Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Гэрч: Т.Ц-

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Оюунбаатар,

Шүүгдэгч: Н.Ш-, түүний өмгөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ш-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905037451009 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Ш-, 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ......  тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Ш- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 5 давхрын 15 тоотод очих газар байхгүйн улмаас эрхшээлдээ байсан насанд хүрээгүй хүүхэд болох Э.М-г айлган сүрдүүлсэний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ш- шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зам дээр талийгаачтай таарсан. Гэрээсээ хөөгдчихсөн ээж гэрээсээ хөөчихөөрөө 7 хоног гэртээ оруулдаггүй гэж хэлж байсан. Талийгаач өөрийгөө оюутан “Сити Их” сургуульд сурдаг гэж хэлсэн. Тэгээд манай гэрт очсон. Манайд Мөнх-Эрдэнэ талийгаач бид 3 байсан. Орой нь Ц- ирсэн архи уугаад хөзөр тоглоод байж байсан. Би их уусан болохоор зарим юмыг сайн санахгүй байна” гэв.

Гэрч Т.Ц- шүүх хуралдаанд өгсөн: “...Талийгаач Ш-ыг загинах үед айсандаа уйлаад, чичэрсэн байх. Ш- “...Чи яахаараа миний утасны кодыг мэдэж байж миний утсыг авч явах гэдэг юм бэ” гээд чанга дуугаар загнаад өрөөнөөс гараад ирсэн. 21-ний өглөө цагдаагаас залгасан. Би цагдаа дээр очсон. Та гэрчээр мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Тухайн үед эхний өгсөн мэдүүлгийг их айсандаа худал мэдүүлсэн байгаа. Намайг очсоноос хойш хөзөр тоглоод пиво уугаад сууж байхаар нь яагаад пиво уугаад байгаа юм бэ архи ууя гэж хэлэхэд Ш- миний данс руу 20.000 төгрөг хийсэн. Би архинд гарч ирээд хөзөр тоглосон” гэв. 

Амь хохирогчийн хууль ёсны төөлөгч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...М- миний том охин байгаа юм. ...М-г эмээ Мөнхжаргал дээр байлгадаг байсан. М-г эмээгийндээ байх хугацаанд нагац ах болох А- нь байнга зодож дарамталж айлган сүрдүүлсээр байгаад миний охиныг аймхай, хүн чанга дуугарахаар айж цочдог, сэтгэлийн дарамттай болтол нь зодож айлгадаг байсан юм билээ үүнийг манай гэрийнхэн сүүлд мэдээд А-г цагдаад хэлж хууль шүүхийн байгууллагаар М-г зодож дарамталсан гэх хэргээр 2010 онд шийтгүүлж байсан юм. Энэ явдлаас болоод миний охин М- хүн чанга дуугарч загнахаар айж цочоод балмагдаж чичирч салганадаг болчихсон юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 47-51/,

Гэрч Ш.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М- охиныг цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 332 тоот захирамжийн дагуу манай хүүхэд асран хамгаалах төвд хүргэгдэн ирж байсан. М-гийн хувьд ар гэрээс хайхрах хамгаалах хүн байхгүй бага байхад нь нагац ах нь М-г маш их айлгаж дарамталдаг байсан юм билээ, тэгээд М- багаасаа хүн чанга дуугарвал маш их айдастай сэтгэл санаагаар маш амархан унадаг, үг дуу муутай, өөрийгөө илэрхийлж чадахгүй, хүний хайр халамжаар дутсан хүүхэд байгаа юм. Ер нь амьдралынхаа турш их айдастай амьдарч байсан хүүхэд байгаа юм. М- 2017 оны 9 дүгээр сарын 13-нд ар гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 73-74/,

