Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 436

 

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Л.Эхлэлт, шүүгч Т.Балжинням, нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, иргэдийн төлөөлөгч В.А, нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.Б-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалы дэвтэрт бичилт хийлгүүлэх, өмгөөллийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдан, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр намайг ажилд минь томилсон боловч ******* давж заалдах гомдол гаргаж Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн ******* тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ажилдаа орох талаар дарга Б.*******ийн утас руу залгасан боловч утсаа авахгүй байгаа бөгөөд одоо хүртэл ажилд минь аваагүй байна.

... Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Би ажилгүй байх хугацаандаа ******* улс руу явсан. 2017 оны сарын 14-нд яваад 2017 оны ******* сарын 02-ны өдөр ирсэн. Намайг байхгүй байхад манай аав руу залгаад ******* хаана байгаа вэ гэж асууснаас биш ирж ажилдаа ор гэсэн асуудал яриагүй. Намайг ирж ажилдаа ор гэсэн бол надад ажилдаа орох боломж байсан. Ажилгүй байх хугацаандаа миний хаана юу хийж явах нь ач холбогдолгүй байх гэж бодож байна. Би *******оос ирээд ажилд орох хүсэлтээ бичээд бичгээр өгсөн. Тэгж хүсэлт өгснөөс хойш аваагүй байж байгаад сая шүүх хурал болохоос өмнө 14 хоногийн өмнө ажилдаа орсон.

Иймд 2017 оны 02 сарын 13-наас хойшхи цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, мөн өмгөөллийн хөлс болох 500,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ж.Б-ийн нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхийн шүүх хуралдаан 2017 оны 02 сарын 17-ны өдөр болж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хариуцагч байгууллагын зүгээс эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж тус хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч байгууллагын зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэж оролгүйгээр ******* улс руу явсан байсан. Хариуцагч байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүднээс Б-ийг ажилд орох талаар ярих гэсэн боловч ямар ч хэл сураггүй байсан. Тиймээс Б-ийн төрсөн эцэг болох Ж-ийн ******** гэсэн дугаараар холбоо барьж ярьсан. Б хаана байгаа яагаад утас нь холбогдохгүй байгаа талаар ааваас нь асуухад ******* явсан гэж хэлсэн. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн хэнд нь хамааралтай гэж ойлгож байна. Б шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, төрийн алба тасралтгүй байх зарчмыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар ажлаа хийх боломжгүй болсон бол энэ тухайгаа удирдах ажилтанд мэдэгдэж албан ёсоор чөлөө авч явах шаардлагатай. Энэ төрийн ч бай хувийн ч бай байгууллагын ажилтны хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэ үүргээ зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хариуцагч байгууллагын зүгээс *******т боломж олгож ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон бөгөөд үүнээс хойшхи хугацааны цалин хөлсийг төлөх үндэслэлгүй юм. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Б-ийг гадаад улс руу явсан эсэхийг шалгуулахаар шүүхэд 2 удаа хүсэлт өгсөн. Шүүхээс 2017 оны 09 сарын 20-ны өдөр ******* тоот захирамжид Б-ийн ******* улс руу явсан шалтгаан нь уг хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна гэсэн хариу өгсөн. ...

...Аливаа хүн гэрээгээр ч бай гэрээгүй ч бай ямар нэгэн ажил хөдөлмөр хийснийхээ үр дүнд цалин хөлс авах, түүнийг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчид хийж гүйцэтгээгүй ажлынх нь төлөө цалин хөлс олгох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгч оролцох нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын эрх ашиг сонирхол байдаг учраас нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаг. Тиймээс нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлүүлэх эрхээ эдэлсэн байна. Тиймээс өмгөөллийн зардал болох 500,000 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Ж.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь 2017 оны 02-р сарын 13-ны өдрөөс 09-р сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, өмгөөллийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ж.Б-ийг Завхан аймгийн ******* гэрээт ажилчнаар ажиллаж байхад, тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* 2016 оны 11 дүгээр сарын -ний өдөр дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Ж.*******ийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн гэрээт ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11-р сарын -ний өдрөөс 2017 оны 01-р сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж байжээ.

Хариуцагч талаас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан ба Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ******* дугаартай магадлал байна. Ийнхүү шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлж аваагүй энэ талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргаж байгаагүй байна.

Хариуцагч байгууллагын Б.******* энэ талаар тайлбарлахдаа ...нэхэмжлэгч Ж.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэж оролгүйгээр ******* улс руу явсан байсан. Хариуцагч байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүднээс *******ийг ажилд орох талаар ярих гэсэн боловч ямар ч хэл сураггүй байсан. Тиймээс *******ийн төрсөн эцэг болох ийн 986270******* гэсэн дугаараар холбоо барьж ярьсан. ******* хаана байгаа яагаад утас нь холбогдохгүй байгаа талаар ааваас нь асуухад ******* явсан гэж хэлсэн. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн хэнд нь хамааралтай гэж ойлгож байна... гэж тайлбарлаж дээрх шалтгаанаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан гэх боловч нэхэмжлэгч Ж.Б 2017 оны 02-р сарын 13-ны өдрөөс 2017 оны 09-р сарын 08-ны өдөр хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн байна.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлохбаримтуудыг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийнажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэстэй.

Нэхэмжлэгч Ж.Б нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2016 оны 8 сард 439300 төгрөг, 9 сард 199182 төгрөг, 10 сард 676398 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 1341871 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 134 хоногоор тооцон /1314871 төгрөг : 3 сар = 438290 төгрөг : 21.2 хоног = 20385.7 төгрөг х 134 хоног/ нийт 2731683 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 2731683 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б.тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 2017 оны -р сарын 05-ны өдөр өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч Ж.Б нь сайн дураараа, эрх зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч авч мөнгө төлсөн гэж шүүх үзэв. Иймд өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргах боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 58656 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХнь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэсээс 2,731,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б олгосугай.

3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 2,731,683 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийгЗавхан аймгийн ******* даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийнхураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийнЗасаг даргын дэргэдэх ******* улсын тэмдэгтийн хураамжид 58656 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийндотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ

ШҮҮГЧИД Л.ЭХЛЭЛТ

Т.БАЛЖИННЯМ