Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 597

 

 

 

 

 

 

2020               5              12                                         2020/ДШМ/597

 

 

Н.Ш-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золжаргалын өмгөөлөгч Д.Оюунбаатар, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золжаргалын бичсэн давж заалдах гомдлыг үндэслэн Н.Ш-т холбогдох эрүүгийн 1905037451009 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугчин овгийн Н.Ш, 19...... оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

            Н.Ш- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 5 давхарын 15 тоотод очих газар байхгүйн улмаас эрхшээлдээ байсан насанд хүрээгүй хүүхэд болох Энхбатын М-г айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Н.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь 2 хоног баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн задалж хэрэглэсэн байж болзошгүй 2 ширхэг бэлгэвч, цогцосны дэргэдээс урсаж тунасан цус мэт зүйлээс шингээн бэхжүүлсэн цагаан өнгийн бинт, амь хохирогч Э.М-гийн өмсөж явсан хар цагаан өнгийн хосолсон ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн куртка 1 ширхэг, ягаан өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цагаан өнгийн болон хар өнгийн оймс тус тус 1 ширхэг, Т.Цэрэннадмидын саарал өнгийн дотоож 1 ширхэг, Б.Мөнх-Эрдэнийн улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхэг, хар цоохор өнгийн үүргэвч 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын хувцас, ягаан өнгийн мөрөвчтэй шорт, ягаан өнгийн пудволк, ногоон алаг цээживч, саарал өнгийн цээживч, ягаан болон цагаан өнгийн хөхөвч 2 ширхэг, ягаан өнгийн сойз 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн гудас 1 ширхэг, хүрэн өнгийн цацагтай, судалтай бүтээлэг 1 ширхэг, шар алаг хөнжил 1 ширхэг, ногоон эмжээртэй алаг эрээн дэвсгэр даавуу 1 ширхэг, цагаан эрээн даавуу 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, “Самсунг Эс-8 эдж” загварын гар утас 1 ширхэгийг Н.Ш-т буцаан олгож, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ш-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний охин өөрийн гэсэн хүсэл сонирхол, зорилго, мөрөөдөлтэй хүүхэд байсан. Хэзээ ч өөрийн амийг хорлох үйлдэл хийхгүй. Н.Ш- гэгч нь найз Т.Цэрэннадмид, Б.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн насанд хүрээгүй миний охиныг хуурч мэхлэн гэртээ авчирч, архи согтууруулах ундааны зүйл өгч, 2 хоног гэрээсээ гаргахгүй айлган сүрдүүлснээс болж охин маань цонхноос унаж амь насаа алдсан. Гэтэл шүүх миний охиныг айлган сүрдүүлсэн, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундааны зүйл өгч 2 хоног эрхшээлдээ байлгасан нь нотлогдсон байхад гэмт хэрэг үйлдсэн хүний талд үйлчилж гэмт хэргийн шинжгүй, миний охин М-г өөрөө амиа хорлосон мэтээр дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Н.Ш- нь өмгөөлөгчийн хамтаар надтай уулзаж оршуулгын зардал, хохиролд 5.500.000 төгрөг өгч, үлдсэн 500.000 төгрөгийг нь удахгүй өгнө гэж хэлээд 6.000.000 төгрөг хүлээн авсан гэж бичүүлж авсан боловч одоог хүртэл оршуулгын зардал, хохирлыг бүрэн төлөөгүй. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, гэм буруутай этгээдэд зохих шийтгэлийг оногдуулна гэдэгт итгэж байсан тул өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоогүй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Т.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн цагаатгах тогтоолд:

1. Насанд хүрээгүй Э.М- нь Н.Ш-ын эрхшээлд байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэжээ.