Гэрч Э.Ү-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 5 давхарт 15 тоотод гэртээ шалгалтанд бэлдэж дуусаад унтахаар шөнийн 03 цагийн үед орондоо ороод 02-03 минут болж байхад нэг юм таг гэх чимээ гарахаар нь манай тагтны шил унасан юм байх гэж бодоод байж байхад түүнээс хойш 02-03 минутын дараа хажуу 14 тоот айлд нэг эмэгтэй хүн уйлаад бархираад байсан чинь наана нь нэг эрэгтэй хүн хашхираад байгаа бололтой байсан. Тэр үйлдэл нь 02-03 минут орчим болоод чимээгүй болсон. Гэтэл хаалга дуугараад нэг хүн яаруу шатаар бууж байгаа чимээ сонсогдсон. Тэрнээс хойш 01-02 минутын хугацаа өнгөрсөн чинь орцонд Самсунгийн утасны дуу гараад байсан, тэгж байгаад дуугарахаа болихоор нь би нээх тоохгүй унтчихсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 59-60/,

Гэрч Х.С-мөрдөн байцаалтад өгсөн: “...нөхөр Т.Ц- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад өөрийн мөнгөлөг саарал өнгийн 35-48 УБЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машинаар халтуур хийнэ гээд гараад явсан. Тэгээд тухайн шөнөө үүрийн 04 цагийн үед миний гар утас руу залгаад намайг яаралтай ирээд ав би архи уучихсан байна. Маш том асуудалд орчихлоо гэж хэлэхээр нь такси бариад Модны хоёрын тэнд Орос сургуулийн хажуу талд манай машин байхаар нь өөрийн түлхүүрээр машинаа онгойлгож унаад нөхрөө хаана байгаа талаар асуухад “Хан” буудал өнгөрөөд явж бай, би найз М-машинтай зогсож байна гэж хэлэхээр нь тэр газар нь очсон чинь найз Мөнх-Эрдэнэ, Ш- нартай машин дотор сууж байсан. Намайг очиход айсан, сандарсан байдалтай байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад манай нөхөр “Шинээтэй хамт байсан найз охин нь гэрт нь байхдаа ээжийнх нь өрөөний цонхоор үсэрчихсэн” байна гэж хэлэхээр нь “цагдаа дуудсан юм уу” гэж асуухад “дуудаагүй” гэж хэлэхээр нь “тэгвэл одоо дуудлага дуудъя, хаана байгаа юм” гээд заалгаад М-хамт Ш-ын байрны гадаа очсон чинь эмнэлэг, цагдаагийн машин ирчихсэн байхаар нь буцаад нөгөө хоёр дээр очоод би Ш-ыг “одоо чи гэр рүүгээ ор, чиний холбоотой хүүхэн юм чинь” гэж хэлсэн чинь “би Дарь-Эхэд очиж унтлаа” гээд Мөнх-Эрдэнэ манай машиныг бариад Ш-ыг Дарь-Эхэд хүргэж өгөөд буцаад М-машин дээр хүрч ирээд би нөхрөө аваад гэртээ хариад байж байхад цагдаагаас ярьж байна хүрээд ир гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллага дээр ирсэн. ...”Ц- 00 ороод гараад ирсэн чинь Ш- өрөөндөө ганцаараа байсан гэсэн. Тэгээд “нөгөө охин чинь хаачсан юм” гэж асуухад Ш- “мэдэхгүй чамтай хамт 00 ороогүй юм уу” гэж хэлэхээр нь “яахаараа надтай хамт 00 ордог юм” гэж хэлсэн чинь Шинээ ээжийнхээ өрөөний хаалгыг түлхээд үзсэн чинь тухайн өрөө нь дотор талаасаа цоожтой байхаар нь гаднаас нь өшиглөж онгойлгож ороод “нөгөөх чинь доошоо уначихсан байна” гэж хэлэхээр нь цонхоор харсан чинь нөгөө эмэгтэй цонхоор уначихсан байсан” гэж ярьсан. Би нөхөртэйгээ очиж уулзаад “чи тэр хүүхэнтэй нь унтаж хэвтсэн асуудал байгаа юм уу” гэж асуусан чинь “би унтаагүй” гэж хэлэхээр нь “тэгээд хэн нь тэр хүүхэнтэй унтаж хэвтсэн юм, Шинээ унтсан юм уу” гэж Ц-аас асуусан чинь “унтсан” гэж хэлж байсан. “Мөнх-Эрдэнэ чинь урд шөнө нь архидаж хоносон гэж хэлсэн бас унтсан юм биш биз дээ” гэж асуусан чинь “унтсан гэсэн” гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 61-62/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тайшир 10-аас “манай хаалгыг найзууд цоожилчихоод онгойлгож өгөхгүй байна гэх дуудлага мэдээллийг аваад уг байрны гадаа очоод дуудлага өгсөн хүний ... дугаарын утас руу залгахад би байрны хойд талаас очиж байна гэхээр нь хүлээх зуураа дуудлага өгсөн тоотыг шалгахаар ороход уг 14 тоот хаалга тайлж өгөөгүй ...буцаад байрны гадаа гарч ирэхэд 30 орчим насны эрэгтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирж уулзаад “манай найзууд манай гэрт байгаа юм, хаалгаа тайлахгүй байна” гэсэн өгүүлэл хэлэхээр нь худал дуудлага өгсөн гээд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 1-д зааснаар торгуулийн арга хэмжээ авна гээд 50.000 төгрөгөөр торгосон. Тэгээд нөгөө залууг тэнд нь орхиод дараагийн дуудлагад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 63-64/,

Гэрч Н.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын сүүлээр хэдний өдрийг санахгүй байна ...ажлаасаа буугаад Ш- руу залгасан чинь гэрийн гадаа хүрээд ир гэхээр нь би Ш-ын гадаа такси бариад очсон юм. Тэгээд Ш-ыг гэрийнх нь гадаа хүлээж байтал Ш- гэрээсээ гарч ирэхдээ 2 литрийн том пиво барьж гарч ирээд машинд сууя гэж хэлээд Ш-ын машин дотор бид хоёр сууцгаасан юм. ..пивоо уучихаад би гэр рүүгээ харилаа гээд явах болсон. Ш- би ч гэр рүүгээ орлоо гэж хэлээд гэр рүүгээ орсон. ...Ш- манай найз гэрт байгаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 75/,

Гэрч Т.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад найз Ш-ын гэрт ...орсон чинь Ш- нэг охинтой хоёулахнаа хөзөр тоглоод, пиво уучихсан байж байсан. ...Тэр үед Ш-тай хамт байсан охин надад хандаж “чи найзыгаа унтуулчих, би явмаар байна” гэж хэлэхээр нь би Ш-ыг хажуу талын том ортой өрөө рүү дагуулж ороод унтуулах гэхэд Ш- “би согтоогүй байна, унтмааргүй байна, би энд зүгээр сууж байя” гэж хэлсэн. Тэгээд эргээд харсан чинь нөгөө охин гадагш гарах гээд хувцсаа өмсчихсөн зогсож байсан. Тухайн үед ...охин Ш-ын гар утсыг бариад фэйсбүүк үзээд дуу сонсоод хүнтэй утсаар яриад байсан юм. Ингээд тэр охиныг гадагш гарах гэхэд нь би “Ш-ын гар утас байгаа юм биш үү” гэж асуухад тэр охин хаалганы дэргэд байж байснаа зурагтын тэнд очоод намайг хараагүй гэж бодсон байх халааснаасаа гар утсыг гаргаж ирснээ цэнэглэгчийнх нь дэргэд тавьсанаа “утас нь энэ л байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн Ш- нилээн согтуу сууж байснаа бид хоёрыг яриаг сонсоод өрөөнөөс гарч ирснээ тэр охин руу “чи миний утасны код бүх юмыг мэдэж байгаа биз дээ” гэж маш чангаар загнахад тэр охин айсандаа уйлаад гарыг нь харсан чинь Ш-ын утсыг бариад чичирчихсэн байдалтай харагдаж байсан. ...тэр охин би утаснаас өөрийнхөө фэйсбүүк чатыг устагчихаад гар утсыг нь өгье гэж хэлсэн юм. Тэр охин зурагтын дэргэд зогсож байсан. Харин Ш- наад талд нь орон дээр сууж байсан. Энэ үед миний гэдэс өвдөөд байхаар нь жорлон орсон юм. Тэгээд жорлонд суучхаад гарч ирээд “нөгөө охин чинь яасан юм бэ” гэж асуухад Ш- өөдөөс “чамтай хамт жорлон ороогүй юм уу” гэж асуухаар нь “үгүй ээ” гэж хэлтэл мухрын жижиг өрөөний хаалга хаалттай байхаар нь “ийшээ орчихсон юм биш үү” гэж хэлээд хаалгыг нь түлхэж үзтэл хаалга нь цоожтой ямар ч чимээ байхгүй байсан. ...Ш- босож ирээд “наад хаалга чинь амархан онгойчихдог юм аа” гэж хэлээд хөлөөрөө өшиглөөд хаалгыг эвдээд ...дотогшоо орсон юм. ...Би цонхоор хартал доор газар уначихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 198-200/,

