэг дээр Зуурмаг ХХК-ний нягтлан бодогч Ууганбат гэдэг хүн манай хүүгийн данс руу 4, 4 саяаар 2 удаа 8.000.000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн байна лээ. Цэнд-Аюушаа чи тэндээс авах юмаа авсан. Тэнд чиний гэх нэг ширхэг блок ч байхгүй. Чи тухайн үед тэр барилгыг бараг бүхэлд нь буулгаж авсан байгаа шүү дээ.

Би тэнд барилгын манаачаар нэг хүн тавьсан. Тэр хүн надад мэдээлэл өгдөг байсан. Тэгээд ямар хүн ачив гэхээр нөгөө онигор нүдтэй шар хүний/Цэнд-Аюуш/ машин байсан гэж хэлдэг. Би тэр услалтын системийн бүх л турбаг би өгсөн. Чи бүгдийг нь авсан тэр хавьд гагнууртай хүн чи байсан. Чи харин шүүхэд мэдүүлэхдээ Буянжаргал барилгыг өөрөө хашаандаа буулгаад зараад дууссан гэж мэдүүлсэн байгаа. Би 1050 блокноос нэг ширхэг блок ч зараагүй манай хашаан дотор байж байгаа. Би өөрийнхөө эрүүл мэндийн байдлаасаа болоод тэр асуудлыг хөөцөлдөлгүй орхисон. Чи надаас барилгыг 10.000.000 төгрөгөөр авсан 8.000.000 төгрөгийг өгсөн 2.000.000 төгрөгийг нь өгөөгүй. Би чамаас мөнгөө нэхэх санаатай холбооны урд тааралдахад сайн муу асуугаад маш яаралтай явж байна гээд явсан. Тэгээд надтай уулзахгүй зугтаагаад байж нэг ч удаа уулзаагүй гэж мэдүүлсэн байна. Завхан аймгийн Архивт энэ барилгын зураг байдаг гэнэ. Ганзориг гэдэг инженер энэ барилгыг аваад дараа нь Адьшаажав аваад дараа нь надад ирсэн. Дараа нь Буянтогтохыг дэгтэрлэж намайг энэ асуудал дээр хэвтүүлэх гээд байгаа юм. Би хэвтэхгүй шүү. Тэр барилгын материалыг чиний тогтоосон үнээр үнэлэхэд 14.7 сая төгрөг болж байна.

Чиний хийсэн гэрээ хэлцэл прокурорын байгууллагад байгаа. Даралтын цамхагийг 4 барилгатай 5.000.000 төгрөг болсон гэж байгаа тэнд тийм 4 барилга байхгүй. Энэ бүгдээс чинь харахад чи намайг хэтэрхий их басамжилж байна. Одоо чи ПКЖ 38 ширхэг, багана 40 ширхэг, дан нуруу 20 ширхэг суурийн блок 15 ширхэг энэ бүгд чинь үнэлэхэд 14.700.000 төгрөг байна. Чамайг тэр олон хүний юмыг баримттай нь надад өгөхийг шаардаж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зуурмаг ХХК-ний нэхэмжлэлтэй Ган ХХК болон иргэн Т.Буянжаргал нарт холбогдох 40ш төмөр бетон багана, 20ш дам нуруу, 38ш ПКЖ хавтан 15ш суурийн блок гаргуулах, иргэн Т.Буянжаргал Ган ХХК-ний хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч Зуурмаг ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгэт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Э.Долгорсүрэн би Зуурмаг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ган ХХК болон Т.Буянжаргал нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 429 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... дээрх худалдах, худалдан авах гэрээнүүдийн зүйл болох Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар тал гэх газарт байрлах 400 үнээний фермийн барилгын үлдэгдэл блок барилгуудыг үл хөдлөх хөрөнгө мөн гэж шүүх дүгнэв гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагч Т.Буянжаргал нь дээрхи барилгуудаас Зуурмаг ХХК-нд зарахынхаа өмнө иргэн Нацагмаад тухайн барилгаас блок зарсан нь хариуцагч Т.Буянжаргал нь үл хөдлөх хөрөнгийг хэсгээр нь буюу барилгын материалыг нь хэсэгчлэн зарж байсан дээрхи хүмүүсийн тайлбараар нотлогддог.

Хариуцагч Т.Буянжаргал нь үл хөдлөх хөрөнгийг хэсгээр нь буюу барилгын материалыг нь хэсэгчлэн зарж байсан дээрхи хүмүүсийн тайлбараар нотлогддог. Өөрөөр хэлбэл, Т.Буянжаргал нь хэсэг блокыг иргэн Нацагмаад, үлдэгдэл барилгын материалыг нь Нацагмаа нь Зуурмаг ХХК-нд зарсан байдаг.

Мөн гэрч Нацагмаа ханын блокыг нь буулган авч яваад, үлдсэн дээвэр туургагүй, үлдэгдэл барилгын материалыг Зуурмаг ХХК-д худалдсан бөгөөд тус компани өөрийн санхүүгийн тооцоонд бараа материалаар нь орлогожуулан авсан байдаг.

Өөрөөр хэлбэл,Зуурмаг ХХК нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, хана туургыг нь нураан авсан, барилгын үлдэгдлийг барилгын материалын зориулалтаар худалдан авсан байдаг.

2. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ... 40 ш төмөр бетон багана, 20 ш дам нуруу, 38 ш ПКЖ хавтан, 15 ш суурийг блок ... зэргийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрхи барилгын материалын тухайд дүгнэлт хийгээгүй атлаа анх Зуурмаг ХХК, Т.Буянжаргал, Нацагмаа нарын хооронд хийгдсэн хэлцэлд дүгнэлт хийж энэхүү хэлцлийн зүйл үл хөдлөх эд хөрөнгө мөн байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж байна.

3. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Зуурмаг ХХК нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж, Зуурмаг ХХК-ыг иргэн Т.Буянжаргалаас 2004 онд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байсан хэдий ч Иргэний хуулийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлж авч байгаагүй, өөрөөр хэлбэл уг эд хөрөнгийг өмчлөгч биш байна гэж дүгнэлээ... гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй хэлцлийн зүйлийг үл хөдлөх эд хөрөнгө гэж дүгнэлт хийсэн атлаа ... хариуцагч Ган ХХК болон хариуцагч Т.Буянжаргал нарын хооронд 2014.11.18-ны өдөр Г/2014/12 дугаартай худалдах худалдан авах гэрээг бичгээр үйлдэн нэг талаас Алдархаан сумын Шар талд байрлах 400 үнээний фермийн 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл, ёмкостийн хамт худалдах, нөгөө талаас худалдан авсан үнэнд 5.500.000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн болох нь гэрээний хуулбараар тогтоогдож байна... дээрх гэрээ нь хуульд зааснаар хэлбэржээгүй хэдий ч гэрээ байгуулсан этгээдүүдийн хувьд хоёр талаасаа хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэв... гэж дүгнэснийг хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Учир дээрхи 2 хэлцлийн зүйл нь яг адил зүйл байх бөгөөд 2 хэлцлийн тухайд хоёулаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхад нэгийг нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэснийг ИХШХШТ-ийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ...Шүүхийн өмнө эрх тэгш байх... зарчмыг алдагдуулсан, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлгүй дүгнэлтүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 429 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 429 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээнүүдийн зүйл болох Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар тал гэх газарт байрлах 400 үнээний фермийн барилгын үлдэгдэлийг үл хөдлөх хөрөнгө мөн гэж шүүх дүгнэв гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч Т.Буянжаргал нь дээрхи барилгуудаас Зуурмаг ХХК-нд зарахынхаа өмнө иргэн н.Нацагмаад тухайн барилгаас блок зарсан нь хариуцагч Т.Буянжаргал нь үл хөдлөх хөрөнгийг хэсгээр нь буюу барилгын материалыг нь хэсэгчлэн зарж байсан дээрхи хүмүүсийн тайлбараар нотлогддог. Хариуцагч Т.Буянжаргал нь үл хөдлөх хөрөнгийг хэсгээр нь буюу барилгын материалыг нь хэсэгчлэн зарж байсан дээрхи хүмүүсийн тайлбараар нотлогддог.

Өөрөөр хэлбэл, Т.Буянжаргал нь хэсэг блокыг иргэн н.Нацагмаад, үлдэгдэл барилгын материалыг нь н.Нацагмаа нь Зуурмаг ХХК-нд зарсан байдаг. Мөн гэрч Нацагмаа ханын блокыг нь буулган авч яваад, үлдсэн дээвэр туургагүй, үлдэгдэл барилгын материалыг Зуурмаг ХХК-д худалдсан бөгөөд тус компани өөрийн санхүүгийн тооцоонд бараа материалаар нь орлогожуулан авсан байдаг. Өөрөөр хэлбэл,Зуурмаг ХХК нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, хана туургыг нь нураан авсан, барилгын үлдэгдлийг барилгын материалын зориулалтаар худалдан авсан байдаг. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 40 ш төмөр бетон багана, 20 ш дам нуруу, 38 ш ПКЖ хавтан, 15 ш суурийг блок зэргийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрхи барилгын материалын тухайд дүгнэлт хийгээгүй атлаа анх Зуурмаг ХХК, Т.Буянжаргал, Нацагмаа нарын хооронд хийгдсэн хэлцэлд дүгнэлт хийж энэхүү хэлцлийн зүйл үл хөдлөх эд хөрөнгө мөн байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж байна. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Зуурмаг ХХК нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж, Зуурмаг ХХК-ыг иргэн Т.Буянжаргалаас 2004 онд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байсан хэдий ч Иргэний хуулийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлж авч байгаагүй, өөрөөр хэлбэл уг эд хөрөнгийг өмчлөгч биш байна гэж дүгнэлээ гэж нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй хэлцлийн зүйлийг үл хөдлөх эд хөрөнгө гэж дүгнэлт хийсэн атлаа хариуцагч Ган ХХК болон хариуцагч Т.Буянжаргал нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Г/2014/12 дугаартай худалдах худалдан авах гэрээг бичгээр үйлдэн нэг талаас Алдархаан сумын Шар талд байрлах 400 үнээний фермийн 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл, ёмкостийн хамт худалдах, нөгөө талаас худалдан авсан үнэнд 5.500.000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн болох нь гэрээний хуулбараар тогтоогдож байна дээрх гэрээ нь хуульд зааснаар хэлбэржээгүй хэдий ч гэрээ байгуулсан этгээдүүдийн хувьд хоёр талаасаа хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэв гэж дүгнэснийг хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлгүй дүгнэлтүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул Анхан шатны шүүх шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 429 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тийм учраас хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр тэр барилгыг бүтнээр авсан гэж маргаж байсан. Бүтнээр авсан тохиолдолд энэ яах ч аргагүй үл хөдлөх хөрөнгө байна газраас салгаж өөрт ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Одоо болохоор үлдэгдлийг аваад, барилгын матерал авсан гэж яриад байгаа нь шүүх үнэлэх боломжгүй байна. Шүүхээс үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авахдаа нэхэмжлэгч талаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Тийм учраас 2 хариуцагч талаас нэхэмжлэх эрх нь үүсэхгүй байна гэдгийг тайлбарлах байна. Ийм учраас манай талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Заавал үл хөдлөх хөрөнгө байх юм бол өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах, бүртгүүлчихээд бусад этгээдээс шаардах эрхтэй. Тийм учраас өөрсдөө тэр эрхээ үүсгээгүй байж бусад этгээд шаардсан асуудал байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой. Үүнтэй холбоотой гарах зардлыг Т.Буянжаргал гэдэг гаргасан байгаа тиймээс энэ хүнийг бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч Т.Буянжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ барилга нь тухайн үед аймаг даяар зарлагдаад авах хүн байхгүй би үүнийг авсан нь үнэн аваад 2 жил гаруй хугацаатай болоод, өөрийн бие өвдөж, тухайн үед Засаг дарга байсан би эрүүл мэндийн байдлаас хамаарч ажлаа өгч байсан. 2017 оны 09 сарын 25-ны хурал дээр хэлж байсан. Авах юмаа авчихаад эргээд ингэх бол муухай cая нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Ханагүй туургагүй, болгоод н.Нацагмаад барилгын материал болгоод зарсан гэж би тэгж сонслоо тэр юу гэсэн үг юм бэ? үүнийг ойлгохгүй байна. Нэгэнт авдаг юмаа аваад өгдөг юмаа өгөөд дууссан юм шиг ойлголоо. Би н.Нацагмааг таних нь танина гэхдээ энэ н.Нацагмаа гэхээс өөр юм байхгүй. н.Нацагмаа нь би таниас хэдэн блок авмаар байна жолооны курс барих гэсэн юм гэхээр нь сэтгэл гаргаад өгсөн юм. Түүнээс би тэр барилгыг үнэлүүлээд хэдэн төгрөгөөр үнэлсэн эсэх талаар мэдэхгүй хэдэн хэдэн хүний гар дамжсан байсан. Хамгийн сүүлд Цээдэг гуайгаас хүлээж авсан би 2 дараа бичиг баримтыг хүлээлцэн гэж яриад орхисон байсан. Гэтэл тэр бурхан болоод тэгээд өнгөрсөн хэрэг. Барилгыг А.Цэнд-Аюушид зарсан хүн бол би мөн. Өөрийн биеийн байдал болон ханийн маань хорвоогийн мөнх бусыг үзүүлээд сүүлийн үед энэ барилгын асуудлыг хаясан байсан. А.Цэнд-Аюуш надад өгөх ёстой мөнгөө өгсөн байсан бол ийм асуудал болохгүй байсан. А.Цэнд-Аюуштай тааралдаад нөгөө мөнгө нэхэх гэхэд сайн муугийн зөрүүч байхгүй учир зүггүй яараад байсан тэгэхээр нь чи юмаа аваад болсон уу? гэхэд болсон гэсэн тэгээд би тэр барилга дээр очиж үзэхэд /хавтаст хэргийн матералд байгаа зураг нь байгаа/ Суурийн блок зэргийг нь ухаад авчихсан байсан. Гэтэл н. Булганыг авья гэхээр бушуухан 5.000.000 төгрөгөөр зарсан 500.000 төгрөг нь татварт өгсөн. Тэгээд энэ хэрэгт холбогдсон юм. А.Цэнд-Аюуш нь олон янзаар ярьж байгаа нэг бол сүүлдээ чи тэр барилгын материалаа хашаандаа буулгаад зараад дууссан, би 2000000 төгрөгөөр авсан, 10 хэдэн сая төгрөгөөр авсан, бүүр сүүлдээ танай гадаа очоод машин дотор чамд 10 сая төгрөг өгсөн гэх юм ярьж байна. 2005 онд Сумын Засаг дарга байхад надтай гэрээ хийсэн гэсэн байсан. Миний хувьд 2005 онд Засаг дарга хийж байгаагүй. Эрүүл мэндийн шалтгааны улмаас 2004 онд ажлаа өгсөн тэр хийсэн гэрээ нь Прокурор дээр байгаа гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Тийм тийм зүйл нь ор үндэслэлгүй зүйл. Тэр гэрээг үзмээр байна гэхдээ үүнийг хөөцөлдөж байх цаг зав байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Зуурмаг ХХК нь хариуцагч Ган ХХК, Т.Буянжаргал нарт холбогдуулан 40 ширхэг төмөр бетон багана, 20 ширхэг дам нуруу, 38 ширхэг ПКЖ хавтан, 15 ширхэг суурийн блок гаргуулах, Т.Буянжаргал болон Ган ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэгч нь хариуцагч нараас дээрх эд зүйлийг шаардахдаа шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл хэнээс юуг ямар үндэслэлээр шаардаж байгааг тус тусад нь тодорхойлоогүй байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Буянжаргалаас дээрх эд зүйлийг шаардахын тулд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ёстой. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр байх ёстой. Худалдагч нь гэрээнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байх ёстой. Энэ тохиолдолд худалдан авагч болох Зуурмаг ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлэхийг худалдагчаас шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Зуурмаг ХХК нь 2004 онд Т.Буянжаргалаас Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн Шар тал гэх газарт байрлах хуучин үнээний фермийн зориулалтаар ашиглаж байсан барилгын үлдэгдэл 1 блок барилгыг худалдаж авч байсан нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна.

