Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 30

 

Ж.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Л.Эхлэлт, Т.Балжинням нарын шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 29ий өдрийн 436 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдан, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр намайг ажилд минь томилсон боловч Статистикийн хэлтсээс давж заалдах гомдол гаргаж Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 07 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ажилдаа орох талаар дарга Б.*******ийн утас руу залгасан боловч утсаа авахгүй байгаа бөгөөд одоо хүртэл ажилд минь аваагүй байна.

... Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Би ажилгүй байх хугацаандаа Солонгос улс руу явсан. 2017 оны 04 сарын 14-нд яваад 2017 оны 07 сарын 02-ны өдөр ирсэн. Намайг байхгүй байхад манай аав руу залгаад ******* хаана байгаа вэ гэж асууснаас биш ирж ажилдаа ор гэсэн асуудал яриагүй. Намайг ирж ажилдаа ор гэсэн бол надад ажилдаа орох боломж байсан. Ажилгүй байх хугацаандаа миний хаана юу хийж явах нь ач холбогдолгүй байх гэж бодож байна. Би Солонгосоос ирээд ажилд орох хүсэлтээ бичээд бичгээр өгсөн. Тэгж хүсэлт өгснөөс хойш аваагүй байж байгаад сая шүүх хурал болохоос өмнө 14 хоногийн өмнө ажилдаа орсон.

Иймд 2017 оны 02 сарын 13-наас хойшхи цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.*******ийн нэхэмжлэлтэй цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, мөн өмгөөллийн хөлс болох 500,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Ж.*******ийн нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхийн шүүх хуралдаан 2017 оны 02 сарын 17-ны өдөр болж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хариуцагч байгууллагын зүгээс эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж тус хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч байгууллагын зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэж оролгүйгээр Солонгос улс руу явсан байсан. Хариуцагч байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүднээс *******ийг ажилд орох талаар ярих гэсэн боловч ямар ч хэл сураггүй байсан. Тиймээс *******ийн төрсөн эцэг болох Жамъянмядагийн 98627077 гэсэн дугаараар холбоо барьж ярьсан. ******* хаана байгаа яагаад утас нь холбогдохгүй байгаа талаар ааваас нь асуухад Солонгос явсан гэж хэлсэн. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн хэнд нь хамааралтай гэж ойлгож байна. ******* шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, төрийн алба тасралтгүй байх зарчмыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар ажлаа хийх боломжгүй болсон бол энэ тухайгаа удирдах ажилтанд мэдэгдэж албан ёсоор чөлөө авч явах шаардлагатай. Энэ төрийн ч бай хувийн ч бай байгууллагын ажилтны хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэ үүргээ зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хариуцагч байгууллагын зүгээс *******т боломж олгож ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон бөгөөд үүнээс хойшхи хугацааны цалин хөлсийг төлөх үндэслэлгүй юм. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар *******ийг гадаад улс руу явсан эсэхийг шалгуулахаар шүүхэд 2 удаа хүсэлт өгсөн. Шүүхээс 2017 оны 09 сарын 20-ны өдөр 1402 тоот захирамжид *******ийн Солонгос улс руу явсан шалтгаан нь уг хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна гэсэн хариу өгсөн. ...