Сэжигтэнээр Б.М-мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш- надад хандан нөгөө охин чамайг өрөөнд ороод ир гэж байна, чамтай унтана гээд байна гэж арзагнах маягтай юм яриад надад нэг бэлгэвч өгөөд гарсан. Тэгээд Ш-ыг гараад явсны дараа “хоёулаа энийг хэрэглэх үү” гээд орон дээр хэвтээд бэлгэвчээ задлаад асуусан чинь “энийг яах гээд байгаа юм бэ, хоёулаа бэлгэвчгүй хийе” гээд миний дээр гараад намайг үнсээд үнсэлцсэн. Тэгээд бэлгэвчээ задлаад гаргаад ирсэн чинь үзүүрээс нь татаад дахин хэрэглэж болохгүй болохоор нь “тэгвэл хоёулаа пиво ууя” гээд үлдсэн пивоноос уугаад ...зурагт үзэж байгаад унтчихсан байсан. Тэгээд 15 цагийн үед сэрээд харсан чинь Ш- ирээгүй нөгөө охин анх орсон өрөөндөө унтаж байхаар нь би очоод мөрөн дээр нь цохиж сэрээгээд “Ш- ирээгүй байна, би явлаа шүү” ...гээд гарсан .Тэгээд гараад ирсэн чинь Ш- өвдөгөө тэвэрсэн байдалтай унтаж байхаар нь сэрээгээд “чи яачхаа вэ” гэсэн чинь “хаалга тайлахгүй чамаас болоод цагдаад торгуулсан” гээд согтуурхаад байхаар нь ...гэрт нь оруулж өгөөд явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 236-237/,

Шинжээчийн 2047 тоот дүгнэлтэд: “...Талийгаач Э.Марлмаагийн цогцост тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн эдийн няцрал, гавлын суурийн баруун урд хонхор, ухархайн дээд, доод ба ар хана, үнэрийн мэдрэлийн ялтас, турк эмээл, баруун хацар яс, хацар ясны нумны цөмөрсөн хугарал, цээжний баруун хөндийн цусан хураа, баруун уушгины доод дэлбэнгийн шарх, цус хуралт, няцрал, зүүн уушгины цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, саран ба өрцний холбоосны урагдал, дотор эрхтэнүүдийн доргилт, гол судас, улаан хоолой дагуух зөөлөн эд, элэгний саран ба өрцний холбоосны цус хуралт, зүүн дунд чөмөг, тойг ясны ил хугарал, эрүү, баруун, зүүн шуу, богтос ясны далд хугарал, толгойн хуйхан доорх баруун чамархай хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дээр уруул, баруун дээд 1, 2, 3-р шүдний буйл, эрүү, хүзүү, зүүн бугуй, баруун, зүүн өвдөгт шарх, зүүн доод 1-р шүдний булгарал, баруун дээд 1, 2, 3-р шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугуй, баруун гуянд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, нүдний гадна хэсэг, шанаа, хацар, хамар уруул, эрүү, хүзүү, баруун бугалга, бугуй, баруун гуя, өвдөгт зулгаралт, бүсэлхийд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүдээс тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн эдийн няцрал, гавлын суурийн баруун урд хонхор ухархайн дээд ба ар хана, үнэрийн мэдрэлийн ялтас, турк эмээл хамарсан цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар, цээжний баруун хөндийн цусан хураа, баруун уушигны доод дэлбэнгийн шарх, цус хуралт, няцрал, зүүн уушгины цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, саран ба өрцөний холбоосын урагдал, дотор эрхтнүүдийн доргилт, гол судас, улаан хоолой дагуух зөөлөн эд, элэгний саран ба өрцний холбоосын цус хуралт нь 3.1.12-д зааснаар, зүүн дунд чөмөгний ил хугарал нь 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун хацар яс, хацар ясны нум, эрүү, зүүн тойг, баруун, зүүн шуу, богтос ясны хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун ухархайн доод ханын хугарал, толгойн хуйхан доорх баруун чамархай хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дээд уруул, баруун дээд 1, 2, 3-р шүдний буйл, эрүү, хүзүү, зүүн бугуй, баруун, зүүн өвдөгний шарх, зүүн доод 1-р шүдний булгарал, баруун дээд 1, 2, 3-р шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун зүүн бугуйн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, нүдний гадна хэсэг, шанаа, хацар, хамар, уруул, эрүү, хүзүү, баруун бугалга, бугуй баруун гуя, өвдөгний зулгаралт, бүсэлхийн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүсэлхийн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт нь талийгаачийг нас барахаас 2-3 хоногоос дээш хугацааны өмнө үүссэн хуучин гэмтэл, бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинэ үүссэн гэмтлүүд нь өндрөөс унах үед, хуучин гэмтэл нь цохилтын улмаас үүсэх боломжтой. Талийгаач нь толгой, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2019.09.21-ний 13:50 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 12-14 цаг орчим болсон байна. Химийн шинжилгээгээр цусанд 2.1 промилли, ходоодны шингэнд 6.5 промилли спирт илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн охин хальс хуучин урагдалтай байна. Урагдал үүссэн хугацааг тогтоох боломжгүй. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдалцанд эр бэлгийн эс илрээгүй. Бэлэг эрхтэн, шулуун гэдэс орчмоор цусаар бохирлогдсон зүйлгүй. Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй эрүүл байна. Талийгаач жирэмсэн биш байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 141-145/,