Харин талууд гэрээний зүйл нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн аль болох, уг барилгыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан, худалдаж авсан гэх эд зүйлээ бүрэн гүйцэт хүлээлгэн өгсөн эсэх болон иргэн Нацагмаагаас худалдаж авсан гэх барилгын талаар маргаантай байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгийг тодорхойлохдоо ...газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс, барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарахаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад талууд анх хуучин үнээний фермийн зориулалтаар ашиглаж байсан гэх барилга байгууламжийн нэг хэсэг барилгыг худалдаж, худалдан авахаар тохирч байсан нь тогтоогдож байгаа бөгөөд уг барилга нь газартай салшгүй бэхлэгдсэн, бат бэх холбогдсон, газраас салгамагц зориулалтын дагуу ашиглагдах боломжоо алдах хөрөнгө учраас түүнийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгө гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Худалдан авагч нь худалдаж авсан гэх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах, эсхүл барилгын материал болгон ашиглах, худалдах эсэх асуудал нь худалдан авагчийн эрхийн асуудал учраас маргааны зүйл болох барилгыг буулган авч ашигласнаар түүнийг хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан гэж үзэх боломжгүй юм.

Талууд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлээгүй.

Нөгөө талаас үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар талууд худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгч Зуурмаг ХХК-нд шилжиж, Т.Буянжаргалын өмчлөх эрх дуусгавар болох ёстой.

Гэтэл хэргийн нөхцөл, байдал, хэрэгт авагдсан баримтуудаар талууд худалдах, худалдан авах гэрээ хийхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-дахь зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болох бөгөөд Зуурмаг ХХК нь тухайн барилгын өмлөгч болохгүй, тухайн барилгын өмчлөгч нь Т.Буянжаргал хэвээр байна.

Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэх ёстой.

Гэтэл талууд энэ талаар шаардлага гаргаагүй, энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зориг биш учраас үр дагаварыг шийдвэрлээгүй орхигдуулсныг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Т.Буянжаргалаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байжээ.

Нэхэмжлэгч байгууллага нь иргэн Нацагмаагаас 1 блок барилгыг 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг, Нацагмаа үүнийг дэмждэг боловч Нацагмаа нь уг барилгын өмчлөгч болох нь тогтоогдоогүй, Өөрөөр хэлбэл, уг барилгыг 1.500.000 төгрөгөөр захиран зарцуулах эрх бүхий этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх бөгөөд уг барилгын өмчлөгч гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Т.Буянжаргалаас хөрөнгөө буцаан шаардах боломжтой боловч нэхэмжлэгч нь хариуцагч Т.Буянжаргалаас 40 ширхэг төмөр бетон багана, 20 ширхэг дам нуруу, 38 ширхэг ПКЖ хавтан, 15 ширхэг суурийн блок гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба дээрх хөрөнгө Т.Буянжаргалын эзэмшилд байхгүй, тэрээр дээрх эд хөрөнгөөр хөрөнгөжсөн байдал тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Т.Буянжаргалаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ган ХХК-наас дээрх эд зүйлийг шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг байна.

Үүнийг шалгавал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль эзэмшилээс хөрөнгөө шаардахад нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхыг шаарддаг. Гэтэл Зуурмаг ХХК нь маргааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй боловч энэ зүйлд зааснаар шаардахад хариуцагч Ган-ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, түүний эд хөрөнгө ямар нэгэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн байх ёстой .Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Ган ХХК нь Т.Буянжаргалаас тус барилгуудын үлдэгдэл барилгын материалаар ашиглах боломжтой эд зүйлүүдийг 5.500.000 төгрөгөөр худалдаж авсан байдал тогтоогдож байгаа нь дээрх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ган ХХК-наас шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал гомдолдоо ...анхан шатны шүүх Зуурмаг ХХК нь хариуцагч Т.Буянжаргал нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа гэрээний зүйл нь адилхан Т.Буянжаргал, Ган ХХК нь нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь учир дутагдалтай байна... гэж гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбараар Зуурмаг ХХК нь болон Т.Буянжаргал нарын хооронд амаар хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тухайн үед үл хөдлөх хөрөнгө байсан, харин Т.Буянжаргал, Ган ХХК-ны хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний зүйл нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон эд зүйл буюу барилгын үлдэгдэл хөдлөх эд хөрөнгө байсан болох нь тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Т.Буянжаргал болон Ган ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд тус худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох Иргэний хуулийн 56, 57 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлин шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 429 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.000 /хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

 ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