...Аливаа хүн гэрээгээр ч бай гэрээгүй ч бай ямар нэгэн ажил хөдөлмөр хийснийхээ үр дүнд цалин хөлс авах, түүнийг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчид хийж гүйцэтгээгүй ажлынх нь төлөө цалин хөлс олгох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгч оролцох нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын эрх ашиг сонирхол байдаг учраас нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаг. Тиймээс нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлүүлэх эрхээ эдэлсэн байна. Тиймээс өмгөөллийн зардал болох 500,000 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Ж.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэсээс 2,731,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 2,731,683 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 58656 төгрөг гаргуулж улсын орлого болгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Б.******* нь Ж.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Статистикийн хэлтэст холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх мөн өмгөөллийн зардал гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байна. Дээрх асуудлын анхан шатны шүүх нь 2017 оны 09 сарын 29-ний өдөр хуралдаж 436 тоот шийдвэр гаргасан. Шийдвэрт хариуцагч байгууллагаас Ж.*******ийн ажилгүй байсан үеийн дундаж цалин хөлс 2.731.683 төгрөгийг гаргуулж, өмгөөллийн зардал гэх 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлж аваагүй, энэ талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргаж байгаагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн цалин хөлстэй холбоотой хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Ж.******* нь Статистикийн хэлтэст гэрээгээр ажиллаж байсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 04 сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Хариуцагч байгууллагын зүгээс гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж ямар нэг эрх зүйн акт гаргаагүй тул уг гэрээ нь хуульд заасны дагуу дахин нэг жилээр үргэлжлэн сунгагдаад явсан. Иймээс Ж.*******тэй гэрээ байгуулах шаардлагагүй байсан ба анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосноор Ж.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөх болсон бөгөөд нэхэмжлэгч нь Солонгос улс руу явсан гэх шалтгаанаар ажилдаа ирэхгүй байсаар 2017.09.06-нд ажилдаа орсон. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь анхан шатны шүүх хуралд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн үндэслэл болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүх Ж.*******ийг ажилгүй байсан хугацааг тооцохдоо нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс Ж.*******ийг хэзээ Солонгос улс явж ирсэнийг тодруулж өгөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасныг хүлээж аваагүй. Дээрх хугацааг тодорхой болгосноор нэхэмжлэгч нь ямар хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан эсэхийг тогтоож үүнээс үндэслэн Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 07 тоот магадлалыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх талаар хариуцагчийн гаргасан санаачлага, нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдлыг тогтоох чухал ач холбогдолтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Статистикийн хэлтэст холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх мөн өмгөөллийн зардал гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байна. Дээрх асуудлыг анхан шатны шүүх нь 2017 оны 09 сарын 29-ний өдөр хуралдаж 436 тоот шийдвэр гаргасан. Шийдвэрт хариуцагч байгууллагаас Ж.*******ийн ажилгүй байсан үеийн дундаж цалин хөлс 2.731.683 төгрөгийг гаргуулж, өмгөөллийн зардал гэх 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлж аваагүй, энэ талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргаж байгаагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн цалин хөлстэй холбоотой хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Ж.******* нь Статистикийн хэлтэст гэрээгээр ажиллаж байсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 04 сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Хариуцагч байгууллагын зүгээс гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж ямар нэг эрх зүйн акт гаргаагүй тул уг гэрээ нь хуульд заасны дагуу дахин нэг жилээр үргэлжлэн сунгагдаад явсан. Иймээс Ж.*******тэй гэрээ байгуулах шаардлагагүй байсан ба анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосноор Ж.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөх болсон бөгөөд нэхэмжлэгч нь Солонгос улс руу явсан гэх шалтгаанаар ажилдаа ирэхгүй байсаар 2017 оны 09 сарын 06-нд ажилдаа орсон. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь анхан шатны шүүх хуралд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн үндэслэл болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Миний тухайд Ж.*******тэй холбоо барих гээд утас нь холбогдохгүй байсан учраас түүний аавтай ярьсан. Үүний дараагаар Ж.*******ийн эгч Ж.*******ийн ажилд орох тухай хүсэлтийг авчирч өгсөн. Би тухайн үед Хар нуурын баярт гэр ачаад явах гэж байсан учраас дараа ирж Ж.*******ийг өөрийн биеэр уулз гэсэн боловч ирж уулзаагүй. Миний тухайд Ж.*******ийг ажилдаа орно гэсэн бодолгүйгээр, манай байгууллагаас мөнгө авах гээд ингэж байгаа юм болов уу? гэсэн бололтой байна. Энэ бол миний хувийн дүгнэлт юм гэв.

Нэхэмжлэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 07 сарын 20-нд Солонгос улс руу явж ирээд ажилд орох хүсэлтээ бичгээр өгсөн мөн шүүхийн шийдвэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад давхар өгсөн байсан. Байгууллагаас цалин хөлс гаргуулах бодолтой байсан гэдэг дээр тайлбарлахад зүгээр ажлаа хийж байсан хүнийг ажилгүй болгочихоод, тухайн үед ихээхэн сэтгэл санааны хохирол учирсан, дахиад хүнийг мөнгө салгах бодолтой гэж байгаад гомдолтой байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08 хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.*******ийг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст гэрээт ажилтанаар ажиллаж байхад ажил олгогч нь түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 04 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөнийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх 2017 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, түүнд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор олгохоор тогтоосныг давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй учраас тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болжээ.

Ажилтан дээрх хугацаанд ажилгүй байсан хугааны цалин хөлс шаардахад ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх ёстой.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогч нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ж.*******ийг ажилдаа ор гэж хэлэхээр түүний гар утас руу залгасан, холбогдохгүй байхаар нь аавтай нь утсаар ярьж сурахад тэрээр Солонгос улс руу явсан. 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирнэ гэсэн хариу өгсөн гэж тайлбарласан байх ба энэ нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авсан боловч Ж.******* нь тухайн үед Солонгос улс руу явсан байдал талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ж.*******ийн аавтай утсаар ярьсан гэх өдөр болох 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс түүний ажилдаа орох хүсэлт өгсөн гэх өдөр болох 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 42 хоногийг ажилгүй байсан хугацаанд тооцохгүй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байсан бусад хугацаанд нь нийт 1.936.338 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 436 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...2.731.683 төгрөг... гэснийг ...1.936.338 төгрөг гэж, 3 дахь заалтын ...2.731.683 төгрөг гэснийг ...1.936.338 төгрөг гэж, 4 дэх заалтын ...58.656 төгрөг гэснийг ...45.931 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД  Т.ЖАРГАЛСАЙХАН

 Б.АРИУНБАЯР