Шинжээчийн 81 тоот дүгнэлтэд: “...Талийгаач нь толгой, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас барсан ба эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж багатай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 147-151/,  

Шинжээчийн 5331 тоот дүгнэлтэд: “...ХГҮ-ээр 2 ширхэг задарсан бэлгэвч, цагаан өнгийн 00-ийн цаас дээр цус, үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 86/,

Яллагдагчаар Н.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...би тэр охинийг “одоо танай ээжийн уур гараа байлгүй, чи гэртээ харьж болдоггүй юм уу” гэж асуусан чинь, “манай ээж нэг уурлахаараа 7 хоног уурлаад уур нь гардаггүй юм” гэж хэлээд манай гэрээс явахгүй байсан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байхдаа орой нь бүжгийн бэлтгэлтэй, оройн бүжгийн бэлтгэлээ таслаад маргааш өглөө нь явъя гэж хэлж байсан. Ийм учир би айлган сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. ...Ц-аас сүүлд нь сонссон. Тухайн охин манай гэрт байхдаа 20-ны орой гэрээс гарахдаа миний гар утсыг хулгай хийгээд гарах гэж байхад нь Ц- мэдээд “манай найзын гар утсыг нь өг” гэж хэлсэн чинь “би фэйсбүүкээ гаргачихаад өгье” гэж хэлсэн байгаа юм. Тэр үед нь би нөгөө охинд хандан “чи миний гар утасны код болон, мобайл банкны кодыг мэдэж байсан мөртлөө яагаад гар утас хулгай хийж байгаа юм, утас өгөөд одоо яв” гээд хөөсөн чинь нөгөө охин “одоо би яаж явах юм, одоо болохоор намайг хөөж байхдаа яадаг юм, би яаж явах юм” гэж хэлсэн байгаа юм. Тэр үед Ц- намайг одоо боль гээд суулгасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 16-17/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 17-28/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 29-37/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 43-45/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 112-117/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 179/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 47-71/, хохирлын баримтууд /хх 2-н 202-227/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол ...шийтгэнэ” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ.