Хэрэгт авагдсан гэрч Т.Цэрэннадмидын “...тэр үед Ш-тай хамт байсан охин надад хандаж “чи найзыгаа унтуулчих, би явмаар байна” гэж хэлэхээр нь би Ш-ыг хажуу талын том ортой өрөө рүү дагуулж ороод унтуулах гэхэд Ш- “би унтмааргүй байна, согтоогүй байна, би эндээ зүгээр сууж байя” гэж хэлсэн” гэх /хх 198/ мэдүүлгээр насанд хүрээгүй хүүхэд болох Э.М- нь тус тоотоос гарахын тулд Т.Цэрэннадмидаас тусламж гуйж байгаа байдал нь тухайн цаг үед сайн дураараа гэрээс гарч явах боломжгүй нөхцөл байдал үүсэж “Э.М- нь тухайн цаг хоромд Н.Ш-ын эрхшээлд байсан” гэж дүгнэх үндэслэл болгосон ба шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэрчээс уг нөхцөл байдлыг асууж тодруулсан байтал шүүх “Э.М-г шүүгдэгч нь өөрийн эрхшээлдээ байлгасан талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн гэмт хэрэг гарахаас өмнөх нөхцөл байдлыг хамруулан дүгнэсэн байна.

2. Н.Ш-ын Э.М-г айлган сүрдүүлсэн үйлдэл нь гэрч Э.Үүрийнтуяагийн “...шөнийн 03 цагийн үед орондоо ороод 2-3 минут болж байхад ... хажуу 14 тоот айлд нэг эмэгтэй хүн уйлаад, бархираад байсан чинь, наана нь нэг эрэгтэй хүн хашхираад байгаа болтой байсан. Тэр үйлдэл нь 2-3 минут орчим болоод чимээгүй болсон. Гэтэл хаалга дугараад нэг хүн яаруу шатаар бууж байгаа чимээ сонсогдсон. ...” гэх мэдүүлэг /хх 59-60/, гэрч Т.Цэрэннадмидын “... тэгсэн Н.Ш- нилээн согтуу сууж байснаа бид хоёрын яриаг сонсоод өрөөнөөс гарч ирснээ тэр охин руу ... маш чангаар загнахад тэр охин айсандаа уйлаад гарыг нь харсан чинь Ш-ын утсыг бариад чичирчихсэн байдалтай харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 198-200/ болон Э.М-гийн бусад байдлыг тогтоосон хууль ёсны төлөөлөгч М.Золжаргал, гэрч Ш.Наранчимэг нарын мэдүүлэг, Э.М- нь хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болж байсан талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг үнэлэн “Н.Ш- нь Э.М-г айлган сүрдүүлсэн” гэж дүгнэсэн байхад шүүх Н.Ш-ын дээрх үйлдлийг “нэг удаа загнасан” хэмээн зөөлрүүлэн, насанд хүрээгүй хүүхдийн амь нас хохирсон нөхцөл байдлыг хэт хайнга байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийн өмнө “байнга” гэх нөхцөл дагалдана гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золжаргалын өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золжаргал “миний охин ийм үйлдэл хийхгүй, ямар нэгэн байдлаар хүчин зүйл нөлөөлсний улмаас ийм байдал бий болсон” гэж үзэж байгаа. Тийм ч учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан. 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө шүүгдэгч Н.Ш- найз Мөнх-Эрдэнийн хамт явж байгаад насанд хүрээгүй Э.М-г гэртээ аваачиж, архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн байдаг. Анхан шатны шүүх “байнгын гэх шинжийг агуулахгүй байна” гэж дүгнэсэн. Өдөр нь амь хохирогч Э.М-, Н.Ш- хоёр хоёулханаа байсан хугацаа ч байдаг. Юу болсныг хэлж мэдэхгүй. Гэрч Цэрэннадмид нь Ш-ын найз тул нөхцөл байдлыг зөөлрүүлж хэлэх магадлалтай хүн. Загнасан, орилсон үйлдэл нь хажуу айлдаа сонсогдож байгаа нь эрхшээлдээ байлгасан болох нь харагдаж байна. Шүүгдэгч  Н.Ш-ын үйлдэл, уг хэрэгтэй шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ айлган сүрдүүлээгүй бол өнөөдөр охин амьд байх байсан. Иймд цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Ш-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийг хэлэлцэж байгаа боловч прокурорын эсэргүүцэл болон давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо “шүүгдэгч Н.Ш- нь ямар нэг байдлаар амь хохирогч насанд хүрээгүй Э.М-г “гар утас авч явах гэлээ” гэж чанга дуугаар нэг удаа загнасан нь уг хэргийн байнга айлган сүрдүүлсэн гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэж, шүүгдэгч Н.Ш-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч Э.Үүрийнтуяагийн “...нэг эмэгтэй хүн уйлаад бархираад байсан чинь, цаана нь нэг эрэгтэй хүн хашхираад байгаа бололтой байсан. Тэр үйлдэл нь 2-3 минут орчим болоод чимээгүй болсон. Гэтэл хаалга дуугараад нэг хүн яаруу шатаар бууж байгаа чимээ сонсогдсон. ...Эмэгтэй, эрэгтэй хоёр хүний ярьж байгаа нь сайн сонсогдоогүй, ямар ч байсан маргаад орилоод байсан. Би тэр үед нь хажуу айлын залууг эгчтэйгээ маргаж байгаа юм байх гэж бодсон” /1 хх 59-60/,

яллагдагч Т.Цэрэннадмидийн “...тэгсэн Ш- согтуу нилээн сууж байснаа бид хоёрын яриаг сонсоод өрөөнөөс гарч ирснээ тэр охин руу хандаж “чи миний утасны код, бүх юмыг мэдэж байгаа биз дээ” гэж хашхирч эхэлсэн юм. Тэгтэл тэр охин Ш-ын утсыг өгөхгүй бариад зогсоод байхаар нь би “гар утсыг нь өгчихөө” гэж хэлтэл “би утаснаас өөрийнхөө фэйсбүүк, мессэнжэр чатыг гаргаж устгачихаад гар утсыг чинь өгье” гэж хэлсэн юм. ...Миний ойлгосноор талийгаач охин Ш-ын гар утсыг авчихсан байсныг Ш- мэдээд чанга дуугаар уурлаж загнасан юм. Энэ мэтээс болоод тэр охин Ш-аас айсан байж магадгүй гэж бодож байна” /2 хх 32/ гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд, шүүгдэгч Н.Ш-ын дээрх үйлдэл нь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал гэж үзэхээр байна.

Хэдийгээр хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “байнга” гэсэн заавал байх шинж мэтээр хуульд тусгасан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлалаас үзэхэд, “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-т тэр дундаа “хүүхдийн эсрэг гэмт хэрэг”  гэсэн  бүлгийг шинээр оруулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ялын бодлогыг чангатгах, хүүхдийг хүчирхийлснээс хор уршиг учирсан тохиолдолд ял шийтгэл оногдуулах талаар тусгаснаас гадна эд материалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнтэй хэрцгий харьцсан, эсхүл алдар хүндийг нь байнга басан доромжилсны улмаас энэ гэмт хэрэг гарч болохыг зарим онолын тайлбарт дурьдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг, Арван зургаадугаар зүйлд иргэн хүн амьд явах эрхтэйг тунхагласан бөгөөд энэ эрхийг бусад хууль тогтоомжуудаар, тэр дундаа Эрүүгийн хуулиар хамгаалж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид байнга гэсэн шинжийг оруулсан байх боловч нэг удаагийн ноцтой үйлдлийн улмаас хохирогч гарцаагүй амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдлыг хамааруулан авч үзэх нь Үндсэн хууль болон  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нийцэх юм.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Н.Ш- нь насанд хүрээгүй хохирогч Э.М-г загнасан үйлдэл нь нэг удаа болсон” гэж дүгнэсэн боловч амь хохирогчийг шүүгдэгчийн гэрт 2 хоног бусдын эрхшээлд байсан эсэх талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.

Иймд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийн өмнө “байнга” гэх нөхцөл дагалдана гэж тайлбарласан нь үндэслэлгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх улсын яллагчийн эсэргүүцэл, “шүүх миний охиныг айлган сүрдүүлсэн, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундааны зүйл өгч 2 хоног эрхшээлдээ байлгасан нь нотлогдсон байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол зэргийг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