Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 427

 

Н.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 234 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 597 дугаар магадлалтай, Н.Ш-т холбогдох 1905037451009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдангийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Н-ын Ш нь

2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 5 давхрын *** тоотод очих газар байхгүйн улмаас эрхшээлдээ байсан насанд хүрээгүй хүүхэд болох Э-ын М-г айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Шүүгдэгч Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Шт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн” байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Ш-ыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 5 давхрын *** тоотод очих газар байхгүй улмаас эрхшээлдээ байсан насанд хүрээгүй хүүхэд болох Э-ын М-г айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай цагаатгах тогтоолоор Н.Ш-т холбогдох хэргийг цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн.

Прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 597 магадлалаар анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “... очих газар байхгүйн улмаас эрхшээлдээ байсан насанд хүрээгүй хүүхэд болох Энхбатын Маралмааг айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн ...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Амь хохирогч Э.М нь очих газаргүйн улмаас Н.Ш-ын гэрт байж, түүний эрхшээлд байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа болно.

Гэмт хэргийн обьектив талаас үзэхэд хохирогч амиа хорлосон, амиа хорлоход гарцаагүй хүргэсэн үйлдлийг гэмт этгээд хийсэн байдаг бөгөөд өөрөөр хэлбэл гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Гэмт этгээд эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлэх, доромжлох, зодох, тамлан зовоох, айлган сүрдүүлэх аргаар энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Нөгөө талаараа эрхшээлдээ байгаа хүн гэдэгт эдийн засаг, албан тушаал, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин зэргээс шалтгаалан гэмт этгээдээс хамааралтай, түүний бие махбодийн болон сэтгэл санааны албадлагад өртсөн хохирогчийг ойлгох ойлголт юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх гэрч Э.Ү, яллагдагч Т.Ц нарын мэдүүлэг зэргээс үзэхэд Н.Ш-ын үйлдэл нь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хууль тогтоогч нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид байнга гэсэн шинжийг оруулсан байдаг бөгөөд байнга гэдэг нь “...хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл байнгын шинжтэйгээр сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, бие махбодид халдах...”-ыг ойлгоно.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид байнга гэсэн шинжийг оруулсан байх боловч нэг удаагийн ноцтой үйлдлийн улмаас хохирогч гарцаагүй амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдлыг хамруулан авч үзэх нь хуульд нийцнэ гэжээ. Нэг удаа загнах үйлдэл нь ноцтой үйлдэл мөн үү. Харин хохирогчийг бие махбодид халдсан, биед олон тооны шарх үүсгэх, эд, эрхтнийг зэрэмдэглэх, гэмтэл учруулах зэргээр шаналгасан, хохирогчийг болон ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана зэргээр айлган сүрдүүлснийг нэг удаагийн ноцтой үйлдэлд хамруулан ойлгож болох юм.

Субьктив талаас нь үзвэл гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэм хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг урьдаас мэдсэн, мэдэх бололцоотой байтал, түүнийг хүсэж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг.

Гэмт этгээд нас барах хор уршгийг хүсээгүй боловч байнга хүчирхийлсэн, зодсон. тамлан зовоож айлган сүрдүүлсэн үйлдлийн улмаас тухайн хор уршигт хүргэсэн, хор уршиг учрах гарцаагүй нөхцөл байдалд хүргэснийг ойлгохоор байна.