Прокуророос шүүгдэгч Н.Ш-ыг “очих газар байхгүйн улмаас эрхшээлдээ байсан насанд хүрээгүй хүүхэд болох Э.М-г айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн “...бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг” гэдэг ойлголтод прокурор хохирогчийг очих газар байхгүйн улмаас эрхшээлдээ байсан гэж хамааруулан дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байх боловч амь хохирогч насанд хүрээгүй Э.М- нь очих газаргүйн улмаас шүүгдэгч Н.Ш-ын гэрт байж, түүний эрхшээлд байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч, амь хохирогч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гудамжинд таарч танилцан шүүгдэгчийн гэрт ирсэн, улмаар хохирогч 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 03 цагийн орчим амиа хорлосон болох нь шүүгдэгч, гэрч Б.Мөнх-Эрдэнэ, Т.Ц-, Э.Ү- нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Энэ хугацаанд насанд хүрээгүй хохирогч Э.М-г шүүгдэгч нь өөрийн эрхшээлдээ байлгасан талаарх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин хохирогч нь шүүгдэгч, гэрч нартай согтууруулах ундаа хэрэглэсэн, хөзөр тоглосон зэрэг нөхцөл байдлууд гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийж бэхжүүлж авсан гэрэл зургуудаар тогтоогджээ.

Амь хохирогч насанд хүрээгүй Э.М- нь шүүгдэгч, гэрч нартай байх хугацаанд шүүгдэгчийн эрхшээлд байсан гэж үзвэл түүнийг эзгүйд нь гэрээс гарч явах  боломжтой байсан нь шүүгдэгчийн гэрээсээ гараад хүнтэй хамт пиво уугаад орж  ирсэн нөхцөл байдал, цагдаагийн байгууллагын ажилтан нар очиж шалгасан нөхцөл байдал, ямар нэгэн байдлаар эрхшээлдээ байлгаагүй талаарх гэрч нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон.

Амь хохирогч насанд хүрээгүй Э.М- нь Н.Ш-ын гэрээс явах боломжтой байсан бөгөөд шүүгдэгч Н.Ш-, гэрч Т.Ц-, Б.Мөнх-Эрдэнэ нараас амь хохирогчийг явуулахгүй, эрхшээлдээ байлгах ямар нэгэн  үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдохгүй, ямар нэг байдлаар амь хохирогч насанд хүрээгүй Э.М-г эрхшээлдээ байлгах талаар бодит аюул занал тулгасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг гэмт хэргийн энэхүү шинжийг хангахгүй байна.

Хохирогч Э.М- нь 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн ба тухайн гэмт хэрэг гарсан гэх өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 17 нас 2 сар 20 хоногийн настай байжээ.

Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр “хохирогч нь Сити их сургуульд сурдаг оюутан” гэж танилцуулж байсан байх ба хохирогчийг 18 насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан, мэдэх ёстой талаарх баримт хэрэгт байхгүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрхшээлдээ байгаа хүнийг байнга...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Гэрч Э.Ү-: “...нэг эмэгтэй хүн уйлаад бархираад байсан чинь, наана нь нэг эрэгтэй хүн хашхираад байгаа бололтой байсан. Тэр үйлдэл нь 02-03 минут орчим болоод чимээгүй болсон” гэж, гэрч Т.Ц-: “...Ш- нилээн согтуу сууж байснаа бид хоёрыг яриаг сонсоод өрөөнөөс гарч ирснээ тэр охин руу “чи миний утасны код бүх юмыг мэдэж байж утас авч явах гэлээ” гэж гэж маш чангаар загнахад тэр охин айсандаа уйлаад гарыг нь харсан чинь Ш-ын утсыг бариад чичирчихсэн байдалтай харагдаж байсан” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Ш- нь амь хохирогч насанд хүрээгүй Э.М-г нэг удаа “утасны код бүх юмыг мэдэж байж утас авч явах гэлээ” гэж чанга дуугаар загнасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Харин “Байнга” гэх гэмт хэргийн шинж нь “хэвшил буюу дахин давтагдах шинжтэй бөгөөд хохирогчийг гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байх хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч Н.Ш-ын амь хохирогч насанд хүрээгүй Э.М-г загнасан үйлдэл нь нэг удаа болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байх бөгөөд энэ нь хууль сануулж авсан гэрч Э.Ү-, Т.Ц- нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн дээрх шинжийн талаар дурдаагүй болно.

Мөн прокурор яллах дүгнэлтэндээ “...айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэж гэмт хэргийн шинжийг заажээ. 

Мөн шүүгдэгч Н.Ш- нь ямар нэг байдлаар амь хохирогч насанд хүрээгүй Э.М-г “гар утас авч явах гэлээ” гэж чанга дуугаар нэг удаа загнасан нь уг хэргийн байнга айлган сүрдүүлсэн гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Ш-ын амь хохирогчийг загнасан үйлдэл нь хохирогчийн амиа хорлоход гарцаагүй хүрэх шалтгаан биш бөгөөд дээрх загнасан үйлдэл хохирогчийн амиа хорлосон нь хоорондоо шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Амь хохирогч Э.М- нь бага насандаа хүчирхийлэлд өртөж, хүүхэд асрах байгууллагад асруулж байсан. Уг хэргийн улмаас хүн чанга дуугаар загнах зэрэгт айж сандардаг болсон талаар нотлох баримт хэрэгт цугларсан байх хэдий ч амь хохирогч нь сэтгэл зүйн ийм нөхцөл байдалтай гэдгийг шүүгдэгч нь мэдэж байсан, мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Ш-ын үйлдэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золжаргал нь шүүгдэгч Н.Ш-аас хохирлын мөнгө 6.000.000 төгрөг авсан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн.

Шүүгдэгч болон гэрч нар нь нийлж 6 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ш-т холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж дээрх нөхцөл байдлуудыг тогтоолгох шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн задалж хэрэглэсэн байж болзошгүй 2 ширхэг бэлгэвч, цогцосны дэргэдээс урсаж тунасан цус мэт зүйлээс шингээн бэхжүүлсэн цагаан өнгийн мараль, амь хохирогч Э.М-гийн өмсөж явсан хар цагаан өнгийн хосолсон ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн куртка 1 ширхэг, ягаан өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цагаан өнгийн болон хар өнгийн оймс тус тус 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 ширхэг, Н.Ш-ын улаан өнгийн дотоож 1 ширхэг, Т.Ц-ын саарал өнгийн дотоож 1 ширхэг, Б.М-улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхэг, хар цоохор өнгийн үүргэвч 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын хувцас, ягаан өнгийн мөрөвчтэй шорт, ягаан өнгийн подволк, ногоон алаг цээживч, саарал өнгийн цээживч, ягаан болон цагаан өнгийн левчиг 2 ширхэг, ягаан өнгийн сойз 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн гудас 1 ширхэг, хүрэн өнгийн цацагтай судалтай бүтээлэг 1 ширхэг, шар алаг хөнжил 1 ширхэг, ногоон эмжээртэй алаг эрээн дэвсгэр даавуу 1 ширхэг, цагаан эрээн даавуу 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисс-т даалгаж, Самсунг Эс-8 Эджи загварын гар утас 1 ширхэгийг Н.Ш-т буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, Н.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Ш-ыг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч Н.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь 02 хоног баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн задалж хэрэглэсэн байж болзошгүй 2 ширхэг бэлгэвч, цогцосны дэргэдээс урсаж тунасан цус мэт зүйлээс шингээн бэхжүүлсэн цагаан өнгийн мараль, амь хохирогч Э.М-гийн өмсөж явсан хар цагаан өнгийн хосолсон ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн куртка 1 ширхэг, ягаан өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цагаан өнгийн болон хар өнгийн оймс тус тус 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 ширхэг, Н.Ш-ын улаан өнгийн дотоож 1 ширхэг, Т.Ц-ын саарал өнгийн дотоож 1 ширхэг, Б.М-улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхэг, хар цоохор өнгийн үүргэвч 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын хувцас, ягаан өнгийн мөрөвчтэй шорт, ягаан өнгийн подволк, ногоон алаг цээживч, саарал өнгийн цээживч, ягаан болон цагаан өнгийн левчиг 2 ширхэг, ягаан өнгийн сойз 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн гудас 1 ширхэг, хүрэн өнгийн цацагтай судалтай бүтээлэг 1 ширхэг, шар алаг хөнжил 1 ширхэг, ногоон эмжээртэй алаг эрээн дэвсгэр даавуу 1 ширхэг, цагаан эрээн даавуу 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисс-т даалгаж,

            - Самсунг Эс-8 Эджи загварын гар утас 1 ширхэгийг Н.Ш-т буцаан олгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  2. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ОТГОНБАЯР