Н.Ш-ын гэрт Э.М нь байхдаа бусдын эрхшээлд байгаагүй нь Н.Ш-ын гэрээс гараад явах бүрэн боломжтой байсан, амь хохирогч нь гэрч, яллагдагч нартай байх хугацаандаа хамт согтууруулах ундаа хэрэглэсэн, хөзөр тоглосон, хамт зураг авахуулсан зэрэг нөхцөл байдлууд нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийж бэхжүүлж авсан гэрэл зургуудаар тогтоогддог. Н.Ш-ын зүгээс түүнийг эрхшээлдээ байлгах ямар нэгэн үйлдэл хийгээгүйг хамт байсан Б.М, Т.Ц нар гэрчилж мэдүүлэг өгсөн, цагдаагийн байгууллагын ажилтан нар очиж шалгасан нөхцөл байдал, амь хохирогч Э.М-г эрхшээлдээ байлгах бодит аюул занал тулгасан үйлдэл хийсэн нөхцөл байдал байхгүй байгаа нь уг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа болно. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч , ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн заалттай нийцэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үйлдээж, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 597 магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх Н.Шын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, хор уршигтай шалтгаант холбоогүй гэх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Н.Ш нь ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлээгүй бол амь хохирогч цонхоор үсрэхгүй байсан. Гарцаагүй байдалд оруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулж ойлгохоор хуульчилсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Гэрч Э.Ү, Т.Ц нарын мэдүүлгээр амь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байсан нь нотлогдсон гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдангийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Шт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Н.Ш-ыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 5 давхрын *** тоотод очих газар байхгүйн улмаас эрхшээлдээ байсан насанд хүрээгүй хүүхэд болох Э-ын М-г айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгэээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Ш-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн обьектив шинж нь “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” идэвхитэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчилсан бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар амь хохирогч Э.М нь гэртээ, эсхүл өөр бусад очих газаргүйн улмаас шүүгдэгч Н.Ш-ын гэрт байж, түүний эрхшээлд байсан, мөн Э.М-г айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Учир нь “эрхшээлд байгаа” хүн гэдэгт эдийн засаг, албан тушаал, эрүүл мэнд хөгжлийн бэрхшээлтэй байдал гэр бүлийн таагүй орчин зэргээс шалтгаалан гэмт этгээдийн бие махбодийн болон сэтгэл санааны албадлагад өртсөн этгээдийг ойлгох ба Э.М-г шүүгдэгч нь эрхшээлдээ байлгасан, эрхшээлдээ байлгах үйлдэл, эс үйлдэхүй хийсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн нэг шинж болох “байнга ...” гэдэг нь хэвшил буюу давтамжтайгаар хохирогчийн эсрэг чиглэсэн /бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан/ үйлдэл, эс үйлдэхгүйг ойлгодог. Харин шүүгдэгч Н.Ш нь Э.М-г “утасны код бүх юмыг мэдэж байж утас авч явах гэлээ” гэж чанга дуугаар нэг удаа загнасан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон боловч “байнга” гэх шинжийг үгүйсгэж байна.

Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З-н “... нагац ах болох н.А нь байнга зодож, дарамталж айлган сүрдүүлсээр байгаад миний охиныг аймхай, хүн чанга дуугарахаар айж цочдог, сэтгэлийн дарамттай болтол нь зодож айлгадаг байсан юм билээ ... миний охин М хүн чанга дуугаар загнахаар айж цочоод балмагдаж чичирч салганадаг болчихсон юм”, гэрч Ш.Н-н “... М-ийн хувьд ар гэрээс хайхрах хамгаалах хүн байхгүй ... багаасаа хүн чанга дуугарвал маш их айдастай сэтгэл санаагаар маш амархан унадаг, үг дуу муутай, өөрийгөө илэрхийлж чадахгүй, хүний хайр халамжаар дутсан хүүхэд байгаа юм” гэх мэдүүлгээс дүгнэхэд амь хохирогч нь бага наснаасаа хүчирхийлэлд өртсөн, айдастай орчинд өссөн, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн болохыг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэлсний эцэст шүүгдэгчид холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзлээ.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид байнга гэсэн шинжийг оруулсан байх боловч “нэг удаагийн ноцтой үйлдлийн улмаас хохирогч гарцаагүй амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдлыг хамруулан авч үзэх нь хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нийцнэ” гэж хуулийг илт буруу тайлбарласан дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлж, хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадахгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 597 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 234 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдангийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН